| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0070/Э |
| Дугаар | 0126 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 0126
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
Улсын яллагч А.Тунгалагтуяа,
Хохирогч Ө.Ш, түүний өмгөөлөгч Л.Батаа,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Гын Гт холбогдох 1908055871761 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1964 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цэргийн тэтгэвэрт, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал овооны ... дугаар гудамж ... тоотод оршин суух бүртгэлтэй, Урьд 1985 онд Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн б-д зааснаар 6 жил хорих ялаар шийтгэгдэж, 1989 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1 жил 10 сар 15 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1036 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял шийтгүүлсэн, Д овогт Гын Г /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны “Мандал овооны” ... тоот өөрийн гэртээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим Ө.Шг “ажил хийж чадахгүй болтлоо согтлоо” гэж шалтаглан нүүр лүү нь гараа атгаж цохисны улмаас түүний биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт “...Би өмнө энэ Шг танихгүй. Ө.Ш нь балиар заваан хувцастайгаа гэрт орж ирээд хойморт суусан. Тэгээд намайг цохихоор нь буцаагаад цохисон. Ө.Шгийн биед учирсан гэмтэл нь миний цохисноос үүссэн гэмтэл юм. Би хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч Ө.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажлын хувцастайгаа явж байтал Г надаас ажил хийчих хүн байна уу гэхээр нь та хэдийг төлөх юм гэхэд 1 хүний 20.000 гэхээр тохиролцоод зүс таних Ц, О нарын хамт Гийн гэрт очоод газрыг нь тэгшилж байтал Г нь бид нарыг хөөсөн, бид ч гараад явсан. Тэгээд маргааш өглөө 6 цагийн үед цонх руу юм шидээд байхаар нь босоод хартал Г байсан. Тэгээд ...очоод газраа тэгшилье гэж ярилцаж байгаад ... гэрт нь цай уух гээд орсны дараа Г нь гэнэт л миний нүүр хэсэг рүү цохисон чинь эрүү өвдөөд эхэлсэн. Тэгээд гараад явсан. Г надад нэг ч мөнгө төгрөг өгөөгүй. Миний толгой байнга таллаж өвддөг болсон. Эрүүгээ хадуулсан, 5 сард хадааснуудаа авахуулна. Гомдолтой байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ө.Шгийн мэдүүлэг /хх-ийн 8х, 9-10х/, гэрч Ч.Оийн мэдүүлэг /хх-ийн 19х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12984 дугаартай дүгнэлт /хх-ийн 21х/, шүүгдэгч Г.Гийн мэдүүлэг /хх-ийн 95-97х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Мандал овооны ... тоот өөрийн гэртээ 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчимд Ө.Шг “ажил хийж чадахгүй болтлоо согтлоо” гэж шалтгаанаар нүүр лүү гараараа цохисны улмаас түүний биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
Хохирогч Ө.Шгийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өглөө намайг гудамжиндаа явж байтал зүс танил ах болох /сүүлд нэрийг нь мэдсэн/ Г гэртээ амбаар бариулах гэсэн юм гэсэн бариад өгчих хүн олоод өгөөч гэхээр нь би .... надад яахав хүүхдийн памперс, 5кг гурил аваад өгчхөөрэй гэж хэлээд нүүрс шуудайлдаг зүс танил Ц, О нарын хамт Гийн гэрт очиход Г ...нөгөө хоёроор амбаарынхаа хундамны шороог дүүргэх ажил хийлгэж байтал Г гэнэт эхнэртэйгээ хэрэлдэж уурандаа тэр хоёрыг зайл гээд хөөгөөд явуулчихсан, мөнгө төгрөг өгөөгүй, би бас гараад явчихсан. Маргааш өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын 25-ны өглөө 06:30 цагийн үед манай хашаа руу хүн чулуу шидээд байхаар нь гараад иртэл Г үүдэн дээр ирчихсэн, дүү хоёулаа амбаараа дуусгая, хоёр өдөр барьдаг амбаар гэж юу байхав гээд байхаар нь би за ах би дуусгаад өгье гэж хэлээд хамт гэрт нь очоод амбаарыг нь хамт барьж байтал 09 цагийн үед надад 0.5 литрийн Их Монгол нэртэй архи авч өгөөд өөрөө Экс нэртэй архи болон том савтай пиво аваад ууж байсан, 12 цагийн үед би аяга цай уух гээд гэрт нь ороод сууж байтал Г гэнэт гараа атгаж байгаад миний зүүн талын эрүүнд нэг удаа цохих үед би газар унаж амнаас цус гарч эрүү нэг эвгүй болоод явчхаар нь би эхнэрт нь хандан та түргэн, цагдаа дуудаарай, би эхнэртээ хэллээ гэж хэлээд гэртээ ирсэн, удалгүй цагдаа түргэн ирээд намайг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг аваад нэгдүгээр эмнэлэг авч яваад зураг авахуултал эрүү хугарсан байна гэж хэлсэн. ...Би нэгдүгээр эмнэлэгт хагалгаанд орж эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардал баримтаар 1.050.000 төгрөг болсон, Г надаас уучлалт гуйж эмчилгээний зардал мөнгө өгөөгүй алга болсон. Эрүү л хоёр газраараа хугарч хагалгаанд орж хадуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8х, 9-10х шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Ч.Оийн өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн өглөө намайг аавындаа байхад хамтран амьдрагч болох Г “би гэртээ амбаар сав барьж байна, ирээд хоол цай хийгээд өгөөч хөгшөөн” гэхээр нь би 10 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Мандал овооны ... тоотод ирэхэд Г танихгүй залуу сүүлд нэрийг нь мэдсэн Ш хоёр архи хувааж уугаад согтуу байдалтай үүдний амбаар барьж байсан, би хоол цай хийж байтал гаднаас тэр хоёр орж ирсэн, Ш тухайн үед шавхайтай гуталтай ороод ирэхээр нь би орон дээр битгий суугаарай гутал хувцас чинь шороотой байхад гээд уурлах үед Ш шалан дээр суусан. Би гарчхаад буцаад ороод иртэл Г Шг цохиод авахаар нь би яаж байнаа гээд Гийг салгатал Шгийн амнаас цус гарчихсан, эрүүгээ гараараа барьчхаад манайхаас гараад явчихсан. Г нь сүүлийн 7-8 сар архи ууж зан араншин нь өөрчлөгдөж муухай зан араншинтай болж хүн цохих гээд байдаг болчихсон. Тэгэхээр нь би хамт байхаа болиод тусдаа байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12984 дугаартай: “...Ө. Шгийн биед эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 21х/,
Шүүгдэгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би өөрийн амьдардаг сууцныхаа үүдэнд амбаарыг бариулах гэж манай гудамжинд амьдардаг Ш гэх залуутай ажлын хөлсөнд өвлийн савхин хүрэм өгье гэж тохиролцоод ажилдаа орсон юм. Урьд өдөр нь архи уучихсан шартаад байна гэхээр нь би 0.5 литрийн нэг шил архи авч өгөөд амбаараа бариулж байтал Ш уусан архиндаа согтоод ажил хийх чадваргүй болж шороо тоостой хувцастайгаа гэрлүү явж ороод хойморт суугаад би одоо ажил хийж чадахгүй гээд байхаар нь уур хүрээд чи чадахгүй байж юугаа хийж архи уудаг юм гэж хэлээд эрүүнд нь нэг удаа гараараа шанаадсан чинь эхнэр О бид хоёрыг салгаад Ш гэрээс гараад явсан. ...Би дээрх гэмтлийг гараа атгаж байгаад нэг удаа эрүүнд нь цохиж байхдаа учруулсан гэмтэл байна. Би дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надаас Шгийн эгч хохирлын мөнгө гэж 1 сая төгрөг нэхээд би мөнгө олох гэж яваад олдоогүй болохоор гэртээ ахиж очоогүй найзуудаараа хоног төөрүүлж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Гнь хохирогч Ө.Шг “ажил хийж чадахгүй болтлоо согтлоо” гэх шалтгаанаар нүүр лүү нь гараа атгаж цохисон санаатай үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан эрүү ясны хоёрлосон хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл хоёр нь хоорондоо шалтгаант холбоотой байх тул Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Г.Гийн үйлдлийн улмаас иргэн Ө.Шгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь 1.043.238 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгсөн /хх-ийн 73-76х/, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс нэхэмжилнэ гэх тул шүүгдэгч Г.Гөөс хохирогчийн эмчилгээнд зарцуулагдсан зардал болох 1.043.238 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэж, хохирогч Ө.Ш нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Гөөс жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо цаашид төлнө гэж бодож байгаа, прокурорын ялын хэмжээ дээгүүр байна гэж үзэж байна” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдал /өмнө 2 удаа ял шийтгэгдэж байсан/ зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Гт 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг 6 сарын хугацаанд хүлээлгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Гын Гийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гийг 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг 6 /зургаа/ сарын хугацаанд хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Гнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гөөс 1.043.238 /нэг сая, дөчин гурван мянга, хоёр зуун гучин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.Шд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Г.Гөөс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан “хувийн баталгаа гаргах”, “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил Хамгаалах Ерөнхий Газарт мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ