Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2016/01460

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Голомт банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-82 тоотод оршин суух Шандаг овгийн Жадамбаагийн Наранбаатар /ГИ77022611/-д холбогдох

“10 267 838.35 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Жадамбаа овогтой Наранбаатар нь 2014 оны 12 сарын 03-ны өдөр ЗГ4015100694 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 9 000 000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1.8% хүүтэй цалингийн зээл авсан. Ж.Наранбаатар нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4015100694 тоот зээл нь 2016.11.09-ны өдрийн байдлаар 564 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 7 606 398.88 төгрөг, хүү 2 468 640.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192 799.05 төгрөг. Нийт 10 267 838.35 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд Ж.Наранбаатар нь цалингийн орлогогүй болсон ба зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Иймд Ж.Наранбаатар дээр дурдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 10 267 838.35 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Наранбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Ж.Наранбаатар нь Голомт банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Наранбаяр нь цалингийн зээл авч, зээлээ графикийн дагуу төлж байгаад 2015.03 сард ажлаас халагдсаны улмаас цалингийн орлогогүй болж, одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Манайх ам бүл 7, эхнэр ажилгүй нялх хүүхэдтэй. Би өөрөө олдсон ажлыг хийгээд ам бүлээ арай ядан тэжээж байна. Иймд тогтмол цалинтай ажилд орвол ядаж үндсэн зээлээ төлж, байгууллагыг хохиролгүй болгоно. Зээлээ төлөх эх үссвэр тодорхой болсон үед нь банктайгаа тохиролцож төлөлтөө хийж эхэлнэ” гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч Ж.Наранбаатарт холбогдуулан “зээлийн гэрээний үүрэг 10 267 838.35 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдааны мэдэгдэлд гарын үсэг зурсан байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэв.

Ж.Наранбаатарт нь Голомт банкны Орхон салбартай 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ЗГ4015100694 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж, 9 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21.60% хүүтэйгээр зээлэн авсан болох нь хэргийн 9-10 хуудас дахь зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Хариуцагч Ж.Наранбаатар нь зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Дээрх зээлийн болон барьцааны гэрээгээр Голомт банк нь хариуцагчаас Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлүүдэд заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа: “...2015.03 сард ажлаас халагдсаны улмаас цалингийн орлогогүй болж, одоог хүртэл эрхэлсэн тодорхой ажилгүй байна. Манайх ам бүл 7, эхнэр ажилгүй нялх хүүхэдтэй. Би өөрөө олдсон ажлыг хийгээд ам бүлээ арай ядан тэжээж байна. Иймд тогтмол цалинтай ажилд орвол ядаж үндсэн зээлээ төлж, байгууллагыг хохиролгүй болгоно. Зээлээ төлөх эх үүсвэр тодорхой болсон үед нь банктайгаа тохиролцож төлөлтөө хийж эхэлнэ...” гэжээ.

2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ4015100694 тоот цалингийн зээлийн гэрээний 3.1.1-д “зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт №1-д дурьдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй”, гэрээний 3.3.3-д “дараах тохиолдолд банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудна. Үүнд: зээлдэгч энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй...” гэжээ.

Хариуцагч нь зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулгаар нотлогдож байх Зээлийн гэрээний 3.3.3-д заасан “зээл, зээлийн хүүг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй” тул, банк зээлийг төлүүлэхээр шаардсан нь хуульд нийцсэн.  

Хариуцагч Ж.Наранбаатарын нэхэмжлэлээс татгалзсан татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй. 

Иймд харуцагчаас үндсэн зээл 7 606 398.88 төгрөг, хүү 2 468 640.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192 799.05 төгрөг. Нийт 10 267 838.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкинд олгохоор шүүх шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг гаргуулна гэсэн байх ба, энэ нь нэхэмжлэлийн үнийн дүнд ороогүй, түүнчлэн улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй тул гаргуулах боломжгүй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 179 236 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 179 236 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Ж.Наранбаатараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 7 606 398. 88 төгрөг, зээлийн хүү 2 468 640.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192 799.05 төгрөг, нийт 10 267 838.35 төгрөгийг гаргуулан Голомт банкны Орхон салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 179 236 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 179 236 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА