Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 32

 

 

Б.В-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2017/0107/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                          

           Шүүх хуралдаанд:

           Прокурор                                                  Ц.Гэрэлбаатар

           Шүүгдэгч                                                   Б.В 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч                           Э.Алтан-Уяа

            Yарийн бичгийн дарга                             С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолтой Б.В-д холбогдох 201706000142 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.В-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ..., ..., Т овогт Б-ийн В.

 

   Шүүгдэгч Б.В нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт өөрийн төрсөн дүү Б.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний хүзүүний баруун талд хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн 2011 оноос эхлэн 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүмүүс болох өндөр настай ээж Е.Ч, хөгжлийн бэрхшээлтэй эгч Б.Р, төрсөн дүү Б.Ө нартай байнга харгис хэрцгий хандах, догшин авирлах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолоор:

Тайж овогт Б-ийн В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, харгис хэрцгий хандан догшин авирлаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д зааснаар зургаан сар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.В-д оногдуулсан зургаан сарын хорих ял болон дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.В-д оногдуулсан 6 /зургаа/ сар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.В нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.В нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нар иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөх иштэй 27.5 см урт, хар иштэй 19 см урт 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст, устгасан тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Цогзолмаад тус тус даалган,

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.В-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч Б.В давж заалдах гомдолдоо:

 ...Шийтгэх тогтоолд дурьдсанаар байнга зоддог нь тогтоогдоогүй хохирогч гомдол санал гаргаагүй. Би өөрөө 5 настай охинтойгоо амьдарч байгаа. Цагдан хоригдож байх хугацаандаа хийсэн хэргийнхээ талаар болон гэмшиж цаашид ийм

алдаа дутагдал гаргахгүйг туушдаа хичээж амьдрах болно. Иймд миний хүсэлтийг харгалзан үзнэ үү… гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Гэрэлбаатар дүгнэлтдээ:

…Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна… гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д  заасны дагуу тухайн хэрэгт  авагдсан  нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд

шүүгдэгч Б.В нь 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын 3 дугаар багийн нутагт өөрийн төрсөн дүү Б.Ө-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний хүзүүн тус газарт хутгалж биед нь “…чихэнд хатгагдсан шарх, сарвуунд зүсэгдсэн шарх бүхий” хөнгөн зэргийн  гэмтэл учруулсан байна.

Энэ нь  хохирогч Б.Ө-ын мэдүүлэг /хх 21/, гэрч Ч.Б-гийн мэдүүлэг /хх 52/, хохирогчийн биед учирсан гэмтлийн талаарх Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 6966 дугаартай дүгнэлт /хх 67/ болон шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүх Б.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2.т тус тус заасныг зөрчиж, Б.В-г “харгис хэрцгий хандан догшин авирлаж ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн буруу байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд болох хохирогч Б.Ө-ын мэдүүлэг /хх 23/, гэрч Е.Ч /хх 35, 48-51/, Б.Басан /хх 38-43/ нарын мэдүүлгүүдээс дүгнэвэл Б.В-ийн гаргасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд нь цаг хугацааны хувьд 2011 оноос 2016 оны 08 дугаар сарын хооронд үйлдэгджээ.

2002 оны Эрүүгийн хуульд 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтөөр гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцож, гэмт этгээдэд ял оногдуулахаар 1201 дүгээр зүйл нэмж хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн /2002 оны/ 12 дугаар зүйлийн 12.2, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2.д  …Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй… гэж тодорхойлжээ.

Иймд аймгийн Прокурорын газраас түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин Б.В-ийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруу, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4.д заасан эрх хэмжээнийхээ дагуу давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг хүндрүүлж, Б.В-г нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх тухай Хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 105 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан Булган аймгийн Прокурорын газраас Б.Ванчинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн  хэргийг хэрэгсэхгүй болгосугай…  гэж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, 4 дугаар  заалтыг :

-Тайж овогт Баяндоржийн Ванчинг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай… гэж,

-Шүүгдэгч Б.Ванчинг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар 500 /таван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй… гэж,

          -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй  гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Б.Ванчингийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3.Шүүгдэгч Б.Ванчинд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.УРАНЧИМЭГ

                ШҮҮГЧ                                                         Ц.ТУЯА           

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН