Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00199

 

М.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01359 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02148 дугаар магадлалтай,

М.Ц-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний Нисэхийн ерөнхий газарт холбогдох,

ажилгүй байсан хугацааны олговор 21.887.400 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Солонго, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  1981 оноос МИАТ компанид, 2003 оноос ИНЕГ-т ахлах мэргэжилтэн, менежер, газрын дарга, 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн. Гэтэл Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/594 тоот тушаалаар үүрэгт ажлаас  чөлөөлсөн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр М.Цийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан цалинтай тэнцэх олговорт 10.985.335 төгрөгийг гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч ажилд  авахгүй байж байгаад 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 тоот тушаалаар Нисэх буудлуудын бодлого, зохицуулалтын хэлтсийн бодлогын зохицуулалтын мэргэжилтнээр томилсон. Иймд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй тул сарын дундаж цалин 2.138.740 төгрөгийг ажилгүй байсан 10 сараар тооцон 21.387.400 төгрөг, 2015 оны үр дүнгийн урамшуулал цалин 500.000 төгрөг, нийт 21.887.400 төгрөгийг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Иргэний Нисэхийн ерөнхий газар шүүхэд гаргасан тайлбартаа: М.Цийг урьд эрхэлж байсан Нисэх буудлуудын удирдах газрын  ахлах мэргэжилтний  албан тушаалтай адилтгах албан тушаалд томил гэсэн  шүүхийн шийдвэр гарсан бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр иргэний нисэхийн ерөнхий газраас удаа дараа санал тавьсан боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр саналыг хүлээн авахаас татгалзсан болно. Иймд М.Цийн ажилгүй байсан хугацааны олговрыг нөхөн төлөх боломжгүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01359 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 20.841.770 /хорин сая найман зуун дөчин нэгэн мянга долоон зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цд олгон, үлдсэн 1.035.630 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Цийн ажилгүй байсан хугацаанд төлөгдвөл зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267.390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 262.159 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02148 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 182/ШШ2017/01359 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Иргэний Нисэхийн Ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин олговор 21.887.400 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичил хийлгүүлэх тухай нэхэмжлэгч М.Цийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Иргэний нисэхийн Ерөнхий газраас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262.159 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02148 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч М.Ц нь ажилд авах тухай тушаал гарсныг мэдсэнээс хойш 3 сарын дотор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд гомдол гаргаж байгаа этгээд шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө гэж заасан. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байхад анхан шатны шүүхээс гомдол гаргах хугацааг сэргээн, давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Энэ талаар давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Хуучнаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 тоот шийдвэрээр М.Цийг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн. Тус шийдвэрт Иргэний нисэхийн ерөнхий газраас давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хэдий ч М.Цийг ажилд нь эгүүлэн авахгүй байсаар 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 тоот тушаал гарсан байдаг. Анхнаасаа үндэслэлгүй ажлаас халаагүй бол М.Ц нь цалин хөлс, нэр хүнд, нийгмийн даатгалын бичилтээ хийлгэхгүйгээр тасрах зэргээр хохирохгүй байх байсан.

Эдгээрийг харгалзан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч М.Цийн “...ажилгүй байсан хугацааны олговорт 21.887.400 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч ИНЕГ эс зөвшөөрч, маргажээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/01411 дүгээр шийдвэрээр М.Цийг ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын ахлах мэргэжилтний ажилтай адил чанарын өөр ажил, албан тушаалд эгүүлэн тогтоожээ.

Ажил олгогч ИНЕГ нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, тус газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/215 дугаар тушаалаар М.Цийг Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын мэргэжилтний ажилд томилсон нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлээ 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд гаргажээ.      

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан, шилжүүлсэнтэй холбоотой асуудлаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч уг хугацаанд нэхэмжлэлээ гаргаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3.-т зааснаар нэхэмжлэгчийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн, уг хугацааг сэргээн тогтоох боломжтой гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгуулж, шийдвэрийг хэвээр үлдээх талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2017/02148 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 262.159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ