Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 10

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийж, “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий Б******* дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А , түүний өмгөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

““Б*******” ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд 1500 м.кв газрыг эзэмшдэг.

Гэтэл дүүргийн Засаг дарга 2015.01.22-ны өдөр А/35 дугаар захирамж гаргаж, “Б*******” ХХК-д газар олгосон Засаг даргын 397 дугаар захирамжийг хүчингүй болгож, газрын хэмжээг 785 м.кв болгосныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдсэн. Ингээд уг захирамжийг эс зөвшөөрч Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу гомдол гаргасан.  Нийслэлийн Засаг дарга тус компаний гаргасан гомдлыг хангах боломжгүй талаар 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн болно. 

Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжийн тус компанид холбогдох хэсгийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Дээрх захирамжийг гаргахдаа Засаг дарга Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгожээ.

Хэдийгээр уг захирамжаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах, нэр шилжүүлэх, хаяг байршил зориулалтыг өөрчлөх зэрэг олон асуудал шийдвэрлэсэн боловч эдгээрийн алинд ч “Б*******” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох, газрын хэмжээг  багасгах үндэслэл хамаарахгүй байна. Тодруулбал, Б******* дүүргийн Засаг дарга ямар үндэслэлээр тус компанийн эзэмшиж буй газрын хэмжээг багасгаж байгаагаа захирамжид заагаагүй байна.

Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшигч нь эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших эрхтэй бөгөөд дүүргийн Засаг дарга нь газар эзэмшигчийн энэхүү эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

2. Нийслэлийн Засаг дарга нь тус компаний гаргасан гомдол хариу өгөхдөө “... уг газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон байгаа...” гэжээ.

А. “Б*******” ХХК-ийн эзэмшиж буй 1500 м.кв газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон талаар Б******* дүүргийн Засаг даргын захирамжид огт дурдаагүй.

Б. Дүүргийн Засаг дарга тус компанид анх газар эзэмших эрхийг олгохдоо холбогдох асуудлыг судалж үзсэний үндсэн дээр олгосон гэж ойлгож байгаа. 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж заасан. Өөрөөр хэлбэл газар эзэмшүүлэх шийдвэр гаргах үед тухайн газар цахилгааны хамгаалалтын бүсэд огт байгаагүй. 

В. Тус компаний эзэмшиж буй газар анхнаасаа цахилгааны хамгаалалтын бүсэд байгаагүй бөгөөд эзэмшсэнээс хойш ч цахилгааны хамгаалалтын бүсэд ороогүй болох нь кадастрын зургаар тогтоогдоно. Нөгөө талаар уг газар цахилгааны хамгаалалтын бүсэд орсон юм бол яагаад манай 2 талд байгаа хөрш зэргэлдээ газар эзэмшигчид анх олгосон газар хэвээр байдаг юм бэ?

Дээрх үндэслэлээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б*******” ХХК-д 1500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжаар “Б*******” ХХК-ийн аж ахуйн зориулалттай газрын хэмжээг 785 м.кв болгож өөрчилсөн.

Нэг. Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар.

Тус захирамжийн үндэслэх хэсэгт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37, 38 дугаар зүйл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  21/06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн захирамжийг гаргажээ. 

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эзэмшлийн газрын захирамжийг хүчингүй болгох, газрын хэмжээг багасгахад хамаарахгүй гэж нэхэмжлэлдээ дурджээ. 

Уг Засаг даргын захирамжаар зөвхөн “Б*******” ХХК-ийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй ба 6 аж ахуй нэгж, 5 иргэнд холбогдох газрын асуудлыг шийдвэрлэсэн тул нийтлэг зохицуулалтыг үндэслэсэн. 

Засаг даргын  захирамжаар зөвхөн “Б*******” ХХК-ийн газартай холбоотой асуудлыг шийдвэрлээгүй ба 6 аж ахуй нэгж, 5 иргэнд холбогдох газрын асуудлыг шийдвэрлэсэн тул нийтлэг зохицуулалтыг үндэслэсэн.  

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 29 дүгээр зүйлийн 29.2-т захирамж гаргах ерөнхий зохицуулалт, 31 дүгээр зүйлийн 31.1.3 дахь заалт нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэх эрхийг дүүргийн Засаг даргад олгосон зохицуулалт байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 газар эзэмшигч, ашиглагчаас  газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах нь Засаг даргын чиг үүрэг ба Газар олгох, газрын эзэмших эрхийн хугацааг сунгахад уг хуулийн зохицуулалтыг үндэслэл болгож гаргасан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн үйл баримт гэж үзэхгүй, мөн “Б*******” ХХК-тай газрын хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчилсөн нь хууль зөрчөөгүй байна. /Тус захирамжийн иргэнд холбогдох хуулийн зохицуулалтыг дурдаагүй болно/ 

Хоёр. “Б*******” ХХК-ийн эзэмшил газрыг өөрчлөх болсон нөхцөл байдлын талаар: Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэхэмжлэгч “Б*******” ХХК-д аж ахуйн зориулалттай 1500 м.кв газрын зарим хэсэг авто замын траст орсон, мөн газрын хойд талаар цахилгааны 6/10 квт өндөр хүчдэлийн шугамын бүсэд орсон, урд талаар нь 100/10 квт –ийн өндөр хүчдэлийн шугамын бүс, мөн 1350/9500 хэмжээтэй бохирын  шугамын хамгаалалтын бүс орсон байна.

Нийслэлийн Засаг дарга нэхэмжлэгчийн гомдлыг шийдвэрлэсэн хариу албан бичигт энэ тухай дурдсан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заажээ.

Уг эзэмшил газар нь шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарах тул захирамжаар газрын хэмжээг багасгасан үндэслэлтэй юм.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д “Ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд Усны тухай хуулийн 31.2.1-д зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 17.8.4-т “газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн эзэмшил газар нь Ф350/9500 хэмжээтэй бохирын шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байх тул газрын хэмжээг багасгасан нь хуулийн дээрх зохицуулалттай нийцсэн байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасны дагуу захирамжийг хүчингүй болгож газрын хэмжээг багасгасан нийтийн ашиг сонирхолд нийцсэн төдийгүй, хууль зөрчөөгүй болно.

Иймд нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх дараах үндэслэлээр “Б*******” ХХК-ийн Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Б*******” ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжтай холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 

Нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолд Нийслэлийн Газрын алба 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр өгсөн хариуг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж шүүхээс дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрээ гаргасан болно.

 Анх “Б*******” ХХК нь Б******* дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Б Т” ХХК-иас тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1500 м.кв газрыг шилжүүлж авсан байна.

 Хариуцагч маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны 01 дүгээр сарын 22-ний өдрийн А/35 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эзэмшил газрыг 785 м.кв болгон багасгаж баталгаажуулжээ.

Хариуцагч дээрх шийдвэрийг гаргахдаа “Б*******” ХХК-ийн эзэмшиж байсан 1500 м.кв газрын зарим хэсэг цахилгааны өндөр хүчдэлийн шугамын бүсэд болон бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын бүсэд хамаарч байгаатай холбогдуулан гаргасан байна.

Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж тус тус заасны дагуу инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүхий газар Засаг дарга иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох эрхгүй байна.

Маргаан бүхий захиргааны актаар хасагдсан 715 м.кв газар нь цахилгаан дамжуулах сүлжээний хамгаалалтын бүс болон бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын бүсэд тус тус хамаарч байгаа нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Нийслэлийн Газрын албаны Газрын мэдээллийн сангийн нэгж талбарын 18634309667102 дугаар газрын байршлыг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвастай харьцуулсан байдлаар харуулсан сансрын зургаар нотлогдсон болно. 

Иймээс Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан эрхийн хүрээнд хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга урьд нь өөрийн гаргасан хууль бус шийдвэрээ зөвтгөж 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн эзэмшил газрыг 785 м.кв болгон багасгаж баталгаажуулсан нь үндэслэл бүхий шийдвэр гэж шүүхээс дүгнэлээ. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Б******* дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий  “Б*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ