Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2017/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 11 өдөр Дугаар 212/МА2017/00003 Өлгий сум

 

 

 

Р ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын * дүгээр багт байрлалтай Р ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух Ж овогт Хын А-эд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар М.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.С, С.Н, хариуцагч Х.А, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Х.А-ээс хохирол 2550000 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Х.А нь манай компанийн шатахуун түгээх 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байх хугацаандаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн /хуурамчаар зээлийн гэрээ үйлдэж/ буюу тухайн станцын шатахууны нөөцийн агуулахаас хэд хэдэн удаагийн үйлдлээр нийт 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахууныг хувьдаа завшиж байсан нь 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн. Энэ талаар гаргасан гомдлын дагуу цагдаагийн байгууллага зохих шалгалтыг явуулж, түүний үйлдэлд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа болохыг тогтоосон боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Манай компани зарим иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тэдний хүсэлт болгосноор гэрээ байгуулсны үндсэн дээр нефтийн гаралтай бүтээгдэхүүнийг /бензин, шатахуун, техникийн тос... г.м/ зээлээр өгдөг бөгөөд хэрэв тэд хугацаандаа зээлээ эргүүлэн төлж чадаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-ийн алданги тооцож хугацаа хожимдуулснаас үүссэн хохирлыг арилгуулдаг. Зээлийн гэрээний үүргийн биелэлттэй холбоотой өмнө нь хэд хэдэн хэргийг шүүхээр шийдвэрлүүлж байсан удаатай. Хэрэв Х.А манай компаниас шатахуун завшаагүй байсан бол тухайн 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахуунаас хамгийн багаар тооцоход 2550000 төгрөгийн ашиг олох байсан. Тухайлбал түүний шатахууныг завшихдаа ашигласан бичиг баримт болох зээлийн стандарт гэрээний дагуу тооцоолоход: Х.А нь 5100000 төгрөгийн үнэ бүхий шатахууны үнийг төлөлгүйгээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 365 хоног саатуулсан бөгөөд үүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх ёстой гэж тооцоолбол (5100000 х 0,5%=22500 х 365 хоног = 9307500 төгрөгийн алданги төлөх ёстой. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 2550000 төгрөг болж байна. Иймд иргэн Х.Аээс гэм хорын хохиролд 2550000 /хоёр сая таван зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан компанийг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагч Х.Аын тайлбарт: Х.А миний бие Р ХХК-ны ШТС-ын 4 дүгээр станцад түгээгчээр ажиллаж байхад 5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн шатахууныг дутагдуулж, энэ дутагдал 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр илэрсэн бөгөөд энэ асуудлыг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж, 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Аймгийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарч, уг тогтоол хүчин төгөлдөр болсон. Р XXК-нд учирсан бодит хохирол болох 5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг тухайн үед бүрэн бүтэн төлж өгч байгууллагыг хохиролгүй болгосон. Харин тухайн бодит хохирол дутсан шатахууны үнэ болох 5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутмын алдагдал 0,5 хувиар хохирол тооцож нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

1. Миний бие Р ХХК-ны ШТС-д түгээгчээр ажиллаж байхад хөдөлмөрлөх явцад байгууллагад учруулсан бодит хохирол болох 5100000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол төлж барагдуулсан учир миний гэм буруутай үйл ажиллагааны улмаас Р ХХК-нд учирсан хохирол бүрэн төлөгдсөн, одоо ямар нэгэн хохирол байхгүй болно.

2. Р ХХК-ний нэхэмжлэлд: Х.А миний бие Р ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, бензин шатахуун зээл авч, зээлийг хугацаанд нь төлөөгүй нөхцөлд алданги төлөх талаар хоёр талын байгуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байхгүй учир алданги ногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Нэр бүхий хүмүүс зээл авсан болгож, миний хийсэн гэрээ бүхэлдээ хуурамч гэрээ бөгөөд тухайн гэрээнүүд хуурамч болох нь Цагдаагийн газраас шалгасан материал, Аймгийн прокурорын газрын Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай 5/75 тоот тогтоолоор батлагдсан байгаа. Энэхүү гэрээнүүд нь бензин тухайн үед гаргаж авах зорилгоор хийгдсэн хуурамч гэрээ учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгаж, хохирлыг мөнгөөр төлж өгсөн тул надтай холбоотой асуудал дууссан болно.

4. Р ХХК-ны Х.А надтай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ-нд хөдөлмөрлөх явцад учруулсан ажилтны гэм буруутай үйл ажиллагааны хохирол, гэм хорыг нугалж төлүүлэх, хүү, нэмэгдүүлсэн хүү алданги ногдуулах тухай заалт байхгүй учир алданги төлүүлэх тухай гаргасан нэхэмжлэл нь үндэсгүй болно.

5."Р XXК нь Х.А надаас учруулсан хохирлын үнийн дүнгээс алданги нэхэмжлэхдээ гэм хорын хохирол гэж нэхэмжилсэн ба эд хөрөнгийн гэм хорыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заахдаа алданги тооцож төлүүлэх нөхцөл тусгаагүй байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаар шийдвэрээр: 1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Р ХХК-ийн Хын Аээс 2550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71271 төгрөгөөс 55750 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 15521 төгрөгийг аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 020000941 дугаартай данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай. гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Р" ХХК-ны захирал Нуригийн Бейбитхан би Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ингэснээрээ шүүхийн шийдвэр Иргэний х

эрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх хуулиар тодорхойлсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр нь хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага, түүний үндэслэл тус бүрийг тодруулалгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан агуулгад нийцээгүй байна. Тухайлбал: Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй, шууд нотлох баримт биш гэж үзэхдээ шалтгаан үндэслэлийг нь тодорхой бичээгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг алданги шаардсан мэтээр тодорхойлон бичсэнээр нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл шүүхэд оролцсон өмгөөлөгч нарын маань гаргаж буй тайлбар болон үндэслэлүүдийг шүүхийн шийдвэртээ хэрхэн яаж тусгасан нь тодорхой бус болжээ. Мөн тэдний үндэслэлүүдийг үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий тайлбар хийгээгүй байна. Олох байсан орлогын талаарх иргэний хуульд заасан зохицуулалтыг оновчтой хэрэглээгүйгээс болж анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хуулийн заалт нь нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Р ХХК нь хариуцагч Х.Аэд холбогдуулан хохиролд 2550000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Х.А нь Р ХХК-д түгээгчээр ажиллаж байх хугацаанд хуурамч зээлийн гэрээ хийж, 5100000 төгрөгийн шатахууныг хувьдаа завшиж, байгууллагад 5100000 төгрөгийн хохирол учруулж, уг мөнгийг буцааж төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Ажилтан эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд алданги төлөхөөр хууль болон ажилтантай байгуулсан гэрээнд ямар нэгэн үндэслэл заагаагүй ба Р ХХК-ийн түгээгч Х.Атэй байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд салбарт учирсан хохирлын хэмжээг Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд зааснаар шууд хохиролд тооцохоор гэрээ байгуулсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлд байгууллагад учирсан хохирлын хэмжээг тодорхойлох журмыг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 136.2-т Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн ханшаар тодорхойлно гэж заасан байх тул алданги тооцох үндэслэл тогтоогдохгүй, нэхэмжлэгч олох байсан орлогоо нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймээс дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдол нотлох баримтад үндэслэгдээгүй, хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 620 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ М.НЯМБАЯР

 

 

Д.КӨБЕШ