Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2016/01458

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-6-67 тоотод оршин суух, Дугархаван овгийн Мижигийн Лханаа /ЦГ57040116/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-70 тоотод оршин суух, Боржигон овгийн Аюушийн Лхам /МЗ68010364/-д холбогдох

“Автомашин гаргуулах, машины элэгдэл хорогдол 4 500 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Лханаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баярсайхан, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Лханаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Лханаа миний өмчлөлийн GEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машиныг маань 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг машинаа иргэн Давхарбаярт 65 000 000 төгрөгөнд тооцож зарсан бөгөөд машиныг маань надаас аваад шууд иргэн Лхамаагийн барьцаанд тавиад мөнгө аваад явсан байсан. Энэ өдрөөс хойш би машинаа буцааж өөрийн болгож авах гэж зөндөө хөөцөлдсөн боловч Давхарбаярыг хаана байгааг нь мэдэхгүй хайсаар 2016 оны 07 сард БНХАУ-ын Эрээн хотод очиж бичиг хийлгэн авчирсан. Ингээд би 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр арай гэж машинаа өөрийн болгож авлаа. Миний машиныг иргэн Даринчулуун Орхон аймаг дахь “Бичил глобус грүпп” ХХК-д барьцаанд тавьсан байсан юм билээ. Иргэн Лхам миний машиныг 2014 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмч мэт унаж хэрэглэсээр байна. Иймд иргэн Лхамаас миний өмчлөлийн дээрх автомашиныг гаргуулан М.Лханаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч М.Лханаа миний өмчлөлийн GEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машиныг маань 2014.02.05-ны өдөр уг машинаа иргэн Давхарбаярт 65 000 000 төгрөгөнд тооцож зарсан бөгөөд машиныг маань аваад шууд иргэн Лхамаагийн барьцаанд тавиад мөнгө аваад явсан байсан. Миний автомашиныг барьцаанд байгаа гэсэн атал холбогдох хууль зөрчиж Лхамаа 2015 оны 07 сараас хойш байнга унаж ашиглан 2016 оны 10 дугаар сарын эхээр шүүгчийн захирамжаар битүүмжилжээ. Би автомашиныхаа элэгдэл хорогдол, хохирол гэж өдөр бүр 10 000 төгрөгөөр тооцож /2015 оны 07 сарын 01-ээс 2016 оны 10 сарын 01 хүртэл/ нийт 15 сараар тооцож 4 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Иргэн Лхамаа миний машиныг 2015 оны 07 сарын 01-ээс 2016 оны 10 сарын 01-ыг хүртэл нийт 15 сарын турш тасралтгүй унаж хэрэглэсээр ирсэн хариуцагч Лхамаа хохирол төлөх үүрэгтэй. Иймд иргэн Лхамаагаас миний өмчлөлийн дээрх автомашиныг 15 сарын турш унаж ашигласны төлбөрт 4 500 000 төгрөг гаргуулан М.Лханаа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж шаардлагадаа нэмэгдүүлж байна. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь хаясан гэж хэлээд гэрчилгээг дахин авсан, өөр боломж байгаагүй гэжээ.

Хариуцагч А.Лхам шүүхэд ирүүлсэн тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: М.Лханаагийн автомашин гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Энэ машиныг би М.Лханаагийн өмч гэж мэдсээр байж хууль бусаар өөрийн эзэмшилд аваагүй учраас өөрт учирсан хохирлоо арилгуулахгүйгээр буцаан өгөх боломжгүй юм. Учир нь 2015 оны 02 дугаар сарын 17-нд М.Лханаа, М.Давхарбаяр нар над дээр мөнгө зээлээч, барьцаа баталгаанд LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай машиныг үлдээе гэж ирсэн. Машинаа өөрсдөө унаж явсан ба бид тохиролцоод М.Давхарбаяр надаас 18 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй алдангитайгаар гэрээ хийж авсан. Мөн машинаа манайд үлдээсэн ба машины гэрчилгээ “Бичил глобус групп” ХХК-ийн нэр дээр байсан. М.Давхарбаяр, М.Лханаа нар машины эзэмшигчийг өнөө маргаашгүй М.Давхарбаярын нэр дээр шилжүүлээд бичиг баримтыг авчирч өгнө гэж амлалт өгсөн. Нэгэнт машины биетээр үлдээсэн тул итгэсэн. Ингээд хүлээж байтал М.Лханаа “Бичил глобус групп”-ээс машиныг М.Давхарбаярын нэр дээр шилжүүлж өгөхийг Авто тээврийн үндэсний төвийн Орхон салбарт хүссэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны 823/15 тоот бичгийг авчирч өгсөн. Ингээд бид машин М.Давхарбаярынх болж байгаа юм байна, тэрээр хүүгээ төлөөд машинаа авах юм байна гэж баттай ойлгож машиныг хадгалалтад хэвээр байлгасан. Гэтэл үүнээс хойш М.Давхарбаяр утсаа авахаа больж гэрээнд заасан хаягтаа байхгүй болж алга болсон ба, бид машиныг хадгалсаар л байсан. Нэгэнт зээлийн хугацаа дуусаад олон хоног өнгөрсөн зээлдэгч олдохгүй болсон тул 2015 оны 10 дугаар сарын 19-нд энэ байдлыг танилцуулан гэрчилгээнд тэмдэглэл хийлгэж машиныг унаж хэрэглэх болсон. М.Лханаа үүнээс хойш машиныг миний машин гэж ярьж ирж, машинаа авмаар байна гэж хэлж байсан. Би Давхарбаяр нэгэнт нэр дээрээ шилжүүлж байгаа, бичиг баримт авчирч өг, тавиад мөнгө авсан тул зээл, хүү, алдангийн тооцоо хийсэн үед машиныг өгнө гэдгээ хэлж байсан. Гэтэл М.Лханаа 2016 оны 09 дүгээр сарын 14-нд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн бүртгэл хийлгээд үүнийгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна. Энэ машиныг зээлийн барьцаа, баталгаанд тавихад, түүнчлэн М.Давхарбаяр зээл авахад М.Лханаа нь байнга хамт явж, өөрөө биечлэн оролцож “Бичил глобус групп” ХХК-иас өөрөө машин М.Давхарбаярын нэр дээр шилжинэ” гэсэн бичиг авчирч өгч байсан. Энэ бичгийг өгч итгэл төрүүлэн надаас зээл авч байсан хүн тул миний зээлд огт хамаагүй мэтээр үзэх үндэслэлгүй. Машины хувьд би бол шударгаар эзэмшиж байгаа хүн юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт, хуулийн үндэслэлээс хамаарч иргэн намайг ч гэсэн хохироохгүйгээр асуудлыг шийдэх ёстой.

М.Лханаа нь автомашин унаж эдэлсний хөлсөнд 4 500 000 төгрөг нэхэмжилсэн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг миний бие хүлээж авсан. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй юм. Учир нь одоо шүүх дээр нэхэмжлэл гаргаад байгаа LEXUS-470 маркын 87-99 ОРО дугаарын автомашиныг манайх хууль бусаар олж авч эзэмшээгүй. Надаас 18 000 000 төгрөгийн зээл авахаар М.Давхарбаяр, М.Лханаа нар 2015.02.17-нд хамтдаа ирж “Бичил глобус” ББСБ-ын бичиг өгч мөн машины гэрчилгээгээ машиныхаа хамт өгөөд уг зээлээ аваад явсан. Би зээл хүүгээ төлөх хугацаа болох 2015 оны 05 сарын 17 хүртэлх машиныг нь гар хүрэлгүй найдвартай хадгалж байсан. Гэтэл зээлдэгч зээлээ төлөхгүй алга болсон учраас би 2016 оны 07 сараас машиныг ойр зуур унаж эдэлж байсан. Надад машины тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ сайн дураар машинтайгаа хамт өгсөн мөртлөө “Бичил глобу”с ББСБ-аас гэрчилгээгээ хаясан” гэдэг хуурамч тодорхойлолт авч улмаар машиныг М.Лханаа өөрийн нэр дээр шилжүүлсэн нь одоо тодорхой болж байна. Иймд тэрээр ийм мөнгө нэхэх гэж байгаа бол М.Давхарбаяраасаа нэхэх ёстой байх. Машиныг Эрдэнэт хот дотор хааяа унаж байсан ба ашиглалтыг муутгахгүй үүднээс өвөл дулаан, зунд далд сэрүүн “Очир баялаг” ХХК-ийн гражид байнга тавьж байсан. Үүний хөлс 1 605 000 төгрөг нэхэгдэж байгааг шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

Зохигчидын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Лханаа нь А.Лхамд холбогдуулан “Автомашин гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хэргийн 4 дүгээр хуудас дахь LEXUS GX-470 маркийн 87-99 ОРО улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэсэн бөгөөд “... 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уг машинаа иргэн Давхарбаярт 65 000 000 төгрөгөнд тооцож зарсан бөгөөд машиныг маань надаас аваад шууд иргэн Лхамаагийн барьцаанд тавиад мөнгө аваад явсан байсан. Энэ өдрөөс хойш би машинаа буцааж өөрийн болгож авах гэж зөндөө хөөцөлдсөн боловч Давхарбаярыг хаана байгааг нь мэдэхгүй хайсаар 2016 оны 07 сард БНХАУ-ын Эрээн хотод очиж бичиг хийлгэн 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр арай гэж  машинаа өөрийн болгож авлаа. Иймд машиныг гаргуулж өгнө үү. Иргэн Лхам миний машиныг 2014 оны 02 сараас хойш өнөөдрийг хүртэл өөрийн өмч мэт унаж хэрэглэсээр байгаа тул автомашиныхаа элэгдэл хорогдол, хохирол гэж өдөр бүр 10 000 төгрөгөөр тооцож /2015 оны 07 сарын 01-ээс 2016 оны 10 сарын 01 хүртэл/ нийт 15 сараар тооцож 4 500 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэж тайлбарласан.

Хариуцагч, “... 2015 оны 02 дугаар сарын 17-нд М.Лханаа, М.Давхарбаяр нар мөнгө зээлээч, барьцаа баталгаанд LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай машиныг үлдээе гэж ирсэн. Машинаа өөрсдөө унаж явсан ба бид тохиролцоод М.Давхарбаяр 18 000 000 төгрөг, 3 сарын хугацаатай сарын 10%-ийн хүүтэй алдангитайгаар гэрээ хийж авсан. Мөн машинаа манайд үлдээсэн, машины гэрчилгээ “Бичил глобус групп” ХХК-ийн нэр дээр байсан, М.Давхарбаяр, М.Лханаа нар машины эзэмшигчийг өнөө маргаашгүй М.Давхарбаярын нэр дээр шилжүүлээд бичиг баримтыг авчирч өгөөд гэрээгээ хийнэ  гэж амлалт өгсөн. Нэгэнт машиныг биетээр нь үлдээсэн тул бид итгэсэн. Ингээд хүлээж байтал М.Лханаа “Бичил глобус групп”-ээс машиныг М.Давхарбаярын нэр дээр шилжүүлж өгөхийг Авто тээврийн үндэсний төвийн Орхон салбарт хүссэн 2015 оны 03 дугаар сарын 13-ны 823/15 тоот бичгийг авчирч өгсөн. Ингээд бид машин М.Давхарбаярынх болж байгаа юм байна, тэрээр хүүгээ төлөөд машинаа авах юм байна гэж баттай ойлгож машиныг хадгалалтад хэвээр байлгасан. Гэтэл үүнээс хойш М.Давхарбаяр утсаа авахаа больж гэрээнд заасан хаягтаа байхгүй болж алга болсон ба, бид машиныг хадгалсаар л байсан. Нэгэнт зээлийн хугацаа дуусаад олон хоног өнгөрсөн зээлдэгч олдохгүй болсон тул 2015 оны 10 дугаар сарын 19-нд энэ байдлыг танилцуулан гэрчилгээнд тэмдэглэл хийлгэж машиныг унаж хэрэглэх болсон. М.Лханаа үүнээс хойш машиныг миний машин гэж ярьж ирж, машинаа авмаар байна гэж хэлж байсан. Би Давхарбаяр нэгэнт нэр дээрээ шилжүүлж байгаа, бичиг баримт авчирч өг, тавиад мөнгө авсан тул зээл, хүү, алдангийн тооцоо хийсэн үед машиныг өгнө гэдгээ хэлж байсан. Гэтэл М.Лханаа 2016 оны 09 дүгээр сарын 14-нд машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн бүртгэл хийлгээд үүнийгээ үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасан юм байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тайлбарладаг.

Талууд LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай авто машиныг Давхарбаяр нь А.Лхамд зээлийн барьцаанд тавьсан талаар маргаагүй.

Уг машиныг М.Лханаа нь БНХАУ-ын Эрээн хотод Давхарбаяраар бичиг хийлгэн авч 2016 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр өөрийн болгож авсан гэж тайлбарласан ба, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох 2012 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 59 дугаартай Зам тээврийн яамны сайдын тушаалын 3.3-д “автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурьдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ,  3.3.3-д “авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-г үндэслэн шилжүүлэхээр заасныг зөрчсөн  гэж үзэхээр байна. Учир нь шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт өмчлөгч иргэн өөрийн биеэр ирж бүртгэлийн маягтад бусдад шилжүүлснээ нотлох гарын үсгээ зурж баталгаажуулах, худалдах, худалдан авах, бэлэглэх, Фидуци, арилжааны гэрээ, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлийг тус тус нотариатаар гэрчлүүлсэн байх, төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд бол Төрийн өмчийн хороо /аймаг, нийслэлийн өмчийн/-ны шийдвэр, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, шилжилт хөдөлгөөн хийхийг хязгаарласан бол түүнийг дуусгавар болгосон тухай шийдвэр, өмчлөх эрх шилжүүлсэн баталгаажуулсан тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна гэж заасныг зөрчжээ. Давхарбаяр нь уг тээврийн хэрэгслийг М.Лханаагийн нэр дээр шилжүүлэх үед өөрөө ирээгүй, бүртгэлийн маягтанд гарын үсгээ зураагүй, бусдад шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл ирүүлсэн нь нотлогдоогүй, уг тээврийн хэрэгслийг гэрчилгээг М.Лханаа нь үрэгдүүлсэн гэж дахин гэрчилгээ авсан болох нь нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.Лханаа нь LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай автомашиныг А.Лхамаас нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь тодорхойгүй бөгөөд тээврийн хэрэгслийг бүртгэх журмын дагуу өөрийн нэр дээрээ шилжүүлээгүй, түүнчлэн А.Лхам уг тээврийн хэрэгслийг Давхарбаярын зээлийн барьцааны дагуу эзэмшилдээ байлгаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул машины элэгдэл хорогдлыг А.Лхамаас нэхэмжлэх шаардах эрхийн үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 157 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заалаа.      

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч А.Лхамаас LEXUS GX-470 маркын 87-99 ОРО дугаартай автомашин гаргуулах, автомашины элэгдэл хорогдол 4 500 000 төгрөг гаргуулах тухай М.Лханаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 142/ШЗ2016/05357 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” тухай шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасан хугацаанд хэвээр  байхыг заасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ХИШИГДАВАА