Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 276

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Бат-Эрдэнэ,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Г.Э-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005008260356 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Э-, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, найз охин, 2 дүүгийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Г.Э-нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гор Газ” компанийн эсрэг талд байрлах барилга дээр иргэн Б.Л-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Л-ийн нүүр рүү 2-3 удаа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны орой ажлаа хийцгээж байх үедээ хамт ажилладаг Э-, А-, Э- нартай хамт пиво уухаар болсон. Ингээд шөнийн 01 цагийн үед пиво ууж дуусгаад би амралтын өрөөнд ороод хэвтсэн. Тэгэхэд Э- араас орж ирээд явъя гээд татахдаа гараараа хоолой боогоод байсан. Миний хоолой боогдоод эхлэхээр нь би гарнаас нь хазсан. Тэгээд босож очоод харилцан заамдалцаж аваад газар унасан. Тэр үед гаднаас Э-, А- 2 орж ирээд бид хоёрыг салгасан. Э- бид 2 согтуу байсан болохоор хоорондоо маргалдаад бие бие рүүгээ дайрсан. Тэр үед Э- миний нүүр хэсэгт 1 удаа цохиод би газар унасан. Дахиж босоод өөдөөс нь яваад очиход нүүр рүү гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Ингээд миний 2 нүд хавдаж хөхрөөд хамар хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Шинжээчийн 2804 тоот дүгнэлтэд: “...Б.Л-ийн биед баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Яллагдагчаар Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ...Би явахаар болоод Л-дээр очоод явъя гээд толгойноос нь татсан чинь миний бугуйнаас хазахаар нь уур хүрээд босгож ирээд тонгорч унагаад нүүр хэсэгт нь цохисон. Ингээд ноцолдож байхад А-, Э- нар орж ирээд салгасан. Энэ үед Л-өөдөөс дайраад нэг юм аваад шидсэн чинь баруун хөлийн шилбэ хэсэгт оносон. Өөдөөс навсагнаад ирэхээр нь нүүр хэсэгт нь 1 удаа цохисон чинь газар унасан. Л-ирээд дайраад байхаар нь нүүр хэсэгт нь дахиад 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, компьютерт томографийн оношилгоо /хх-н 23/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 33-50/, хохирогчийн хүсэлт /хх-н 54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Г.Э-нь 2020 оны 02 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гор Газ” компанийн эсрэг талд байрлах барилга дээр иргэн Б.Л-той хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Л-ийн нүүр рүү 2-3 удаа цохиж биед нь баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Л-ийн: “...Э- араас орж ирээд явъя гээд татахдаа гараараа хоолой боогоод байсан. Миний хоолой боогдоод эхлэхээр нь би гарнаас нь хазсан. Тэгээд босож очоод харилцан заамдалцаж аваад газар унасан. Тэр үед гаднаас Э-, А- 2 орж ирээд бид 2-г салгасан. Э- бид 2 согтуу байсан болохоор хоорондоо маргалдаад бие бие рүүгээ дайрсан. Тэр үед Э- миний нүүр хэсэгт 1 удаа цохиод би газар унасан. Дахиж босоод өөдөөс яваад очиход нүүр рүү гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй. Ингээд миний 2 нүд хавдаж хөхрөөд хамар хавдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16/, шинжээчийн 2804 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Э-нь согтуурсан үедээ хохирогчийг цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, 500.000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 54/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Г.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Г.Э-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР