Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2020/ШЦТ/57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөрөн овогт Бямбадоржийн Мд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2029000220034 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт 5 километр зайд 2-р багийн нутаг дахь шороон замаар “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн эзэмшлийн 65-32 УБИ улсын дугаартай, Волсваген Амарок маркийн тээдрийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган бусдад 64 178 000 төгрөгний хохирол учруулан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-17-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Ууганбаярын: “...2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр манай компани ажилтан М байгууллагын 65-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл унаж яваад онхолдож байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан. “...Ямар нэг гомдол байхгүй манай компани даатгалаас асуудлаа шийдвэрлүүлсэн. Манайх тээврийн хэрэгслийн 100% даатгалтай байсан.”” /хх-ийн 33-р хуудас/,

Гэрч О.Лхагвабаярын: “...Тухайн өдөр би Ай ди эм нь кемп дээр амарч байгаад оройн ээлжээр ажилд гарахаар болоод уурхайруу Мтэй цуг 65-32 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр 20 цагийн үед кемпээс хөдлөөд Цанхийн зүүн уурхайруу явж байгаад Эрхэт түнш гээд тэсэлгээний агуулах өнгөрөөд сайжруулсан замаар явж байтал замын овгор дээр сэвэх шиг болсон тэгээд би утсаа оролдож явж байсан болохоор анзаараагүй тэгээд нэг овгор юман дээгүүр даваад урагшаагаа хартал машин бөгсөө зүүн талруугаа шарваад тэгж байснаа замын хажуу талын шороо мөргөж байсан тэгээд хэсэг ухаангүй болсон байх нэг мэдэхэд машин миний талаараа уначихсан байсан тэгээд бүсээ тайлаад машинаас гарчаад Мөнх-Эрдэний бүсийг нь тайлаад машинаас гаргаж авсан тэгсэн Мөнх-Эрдэний толгой хагарчихсан цус гоожиж байсан тэгсэн араас нэг уурхайн ланд ирээд Мөнх-Эрдэнийг суулгаж явуулаад би уурхай дээр байгаа дуудлагын утасруугаа залгаад осол болсон талаар хэлчихээд би эмнэлэгрүү явсан.” /хх-ийн 36-р хуудас/,

Б.Мөнх-Эрдэнийн гэрчээр өгсөн: “...Миний ажилладаг “Замайн Сервисиз” ХХК нь Эрдэнэс таван толгой ХК-д гэрээгээр техник хэрэгсэл зараад зарсан техник хэрэгслийнхээ баталгаат хугацаанд нь засвар үйлчилгээг нь хариуцдаг юм. Тэгээд тухайн осол гардаг өдөр би оройн ээлжээр хамт ажилладаг Лхагвабаярын хамт 20 цагийн үед Эрдэнэс таван толгойн уурхайруу явдаг сайжруулсан шороон зам дээр 65-32 УБИ улсын дугаартай Volkswogen Amarok маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл жолоодоод явж байтал замын овгор хэсэг дээгүүр гараад уруудахад миний унаж явсан машин зүүн талруугаа шаравхаар нь би тоормос гишгэсэн тэгээд замын хажуугийн шороон дээгүүр гараад нэг мэдэхэд машин зүүн талаараа унах шиг болсон тэгээд гэнэт ухаан ороход би нэг машины хойд талын суудал дээр суучихсан явж байсан тэр машин намайг Цогтцэций сум дахь сум дундын эмнэлэг дээр аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн шинжээч, дэслэгч О.Жамъянгаравын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Жолооч Бямбадорж овогтой М нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан /жолооч хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна/ гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх заалтыг зөрчсөн үйлдэл нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 42-р хуудас/,

“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ний шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн  “7900” дугаартай дүгнэлт /хх-ийн 45-48-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/,

Шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 58-64-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж үнэлэв.

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун зүгт 5 километр зайд 2-р багийн нутаг дахь шороон замаар “Ти Ди Би Лизинг” ХХК-ийн эзэмшлийн 65-32 УБИ улсын дугаартай, Волсваген Амарок маркийн тээдрийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн  заалтыг зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ууганбаярт их хэмжээний гэмт хэргийн хохирол, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 Шүүгдэгч Б.М нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Б.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүхээс шүүгдэгч Б.М нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Ти Ди Би Лизинг” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.4-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Н.Ууганбаярын өгсөн: “Ямар нэг гомдол байхгүй манай компани даатгалаас асуудлаа шийдвэрлүүлсэн. Манайх тээврийн хэрэгслийн 100% даатгалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 433-р хуудас/, байх тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн”  зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

- Улсын яллагчаас Б.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг,

- шүүгдэгч Б.М нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан ялын доод хэмжээгээр  “эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах эрх хязгаарлах” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B ангиллын №1170679 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус  дурьдах нь зүйтэй.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мөрөн овогт Бямбадоржийн Мөнх-Эрдэнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1 хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Мөнх-Эрдэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Мд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн оногдуулахыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийн B, №1170679  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА