| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0097/Э |
| Дугаар | 0138 |
| Огноо | 2020-02-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Болор-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 0138
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Эын Ат холбогдох 1908035881547 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Мандал-Овоо ... дүгээр гудамж, ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Зээлийн ... тоотод түр оршин суух урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э овогтой А нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянбулаг ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух иргэн Э.Уийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, 32 инчийн Самсунг маркийн зурагт, Акира маркийн будаа агшаагч, 20 килограмм орчим мах, 20 килограмм гурил, 3 килограмм цагаан будаа, Тоди нэртэй хүүхдийн памперс, бэлэн 27.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 656.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... тоотод оршин суух иргэн Н.Лын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, 40 инчийн Скайворф маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...мэдүүлэг өгөхгүй. Өмнө тодорхой мэдүүлсэн” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Э.Уийн мэдүүлэг /хх-ийн 22-23х/, гэрч С.Агийн мэдүүлэг /хх-ийн 26х/, гэрч Г.Тын мэдүүлэг /хх-ийн 28х/, гэрч Б.Мын мэдүүлэг /хх-ийн 30х/, гэрч А.Мын мэдүүлэг /хх-ийн 32х/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 37-39х/, хохирогч Н.Лын мэдүүлэг /хх-ийн 99-100х/, гэрч Ж.Мын мэдүүлэг /хх-ийн 109-110х/, гэрч М.Гын мэдүүлэг /хх-ийн 120-121х/, насанд хүрээгүй гэрч Э.Үгийн мэдүүлэг /хх-ийн 124х/, иргэний нэхэмжлэгч Э.Агийн мэдүүлэг /хх-ийн 104-106х/, Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 135х/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-10х, 72-76х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтыг хураан авах тухай, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15х, 80-92х/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх-ийн 193х/, Э.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 168х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60х/, Н.Лйн хүсэлт /хх-ийн 177х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 211х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Э.А нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Баянбулаг ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух иргэн Э.Уийн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, 32 инчийн Самсунг маркийн зурагт, Акира маркийн будаа агшаагч, 20 килограмм орчим мах, 20 килограмм гурил, 3 килограмм цагаан будаа, Тоди нэртэй хүүхдийн памперс, бэлэн 27.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 656.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7х, 8-10х/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: “...32 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхэг, “Атар” 1кг-ийн савлагаатай 10 ширхэг пакеттай гурил, тоди нэртэй хүүхдийн памперс 1ш, акира брэндийн будаа агшаагч 1ширхэг” зэргийг Э.Аээс хураан авсан тухай /хх-ийн 12х/,
Хохирогч Э.Ут: “...32 инчийн Самсунг брэндийн зурагт 1 ширхэг, “Атар” 1кг-ийн савлагаатай 10 ширхэг пакеттай гурил, тоди нэртэй хүүхдийн памперс 1ш, акира брэндийн будаа агшаагч” зэрэг эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 15х/,
Хохирогч Э.Уийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ...манай том хүү М нь ....миний гар утас руу залгаад “та гэрээ түгжээгүй явсан юм уу, мөн зурагтаа аваад явсан юм уу” гэж асуусан. Тэгээд “үгүй” гэж хэлэхэд “тэгвэл хулгайч орсон байна” гэж хэлээд, би цагдаа дуудаад нөхрийн хамт гэртээ ирэхэд манай гэрийн хойморт цагаан өнгийн зурагтын тавиур дээр байсан 32 инчийн Самсунг брендийн зурагт, улаан өнгийн олон үйлдэлтэй Акира брендийн будаа агшаагч, мөн гэрийн зүүн талд цагаан өнгийн хөлдөөгчид байсан 20 килограмм орчим хонины мах, миний унтдаг гудасны завсар байсан бэлэн 27.000 төгрөг, 3 килограмм цагаан будаа, 20 килограмм орчим гурил, хүүхдийн памперс зэрэг эд зүйл алга болсон байсан. ...Тэр өдөр цагдаагийн алба хаагч нар намайг дуудаад манай гэрээс хулгайд алдсан гэх зурагт, будаа агшаагч зэрэг эд зүйлийг хүлээлгэж өгсөн. Маргааш нь дахин дуудаж байгаад хүүхдийн памперсыг хүлээлгэж өгсөн. Мөн би хулгайд алдсан 20 килограмм орчим мах, 20 килограмм орчим гурил, 3 килограмм будаа зэрэг эд зүйлийг буцааж аваагүй. Намайг хохиролгүй болгоогүй. ...Би тэр эмэгтэйг танихгүй, тэр хавийн хүмүүс тэр эмэгтэйг Л гэж дууддаг юм байна лээ. Дараа нь цагдаа дээр ирэхэд тэр эмэгтэйг А гэж нэрийг нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23х/,
Гэрч С.Агийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 09 цаг өнгөрч байхад эхнэр гурван бага хүүхдийн хамт гэрээсээ гараад Хангай зах орж цонхны шил аваад Баянхошуунд байдаг аавынхаа гэрт очоод байж байтал ...урд айлын залуу миний гар утас руу залгаж “танай хоёр хүүхэд чинь дуудаад гарч ирдэггүй. Танай гэрийн хаалга чинь онгорхой зурагт чинь байхгүй байна” гэж хэлэхээр нь би аавынхаа гэрээс гараад гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдэлж гэрт хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26х/,
Гэрч Г.Тын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би 1 цагийн үед М бид хоёр ... явж байгаад Мтай 12 цагийн үед таарсан. Тэгээд бид гурав архи уухаар болоод “Очирхайрхан” гэх дэлгүүрээс М нэг шил 0.5 литрийн архи аваад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны ойролцоо дугуй засварын газрын хажууд гудамжинд бид гурав архиа хувааж уугаад сууж байтал хоёр залуу ирээд “энүүгээр эд зүйл авч явсан хүмүүс харагдсан уу” гэж асуухаар нь хараагүй гэж хэлэхэд тэр хоёр хүнд бид гурвыг наанаа байж байгаарай гээд явсан. Тэгээд удалгүй бид нараас нэлээн зайтай газраас гудамжин дунд өвсөн дотроос зурагтаа олчихлоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х/,
Гэрч Б.Мын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр би 10 цагийн үед Ттай уулзаад ....“Очирхайрхан” гэх дэлгүүрийн хажууд зам дээр явж байтал хулгай хийсэн гэх эмэгтэй 0.5 литрийн шим нэртэй архи 1 ширхэг, ундааны сав нэг ширхэгийг барьсан Т бид хоёртой таарсан. Тэгсэн тэр эмэгтэй барьж байсан архиа Тд өгчихөөд тэр архинаасаа нэг уугаад тэгээд бид хоёртой таарсан газраа үлдсэн. ...Очирхайрхан дэлгүүрийн ойролцоо замын эсрэг тал хулгай орсон гэх айлын хажуу талд тэр эмэгтэйтэй таарсан. Тэр эмэгтэй ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30х/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний: “...нийт 656.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 37-39х/,
Шүүгдэгч Э.Аийн яллагдагчаар өгсөн: “...гэрийнхээ зүг хойшоо алхаад явж байхад Шинэ замын хажуу талд нэг хашаан дотор “хүн байхгүй байгаа бололтой нэг гэр байхаар нь хашааг хойд талаас нь давж ороход тоосгон байшин дотор нь хүмүүс байгаа бололтой зурагт дуугараад байсан ба би шууд монгол гэрийн хаалгыг татсан чинь онгорхой байхаар нь /хаалга нь цоожтой байсан эсэхийг санахгүй байна/ явж ороод гэрийн хоймор хэсгийн тавиур дээр байсан хар өнгийн зурагтыг аваад хашааны хойд талын банзны завсраар нь гадна өвсөн дунд тавьж орхиод буцаж ороод Тоди нэртэй ууттай памперс, 20 кг-ын ууттай гурилыг аваад давсан хашаагаараа давуулаад Шинэ замруу гараад такси барьж гэртээ очоод гурил, памперс хоёрыг орхиод гэрээсээ буцаад гарсан юм. Тэгээд би 14 цагийн үед “үлдээсэн зурагтыг очиж авах гэж” гараад гэрээсээ “Б ах доошоо найзынхруугаа явна” гэхээр хамт гараад замаас такси бариад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны Баянголын Шинэ замын хажууд би буусан. Тэгээд би өвсөн дундаас зурагтаа авах гээд хашаа руу алхаж байсан чинь өөдөөс хэдэн цагдаа нар ирээд бариад авсан. Тэгээд би цагдаа нарт үнэнээ хэлээд гэртээ байгаа памперс, гурил зэргээ зааж өгсөн. ...Би ганцаараа хулгай хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар,
2. Шүүгдэгч Э.А нь 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... тоотод оршин суух иргэн Н.Лын байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч, 40 инчийн Скайворф маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 72-76х/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцуулах тухай санал, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын 98 дугаартай тогтоол /хх-ийн 79х, 80-81х, 83х, 84х/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл: “...скайворд маркийн зурагтыг хохирогч Н.Лд хүлээлгэн өгсөн тухай” /хх-ийн 85х/,
Хохирогч Н.Лын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би гэртээ байж байгаад 13 цаг 20 минутад гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгаа цоожоор цоожлоод хашааны хаалгаа мөн адил цоожлоод явсан. Тэгээд орой манай нөхөр М нь гэртээ 19 цагийн үед ирэхэд манай хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байна, гэртээ ороод үзэхэд манай гэрээс манай гэрийн хойморт жижиг модон шкафан дээр байсан хар өнгийн skyworth загварын 40 инчийн зурагт алга болсон байна гэж над руу утсаар ярьсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. ...Би зурагтаас өөр эд зүйл хулгайд алдаагүй. Манай зурагтын удирдлага болон залгуурыг аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 99-100х/,
Гэрч Ж.Мын өгсөн: “...Би өглөө ажилдаа яваад манай эхнэр Л гэртээ үлдээд 13 цаг 20 минутын үед гэрээсээ гарсан. Тэгээд би орой 19 цаг өнгөрч байхад гэртээ ... ирэхэд манай хашааны хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь манай эхнэр гэртээ ирсэн юм байх гэж бодоод хашаа руу ороход гэрийн хаалга онгорхой цоожгүй, гэрлүүгээ ороход манай гэрийн зурагт байхгүй болохоор буцаж гэрээсээ гараад хажуу айлын хүний гар утаснаас эхнэр Л руу залгаж хэлсэн. Тэгээд манай эхнэр цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110х/,
Гэрч М.Гын өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хэдэн цагийн үед гэдгийг нь сайн санахгүй байна, ажил дээрээ байж байтал манай охин Ү нь миний гар утас руу залгаад надад хандан “манай энэ хавиар архи уугаад явж байдаг Л эгч манай хашаанд орж ирээд надаас алх гуйгаад аваад явсан, дараа нь манай хашаанд зурагт оруулж ирээд буцаагаад машинтай ирээд аваад явсан” гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь би яах гэж танихгүй хүнд хаалгаа тайлж алхаа өгсөн юм бэ, дахиж танихгүй хүн хаалга тогшвол хаалгаа битгий тайлж өгөөрэй гэж хэлээд би утсаа тасалсан. Би тэр Л гэж дууддаг эмэгтэйг сайн танихгүй, зүс танина. Манай гэрийн ойролцоо байнга архи уугаад архи уудаг хүмүүстэй нийлээд явж байдаг жинхэнэ нэрийг нь А гэдэг Л гэж дууддаг эмэгтэй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121х/,
Насанд хүрээгүй гэрч Э.Үгийн өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, сургууль цэцэрлэг ороогүй байсан, 7 дугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Баянголын ... тоотод байх гэртээ өөрийн 3 дүүгээ хараад байж байтал манай гудамжинд архи уугаад явж байдаг туранхай биетэй /Л/ гэж дуудаад байдаг эмэгтэй манай хашааны хаалга нүдээд байсан. Тэгээд би гараад харсан тэр Л эгч надад хандаад “эгчийн дүү алх байвал өгч байгаач, би гэрийнхээ хаалгыг онгойлгочхоод буцаагаад өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ байсан модон иштэй алхыг тэр Л гэх эгчид өгсөн. Тэгээд би буцаад гэртээ ороод байж байтал нээх удалгүй хэсэг хугацааны дараа дахин хашааны хаалга нүдэхээр нь гараад харахад нөгөө алх гуйж авсан Л гэх эгч нэг хар өнгөтэй зурагт тэвэрсэн манай хашаанд орж ирээд эгч нь энэ зурагтаа түр танай хашаанд тавиад явчихаад ирье гэж хэлээд манай хашаанд нэг хар өнгийн зурагтаа тавиад хэсэг хугацааны дараа би өнгийг нь санахгүй байна нэг жижиг машинтай ирээд манай хашааны үүдэнд машинаа зогсоогоод манай хашаанд Л эгч орж ирээд нөгөө манай хашаанд тавьсан зурагтаа аваад явсан. ...зурагт оруулж ирээд манай хашаанд тавьж байгаад манай хашаанаас аваад явсны дараа одоо хамт байгаа аав Ганбаатарт өөрийн гар утсаараа энэ болсон явдлын талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 124х/,
Иргэний нэхэмжлэгч Э.Агийн өгсөн: “...манай дүү Э.А нь “би нөхөртэйгөө хэрэлдсэн, тэгээд өөрийнхөө зурагтыг аваад ирсэн юм, та хямдхан авах уу” гэж асуухаар нь би “хэдээр зарах вэ” гэхэд 250.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. ...надад тийм их мөнгө байхгүй гэж хэлэхэд та 200.000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхайн дүүргийн ... дугаар хороонд байдаг өөрийн ажил болох “Их хүрд” мал нядалгааны газарт очиж захирлаасаа 200.000 төгрөг аваад Ат өгсөн. Тэгээд Аийн гэрээс хар өнгийн 40 инчийн Skyworth гэсэн бичигтэй зурагтыг аваад Налайх дүүрэгт байх гэртээ ирсэн. Манай дүү Э.А надад Skyworth загварын 40 инчийн зурагтыг 200.000 төгрөгөөр зарахдаа айлаас хулгайлсан зурагт гэж хэлээгүй. ...Дүү Аээс худалдаж авахдаа хулгайн замаар олж авсан зурагт гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 104-106х/,
Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан: “Sky worth 40 инчийн зурагт-980.000 төгрөг” /хх-ийн 135-137х/,
Э.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 87-92х/,
Шүүгдэгч Э.Аийн яллагдагчаар өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр ... архи ууж байгаад жоохон согтох гээд байхаар нь гэрээс нь 16 цагийн үед гараад гэртээ харих гээд явж байтал Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны Баянголын ... дүгээр гудамжинд явж байгаад нэг хашааны хаалга нь онгорхой, доторх монгол гэрийн хаалга нь цагаан өнгийн хятад цоожтой байхаар нь эргэн тойронд хүн харж байгаа эсэхийг шалгаад хашаа руу нь явж ороод гэрийн цоожийг татаж үзэхэд онгойхгүй байхаар нь хажуу талын нэг айлынх нь хаалгыг нь нүдсэн чинь 10-15 насны орчим эмэгтэй хүүхэд гарч ирсэн. Би тэр хүүхдэд “Эгчдээ алх байвал өгч байгаач эгч нь гэрийн хаалгаа онгойлгож чадахгүй байна” гэсэн чинь тэр хүүхэд гэрлүүгээ ороод жижиг модон иштэй алх өгсөн. Би тэр алхыг нь аваад эргэж очиж монгол гэрийн хаалганд нь байсан хятад цоожийг цохиж эвдэлж ороод гэрийн хойморт нь байсан тавиур дээрээс хар өнгийн зурагт /хэдэн инчийг санахгүй байна/ байсныг залуураар нь салгаад зурагтыг гэрээс нь аваад гарсан. Тэгээд гарч алх, цоожийг гэрийн хаалганы үүдэнд тавьчихаад зурагтаа бариад алх өгсөн айлын охин дээр очоод “эгч нь энэ зурагтыг түр орхичихъё” гэж хэлж зурагтаа хашаан дотор нь орхиод Шинж зам руу гарч такси бариад зурагтаа аваад өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Зээлийн ... тоотод гэртээ очсон. Надад таксины мөнгө байхгүй байхаар нь урд талын айлаас айлаасаа 2.500 төгрөг зээлж өгч зурагтаа аваад өөрийнхөө амьдардаг жижиг гэртээ оруулж тавиад би гэрийнхээ хойд талын дэлгүүрээс 0.33 литрийн архи зээлж аваад гэртээ орж уучихаад унтаад өгсөн. Намайг сэрэхэд Налайх дүүргээс өөрийн төрсөн эгч болох А ирчихсэн байхаар нь “өөрийнхөө зурагтыг хямдхан зарчихъя” гэж хэлээд тухайн мөнгөө 200.000 төгрөгөөр зараад өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 150-151х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.А нь шууд санаатай, шунахайн сэдэлтийн улмаас хохирогч нарын орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Э.Аийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн асуудал дээр маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Н.Лд тус гэмт хэргийн улмаас 980.000 төгрөгийн хохирол учирсан байх боловч хохирогчид Skyworth маркийн зурагтыг хүлээлгэн өгсөн болох нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 85х/, хохирогчийн “...зурагтаа хүлээгээд авсан болохоор гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 101х/ зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг хохирогч Н.Лд төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Э.Ад 200.000 төгрөгийн хохирол учирсан ч тэрбээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч Э.Аийг иргэний нэхэмжлэгч Э.Ад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Э.Ут гэмт хэргийн улмаас нийт 656.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед 398.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12х, 15х/ зэргээр тогтоогдсон, одоо 258.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.Аээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Э.А нь анх удаа тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирлынхоо ихэнх хувийг төлж барагдуулсан, бага насны хүүхэдтэй зээг байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдаагүй, шүүгдэгчийн үйлдлийг хөнгөрүүлэн нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/693 дугаартай Сонгинохайрхан дүүргийн засаг даргын “ Асран хамгаалагч тогтоох тухай” захирамжаар шүүгдэгч Э.Аийн хүүхэд болох 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 1 нас, 11 сартай Аийн А РД-.../-т шүүгдэгч Э.Аийн ээж Ж-ийн О-г /РД-.../ асран хамгаалагчаар томилсон байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон бариултай, гар хийцийн 1 ширхэг алх, хар өнгийн хуванцар гадаргуутай 1 ширхэг төмөр цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Эын Аийг “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ат 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Аээс 258,000 /хоёр зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Ут олгож, хохирогч Н.Л, иргэний нэхэмжлэгч Э.А нарт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон бариултай, гар хийцийн 1 ширхэг алх, хар өнгийн хуванцар гадаргуутай 1 ширхэг төмөр цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ