Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2016/01397

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 29а-14 тоотод оршин суух, Өлзийт овгийн Содномдаржаагийн Эрдэнэбилэг /ФЖ68041903/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрх бүжинхэн” цэцэрлэгт холбогдох,

“Угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагчийн төлөөлөгч Р.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, гэрч Г.Алтанчимэг, Л.Ганбаатар, Л.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Эрдэнэбилэг нь “Эрх бүжинхэн” цэцэрлэгт 2015 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр үйлчлэгчээр ажилд орсон юм. Ажиллаж байх хугацаандаа ажлаа сайн хийж гүйцэтгэж байсан бөгөөд даргын өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж ирсэн гэж бодож байна. Манай байгуулагын дарга намайг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халсан байх тул хөдөлмөрийн маргаан үүсгэж шүүхэд хандаж байна. Миний бие нь хүү бэр 2 ачийн хамт амьдардаг юм. Би гэр бүлээ тэжээж тэтгэдэг бөгөөд хүүхдүүд маань ажил хөдөлмөр эрхэлдэггүй болно. Би маш их гомдолтой байна. Би энэ ажлаа хийж байгаад 5 жилийн дараа тэтгэвэрт гарна гэж бодож байсан чинь одоо ингээд ажилгүй болсонд гомдолтой байна. 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгчийн гаргасан тушаалыг эс зөвшөөрч байгаа тул шүүхэд хандаж байна. Би энэ тушаалыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гардаж авсан бөгөөд урьд нь ийм тушаал гарсаныг мэдээгүй, надад хэлээгүй. Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалгыг хүчингүй болгож ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Р.Сарантуяа шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Говил багт байрлах “Эрх бүжинхэн” цэцэрлэг нь Орхон аймгийн Засаг даргын А/580 тоот захирамжаар байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 07-нд нээгдсэн 90 хүүхдийн хүчин чадалтай, 19 багш ажлтантайгаар үйл ажиллагаагаа явуулаад 10 сар болж байна. Тус байгууллагад ажиллах боловсон хүчний нэрсийг Боловсрол соёлын газраас жагсаалтаар өгч түүний дагуу ажиллуулж байгаа. Эрхлэгч Р.Сарантуяа би боловсролын байгууллагад 27 дахь жилдээ ажиллаж байгаа ба, тус байгууллагыг удирдаад 10 сар ажиллахдаа хууль дүрэм, журмын дагуу ажиллаж өдөр тутмын үйл ажиллагааг чанартай гүйцэтгэн, өөриймсөг сэтгэлээр хандаж шинэ хамт олныг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж байна. Тус цэцэрлэгт үйлчлэгч, угаагчаар ажилладаг С.Эрдэнэбилэг нь худал хэлж ажил тасалдаг, хүний эд зүйлийг зөвшөөрөлгүй авдаг, архи уудаг нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллах ажилтаны ёс зүйн хэм хэмжээг зөрчиж байна. С.Эрдэнэбилэгийн олон удаагийн гаргасан алдааг манай хамт олон мэдэх бөгөөд засрах байх, хамт олондоо төлөвшүүлж авъя гэж их хичээсэн. Аливаа гаргасан алдаа бүрийнх нь дараа ганцаарчлан уулзаж ярилцдаг, энэ талаад тайлбар бичүүлж авдаг байсан. 2015 оны 12 дугаар сарын 27, 2016 оны 01 дүгээр сарын 08-нд ажил тасалсан учир ганцаарчилан уулзаж “Хүн бүр өөрсдийн ажлын байрны тодорхойлолтын дагуу ажлаа сайн гүйцэтгэж цалин хөлс авдаг. Чамайг ажил таслах үед хэн нэгэн хүн өөрийн ажлаа орхиод чиний ажлыг хийх болдог учраас ажил төрлөө зохицуулж байх хэрэгтэй” гэж ярилцаад хамт олны дунд сануулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар арга хэмжээ аваагүй болно. 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр “Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын 2-р тасагт хэвтэж байна, олгой авахуулсан” гэж эрхлэгч Сарантуяа надад хэлсэн. Ингээд тус цэцэрлэгийн эмч Г.Алтанчимэгийн энэ талаар тодруул гэж удирдлагын зүгээс үүрэг өгсөн ба “Олгой авахуулсан өглөө үүрээр ирж хэвтсэн” гэж утсаар ярилцсан байсан. Маргааш нь буюу 02 дугаар сарын 05-ны өдөр ажилдаа ирж “Олгой биш, хордлого байсан байна” гэж гэж хэлсэн бөгөөд архи үнэртүүлж мансуурсан байдалтай байсан ба “Долоогоны ханд уусан” гэж бас худал хэлсэн. Энэ асуудлаар хамт олны хурал хийж хөдөлмөрийн хууль үндэслэн тушаалаар сануулах арга хэмжээ авч шийдвэр гаргасан. 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдөр ажилдаа согтуу ирсэн учир хүүхэд эцэг эхийг цуглахаас өмнө гэрт нь буцааж Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.2 дахь заалт, байгууллагын дотоод журмын 11.1.3 дах заалтыг үндэслэн цалинг 20% хасах арга хэмжээ авсан. 2016 оны 05 дугаар сарын 23-нд ажилдаа ирээгүй учир өөрийнх нь 95731989 утас руу залгахад согтуу байсан бөгөөд “Би хотод байна. Пирошкины ч мөнгөгүй унаанаасаа хоцорсон” гэж хэлсэн. Энэ талаар түүний төрсөн эгч С.Эрдэнэчимэгтэй 99357218 утсаар холбогдож тодруулга хийхэд “Би мэдэхгүй наад асуудлаа өөрсдөө шийд” гэсэн хариу өгсөн. Үүнээс хойш эгч рүү нь дахин залгаж С.Эрдэнбилэгтэй холбоо барьсан эсэх талаар асуухад хүү нь байдаг. Гэхдээ Эрдэнэтэд биш би утас руу нь залгасан холбогдох боломжгүй байна гэж хариу хэлсэн. Гаргасан алдаа дутагдалдаа дүгнэлт хийхгүй удаа дараа байгууллагын хэвийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш, ажилтаны ёс зүйн дүрмийн зөрчлийг давтан гаргаж биеэ авч явах, бусдад үлгэр дууриалал үзүүлэх, хүүхэд болон эцэг эхтэй ажиллах боломжгүй тул хамт олны хурлын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн №5 тоо хурлын тэмдэглэл, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.8 дахь заалтыг үндэслэн эрхлэгчийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот “Хөдөлмөрийн гэрээг цуцлах” тухай тушаал шийдвэр гаргасан. Энэ талаар өөрөө мэдсэн, өөрт нь хэлсэн. Хамт олны хурлаар авч хэлэлцээд шийдвэр гаргахад С.Эрдэнэбилэг өөрөө хуралд оролцсон. “Ажлаа хүлээлцэж тушаал, нийгмийн даатгалын дэвтэрээ аваарай” гэж нярав Л.Ганбаатар /95714467/-аар хэлүүлсэн ба 2016 оны 06 дугаар сарын 17-нд ирж эд хөрөнгийн карт дээрх өөрийн хариуцаж байсан зүйлсээ няравт хүлээлгэн өгсөн. Архи ууж, бэртэйгээ муудалцсан гэж нүдээ хөхрүүлж ирэхэд нь банш Л.Оюунчимэгээр нөгөө нүдийг нь адилхан болгож будаж өгч эцэг, эх хүүхдэд мэдэгдэхгүйг хичээж, нууцлан хамгаалж байсан ч удаатай. Сургуулийн өмнөх боловсролын байгуулага нь 2-5 насны хүүхдэд ээлтэй, цэвэр орчинд эрүүл ахуй, хөгжил төлөвшил, зөв дадал хэвшил олгохоос гадна хүүхэд хүн болох төлөвшлийнхөө 70%-ийг эзэмшдэг эмзэг нандин үе байдаг бөгөөд эцэг эх, хүүхдийн дэргэд элдэв муу зуршилтай ажилтан ажиллах ёсгүй. Үйлчлэгч угаагч С.Эрдэнэбилэг нь архи уудаг, ажил тасалж худал хэлдэг, хүний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авдаг гэх мэт хүүхдийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчийн ёс зүйн алдаа дутагдалтай учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хуулийн дагуу шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Угаагч үйлчлэгч С.Эрдэнэчилэгийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг нь хариуцагч “Эрх бүжинхэн” цэцэрлэгт холбогдуулан, “Угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Эрдэнэбилэг нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Эрх бүжинхэн” цэцэрлэгт угаагч үйлчлэгчээр орж, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан 20 дугаартай тушаал, 15 дугаартай хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.   

С.Эрдэнэбилэгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 11.2.8, хамт  олны хурлын 2 удаагийн тэмдэглэл, өөрийнх нь гаргасан 4 удаагийн тайлбар зэргийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.

Хэрэгт нотлох баримтаар С.Эрдэнэбилэгт арга хэмжээ авсан тухай 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5 дугаартай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 16 дугаартай цалинг 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгчийн тушаал, С.Эрдэнэбилэгийн цэцэрлэгийн захиргаанд бичсэн тайлбарууд хэрэгт авагдсан. С.Эрдэнэбилэгийн эдгээр тайлбарууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй хэдий ч, өөрийнхөө бичиж өгсөн тайлбаруудыг хариуцагч өөрөө бичиж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 

Харин нэхэмжлэгч 2016 оны 05 дугаар сарын 11-ны өдөр цалинг 20 хувиар хассан тушаалыг мэдээгүй гэж маргадаг. Дээрх тушаалыг мэдээгүй нь С.Эрдэнэбилэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг буруу гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь сахилгын зөрчлийг давтан гаргасан асуудалд өмнө нь хоёр удаа сахилгын шийтгэл ногдуулсан нь тухайн нөхцөлийг хангаж байна гэж үзэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгч өмнө гаргасан зөрчлүүдэд авсан арга хэмжээний талаар зөвшөөрөхгүй байгаа тухай шүүх хуралдаанд тайлбарлаж, мөн эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн хуудас зэргийг нотлох баримтаар өгсөн боловч энэ талаар шүүхэд ямар нэгэн шаардлага гаргаагүй, түүнчлэн уг тушаалын үндэслэлийг хянах боломжгүй, үндэслэлгүй гэж үзсэн бол шүүхэд хандах эрх нь нээлттэй байсан.

Иймд 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн С.Эрдэнэбилэгийн  хөдөлмөрийн гэрээг цуцалсан “Эрх бүжинхэн” цэцэрлэгийн эрхлэгчийн 20 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй, С.Эрдэнэбилэгийн гаргасан зөрчил нотлогдсон байх тул, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.           

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан С.Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй “Эрх бүжинхэн” цэцэрлэгт холбогдох “Угаагч, үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА