| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0048/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/54 |
| Огноо | 2020-03-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2020/ШЦТ/54
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Баярсайханы Гт холбогдох 2029000520030 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг, Цагаан хад гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Г.Гончигсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас буюу түрүүвч авсан гэх асуудлаас маргалдаж улмаар зодож, бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1, 2-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Г.Гончигсүрэнгийн өгсөн “...Тэгээд Г, Ари, Хуягаа, Доржоо бид нар архиа хувааж ууж дуусгаад би Гийн жижиг машинд Ари, Г бид нар суугаад байж байтал Г “миний түрүүвч байхгүй болчихлоо” гээд надаас нэхээд эхэлсэн. Тэгээд Б.Г намайг машинаас татаж буулгаад газарт унагаад намайг өшиглөөд эхэлсэн. Тэгээд Г жижиг машиндаа ороод дахиад түрүүвчээ хайж байгаад олоод надад ирээд “ахаа намайг уучлаарай, ёстой муухай юм боллоо” гээд надаас уучлалт гуйгаад тэгээд бид нар нүүрс тээврийн машиндаа ороод унтаж амраад өглөө босоод миний бие нуруу өвдөөд байсан. Тэгээд Г “Улаанбаатар хот явлаа” гэхээр нь “би хамт Улаанбаатар хот явъя” гэж хэлээд Ари би өөр танихгүй 2 хүн аваад Улаанбаатар хот ороод гэртээ байж байтал миний бие өвдөөд болохгүй байхаар нь би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний нуруу хугарсан гэсэн онош гараад би эмнэлэгт хэвтсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1497 дугаартай:
Яллагдагч Б.Гийн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/
Шүүгдэгч Б.Гийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71-р хуудас/,
Шүүгдэгч Б.Гийн иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 61-63-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:
Хохирогч Г.Гончигсүрэнгийн биед “ бүсэлхийн 1-р нугаламын их биеийн хугарал, сээрний 12, бүсэлхийн 1, 2-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал” гэмтэл учруулсан Б.Гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д” гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу /удаан/” мөн журмын 2.3.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар үлэмж хэмжээгээр /15-30%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Г.Гончигсүрэнгийн биед учирсан гэмтлийг хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.
Шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй. Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, шүүдэгчийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч Г.Гончигсүрэн нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай эвлэрлийн гэрээгээр шүүгчдэгч Б.Гтэй нь 3 000 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон /хх-ийн 52-р хуудас/ гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн” зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
-улсын яллагчаас Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх шүүгдэгч Б.Гийг мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын нөхөн төлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулав.
Бусад асуудлаар: Шүүгдэгч нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олхонууд овогт Баярсайханы Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 3 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА