Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2016/01409

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа  даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 24-1-5 тоотод оршин суух, Шамбийнхан овгийн Түмэн-Өлзийгийн Ургамалцэцэг /УХ64101768/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг ШХ-7-29 тоотод оршин суух, Адуучин овгийн Загдаагийн Отгончимэг /ФВ75102007/-д холбогдох

“10 573 024 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ургамалцэцэг, хариуцагч З.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Ургамалцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: З.Отгончимэг нь 2015 оны 06 дугаар сарын 12-нд 3 003 700 төгрөгийн барааг надаас гуйж тун удахгүй өгнө гэж аваад одоог хүртэл ямар ч мөнгө өгөөгүй бөгөөд маш олон удаа утасдсан боловч миний утсанд хариу өгөхгүй байгаа юм. Иймд үндсэн зээл 3 003 700 төгрөг хугацаа хэтэрсэний 504 хоногийн алданги 7 569 324 төгрөг нийт 10 573 024 төгрөгийг Отгончимэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.Отгончимэг шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Загдаа овогтой Отгончимэг миний бие нь 2015.06.12-нд Т.Ургамалцэцэгээс 3 003 700 төгрөгний гоо сайхны бараа зээлээр худалдан авсан нь үнэн. Би энэ хүнтэй бараа худалдан авдаг байнгын түншүүд байсан. Эдийн засгийн улмаас сүүлийн барааныхаа мөнгийг өгч чадаагүй байгаа. Сүүлийн авсан барааны мөнгө болох 3 003 700 төгрөгийг төлж барагдуулна. Харин хугацаа хэтэрсэний алданги болох 7 569 324 төгрөгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Зохигчид шүүх хуралдаан дээр эвлэрэхдээ: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4 505 550 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэв. Улсын тэмдэгтийн хураамж 158 865 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрчээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Ургамалцэцэг нь хариуцагч З.Отгончимэгт холбогдуулан “10 573 024 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  

 

Шүүх хуралдаанд дээр талууд эвлэрсэн байна. Үүнд: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 4 505 550 төгрөг болгосныг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрсөн, мөн улсын тэмдэгтийн хураамж 158 865 төгрөгийг хариуцагч төлөхөөр зохигчид эвлэрчээ.

Зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар гаргуулахаар заалаа. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1. Нэхэмжлэгч Т.Ургамалцэцэг нь хариуцагч З.Отгончимэгээс нэхэмжилсэн 10 573 024 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан 4 505 550 төгрөг болгосныг хариуцагч төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 158 865 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нь 158 865 төгрөгийг нэхэмжлэгч Т.Ургамалцэцэгт төлөхөөр тохиролцсоныг дурьдсугай.

      3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

      4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА