Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 0124

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

           улсын яллагч Д.Туяана /томилолтоор/,

            хохирогч М.Ц,

            шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Ут холбогдох 1908063030008 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын У /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Э.У нь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дүгээр гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч М.Цг “эрэгтэй хүнтэй уулзлаа” гэж хардаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Иргэн С.Маас 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4х/, өргөдөл /хх-ийн 5х/, хохирогч М.Цгийн мэдүүлэг /хх-ийн 28-29х, 57х/, гэрч Д.Оын мэдүүлэг /хх-ийн 32х/, гэрч С.Мын мэдүүлэг /хх-ийн 60х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14261 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20х/, шүүгдэгч Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 41х/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-44х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64х/, шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-54х/, шүүгдэгч Э.Уаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн дансны хуулга 1 хуудас зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Унь 2019 оны 11 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Бага Нарангийн ... дүгээр гудамжны ... тоотод хамтран амьдрагч М.Цг “эрэгтэй хүнтэй уулзлаа” гэх шалтгаанаар хардан, нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд “зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч М.Цгийн өгсөн: “...2014 онд хамтран амьдрагч Утай анх Улаанбаатар хотод танилцаад 2018 онд хамт Уын гэрт амьдарч эхэлсэн юм. Бид хоёр дундаасаа Ч гэдэг хүүтэй одоо 3 сартай. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн орчимд найз нартай уулзах гээд гэрээсээ гарсан юм. Тэгээд орой 22 цагийн орчимд У намайг ирж авахаар болоод Монос дээр сургуулийн хажууд ирээд би У бид хоёр гэрлүүгээ харьсан. Харих замд У намайг эрэгтэй хүнтэй уулзсан байна гэж хардаад тэрнээс болж жоохон маргалдаж байгаад гэрлүүгээ орцгоосон. Би шууд өрөөндөө ороод хувцсаа аваад гэрлүүгээ явлаа гэсэн чинь У үнэн болоод явах гээд байгаа юм байна гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгсэн У уурандаа гараа атгаж байгаад зүүн талын шанаа хацар хэсэг рүү нэг удаа цохичихсон чинь би газар хивсэн дээр хүчтэй унасан. Тэгсэн У чимээгүй болоод буйдан дээр суугаад байж байтал нөгөө өрөөнөөс хадам аав ээж хоёр орж ирээд Уыг эхнэртээ гар хүрлээ гэж загнасан. Би тэр үед хүүгээ хөхүүлж байгаад амарсан. У тусдаа газар ор засаад амарсан. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 57х/,

Гэрч Д.Оын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн орчимд гэртээ байж байтал манай бэр Ц хүүгээ тэврээд өрөөнөөсөө гарч ирээд ээж манай найз Огийн хүүхэд нь эх нялхаст бие маш муу байна гэнэ, би оччихоод ирье найз А гадаа машинтайгаа ирчихсэн байна гэнэ гэхээр нь би зөвшөөрөөд хүүг нь тэврээд үлдсэн. Тэгээд хоёр цагийн дараа Ц руу залгатал утас нь холбогдохгүй байхаар нь У руу залгаад хаана байна ирж байгаа юм уу гэтэл Цг авах гээд явж байна, сая над руу ярьсан гэхээр нь аан заза гээд хүлээж байтал орой 00 цагийн орчимд У, Ц хоёр гаднаас хороондоо маргалдсан орж ирээд өрөөндөө орцгоосон. Тэгсэн хэсэг хугацааны дараа Ц яаая гээд орилох шиг болохоор нь би гүйж ороод яаж байнаа, юу болоод байгаа юм гэтэл У ээжээ би харин тэсгэл алдчихлаа, Ц надад худлаа яриад байна ш дээ гээд уурлаад байсан. Би Цг дагуулаад өрөөндөө ороод хүйтэн жин тавьж өгөөд амарцгаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32х/,

Гэрч С.Мын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн орчим гэртээ эхнэр Этэй хамт байж байтал Эийн утас руу Цгийн найз А залгаад “өчигдөр Ц бид хоёр уулзаж байгаад орой 19 цагийн орчимд 65 дугаар сургуулийн автобусны буудал дээр буулгасан. У тосож авсан, тэгээд тэр шөнө 23 цагийн орчимд Уын ээж О нь Агийн нөхөр рүү залгаад “танай эхнэр Ц хоёр залуучуудтай янхандаж байгаад ирлээ, гэр бүл салах гээд байна” гэж хэлтэл Агийн нөхөр нь тоохгүй утсаа салгачихсан гэсэн. Тэгээд У нь Цг зодсон байна гэж хэлэхээр би Уын гэрлүү явж очоод ортол Ц намайг харангуутаа хүүхдээ тэврээд цаашаа хараад хэвтчихсэн, тэгэхээр нь би “миний охин наашаа хар” гээд татаад хартал Цгийн нүүр нь хавдчихсан, хөхөрчихсөн байхаар нь би “за за ойлгомжтой” гэж хэлээд гарч яваад гэрийнхэндээ хэлээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14261 дугаартай: “...М.Цд зүүн хацар, зүүн дээд зовхинд цус хуралт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн, олон удаагийн цохих, үрэх үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20х/,

Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би босоод уурлаад зүүн шанаа руу нь гараараа нэг удаа цохичихсон. Тэгсэн аав ээж хоёр орж ирээд эмэгтэй хүнд гар хүрлээ одоо больцгоо гээд Цг хүүгийн өрөө рүүгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Э.У, хохирогч М.Ц нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа, дундаасаа 1 хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, тэдгээрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу хамтран амьдрагч нар гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Унь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч М.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогч М.Цгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 57х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “300  цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “...хэлэх зүйл байхгүй”  гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Э.Ут эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан Э.Уын хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй,  хадгаламж эзэмшдэггүй,  мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.

Түүнчлэн Э.Унь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны хуулгаас харахад Э.Уын 5171121398 дугаартай харилцах дансанд  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн  21:24 минутад  ... дугаартай данснаас 500,000 төгрөг орсон ч мөн өдрийн 21:25  минутад буцааж ... дансанд шилжүүлсэн гүйлгээг харуулсан байх тул уг баримтаар Э.Уын орлоготой гэж дүгнэн түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Э.Уын дээрх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Эын Уыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ