Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 0111

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

            шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А м овогт Хын Бид холбогдох 1908058331833 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягтай, 2004 онд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 8 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, А м овогт Хын Б /РД:.../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Х овогтой Б нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, орбитын .... дүгээр гудамж, ... тоот гэртээ Я.Б, Д.Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Я.Б, Д.Б нарыг хоорондоо маргалдаж муудалцлаа гэх шалтгаанаар Я.Б, Д.Б нарын нүүрийг хутгаар зүссэний улмаас Я.Бын эрүүл мэндэд хамар, зүүн хацарт шарх, зүүн хөмсөгний дотор үзүүр, зүүн хацарт зулгаралт, бүхий хөнгөн хохирол, Д.Бын эрүүл мэндэд зүүн шанаанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 31х/, хохирогч Я.Бын мэдүүлэг /хх-ийн 36х/, гэрч З.Бгийн мэдүүлэг /хх-ийн 7х/, гэрч Я.Дгийн мэдүүлэг /хх-ийн 13х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13636 дугаартай дүгнэлт /хх-ийн 17х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13637 дугаартай дүгнэлт /хх-ийн 19х/, Х.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 50х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 56х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66х, 68-72х/, шүүгдэгч Х.Бийн мэдүүлэг /хх-ийн 44-45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Бнь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, орбитын 61 дүгээр гудамж, 64 тоот гэртээ Я.Б, Д.Б нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ Я.Б, Д.Б нарыг хоорондоо маргалдаж муудалцлаа гэх шалтгаанаар хутгаар Я.Бын эрүүл мэндэд хамар, зүүн хацарт шарх, зүүн хөмсөгний дотор үзүүр, зүүн хацарт зулгаралт, бүхий хөнгөн хохирол, Д.Бын эрүүл мэндэд зүүн шанаанд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Хохирогч Б.Бын өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө хадам ах Б над руу залгаад Тэсо компанид ачаа буулгах ажил байна хамт очиж ажиллах уу гэхээр нь би зөвшөөрч Б, Б нарын хамтаар Тэсо компани дээр очиж ачаа буулгаж дахин нэмж ачаа буулгах үедээ Б гэх залууг дуудаж дөрвүүлээ ачаагаа буулгаж дуусгаад орой 21 цагийн үед такси бариад явахдаа Ц бид хоёр нэг юм хувааж уухаар болж Б ахын гэрт очиход гэр нь цоожтой байсан тул байшинд Б бид хоёр гуялж авсан 0.75 литрийн Хараа нэртэй архиа хувааж уусан. Б дахин нэгийг хувааж ууя гэхээр нь бид гурав мөнгөө нийлүүлж байгаад нэг шил архийг Бг явуулж авчруулаад ууж байхдаа Б бид хоёр маргалдаж эхлэх үед Б ах чи манай найзыг яахнав дээ гээд өмөөрч байсан. Тэгээд бүр маргалдаж эхлэх үед бүгд байшингаас гарсан чинь Б гэрлүүгээ гүйж ороод хутга авч гарч ирээд Б бид хоёрыг хутгатай гараараа цохиж хацар зүссэн, Б бид нарыг салгасан. Тэгээд удалгүй цагдаа түргэн ирээд намайг гэмтэл дээр авч ирээд зүүн хацарт оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

2. Хохирогч Я.Бын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө хүргэн Б түүний найз Б нарын хамтаар Тэсо компани дээр очиж эхлээд гурвуулаа 1 контейнер хуурай сүү, дахин нэг контейнер ачааг 21 цаг хүртэл буулгаад бид нар цалингаа автал Б ганц юм хуваагаад уучих уу гэхээр нь би зөвшөөрч хаана уух уу гэтэл Б манайд уучхаад яв гэж хэлсэн, тэгээд бид дөрөв такси бариад Бийн гэрт очин хашаанд нь байх байшинд Ббид хоёр гуялж авсан 0.75 литрийн Хараа нэртэй архиа хувааж уусан.  ...Б дахиад нэг юм уучих уу гээд шил архийг Бг явуулж авчруулаад ууж байх үед би Бтой маргалдаж эхлэх үед Б намайг гарах уу гэхээр нь би гаръя гээд хамт байшингаас гартал Б гэрлүүгээ гүйж ороод гарч ирэхдээ хоёр гартаа хутга барьчихсан гарч ирээд та хоёрыг хоёуланг чинь алаад өгье, боль гээд хэлээд байгаа юм биш үү гэж хэлээд бид хоёрыг барьсан хутгаараа нүүрэнд цохиод зүсэх үед Б намайг аваад хашаанаас гараад такси барих гээд зогсож байтал цагдаагийн машин зогсоод чи юун цус болчихсон юм гээд Бийн гэрт хамт ороод түргэн дуудаж Б бид хоёрыг түргэнээр явуулсан. Бид хоёр гэмтлийн эмнэлэг дээр ирээд нүүрэндээ хоёулаа оёдол тавиулаад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 36х/,

3. Гэрч З.Бгийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 09-ний 21 цаг өнгөрөөд Ц ах болон түүний хоёр найз бид дөрвүүлээ хамт Нарангийн гол руу такси барьж, Цгийнд очсон. Цгийнд очиход гэрт нь хүн байхгүй байсан ба Ц гэрээ онгойлголгүй арын байшинд дөрвүүлээ хамт ороод 1 шил 0.75 литрийн архийг тэд хувааж уусан. ...Намайг Цгийн гэрт сайжруулсан түлш оруулаадах гэхээр нь гараад түлшийг нь оруулж өгчхөөд эргээд орж иртэл Ц найзтайгаа хэрэлдээд сууж байсан, юунаас болж хэрэлдсэн болохыг нь мэдэхгүй байна. Нөгөө хоёр хэрэлдэж байснаа зодолдох гээд барьцалдаад авахаар нь Б дундуур нь орж хоёуланг нь алгадаад “энэ хоёр пиздаг хоёуланг нь ална ” гэж хэлээд гараад явсан. Би араас нь гарч бие засчхаад, Цгийн гэрт ороход эхнэр нь хоёр хүүхэдтэйгээ хэвтэж байхаар нь буцаж байшин руу орох гэхэд Ц хоёр гартаа хутга барьсан “хоёуланг нь ална” гэчихсэн, нөгөө хоёр нь цустайгаа холилдсон хоёулаа газар хэвтсэн байдалтай байсан. Тэгэхээр нь би Цгийн гарт байгаа хутгыг авах гэж оролдоход өгөхгүй байхаар нь ...Цг дагуулаад хашаанаас гарч яваад зам дээрээс такси барих гээд зогсож байхад цагдаагийн машин ирсэн. ...Ц 2 гартаа 2 хутга барьсан байсан. Ц нь хамт архи ууж байсан Ц болон түүний найз руу хутгаараа халдсан байсан. Би яг юу болсныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7х/

4. Гэрч Я.Дгийн өгсөн: “...Би Хын Бтой Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо орбитын ... тоотод хамтран амьдраад 10 жил болж байгаа юм. ...Өчигдөр 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би ...орой 22 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн чинь манай нөхөр, ах Ц хочит /Б/ Г хочит /Б/ Т хочтой /Б/ нартай хамт хойд байшинд гал түлчихсэн, хөзөр тоглоно гээд сууж байсан. Би урд гэртээ хүүхдүүддээ хоол хийж өгөөд орондоо ороод хэвтэж байтал нөхөр Б орж ирэнгүүтээ шүүгээнээс хоёр хутга аваад гарах гэхээр нь би “хөөе, чи яах гэж байгаа юм бэ хутгаар” гэтэл энэ муу хоёрыг алчихъя гэж хэлээд шууд гараад явчихаар нь би хувцсаа хурдан углаад араас нь гартал өөдөөс Бнүүрээ зүсүүлчихсэн, нөхөр дагуулаад ороод ирэхээр нь би “юу болж байнаа чи” гэж хэлээд нөхрийнхөө гараас хоёр хутгыг нь аваад далд хийсэн. Т, Ц ах хоёр хаачсаныг нь мэдээгүй. Тэгсэн цагдаа нартай тэр хоёр хамт ороод ирсэн. Тэгээд түргэн дуудаж Ц ах, Б хоёрыг өгч явуулаад манай нөхрийг эрүүлжүүлэхэд хийчихсэн. ...Манай нөхөр хутга авч гараад хамт архи уусан Ц ах, Б хоёрын нүүрийг авч гарсан хутгаараа зүсчихсэн. Т надад хэлэхдээ би хориглоод дийлсэнгүй гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13636 дугаартай шинжээчийн “... Я.Бын биед хамар, зүүн хацарт шарх, зүүн хөмсөгний дотор үзүүр, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүдээс шарх нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 17х/

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13637 дугаартай шинжээчийн “...Д.Бын биед хамар, зүүн шанаанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зулгаралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... “ гэх дүгнэлт /хх-ийн 19х/

7. Шүүгдэгч Х.Бийн яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө Ц хочтой эхнэрийн төрсөн ах /Б/ хүргэн дүү Г хочит /Б/ нар ...авсан архиа хувааж ууж байхдаа надад нэг хийж өгөхөөр нь би татсан. Тд /Бд/ өгөхөд Т уухгүй гээд уугаагүй. Архи дуусчихаар нь бид гурав дундаасаа мөнгө босгоод дахин 1 шил архинд Тг явуулж авчируулан ууж байтал ...Б, Б хоёр согтоод хоорондоо хэрэлдэж эхэлсэн. Тэгэхээр нь би боль гэж зөндөө хэлсэн боловч болихгүй үргэлжлүүлээд байхаар нь тэр хоёрыг байшингаас гаргасан чинь гадаа тэр хоёр хоорондоо барьцалдаад байхаар нь би уур хүрээд гэрээс орж хоолны хутга аваад айлгах санаатай боль гэж хэлээд гартаа байсан хутгаараа тэр хоёрын хацар, хамрыг зүсэх үед Т ах болио гээд намайг салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Тэр хоёр миний үгэнд орохгүй хэрэлдэж муудалцаж барьцалдаад байхаар нь би айлгах санаатай хоолны хоёр ширхэг жижиг хутга авч гараад нүүр хацрыг нь эсгэсэн өөр нэмж цохиж зодоогүй, би тэр хоёроос уучлалт гуйж бид хоорондоо эвлэрсэн эмчилгээний мөнгө төгрөг гэж надаас нэхээгүй” гэх мэдүүлэг 44-45х, шүүх хуралдааны тэмдэглэл/ болон бусад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Бнь гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Б, Д.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 31х, 36х/ байх тул шүүгдэгч Х.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Х.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Х.Б нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч Х.Бийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Х.Бийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Х.Бийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Х.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А м овогт Хын Бийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бид 600 /зургаан зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй 2 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Х.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ