Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 274

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Энхтуул,  

Улсын яллагч: Н.Анхбаяр /томилолтоор/,

Шүүгдэгч: Д.Г-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Д.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905027291029 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Г-, 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа .....,

Шүүгдэгч Д.Г-нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох А.Тунгалагтамарийг зодсон,

- 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 01 дүгээр байрны 07 тоотод эхнэр А.Т-ийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн хацар, баруун нүдний гадна булан хэсэг, дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

- 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 01 дүгээр байрны 07 тоотод эхнэр А.Т-ыг дахин зодож баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэний том хэмжээний, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Г-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэх зүйгүй гэв...” гэв.

Хохирогч А.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагт нөхөр Г- рүү утсаар яриад ...урьд өдөр гэртээ хоноогүй байсан болохоор нөхөр намайг гэрт хүрээд ир чамайг зодохгүй гэж хэлсэн. Ингээд би шууд гэртээ яваад очтол нөхөр найз А-тай архи ууж байсан. Г- би өөр хүнтэй сууж байгаа тогооч хийдэг юм аа гэж хэлэн утсаараа нэг хүүхэн рүү залгасан. Яриагүй байхад утас нь тасраад, уг эмэгтэй нөхрийн утас руу эргүүлээд залгасан ингээд би уг эмэгтэйтэй утсаар ярьсан. ...Г- бид хоёр маргалдсан. Г- намайг үснээс зулгаагаад доороо хийгээд нүүр рүү хоёр гараараа ээлжлээд цохиод, хөл рүү өшиглөсөн. Мөн хутга бариад дайраад гурилын ганбанз аваад баруун гуя руу цохиод би гэрээсээ зугтаж гараад цагдаа дуудсан... ЦагдА-н хэлтэс дээр очоод мэдүүлэг өгөөд нөхрийн хамтаар хүүхдээ аваад гурвуулаа цагдА-н хэлтсээс гараад такси бариад явах гэтэл зам дээр хөл рүү өшиглөөд мөн дахиад зодсон, би мөн цагдаа дуудсан. ...үүнээс хойш сураггүй байж байгаад 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гэрт ирж зодоод явсан. Би тухайн үед дуудлага өгөөгүй. 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Г- дугаараа нууцлаад залгаад “чамайг ална” гэж яриад байхаар нь 102 дугаарт дуудлага өгөөд гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад эмчилгээ хийлгээгүй. 2019 оны 7 дугаар сарын 07-ноос 10-ны өдрийн хооронд 7 дугаар төвд хэвтсэн. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 нас 10 сартай хүүтэй. Хүүхэд хүүхдийн төв сувилалд байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-21/,

Гэрч П.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 20 хоног манай хашааны зүүн талын байшинд Г- нь эхнэр Т-ын хамт мөн 3 орчим насны 1 хүүгийн хамтаар амьдарсан. ...2019 оны 6 дугаар сарын 28-нд манай байшинд амьдарч байхдаа Г- нь Т-тай маргалдаж гар хүрч зодсон гээд нүд хөхөрсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 86-87/,

Шинжээчийн 8203 тоот дүгнэлтэд: “...А.Т-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн хацар, баруун нүдний гадна булан хэсэг, дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 12/,

Шинжээчийн 8204 тоот дүгнэлтэд: “...А.Т-ын биед баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, шилбэний том хэмжээний, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-н 14/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, хохирогчийн өргөдөл /хх-н 6/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 22-23/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-н 25-33/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 51-52, 56-76, 195-197/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Б.Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Яллах дүгнэлтэд Б.Г-ийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох А.Тунгалагтамарийг зодсон.... гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож...” гэжээ.

Шүүгдэгч Б.Г- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 252 дугаар шийтгэвэрээр дээрх 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгийн 5-37 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох А.Тунгалагтамарийг зодсон гэх үйлдэлд 10 цаг албадан сургалтанд хамрагдаж, 7 хоног баривчлах шийтгэлээр шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга... зодсон” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

“Байнга” гэх гэмт хэргийн шинж нь “хэвшил буюу дахин давтагдах шинжтэй бөгөөд хохирогчийг гурав ба түүнээс дээш удА-н үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байх хууль зүйн ойлголт юм.

Иймд шүүгдэгчийн нэг үйлдэлд хоёр шийтгэл оногдуулах боломжгүй бөгөөд энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн байнга гэх шинжийг хангахгүй байна гэж гэж шүүх үзсэн болно.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрүүдэд зодож хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэргийн шинжид хамааруулан үзэх үндэслэлгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчилж оруулж ирсэнийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

  Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 01 дүгээр байрны 07 тоотод эхнэр А.Т-ийг зодож биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын уг, зүүн хацар, баруун нүдний гадна булан хэсэг, дээд зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний алимны салстын цус харвалт зэрэг гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

- 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 01 дүгээр байрны 07 тоотод эхнэр А.Т-ыг дахин зодож баруун мөр, зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя шилбэний том хэмжээний, зүүн шилбэний цус хуралт, баруун гуяны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч А.Т-ын: “...Г- бид хоёр маргалдсан Г- намайг үснээс зулгаагаад доороо хийгээд нүүр рүү хоёр гараараа ээлжлээд цохиод хөл рүү өшиглөсөн. Мөн хутга бариад дайраад гурлын ганбанз аваад баруун гуя руу цохиод би гэрээсээ зугтаж гараад цагдаа дуудсан... ...такси бариад явах гэтэл зам дээр хөл рүү өшиглөөд мөн дахиад зодсон, би мөн цагдаа дуудсан. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа 1 нас 10 сартай хүүтэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 18-21/, гэрч П.Г-ийн: “...2019 оны 6 дугаар сарын 28-нд манай байшинд амьдарч байхдаа Г- нь Т-тай маргалдаж гар хүрч зодсон гээд нүд хөхөрсөн байдалтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 86-87/, шинжээчийн 8203, 8204 тоот дүгнэлтүүд, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь хамтран амьдрагч хохирогч А.Т-ыг гэр бүлийн маргааны улмаас зодож хөнгөн хохирол санаатай учруулсан тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогчтой маргалдаж түүнийг зодож, цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г- нь хохирогчийг 2 удаа зодож цохин, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Т-ын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч А.Т- мөрдөн байцаалтад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сар хорих ял,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дээд хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

  • үүгдэгч Б.Г-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 44 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 01 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож эдлэх ялаас нь хасах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн хяналтын прокуророос шүүгдэгч Д.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар буюу гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Д.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн урд цагдан хоригдсон 44 хоногийн 01 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 352 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд оруулан тооцож, үлдэх 368 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлсүгэй.

      5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Г-нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

       6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР