Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 836

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

     Увс аймаг дахь cум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 19-47 тоотод оршин суух, 1951 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ51121006, Боржигон овогт Далхжавын Цэндэд холбогдох,

   Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 46.746.620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг үүсгэн, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, хариуцагчийн өмнөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Далхжав овогтой Цэнд нь тус банкнаас 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1250021369 тоот зээлийн гэрээг байгуулан 43.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 22.8 хувийн хүүтэйгээр үндсэн хөрөнгө худалдан авах зориулалтаар 48 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс, Улаангом сум, 7 дүгээр баг, Буянт хороолол 19-47 тоотод байрлалтай, 532.7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар /ГД-000317670, Ү-1520001567/, Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, Буянт хороолол 19-47 тоотод байрлалтай, 648 м.кв талбайтай, 3 давхар хувийн сууц, ажлын байрны зориулалттай барлга /ГД-000376702, Ү-1520003213/ зэрэг барьцаа хөрөнгүүдийн хамт барьцаалуулсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа 2016 оны 3 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 5 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардсан, мөн шаардах хуудас өгсөн боловч “Зээл төлөх орлого байхгүй, мөн үл хөдлөх хөрөнгө зарагдахгүй байгаа” гэж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зэлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2 дахь заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн /2016.09.22/ байдлаар Далхжав овогтой Цэнд төлөх ёстой 1250021369 тоот дансны үндсэн зээлийн үлдэгдэл нь 42.999.910,89 төгрөг, зээлийн хүү 3.730.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.027 төгрөг, нийт 46.743.120 төгрөг, нотариатын зардал 3.500 төгрөг, нийт 46.746.620 төгрөгийг зэлдэгчээс гаргуулж өгнө үү, зээлийн төлбөрийг буюу үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нарын бүх төрлийн бизнесийн орлого, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.

      Хариуцагч Д.Цэнд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний охин Ц.Оюунгэрэл нь 2013 оны 7 дугаар сард ОХУ-ын нутаг Баруун Хемчик районы АК-Довурак тосгонд бусдын гарт амиа алдсан юм. Охин Ц.Оюунгэрэл нь амьд сэрүүн байхдаа хувийн бизнесийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд тухайн үедээ Увс аймаг дахь Хас банкнаас бизнес зээл, шугамын зээл, жижиг дунд үйлдвэрийн зориулалтаар нийт 268.000.000 төгрөгийн зээл авч худалдаа, зочид буудлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан юм....Хас банкнаас би тухайн үед зээлийг төлөх боломжгүй, барьцаалсан хөрөнгийг нь зарж үлдсэн зээлийг төлж өгье, би настай хүн бараа материал татаж бизнес хйиж чадахгүй тул зээлийн хүүг нь зогсоож өгөхийг удаа дараа гуйж байсан боловч эрх зүйн чадамжтай байсан охин минь нас барсан байхад хууль мэдэхгүй настай хөгшин хүнд зээлийг шилжүүлж зээлийн хүүгийн төлбөрт унагасан гэж үзэж байна. Иймд Хас банк надаас эзэн холбогдогч нь нас барсан зээлийн хүүг зогсоохгүйгээр их хэмжээний хүүг төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул миний төлсөн хүүг үндсэн зээлээс хасч тооцож өгнө үү. Миний бие өмгөөлөгч авч зөрчигдсөн эрх ашгаа хамгаалуулах болно” гэжээ.

    Хариуцагч Д.Цэнд шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Д.Цэнд надаар Хас банк 43.000.000 төгрөгийн зээл төлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн надтай хийсэн Хас банкны зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ юм. Би Хас банкнаас бэлэн 43.000.000 төгрөг аваагүй, энэ нэхэмжилж байгаа зээл нь миний талийгаач охины авсан зээлийн үлдэгдлийг шууд миний нэр дээр гэрээ хийж шилжүүлж өгч байгаа юм. Би тухайн зээлд батлан даагч биш юм. Миний охины зээлийг надад хууль бусаар өвлүүлж, шилжүүлсэн хууль бус учир уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, хариуцагч Д.Цэнд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: “Хас банкны Увс салбар нь Д.Цэндээс 46.743.120 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтггэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үндсэн зээл 42.999.910 төгрөгөөс 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хооронд төлсөн хүү 5.697.760 төгрөгийг үндсэн зээлээс хасч, мөн төлөөгүй хүү 3.730.183 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.027, нийт 3.743.210 төгрөгийг авахгүй байхаар тохирч үлдэх 37.302.150 төгрөгийг 2017 оны 3 дугаар сард багтаан төлж барагдуулахаар, хэрэв мөнгөө хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус тохиролцож байна. Мөн хариуцагч тал гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар эвлэрлийн гэрээг байгуулав” гэжээ.

         ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Д.Цэндэд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 46.746.620 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Цэнд нь 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №1250021369 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батаа, хариуцагч Д.Цэнд, хариуцагчийн өмгөөлөгч Б.Лхагважав нар эвлэрлийн гэрээ байгуулж нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, бусад зардал нийт 46.773.120 төгрөгийг багасгаж, 37.302.150 төгрөг гаргуулах, хэрэв мөнгөө хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.        

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 391.683 төгрөг төлсөн ба 219.453 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.230 төгрөг, хариуцагч Д.Цэндээс 172.230 төгрөг тус тус гаргуулж Хас банкны Увс салбарт олгох, хариуцагч Д.Цэндийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 372.950 төгрөгөөс 186.475 төгрөгийг улсын орлогод үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 186.475 төгрөг гаргуулж хариуцагч Д.Цэндэд олгож шийдвэрлэлээ.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

        1. Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Д.Цэндээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 37.302.150 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын дотор гаргуулах, хэрэв мөнгөө хугацаандаа төлж чадаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хариуцагч Д.Цэнд нь гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Д.Цэндээс 172.230 төгрөг, төрийн сангийн 150000941 тоот данснаас 172.230 төгрөг тус тус гаргуулж Хас банкны Увс салбарт олгож, төрийн сангийн 150000941 тоот данснаас 186.475 төгрөг гаргуулж хариуцагч Д.Цэндэд олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.БОЛОР