| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0335/И |
| Дугаар | 348 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 10 айлын 5 тоотод оршин суух Боржигон овогт Энхжаргалын Энхболд /РД:ЛЮ76021331/, Хутагуул овогт Дүгэржавын Ононбайгаль /РД:ЕМ80061665/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн, нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мягмаргармаа, хариуцагч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар нь 2013 оны 08-р сарын 02-ны өдөр ЗГ/185/13 тоот зээлийн гэрээ байгуулан 87,000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зээлийн бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,111,081.50 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 39,866,652.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1505.84 төгрөг нийт 42,979,239.40 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг сар бүр 10-аас дээш хоногоор хугацаа хэтрүүлэн төлдөг ба өнөөдрийн байдлаар хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрч /314 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардаж төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Одоо уг зээлийн үлдэгдэл болох 98,386,803.10 төгрөгийг зээлдэгч Э.Энхболд, Д.Ононбайгаль нараар төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мягмаргармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н.Энхболд, Д.Ононбайгаль нар нь 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн Төгсбаяртай орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байгуулан нийт 93.7 мкв 3 өрөө байрыг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийж, урьдчилгаа төлбөрт 20 хувийг төлж үлдэгдэл 87,200,000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдөр банкнаас зээлж авч төлсөн байдаг юм. 2013-2014 оны хооронд өөрийнх нь бизнесийн үйл ажиллагаа тогтвортой байсан учир зээлээ хугацаандаа төлж явж байсан. 2015 оноос эхэлж ажил нь доголдож эхэлсэн учраас зээлээ төлж чадахгүй байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар 314 хоног зээлээ төлөхгүй хэтэрсэн байна. Манай банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх талаар шаардсан. Мөн 5 хувийн зээлэнд хамрагдах боломжтой талаар хэлж, уг орон сууцны талбайд хэмжил зүйн газраар хэмжилт хийлгэж, 78,28 мкв болгож өөрчилсөн. Ингээд зээлдэгч нарыг урьдчилгаа төлбөрт 18,000,000 төгрөг төлбөл 5 хувийн зээлэнд хамруулаад өгье гэхэд урьдчилгаа төлбөр байхгүй гэсэн. 2016 оны 06 дугаар сараас манай банкны зүгээс зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох байраар хангуулах шийдвэр гаргаж зар өгсөн боловч одоо болтол зарагдахгүй байгаа. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд хариуцагч нараас үндсэн зээлд 84,880,918 төгрөг, зээлийн хүү 14,660,239 нэмэгдүүлсэн хүү 231,644 төгрөг, нийт 98,386,803 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь барьцаа хөрөнгө болох Замын-Үүд сумын 1 дүгээр баг, үйлчилгээний төвтэй 10 айлын 5 тоотын 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэснийг зөвшөөрч байна. Барьцаанд тавьсан байсан 3 автомашин худалдан борлуулагдсан гэдгийг банкны зүгээс мэдсэн гэв.
Хариуцагч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Бид нар банкнаас орон сууцны зээл авсан нь үнэн. Улс орон даяар эдийн засгийн мярал үүсч барилгын салбар зогсонги байдалтай болсон тул 2015 оны 12 сараас эхлэн зээлээ төлөх боломжгүй болсон гэдгээ банкинд мэдэгдсэн. Хаан банкны нэхэмжлэлиг бэлнээр төлөх боломжгүй тул гэрээний дагуу орон сууцаа суллаж өгье гэв.
Хариуцагч Э.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хаан банктай гэрээ байгуулж 87,200,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн төлбөрийг төлж байгаад хувиараа эрхэлж байсан хөдөлмөр маань эдийн засгийн хямрал нөлөөлж зогсонги байдалд орсон. Ингээд зээлийн төлөлтийг төлөөгүй удсан. Бидний зүгээс 98,386,803.10 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа боловч бэлнээр төлөх боломжгүй болсон тул барьцаанд байгаа байраар зээл төлнө. Барьцаанд тавьсан 3 машиныг худалдсан гэв.
Хариуцагч Д.Ононбайгаль шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөртэйгээ ижил тайлбартаа байна, нэмж ярих зүйл байхгүй байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбар нь хариуцагч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь:
Хариуцагч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар нь нэхэмжлэгч Хаан банкны Замын Үүд салбартай 2013 оны 08 сарын 02-ны өдөр 185/13 тоот орон сууцны зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 87,2000,000 төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар орон сууц худалдан авах зориулалтаар зээлэн авсан байх бөгөөд зээлийн барьцаа хөрөнгөд 2013 оны 08 сарын 02-ны өдрийн барьцааны гэрээгээр Ү-0714001046 тоот улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, үйлчилгээний төвтэй 10 айлын 5 тоотын 93,7 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зээлийн гэрээ болон барьцааны зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Хаан банкны Замын Үүд салбр нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийг шаардах эрхтэй, зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй байна.
Талуудын байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд зээлдэгч Э.Энхболд, Д.Ононбайгаль нар нь зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулалгүй 314 хоногоор хугацаа хэтрүүлж, нэхэмжлэгч талаас зээлийн хугацаа хэтэрч байгаа талаар сануулж, төлөхийг шаардсан боловч нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээл 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч нарын хариу тайлбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна.
Иймд хариуцагч буюу зээлдэгч Э.Энхболд, Д.Ононбайгаль нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, барьцааны зүйл болох Ү-0714001046 тоот улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, үйлчилгээний төвтэй 10 айлын 5 тоотын 93,7 мкв 3 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Монгол Улсын Иргэний хуулийн, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Энхжаргалын Энхболд /РД:ЛЮ76021331/, Хутагуул овогт Дүгэржавын Ононбайгаль /РД:ЕМ80061665/ нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 84,088,918.50 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 14,066,239.67, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 231,644.93 төгрөг нийт 98,386,803.10 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банкны Замын-Үүд салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 178 дугаар зүйлийн 178.1-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний зүйл болох Ү-0714001046 тоот улсын бүртгэлийн дугаартай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, үйлчилгээний төвтэй 10 айлын 5 тоотын 93,7 мкв 3 өрөө орон сууцыг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд 649,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 649,884 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД