Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сосорбарам,

Улсын яллагч: Г.Сэндэнсүрэн /томилолтоор/,

Шүүгдэгч: Ц.Ж-, түүний өмгөөлөгч Ш.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,  Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Ж-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005008790403 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Ж-, 1985 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэннам зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний баруун хажуугийн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ж- шүүх хуралдаанд: “...Хамт архи ууж байгаад хохирогчийг цохисон нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...Т-ын найз Ж- гэх залуу 2 цаг өнгөрч байхад ирсэн. Ингээд бид 4 нийлээд 1 шил 0.75 литрийн архи авч уугаад сууж байсан. 2 ортой өрөө авсан байсан бөгөөд хажуу талын орон дээр Т- С- 2 сууж байсан. Би Ж-тай хамт орж ирсэн залууд хандан Ж- та хоёр одоо яв, Т- найз хүүхэнтэйгээ амрах байх би энд амарлаа гэтэл Ж- чи намайг хөөдөг хэн бэ гэж хэлсэн. Би Ж-д хандан миний найз явчих гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл Ж- орон дээрээс босч ирээд баруун нүдний хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон. Чи яаж байна аа гэтэл баруун гараараа эгц урдаас 1 удаа цохисон. Цохих үед амнаас цус гараад нүд харанхуйлсан. ...2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Ж-тай уулзаж ярилцахад шүдийг чинь хийлгэж өгнө гэсэн. Ингээд би хүлээгээд байсан бөгөөд өнөөдөр уулзаад чи шүд хийлгээд өгчих гэхэд таньдаг шүдний эмч дээрээ дагуулж очоод үзүүлээд авагддаг шүд хийлгэчих гэхээр нь зөвшөөрөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

Гэрч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...С-, Б- бид 3 ууж сууж байхад Ж- утсаар ярьсан. Ингээд хэсэг байж байхад Ж- 22 цаг өнгөрч байхад буудалд ирсэн. Ж- ирэхдээ архи уусан нилээд согтуу байсан. Ж-ыг ирэхээр нь дахиад 1 шил архи авч уусан. Тэгээд сууж байхад Б-, Ж-ыг эртхэн харьж амар бид амарлаа гэхэд Ж- уурлаад Б-ийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Б-ийн амнаас цус гарсан байсан бөгөөд шүд нь уначихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/,

Шинжээчийн 2659 тоот дүгнэлтэд: “...Б.Б-ийн биед дээд эрүүний баруун хажуугийн 1-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна. Тухайн үед үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно” гэсэн дүгнэлт /хх-н 23-24/,

Яллагдагчаар Ц.Ж-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- намайг яв бид нар амарлаа гээд хөөхөөр нь уур хүрээд очоод нүүр хэсэгт нь 2 удаа цохиж авсан” гэсэн мэдүүлэг /хх-н 34/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 5/, хохирлын баримтууд /хх-н 27/, хохирогчийн гэмтэл авсан гэх шүдний гэрэл зургууд /хх-н 28/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38, 41-45/, хохирогчийн хүсэлт /хх-н 49/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.  

Шүүгдэгч Ц.Ж- нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хэннам зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Б.Б-тэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар Б.Б-ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь дээд эрүүний баруун хажуугийн 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.Б-ийн: “...Би Ж-д хандан миний найз явчих гэж хэд хэдэн удаа хэлсэн. Гэтэл Ж- орон дээрээс босч ирээд баруун нүдний хэсэгт зүүн гараараа 1 удаа цохисон. Чи яаж байна аа гэтэл баруун гараараа эгц урдаас 1 удаа цохисон. Цохих үед амнаас цус гараад нүд харанхуйлсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18/, гэрч А.Т-ын: “...Ж- ирэхдээ архи уусан нилээд согтуу байсан. Ж-ыг ирэхээр нь дахиад 1 шил архи авч уусан. Тэгээд сууж байхад Б-, Ж-ыг эртхэн харьж амар бид амарлаа гэхэд Ж- уурлаад Б-ийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Б-ийн амнаас цус гарсан байсан бөгөөд шүд нь уначихлаа гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 10/, шинжээчийн 2659 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Ж-ын нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Ж- нь согтуурсан үедээ хохирогч Б.Б-ийг өөрийг нь яв гэж хэллээ гэх шалтгаанаар нүүр рүү нь цохиж шүдийг нь унаган эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн талаар мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 49/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Ж-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ж-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР