Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2016/01413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум 2-р байрны 13 тоотод оршин суух, Боржигин овгийн Лувсансамбуугийн Оймандах /ГК72031871/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Жаргалант сумын бүрэн дунд сургуульд холбогдох,

“Жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оймандах, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Долгорсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Оймандах шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Минии бие нь Жаргалант сумын сургуулийн жижүүрээр 2006 оноос хойш ажиллаад 10 жил болж байна. Миний бие 2016-08-19-ны өдөр өглөө ажлаасаа буугаад хөдөө модонд явж ирээд модоо буулгачаад, ажилгүй амралттай байсан болохоор модонд хамт явсан хүмүүстэйгээ бага зэрэг архи уугаад гэрлүүгээ явсан. Ингээд гэртээ иртэл хүнгүй байсан тул эхнэр О.Дэлгэрмаа сургуульд ажилладаг ба тухайн үед сургууль дээр ажилтай байсан болохоор гэрийнхээ түлхүүр авахаар сургууль ортол бид хоёр зөрсөн байсан. Намайг очиход сургуулийн жижүүр Ш.Батжаргал нь ажил дээрээ согтуу байсан бөгөөд эхнэр байхгүй тул буцаад гарах үед сургуулийн захирал Т.Оюун орж ирж таарсан. Ингээд захирал надад 2016-09-09-ны өдөр гэнэт ажил байранд архи уусан нэриийдлээр ажлаас халах мэдэгдэлөгч 2016-09-14 өдрөөс ажлаас халах болно гэсэн боловч 2016-09-16 өдөр намайг өрөөндөө дуудан  дахин алдаа гаргахгүй байх талаар амлалт бичүүлэн ажлаас халахаа болилоо гээд ажлаа үргэлжлүүлэн хийж болно гэсэн. Би 2016-09-17 орой ажилд гарч хоноод 2016-09-18 өглөө буух ёстой байсан дараагийн жижүүр цагтаа ирж ажлаа аваагүй бөгөөд энэ тухай нярав Амаржаргалд утсаар мэдэгдсэн. Гэтэл чи улирч ажилла гэсэн, би шөнө гарсан чадахгүй та нар ажлаа зохицуулдаггүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед нярав, захирал нар нэг машинд хамт явж байсан ба би няравтай ярьж байхад утасны цаанаа захирал хэн яриад байгаа юун даварсан юм урьд асуудалтай байж тэгвэл ажлаас халчихье гэж хэлж байгааг нь би сонссон. Ингээд 2016-09-19-ны өдрийн 6/26 тоот тушаал гарч намайг архи уусан үндэслэлээр 2016-09-25-ны өдрөөс ажлаас халсан. 2016-09-17-ноос 09-18-ны шөнө ажилд гарахад би ажлын байр дээр архи огт хэрэглээгүй байсан болно. Иймд дараахи үндэслэлээр тушаалын зөшөөрөхгүй байх тул намайг ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалинг гаргуулан өгнө үү.                 1. Миний бие нь ажлын болон ажлын бус цагаар сургууль дотро архи уусан асуудал огт болоогүй. Би ажлаа тараад өөр газар архи уусан асуудал байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон дотоод журманд хамаарахгүй гэж үзэж байна. 2. 2016-08-29 өдөр жижүүр Батжаргал намайг ороход ажилд дээрээ согтуу байсан ба би түүнтэй архи уусан асуудал огт байхгүй. 3. Би   2016-09-17 ба 09-18-ны өдөр архи уусан асуудал байхгүй ба намайг шөнийн ээлжинд ажилласан байхад улируулж ажиллах ёсгүй бөгөөд улирч ажиллаж чадахгүй ажлаа зохицуул гэсний төлөө би ажлаас халагдах ёсгүй гэж үзэж байна.

Миний өвөрт нэг шил архи явсан. Батжаргал өмнө нь архи уусан байсан учир миний өвөр рүү хараад байх шиг байхаар нь би нөгөө архиа гаргаад Батжаргалд нэг хийж өгөөд, би өөрөө нэг уусан. Бид 2, нэг нэг л ууж байтал захирал орж ирсэн. Батжаргал, захиралд юун сүртэй юм гэж хэлсэн, би тэгээд архиа аваад гараад явсан... ” гэжээ.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Т.Оюун шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Орхон аймгийн Жаргалант сумын Сургуулийн захирал Т.Оюун би нэхэмжлэгч Л.Оймандахын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус сургуулийн захирал Т.Оюун би 2016.09.19-нйи өдрийн Б/26 дугаартай тушаалаар жижүүр Л.Оймандахыг 2016 оны 08 дугаар сарын 29-ний орой төрийн албаны ажлын байр, Ерөнхий боловсролын сургууль дотор жижүүр Ш.Батжаргалын хамт согтуу байсан шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн өдөр болсон үйл явдлыг товч дурдвал 2016.08.29-ний өдөр, орой 23 цаг болж байхад сургууль дээрээ орж ирэхэд сургуулийн дотор архины үнэр гарсан учраас шууд жижүүрийн өрөөнд ороход жижүүр Батжаргал, Оймандах нар архи ууж байсан. Архины үлдэгдэлтэй цайны аяга нь ширээн дээр байсан. Та нар юу болж байнаа сургуулийн газар ажлын байранд архи уугаад гэж шаардлага тавихад юун сүртэй юм ганц татаад л сууж байна гэж хоёул хоёулаа биеэ өмөөрсөн. Та нарыг  шалгуулна цагдаа дуудлаа байж байгаарай гэж хэлээд өөрийн өрөөрүүгээ орж 23 цаг 11 минутанд 99691280 өөрийн дугаараас Жаргалант сумын цагдаа Нямдорж руу залгаад манай сургуулийн жижүүр Батжаргал, Оймандах нар ажлын байрандаа архи ууж байна, шалгаж өгнө үү гэж дуудлага өгсөн. Нямдорж байцаагч би “Улаанбаатар хотод ажилтай явж байна Олон нийтийн цагдаа Буянбат руу хэлье гэсэн. Энэ үед согтуу тэднээс айсан учраас өрөөнөөсөө гараагүй хэсэг хугацаа өнгөрсөн. Олон нийтийн цагдаа Буянбатыг хурдан ирэхийг шаардаж 99536965 дугаартай утас руу 2 удаа залгасан. Удаад байгаа санагдаад гарч цагдааг хүлээсэн. Цагдааг ирэхээр нь хамт сургууль руу ороход Оймандах байгаагүй, нөгөө нөхөр чинь хаачсан юм бэ гэж Буянбат цагдаа Батжаргалаас асуухад захирлын араас архиа бариад гараад явсан гэж Батжаргал хэлж байсан. Оймандах явсан байсан учраас Батжаргалын согтуурлын зэргийг драйгер үлээлгэж үзэхэд 0.56 байна, ажлаа хийх боломжгүй өөр жижүүр гарга гэсэн тул Отгонжаргалыг дуудаж ажилд гаргасан. Энэ талаар баримтууд бий, хэн нэгийг би гүтгээгүй, Төрийн байгууллагын ажлын байр тодруулбал сургуулийн газарт архи хэрэглэх хориотой, хүүхдийн хүмүүжилд хор хөнөөлтэй гэдгийг мэдсээр байж, архи уусан жижүүр Батжаргал, Оймандах нарын гаргасан зөрчлийн талаар захирлын дэргэдэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу холбогдох хууль тогтоомжийг үндэслэн эхлээд албан үүргээ биелүүлж байсан Батжаргалыг 2016.09.07-ний өдрөөс 2 жижүүр зэрэг халахаар буюу нэг сарын дотор дотоод ажлын зохион байгуулалт хийх арга хэмжээ авсан. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй тул дараах тайлбарыг гаргаж байна. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар бүлэг /Согтууруулах ундааны хэрэглээнд тавих шаардлага/ 7 дугаар зүйл /Согтууруулах удаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл заалтын 7.1.”Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно”.

7.1.1 “төрийн болон төрийн бус байгууллагын албан байр”

7.1.3 “Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувилалын газар” гэж заасан байх ба Жаргалант сумын сургууль нь “...төрийн байгууллагын албан байр” бүх шатны сургууль...” согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт багтана.

Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1.14-т “Хичээлийн байранд ажлын ба ажлын бус цагаар архидан согтуурсан бусдыг ажлын байранд согтуурах боломж олгосон, таслан зогсоогоогүй гэж заасан. Л.Оймандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2016.08.19-ний өдөр өглөө ажлаасаа буугаад хөдөө модонд явж ирээд модоо буулгаад ажилгүй амралттай байсан болохоор модонд хамт явсан хүмүүстэйгээ бага зэрэг архи уугаад гэр рүүгээ явсан. Гэрийнхээ түлхүүр авахаар сургууль ортол бид 2 зөрсөн буцаад гарах үед сургуулийн захирал Т.Оюун орж ирж таарсан. 2016.09.17-оос 2016.09.18-ны шөнө ажилд гарахдаа би ажлын байр дээр огт архи хэрэглээгүй, би ажлаа тараад өөр газар архи уусан асуудал байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд хамаарахгүй гэж үзэж байна” гэжээ. Дээрх тайлбараас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ажилгүй амралттай байсан болохоор модонд явсан хүмүүстэйгээ бага зэрэг архи уугаад гэрийнхээ түлхүүрийг авахаар сургууль ортол буцаад гарах үед сургуулийн захирал Т.Оюун орж ирж таарсан, ажлаа тараад өөр газар архи уусан  гэсэн архи хэрэглэсэн сургуулийн байранд нэвтэрсэн, жижүүрийн өрөөнд Батжаргалтай хамт архи ууж байхыг би нүдээрээ харсан, тэндээ байхыг анхааруулсан, цагдаад дуудлага өгсөн, хамт архи уусан Батжаргал Олон нийтийн цагдаа Буянбатад Оймандах архиа аваад захирлын араас гарсан гэдгийг хэлсэн зэрэг нь түүний сургууль дотор согтуу байсан, жижүүр Батжаргалтай хамт архи уусан гэдгийг нотолж байна. Ажлын байрандаа жижүүр Батжаргал, Оймандах нар архи ууж байхыг Т.Оюун би нүдээрээ харсан, цагдаад дуудлага өгсөн, Олон нийтийн цагдаа Буянбат дуудлагын дагуу ирэхэд Оймандах зугтаад явсан байсан, Батжаргалтай хамт архи уусан гэдгээ хүлээсэн, Оймандах өөрөө ч архи бага зэрэг уусан гэжээ. Энэ байдлууд нь Оймандах ажлын байранд согтуу байсан, Батжаргалтай хамт архи уусан болох нь баримтаар нотлогдоно. Ажлын байр онцгой объект сургуулийн орчин архи уучихаад цагдаагаар согтолтын зэргийг үзүүлнэ, байж байгаараа гэж анхааруулж байхад архиа бариад зугтааж явчихаад өнөөдөр би архи уугаагүй, шөнийн 23 цаг өнгөрч байхад эхнэрээ асууж, сургууль дээр ороод гарсан мөртлөө сургууль дотор байгаагүй гэж шүүхэд худал тайлбар өгөөд ажилдаа орно гээд хамт архи уусан Батжаргалаа намайг архи уугаагүй гэж хэлээд өгөөч гэж янз бүрээр дарамтлаад байгаа нь ёс зүйгүй хууль бус асуудал гэж үзэж байна. Сургуулийн орчинд архи ууна, архи үнэртүүлж ирнэ гэдэг асуудал байж болохгүй, хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод журамд заасан ажлаас шууд халах үндэслэл болдог ба Оймандахыг ажлын шаардлагаар хэд хоног үлдээхэд хамт архи уусан Батжаргал нь эргэж ажилдаа оръё “сургуулийн жижүүрүүд бид ажлын байран дээр архи уух, ажилгүй байсан ч архи уух, архи ууж байгааг таслан зогсоох үүрэгтэй, үүнийг мэдсээр байж Оймандах архи авчирч надтай хамт ууж байгаад захирал орж ирсэн нь анхнаасаа намайг архи уулгаад ажлаас халуулах гэсэн санаатай үйлдэл гэж үзэж байна. Халагдах дээрээ хүрвэл Оймандах бид 2-лаа халагдах ёстой” гэсэн тайлбар өгдөг. Захирлын дэргэдэх зөвлөлөөс “архитай хатуу тэмц... архи уусан архи үнэртүүлж ирсэн, архи ууж байгаа үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй жижүүрийг ажлаас хал” гэсэн шийдвэрийн дагуу тушаал гаргасан. Оймандахын худал хэлэн өөрийгөө өмөөрсөн үгээр асуудлыг шийдэхгүй гэж шүүхэд итгэж байна. Иймд Т.Оюун миний гаргасан тушаал үндэстэй байгаа тул холбогдох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж Оймандахын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “хичээлийн байранд ажлын ба ажлын бус цагаар архидан согтуурсан ба ажилдаа согтуу ирсэн. Бусдыг ажлын байранд архидан согтуурах боломж олгосон таслан зогсоогоогүй” бол ажлаас хална гэж заасан, тиймээс Б/26 дугаартай тушаал үндэслэлтэй гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Оймандах нь хариуцагч Жаргалант сумын бүрэн дунд сургуульд холбогдуулан, “Жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Л.Оймандах нь Орхон аймгийн Жаргалант сумын бүрэн дунд сургуулийн жижүүрийн албан тушаалд ажиллаж байгаад, тус сургуулийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Б/26 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хөдөлмөрийн гэрээ, зохигчдын тайлбар, Б/26 дугаартай тушаал зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Л.Оймандахын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/26 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 131.1.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, хөдөлмөрийн гэрээ зэргийг үндэслэн ажлаас нь халжээ.

            Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: хөдөлмөрийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “хичээлийн байранд ажлын ба ажлын бус цагаар архидан согтуурсан ба ажилдаа согтуу ирсэн. Бусдыг ажлын байранд архидан согтуурах боломж олгосон таслан зогсоогоогүй” бол ажлаас хална гэж заасан, тиймээс Б/26 дугаартай тушаал үндэслэлтэй гэж мэтгэлцсэн.           

Нэхэмжлэгч: “...би 2016-09-17 орой ажилд гарч хоноод 2016-09-18-ны өглөө буух ёстой байсан, дараагийн жижүүр цагтаа ирж ажлаа аваагүй бөгөөд энэ тухай нярав Амаржаргалд утсаар мэдэгдсэн. Гэтэл чи улирч ажилла гэсэн, би шөнө гарсан чадахгүй та нар ажлаа зохицуулдаггүй юм уу гэж хэлсэн. Тухайн үед нярав, захирал нар нэг машинд хамт явж байсан ба би няравтай ярьж байхад утасны цаанаас захирал хэн яриад байгаа, юун даварсан юм, урьд асуудалтай байж тэгвэл ажлаас халчихье гэж хэлж байгааг нь би сонссон. Ингээд 2016-09-19-ны өдрийн 6/26 тоот тушаал гарч намайг архи уусан үндэслэлээр халсан. Намайг тэгж хэлсний төлөө л ажлаас халсан. ...Миний өвөрт нэг шил архи явсан. Батжаргал өмнө нь архи уусан байсан учир миний өвөр рүү хараад байх шиг байхаар нь би нөгөө архиа гаргаад Батжаргалд нэг хийж өгөөд, би өөрөө нэг уусан. Бид 2, нэг нэг л ууж байтал захирал орж ирсэн. Батжаргал, захиралд юун сүртэй юм гэж хэлсэн, ...би тэгээд архиа аваад гараад явсан... ” гэж тайлбарласан.

Л.Оймандахын тайлбараас үзэхэд жижүүрт гарч байсан Батжаргалд архи өгсөн болох нь нотлогдож байх ба өөрөө ч мөн уусан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн дээрх үйлдэл нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Л.Оймандахтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 14.1.4-д заасан гэрээг цуцлах үндэслэл болж байна. Өөрөөр хэлбэл бусдыг ажлын байранд архидан согтуурах боломж олгосон гэсэн нөхцөл байдалд хамаарахаар байна.  

Иймд 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн Л.Оймандахын хөдөлмөрийн гэрээг цуцалсан Орхон аймгийн Жаргалант сумын Бүрэн дунд сургуулийн захиралын Б/26 дугаартай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн мобикомын хэрэглээний дэлгэрэнгүй жагсаалт, жижүүр хүлээлцэх дэвтэр, цагийн бүртгэл, ЗДЗ-ийн хурлын тэмдэглэл зэрэг нь нэхэмжлэгч хариуцагч нарын нэхэмжлэл ба хариуцагчийн тайлбарын үндэслэл болохгүй байгааг дурьдаж, жижүүр хүлээлцэх дэвтэр, цагийн бүртгэл, ЗДЗ-ийн хурлын тэмдэглэлийн дэвтэр зэргийг хариуцагч авна гэсэн тул буцаан олгохоор заалаа.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Оймандахын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Жаргалант сумын Бүрэн дунд сургуульд холбогдох “Жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хэрэгт ирүүлсэн жижүүр хүлээлцэх дэвтэр, цагийн бүртгэл, ЗДЗ-ийн хурлын тэмдэглэлийн дэвтэр зэргийг хариуцагчид буцаан олгосугай.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА