| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01582/и |
| Дугаар | 142/ШШ2016/01405 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/01405
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны “Л.Батцагааныг эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сартуул овгийн Лүндэгийн Батцагаан нь 2010 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээр томилогдон Орхон аймаг дахь ШШГА-нд шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажпаас халагдсан. Шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа удаа дараагийн үйлдлээр шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөгчөөс хураасан мөнгөө өөртөө завшсан,төлбөр авагчаас урамшууллын мөнгийг авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дансанд тушаалгүй завшсан, Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олгосон гар утасны ярианы илүү төлбөрийг төлөөгүй, гар утсыг хүлээлгэж өгөөгүй, Шүүхийн шийдвэрээр хураагдсан Согоот багийн 6-17-62 тоот орон сууцанд дур мэдэн амьдарч, амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлөлгүй өр үүсгэсэн байна. Дээрх хэргийг Цагдаагийн байгууллагад Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2016 оны 05 дугаар сарын 31 -ны өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь дахь хэсэгт заасны дагуу гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул Лүндэгийн Батцагаанаас 12 517 100 төгрөг гаргуулахаар Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Л.Батцагаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-2-78 тоот оршин суух хаягт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Зэст багийн засаг даргын албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж захирамж гаргасан байна. Иймд Л.Батцагааныг оршин суугаа хаягийг олж тогтоон шүүхэд хариуцагчаар татуулахаар эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь “Л.Батцагааныг эрэн сурвалжлуулах”-аар шүүхэд хүсэлт гаргажээ. Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд Л.Батцагаанд холбогдуулан 13 074 922 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 142/ШЗ2016/05254 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Л.Батцагааныг шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмыг хангах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан Сартуул овгийн Лүндэгийн Батцагаан /ПЮ86090793/-г эрэн сурвалжилсугай.
2. .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан Л.Батцагаанйг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газрын хэв журмыг хангах тасагт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА