Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/55

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Б.Ганбулган,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бт холбогдох 201416010167 тоот эрүүгийн хэргийг 2020  оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж хууль бусаар хөрөнгөжсөн гэмт хэрэгт холбогджээ.

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “Намайг улсын яллагчаас холбогдох эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байдаг ч миний хувьд бол тийм зүйл байхгүй эдгээр хүмүүс нь маш үндэслэлтэйгээр тодорхой тайлбараа өгсөн байдаг. Дээр нь одоо яллаж байгаа зүйлчлэлийн хувьд хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн визийн асуудлыг хийж байсныг өөрсдөө компанид бизнесийн үйл ажиллагаа хийснийг нотолсон байдаг. Нөгөө талаас би ийм хэрэгт орооцолдож явж байгаадаа үнэхээр их харамсаж байна. Хувь хүмүүсийн дансаар орсон орлогыг бол би мэдэхгүй тухайн хүмүүс нь өөрсдийн биеэр очиж тайлбар, мэдүүлэг, байцаалтаа өгсөн байдаг. Дээр нь нэмж хэлэхэд эсрэг байр суурьтай гэрчийн мэдүүлэг өгөөд байгаа Өвөрмонголчууд нь гэрчийн мэдүүлэг өгчихөөд найман удаагийн прокурорын даалгавараар дахин өмгөөлөгчтэй байцаалт авахуулах хүсэлт өгөхөөр алга болчихдог. Анхан шатны гэрчийн мэдүүлгээр нь л яваад байдаг, хүн гүтгэж гүжирдэх болохоор ирчихээд дараа нь хүсэлт гаргаж дуудаж шүүх хуралдаан дээр өмгөөлөгчтэй хамт нүүрэлдэх арга хэмжээ авахуулъя намайг гүтгээд байна гэх асуудлыг тавихаар олж өгдөггүй. Үүнийг шүүхийн байгууллага мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын шүүх дээр ч тухайн асуудлыг хэлж хүнийг ингэж яллаж болохгүй талаар хэлдэг ч миний хэрэг удаа дараа цагдаа болон авлигатай тэмцэх газарт ч очиж шалгагдаж сунжираад 6 жил гаруй хугацааны нүүр үзэж байна.” гэв.

 

- Эрүүгийн хэрэг үүсгэх 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол /1-р хх-н 1-р хуудас/,

- Автотээврийн үндэсний төв, Өмнөговь аймаг дахь салбараас ирүүлсэн Авто тээврийн лавлагаа /1-р хх-н 20-23-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаанууд / 1-р хх-н 66-75-р хуудас/,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2177 дугаартай  лавлагаа /1-р хх-н 22-р хуудас/,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 2037 дугаартай лавлагаа хүргүүлэх тухай /1-р хх-н 24-р хуудас/,

  - Нийслэлийн Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3397 дугаартай албан бичгийн хариу /1-р хх-н 45-р хуудас/,

 - Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /1-р хх-н 177, 178-214 дүгээр хуудас/

- 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны тодорхойлолт /1-р хх-н 217-р хуудас/

- Г.Бийн Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-н 236-р хуудас/,

- Арилжааны банкуудын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2-р хх-н 1-89-р хуудас/

- Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/,

- Монгол банкны лавлагаа /3-р хх-н 82-91-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 74-р хуудас/,

- 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 75-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 76-77-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 78-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 79-р хуудас/,

- 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3-р хх-н 80-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн мэдээлэл /3-р хх-н 94-98-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 99-141-р хуудас/,

- “ЭНК” ХХК-ийн 2012, 2013 онуудын төгрөгийн кассын тайлан /3-р хх-н 142-238-р хуудас/,

- Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /3-р хх-н 238-246р хуудас/,

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, авто машины фото зураг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /4-р хх-н 4-8-р хуудас/,

- Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлт /4-р хх-н 11-17-р хуудас/,

- Мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 31 дугаартай даалгавар /4-р хх-н 29-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Золбоогийн: “...Би 2010-2013 онд Итали улсад, 2009-2010 онд БНХАУ-д сурч байсан. Гадаадад сурахад виз хүсэхэд тухайн хүний дансанд тодорхой хэмжээний мөнгө орж гарсан байхыг шаарддаг. Тэр үүднээс өөрийн том ах Г.Зоригтбаяраас өөрийнх нь визтэй холбоотой мөнгөө миний дансаар оруулж байгаач гэж гуйсны дагуу миний дансаар дээрх мөнгө орж байсан. Би өөрөө Монголд байгаа үедээ орсон мөнгийг нь аваад ахдаа өгдөг. Намайг Монголд байхгүй үед манай аав энэ дансны хамтран эзэмшигч тул авч ахад өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Гансүхийн:”...энэ орсон мөнгө надтай хамааралгүй. Манай том хүү Зоригтбаярын хувийн бизнестэй холбоотой мөнгө орсон байх. Түүнээс би тийм их хэмжээний мах зарсан зүйл байхгүй. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо стадион оргил гудамжны 97а тоотыг би “Вайт Мүүт” ХХК-иас 2010 онд 180,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Манай залгаа орон сууц болох 97 дугаар байрыг манайхаас 1-2 жилийн дараа Бумхорол гэдэг залуугаас экскаватор, машинаа зараад авч байсан. Би өөрийн бизнесээр олсон орлогоор 77-07 УНП дугаартай Бенз Жи-320, 77-70 УНХ дугаартай Ланд-200, 62-14 УНК дугаартай Лексус 570 маркийн авто машинуудыг авсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Сарангоогийн: “...их хэмжээний буюу 10,000 юаниас дээш хэмжээтэй мөнгө нь надад хамааралгүй бөгөөд энэ мөнгийг би данснаас аваад Бийн аав Гансүхэд аваачиж өгдөг байсан. 10,000 юаниас доошхи мөнгө нь миний өөрийн хувийн наймааны мөнгө юм. Өмнөговь аймагт нүүрсний тээвэр хийдэг компаниудын орчуулагч, хөтөч нар надаар дамжуулж Улаанбаатар хотоос бараа захидаг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч О.Нандинцэцэгийн: “...би 2002 оноос ОХУ-н Улаан-Үүд хотод Гаалийн сургуульд суралцаж байхдаа танилцаж 2008 онд гэр бүл болж байсан. 2011 онд Хан-Уул дүүргийн шүүхээр орж гэр бүлээ цуцалсан. Одоо энгийн харьцаатай. Миний дансанд орсон мөнгө би санаж байгаагаар их хэмжээний буюу 50,000 юань шилжүүлээд намайг аваад байж байгаарай гээд дараа Улаанбаатар хотод ирэхээрээ надаас авдаг байсан. Бага хэмжээний буюу 1000-5000 юанийг би хэрэглээндээ зарцуулж байсан. Мөн миний нэр дээр байсан Лексус машиныг зарсан, тэр машины мөнгийг оруулж байгаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Зоригтбаярын: “...би Нандинцэцэг, Сарангоо нарын дансаар орсон мөнгийг мэдэхгүй юм. Харин өөрийн аав Гансүх, дүү Золбоо нарын дансаар юань авч байсан. Энэ мөнгө нь Хөдөлмөр Халамж үйлчилгээний төв болон ГИХАЭГ-т визний хураамж, хөдөлмөрийн хөлсний сарын төлбөрүүдэд хийсэн мөнгө юм. Тодорхой хэмжээний зуучлалын хөлсөнд авсан. Гашуун сухайт боомтод ажиллаж байсан дүү Б ГИХАЭГ-ын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн визгүйгээр Монгол Улсад ажиллаж байгаа Хятад ажилчдыг таслан зогсоож, хөдөлмөрийн виз авах хэрэгтэй гээд надтай холбогдуулж байсан юм.” гэх мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн: “...манай компанийн хятад ажилчид 2013 он хөдөлмөрийн виз авалгүйгээр ажиллуулж байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь тус зөрчлийн дагуу торгууль тавьдаг. Тэгээд орчуулагчийн хувьд надад хандаж дансны дугаар өгч тухайн дансанд тэдэн юанийн торгуулийг хий гэдэг. Түүний дагуу би машин хариуцсан хятад хүмүүсээс нь торгуулийн мөнгийг аваад тухайн өгсөн дансанд тушаадаг. Тэгээд Б байцаагчид банкны баримтыг аваачиж өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Шүрэнчимэг /XURENOIMUGE/-ийн: “...нийт 8 хүнийг 12,000 юаниар торгосон. Өөрийнх нь өгч банканд хийлгэсэн юань ямар учиртай болохыг мэдэхгүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 52-57-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Эрдидэмуту /ERIDEMUTU/-гийн: “...Энэ мөнгийг Б ямар нэг баяр болж байна мөнгө өг, туслалцаа байна уу гээд авдаг байсан. Бид нар өөрсдөө зөрчилтэй байсан болохоор зөвшөөрдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 58-61-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Билигэту /BILIGETU/-гын: “...намайг өрөөндөө дуудаад ширээний шургуулга дотроосоо мөнгө гаргаж 2-3 удаа л тушаалгаж байсан. Түүнээс биш торгууль гэж ямар нэг дансанд юань тушааж байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хх-н 62-63-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Улаанхуарын: “...Энэ юаныг манай ЭНК ХХК-д хөтчийн дарга байсан Уулаа гэдэг хүн цаасан дээр бичсэн нэг данс өгөөд энд хийчих гээд өгсөн. ...би түүнд нь 130 000 юань хийж байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 64-65-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Б.Батцагааны: “...Манай компанийн хятад ажилчид Хөдөлмөрийн виз авалгүйгээр Монгол улсад орж ирсэн байсан бөгөөд ИХШХЕГ-ын байцаагч Г.Б нь манай ажилчдыг Монгол улсаас хар тамга дарж албадан гаргана гэж айлгадаг байсан тэгээд би компанийн захирлаас 40 300 юань аваад Б байцаагчтай уулзсан чинь надад нэг жижиг цаасан дээр бичсэн дансны дугаар өгөөд энэ дансанд би мөнгийг нь хийсэн.” гэх мэдүүлэг /4-р хх-н 66-68-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Эрдэнэгэрэл /EERDENGGERILE/-ийн: “...Б албан өрөөндөө дуудаад өмднийхөө халааснаас халтар болсон зуутын дэвсгэртээр 15 000 юань өгөөд, энэ мөнгийг цэвэр мөнгөөр солиод энэ дансанд хийгээтэх гээд өгсөн. Бохир мөнгө банк авахгүй байна гэж хэлсэн. Би мөнгийг нь солиод дансанд нь хийсэн. Сарангоо гэдэг хүний данс байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 69-71-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ш.Зоригтугийн: “...Миний ажиллаж байсан Пуушин ХХК-ийн захирал Guo Fei гэдэг хүн Ганц модны боомт дээр бэлэн мөнгө өгөөд Монголд оруулаад Бт өг гэж явуулдаг байсан. Би Бтой уулзахаар бэлэн мөнгө авахгүй энэ дансанд хий гээд дансны дугаар өгдөг, би дансанд нь хийдэг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 72-73-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Г.Балжиннямын: “...Б ах надад юань өгөөд энэ дансанд шилжүүлчих гэж хэлсний дагуу би Хаан банкны дансанд шилжүүлдэг байсан. Зарим тохиолдолд нүүрсний компанийн хөтөч Өвөрмонгол хөтөч, орчуулагчаас надад мөнгө өгөөд Зоригоо ах энэ мөнгийг чамд өгчих гэхээр нь би авдаг. Би Б ахаас ямар дансанд хийх юм гэж асуухад дансны дугаар өгдөг байсан.” гэх мэдүүлэг /4-р хх-н 79-80-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Н.Болормаагийн: “...”Баяннуур Шүн Шиан” ХХК манай компанийн хөрөнгө оруулагч компани бөгөөд “ЭНК” ХХК-ийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийг БНХАУ-аас шилжүүлдэг. Тус компаниас шилжүүлсэн мөнгийг хүлээн авсан ажилтан холбогдох баримтыг бүрдүүлж зарлагыг хаадаг. Энэ бүр баримт манай кассын тайланд тодорхой харагдана. Зоригтбаяр гэдэг хүнийг танихгүй. Энэ хүн манай компанийн захирал Равданжамцад мөнгө өгдөг байсан гэж мэдүүлсэн байна. Тийм зүйл байхгүй. Манай захирлыг нас барсан гэдгийг мэдэж нэрийг нь барьж худал мэдүүлж гүтгэж байна.” гэх мэдүүлэг /4-р хх-н 101-103-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/436 дугаартай тушаал /4-р хх-н 145-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны даргын 2007 оны 11 дүгээр сарын 09-ниы өдрийн 1/283 дугаартай төрийн албанд түр томилох тухай тушаал /4-р хх-н 171-р хуудас/,

- Монгол Улсын Хууль, Зүй дотоод хэргийн сайдын 2010 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 130 дугаартай тушаал /4-р хх-н 174-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/400 дугаартай тушаал /4-р хх-н 175-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 176-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/542 дугаартай тушаал /4-р хх-н 177-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/554 дугаартай тушаал /4-р хх-н 178-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/614 дугаартай тушаал /4-р хх-н 180-р хуудас/,

- Ажлын байрны тодорхойлолт, орлон ажиллах хуваарь /4-р хх-н 181-р хуудас/,

- Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/61 дугаартай тушаал /4-р хх-н 191-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаал /4-р хх-н 192-р хуудас/,

- Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай албан бичиг /4-р хх-н 197-р хуудас/,

- Хөрөнгө орлогын мэдүүлгүүд /4-р хх-н 198-207-р хуудас/,

- Г.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4-р хх-н 231-р хуудас/,

- Гааль, Татварын Ерөнхий газар Сонгинохайрхан Дүүргийн Татварын Хэлтэс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  686 дугаартай албан бичиг /5-р хх-н 250-р хуудас/,

- Татварын ерөнхий газрын Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 686 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм энд Эс Юу” ХХК-ийн 2008-2015 оны ААНОАТ-ын тайлангууд, төлсөн татварын жагсаалт /5хх-н 250, 6хх-н 1-11 дүгээр хуудас/,

- Үндэсний татварын алба, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан /6-р хх-н 1-11-р хуудас/,

- Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний Ерөнхий газрын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 01/775 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 13-14-р хуудас/,

- Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2/2588 дугаартай албан бичиг, хавсралт /6-р хх-н 19-24-р хуудас/,

- Бичиг баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /6-р хх-н 41, 76, 132-р хуудас/,

- Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2/65 дугаартай албан бичгээр ирүүлсэн “Эм Энд Эм Ти Пи” ХХК нь 2013-2014 онд гадаадаас ажиллах, мэргэжилтэн авч ажиллуулсан талаарх лавлагаа /6-р хх-ийн 160-164 дүгээр хуудас/,

- Авто тээврийн үндэсний төвийн 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 06/7815 дугаартай албан бичгээр ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /6хх-ийн 165-192 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаагч А.Цэдэн-Ишийн гаргасан Зоригтбаяр, Гансүх, Сарангоо, Нандинцэцэг нарын дансанд шилжүүлсэн мөнгөний тооцоо /7-х хх-н 33-41-р хуудас/,

- Баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /7-р хх-н 99-120-р хуудас/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /7-р хх-н 161-165, 205-209-р хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ө.Гэрэлтүгийн “...би сая хавтаст хэрэгт байгаа мөнгө шилжүүлсэн баримтуудын хуулбарыг үзэхэд дээрх 5 гүйлгээг би хийсэн байгаа бөгөөд гарын үсэг нь минийх мөн байна. ...Би яг өөрөөсөө бол энэ мөнгийг шилжүүлээгүй. Би сардаа 3000-4000 юанийн цалинтай хүн ийм их хэмжээний мөнгийг шилжүүлэх боломжгүй. Харин компанийн удирдлагын зүгээс энэ мөнгийг шилжүүл гээд данс өгвөл би шилжүүлдэг байсан ” гэх мэдүүлэг /7-р хх-н 243 дугаар хуудас/,

- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Цэцэнгийн “Би 2011 оны 07-р сарын дунд үеэс эхлэн Өмнөговь аймагт нүүрс тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Омогт цагаан шонхор” буюу Хятад талдаа “Чинхуа” гэдэг нэртэй компанийн хөтөч, орчуулагчаар ажиллаж эхэлсэн. ...Энэ мөнгөнүүдийг би дээрх данснууд руу шилжүүлж байсан нь үнэн. Ямар учиртай гэхээр “хятад жолооч нарт виз гаргаж өгнө визний мөнгө” гэж Г.Б хэлж дээрх дансны дугааруудыг надад өгдөг байсан. Би тэдгээр дансруу Бийн хэлсэн юанийг шилжүүлж байсан. Манай компани энэ асуудлыг хууль дүрмийн дагуу явагдаж байна гэж ойлгодог байсан. Визний асуудал ч гэсэн ном журмаараа явагдаж байна гэж бодож байсан.” гэх мэдүүлэг /7-р хх-н 246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Г.Бийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Г.Бийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 90-р хуудас/

Шүүгдэгч Г.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 121-124-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай байх тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Бийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь өөрийн их хэмжээний орлогыг хуулиар хориглоогүй үйл ажиллагаа явуулж олсон, нэмэгдүүлсэн гэдгээ хангалттай нотолж, тайлбарлаж чадаагүй, хууль ёсны эх үүсвэрийн тодорхойлж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэв.

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хууль ёсны орлогоос гадна

-Өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 47 удаагийн гүйлгээгээр 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг,

Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 45 удаагийн гүйлгээгээр 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг,

Өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуусталх хугацаанд 16 удаагийн гүйлгээгээр 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг,

Өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 62 удаагийн гүйлгээгээр 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг,

Өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг,

Г.Б нь өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээ хийгдэж 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн орлогыг өөрийн хууль ёсны орлогоосоо гадна олж, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Н.Гансүх, Г.Зоригтбаяр, Г.Б, Г.Золбоо, О.Нандинцэцэг, Б.Сарангоо нарын Хаан банкны юанийн гүйлгээнүүдийн орлогын баримтууд /2-р хх-н 91-250-р хуудас, 3-р хх-н 1-73-р хуудас/, гэрч Г.Золбоогийн мэдүүлэг /4-р хх-н 31-33-р хуудас/, гэрч Н.Гансүхийн мэдүүлэг /4-р хх-н 34-37-р хуудас/, гэрч Б.Сарангоогийн мэдүүлэг /4-р хх-н 38-39-р хуудас/, гэрч О.Нандинцэцэгийн мэдүүлэг /4-р хх-н 40-41-р хуудас/, гэрч Г.Зоригтбаярын мэдүүлэг /4-р хх-н 42-47-р хуудас/, гэрч А.Чимугэ /QIMUGE/-гийн мэдүүлэг /4-р хх-н 48-51-р хуудас/, Шинжээчийн дүгнэлт, хавсралт /9-р хх-н 172-201-р хуудас/, шинжээч А.Сарангэрэлийн мэдүүлэг /9-р хх-ийн 206-р хуудас/ зэргээс Шүүгдэгч Г.Б нь өөрийн эцэг Н.Гансүхийн Хаан банкны 5112034368 дугаартай юанийн дансанд 1.453.574,29 юань буюу 323.703.943.34 төгрөг, Голомт банкны 2105010245 дугаартай юанийн дансанд 926.841,27 юань буюу 260.262.865,27 төгрөг, Н.Гансүх, төрсөн дүү Г.Золбоо нарын хамтарсан Хаан банкны 5007578874 дугаартай юанийн дансаар 326 841,27 юань буюу 260 262 865,27 төгрөг, өөрийн төрсөн ах Г.Зоригтбаярын Хаан банкны 5076129656 дугаарын дансаар 565.303,87 юань буюу 119 554 501,46 төгрөг, өөрийн эхнэр Б.Сарангоогийн Хаан банкны 5007758427 дугаарын дансаар 466 383,93 юань буюу 111 731 243,25 төгрөг, өөрийн салсан эхнэр О.Нандинцэцэгийн Хаан банкны 5007581333 дугаартай юанийн дансаар 4 102,94 юань буюу 971 695,10 төгрөг, өөрийн Хаан банкны 5606001148 дугаартай юанийн дансаар 5 002 юань буюу 1 266 950,64 төгрөг, өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу 854 141 219,58 төгрөгийн шилжүүлэг нь шүүгдэгч Г.Бийн ойрын төрөл садан, хамаарал бүхий иргэдийн данс руу нэг газраас буюу Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт дахь Хаан банкны салбараар хийгдсэн үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээрх хууль бусаар олсон орлого бий болсон цаг хугацаа Г.Бийн Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байсан үетэй давхцаж байна гэж үзэв.

 Нийтийн албан тушаалтны буюу Г.Бийн  хамаарал бүхий этгээдүүд болох  төрсөн эцэг Н.Гансүх, дүү Г.Золбоо, Г.Зоригтбаяр, эхнэр Б.Сарангоо, салсан эхнэр гэх О.Нандинцэцэг нар нь тухайн орлогыг ямар эх үүсвэрээс, ямар үйл ажиллагааны орлого болох талаараа мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэд хэдэн удаагийн мэдүүлэгээрээ нотолж  чадаагүй, тухайн хэрэгт Г.Бийн өгсөн данс руу нь  мөнгө шилжүүлж байсан гэх  гэрчүүдийн мэдүүлэгийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч үгүйсгэж чадаагүй,  мөн Гэрэлтэх бүртгэл Аудит ХХК-ний аудитор А.Сарангэрэлийн 2019 оны 02 сарын 04-ний өдрийн гаргасан  “…Г.Б болон түүний харилцан хамаарал бүхий этгээдүүдийн ХААН болон Голомт банкны 7 дансанд 140 хувь хүнээс / давхардсан тоогоор/ 227 удаагийн гүйлгээгээр 7.280.092.00 юань буюу 1.592.450.932.34 төгрөгийн, 4 байгууллагаас 4 удаагийн гүйлгээгээр 1.224.500.00 юань буюу 324.759.435.00 төгрөгийн, 1 удаагийн гүйлгээгээр/ барааны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар/ эзэн нь тодорхой бус 5.000.00 юань буюу 1.455.450.00 төгрөгийн, 29 удаагийн гүйлгээгээр эзэн нь тодорхой бус 107.711.49 юань буюу 21.434.632.36 төгрөгийн, харилцан хамаарал бүхий 2 этгээдээс 145.400.00 юань буюу 30.834.139.00 төгрөгийн, 4 этгээд өөр өөрсдийн дансанд 12 удаагийн гүйлгээгээр 529.117.86 юань буюу 124.304.454.54 төгрөгийн орлого тус тус орсон байна. ХААН болон Голомт банкны 7 дансанд орсон нийт орлогыг нэгтгэвэл: нийт 298 удаагийн гүйлгээгээр 9.344.821.35 юань буюу 2.095.229.043, 24 төгрөгийн орлого орсон байна” гэсэн / 9-р хх-ийн 171-190-р хуудас/ дүгнэлт зэргээр их хэмжээний орлого олсноо нуух зорилгоор бусдын данс руу шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдож байна гэж үзэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа “… БНХАУ-ын харьяат өвөр монгол иргэдийн гэрчээр өгсөн мэдүүлэгүүдийг хууль зөрчиж мэдүүлэг авсан учраас нотлох баримтын шаардлага хангахгүй гэж мэтгэлздэг ч дээрх гэрчүүдийн мэдүүлэг хууль зөрчөөгүй байна гэж үзэв. Учир нь  гэрч А.Чимгээ, Шүрэнчимэг, Ш.Зоригту, Э.Эрдэнэгэрэл, Ө.Гэрэлтүг нар нь монгол хэл мэддэг, ярьж байгааг ойлгоно гэсэн учраас гэрчээр мэдүүлэг авсан  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байна гэж үзэв. Мөн Г.Бийн үйлдлийг “…үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийн шинж агуулагдаагүй…” гэж мэтгэлцдэг хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаараа нотолж, улсын яллагчаас гаргасан яллах талын нотлохын баримтуудын үгүйсгэж няцаалт өгч чадаагүй гэж үзэв.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг эх, төрсөн ах эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэж зохицуулсан ба Н.Гансүх, Г.Золбоо, Г.Зоригтбаяр, Б.Сарангоо, О.Нандинцэцэг нар нь нийтийн албан тушаалтан Г.Бийн хамаарал бүхий этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүгээр шүүгдэгч Г.Б нь өөрийн хууль бус үйлдлийг нуухын тулд хамаарал бүхий этгээдүүдийн дансаар их хэмжээний орлого олсон үйлдэл буюу гэмт хэрэг үйлдсэн арга байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Г.Бийг Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хугацаандаа өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж  дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Г.Бийн үйлдсэн “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид “хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон...” хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарна.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй” гэж заасны дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Албан тушаалтанд бий болсон их хэмжээний хөрөнгийн эх сурвалж буюу ямар аргаар, хэнээс шилжин ирсэн нь тодорхойгүй, эх үүсвэр тогтоогдохгүй байгаа үед хууль бусаар орлого олсных нь төлөө албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь эрүүгийн эрх зүйн хууль ёсны ба шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу Нийслэлийн прокурорын газраас Г.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Гансүхийн Б нь Иргэний харьяат, Шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх мэргэжилтэн, улсын байцаагч, ахлах мэргэжилтэн, захиргааны хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хууль ёсны орлогоос гадна өөрийн болон бусдын дансаар нийт 182 удаагийн гүйлгээгээр 3 584 264,67 юань буюу нийт 854 141 219,58 төгрөгийн орлогыг гаргуулах нь зүйтэй.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт 134 хоног цагдан хоригдсон, хохирол төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4,6 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хорчид овогт Гансүхийн Бийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр нэмэгдсэн орлого болох 854.141.219,58 төгрөгийг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгж буюу 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Г.Бийн цагдан хоригдсон 134 хоногийн нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2010000 /хоёр сая арван мянга/-н төгрөгийг торгуулийн ялаас хассугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Н.Гансүхийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж, Ү-2206018460 дугаар улсын бүртгэлтэй 97А орон сууц, Г.Золбоогийн эзэмшлийн Ү-220015493 дугаартай улсын бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Стадион Оргил гудамж 97 тоот орон сууцнуудыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор, 7707 УНП улсын дугаартай М.бенз жи маркийн тээврийн хэрэгслийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан 2014 оны 12 сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, Г.Бийг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх тухай 2014 оны 11 сарын 20-ны өдрийн мөрдөгчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА