| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
| Хэргийн индекс | 142/2016/01590/и |
| Дугаар | 142/ШШ2016/01408 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2016/01408
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ПДУ-4-22 тоотод оршин суух, Хохолдой овгийн Даржаагийн Мижиддорж /ФМ62122973/-ын хүсэлттэй
"1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 06 хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад диспетчерээр, 1986 оны 08 сарын 08-наас 1987 оны 9 сар хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад тоо бүртгэгчээр, 1987 оны 09 сараас 1991 оныг хүртэл Эрдэнэт хотын Материал техникийн хангамжийн удирдах газарт ачигчаар ажиллаж байснаа тогтоолгох" тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, гэрч П.Цэрэнчимэд, Н.Дарам, Ц.Нэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Мижиддорж шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Д.Мижиддорж нь 1983 оны 01 сарын 10-наас Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад диспетчерээр ажилд ороод цэрэгт явах болсон тул 1983 оны 06 сард цэрэгт явсан. Ингээд 1986 оны 06 сард цэргээс халагдаж ирээд Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад 1986 оны 08 сарын 08-наас тоо бүртгэгчээр 1987 оны 9 сар хүртэл ажиллаад гарсан. 1987 оны 09 сард Материал техникийн хангамжийн удирдах газарт ачигчаар ажилд ороод 1991 оныг хүртэл ажилласан. Иймд миний энэ жилүүдэд ажилласан архивын баримт болон бусад материал олдохгүй байгаа тул ажиллаж байсан байдлыг минь сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Даржаагийн Мижиддорж нь шүүхэд хандан “1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 06 хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад диспетчерээр, 1986 оны 08 сарын 08-наас 1987 оны 9 сар хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад тоо бүртгэгчээр, 1987 оны 09 сараас 1991 оныг хүртэл Эрдэнэт хотын Материал техникийн хангамжийн удирдах газарт ачигчаар тус тус ажиллаж байснаа тогтоолгох”-оор хүсэлт гаргажээ.
Д.Мижиддоржийн хүсэлтийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. Д.Мижиддорж нь 1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 06 хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад диспетчерээр, 1986 оны 08 сарын 08-наас 1987 оны 9 сар хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад тоо бүотгэгчээр ажиллаж байсан болох нь 1986 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Авто тээврийн 35 дугаар баазын даргын Д.Мижиддоржийг диспетчерээр томилсон 225 дугаартай тушаал, Авто тээврийн 35 дугаар баазын даргын 1982 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Д.Мижиддоржийг 1983 оны 01 дүгээр сарын 10-наас эхлэн ажилд томилсон тушаал, гэрч Н.Дарам, П.Цэрэнчимэд нарын мэдүүлэг, Д.Мижиддоржийн тайлбар зэргүүдээр нотлогдож байна.
Харин 1987 оны 09 сараас 1991 оныг хүртэл Эрдэнэт хотын Материал техникийн хангамжийн удирдах газарт ачигчаар ажиллаж байсан нь нотлогдоогүй. Гэрч Ц.Нэмэх нь Д.Мижиддоржтой Эрдэнэт хотын Материал техникийн хангамжийн удирдах газарт хамт ажиллаж байсан гэх боловч, гэрчийн мэдүүлгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй тул энэ хугацааг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд дээрх үндэслэлээр Д.Мижиддоржийн хүсэлтийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хохолдой овгийн Даржаагийн Мижиддорж /ФМ62122973/-ыг 1983 оны 01 сарын 10-наас 1983 оны 06 хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад диспетчерээр, 1986 оны 08 сарын 08-наас 1987 оны 9 дүгээр сарыг хүртэл Эрдэнэт хотын Авто тээврийн 35 дугаар баазад тоо бүртгэгчээр ажиллаж байсныг тогтоож,
1987 оны 09 дүгээр сараас 1991 оныг хүртэл Эрдэнэт хотын Материал техникийн хангамжийн удирдах газарт ачигчаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА