Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 346

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн  Улаанбадрах суманд 1954 онд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Замын-Үүд сумын 3 дугаар баг,  Чөлөөт бүсийн 1-4 тоотод оршин суух Дугар овогт Цэрэндуламын Эрдэнэжаргалын /РД: ЕК54021576/ хүсэлтээр эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1970-1971 онд Оргил нэгдэлд ажиллаж байгаад 1972 онд цэргийн албанд татагдаж 1975 онд ирсэн юм. Ингээд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1976 оноос эхлэн тэмээ малласан бөгөөд 1990 оныг дуустал хугацаанд тасралтгүй тэмээ малласан. Тухайн үед яагаад хөдөлмөрийн дэвтэр хөтлөгдөөгүйг мэдэхгүй байна.  Улсад ажиллаж байсныг минь нотлох зүйл өөрт байхгүй байсан учраас архивт хандсан. Гэтэл архиваас зарим нэг тушаал, мөн авч байсан цалингийн хуулгыг шүүж үзэхэд тухайн үед авч байсан цалингийн жагсаалт гарч ирсэн. Энэ бичиг баримтууд дээр намайг Дугарын Эрдэнэжаргал гэж гарч ирсэн байгаа юм. Миний бие нь 2010 оноос урьд нь Дугар гэх овогтой байсан бөгөөд 1998 онд Дорноговь аймгийн Өргөн суманд шилжин суурьшихад манай сумын засаг дарга танай эгч чинь Цэрдэндулам гэж ээжээрээ овоглодог юм билээ, та 2-ыг нэг овогтой болгоё гээд миний овгийг сольж,  Цэрэндулам болгосон юм. Би энэ талаарх баримтаа хэрэгт өсгөн. Иймд архиваас олгосон цалингийн жагсаалт, тодорхойлолт,  Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн  1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаал, нэгдлийн тэргүүлэгчдийн  6 тоот тушаалын хуулбар зэргийг минийх мөн болохыг тогтоож, 1976-1990 оныг дуустал хугацаанд Улаанбадрах сумын Оргил нэгдэлд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн нэг зүйлийг тодруулахад манай сумынхан намайг дээр үед Алгаа гэж дууддаг байсан бөгөөд нэгдлийн бичиг баримт эрхэлдэг хүмүүс намайг олонд нэршдэг байсан нэрийг зарим нэг тушаалд дээр бичсэн байдаг байх, тэгээд цалингийн тодорхойлолт дээр Алгаа гэж бичсэн талаар тэмдэглэсэн байх гэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь Дугарын Эрдэнэжаргал нэрээр бичигдсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар,Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 6 дугаар тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн 346 тоот, Дорноговь аймгийн  архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолт  /жагсаалт / зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох,

түүнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1976 оноос эхлэн 1990 оныг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай шаардлагыг тус тус гаргажээ.

1.Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох тухай шаардлагын талаар:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар,Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 6 дугаар тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн 346 тоот, Дорноговь аймгийн  архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолт  /жагсаалт / дээр Дугарын Эрдэнэжаргал гэж тус тус тэмдэглэгдсэн байгаа нь нэхэмжлэгч Цэрэндуламын Эрдэнэжаргалын иргэний үнэмлэх дээрх овогтой тохирохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь  харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 110/001657 дугаартай ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай “ ЕК54021576 регситрийн дугаартай, хүү, Дугарын Эрдэнэжаргалыг  Дорноговь аймгийн  Сайншанд сумын Засаг даргын 275 тоот захирамжаар  2010 оны 11 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ОНӨ-ийн 483 дугаарт Дугар овогт Цэрэндуламын  Эрдэнэжаргал  болгон өөрчилсөн бүртгэл байгаа тул лавлагаа олгов” гэсэн лавлагаа /хх-ийн 54/,

мөн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 сарын 08-ны өдрийн 110/001657 дугаартай “ Дугар овогт Цэрэндуламын Эрдэнэжаргал ЕК54021576 регистрийн дугаартай байна” гэсэн лавлагаа  /хх-ийн 53/ зэргийг тус тус шүүхэд ирүүлжээ.

Дээрх лавлагаанд бичигдсэн ЕК54021576 регситрийн дугаар нь нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргалын иргэний үнэмлэх дээрх /хх-ийн 45/ регистрийн дугаартай тохирч байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Эрдэнэжаргалын хувийн байдлын талаар мэдүүлэг өгсөн Ц.Цэнд-Аюушийн мэдүүлэг, гэрч Цэрдэндуламын Шархүүхэний мэдүүлэг зэргээс  үзэхэд нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь нэгдэлд мал маллаж байх үеэс эхлэн Дугараар овоглодог байсан талаар мэдүүлдэг бөгөөд уг нотлох баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь 2010 оны 11 сарын 02-ны өдрөөс өмнө Дугар овгоор овоглож байгаад 2010 оны 11 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 275 тоот захирамжаар овгоо өөрчилж, Дугар овогт Цэрэндуламын Эрдэнэжаргал гэж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд Дугарын Эрдэнэжаргал гэсэн нэрээр бичигдсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар,Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 6 дугаар тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн 346 тоот, Дорноговь аймгийн  архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолт  /жагсаалт / зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Эрдэнэжаргал мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

2.Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргал нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1976 оноос эхлэн 1990 оныг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар, нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 6 дугаар тушаалын хуулбар /хх-ийн 5-8/

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн 346 тоот /хх-ийн 12/

Дорноговь аймгийн  архивын тасгаас гаргасан “  Дугар овогт Цэрэндуламын Эрдэнэжаргал нь 1970, 1971 он, 1976-1990 он хүртэл Улаанбадрах сумын Оргил нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авсан цалингийн жагсаалт,  цалингийн баримтад 1970-1973 он хүртэл Д.Алгаа, 1984-1990 он хүртэл Д.Эрдэнэжаргал гэсэн нэрээр цалин авч байсан” гэсэн тодорхойлолт /хх-ийн 13-15/,

Б.Жаргалсүрэнгийн “ Намайг  Улаанбадрах суманд Аргалант бригадад 1971-1992 он хүртэл мал маллаж  байхад  Дугар овогтой Эрдэнэжаргалыг бид Дугарын Алгаа гэж дууддаг байсан” гэсэн тодорхойлолт,

гэрч Ц.Александрын шүүхэд өгсөн “ Намайг 1977-1979, 1986-1990 оны хооронд Дорноговь аймгийн  Улаанбадрах суманд ажиллаж байхад  Эрдэнэжаргал нь  тус хугацаануудад Аргалант бригадад малчнаар ажиллаж байсан.  Эрдэнэжаргалыг бригадынх нь  Алгаа гэж дууддаг байсан бөгөөд Эрдэнэжаргал  гэхээс илүүтэйгээр  Алгаа гэвэл  сумын хүмүүс таних байх “ гэсэн мэдүүлэг,

гэрч Г.Пүрэвжавын шүүхэд өгсөн “ 1976 оноос хойш 1990 он хүртэл Дорноговь Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Аргалант багт тэмээ маллаж байсныг нь мэднэ. Би 1964 онд Оргил нэгдэлд адуу маллаж байгаад цэрэгт яваад 1967 онд цэргээс халагдаж ирээд Улаанбадрах сумын хүн эмнэлэгт сувилагчаар 1971 он хүртэл ажиллаж байгаад Улаанбадрах сумын Оргил нэгдлийн 1-р багт малчинаар 1991 он хүртэл  тасралтгүй ажиллаж амьдарч байсан. Тэгэхэд Эрдэнэжаргал нь цэргээс халагдаж ирээд 3-р багт тэмээчинээр 1990 оныг дуустал тасралтгүй тэмээчнээр ажиллаж байсан. 1976-1990 оны хооронд нэгдлийн дарга Нямбуу, 3-р багийн дарга Бавуудорж, багийн эмч Ц.Александр гэж хүмүүс байсан. Ер нь бол Д.Эрдэнэжаргал нь нэгдэлд  тэмээнээс өөр мал маллаж байгаагүй” гэсэн мэдүүлэг,

гэрч Ц.Цэрэннамжилын шүүхэд өгсөн “ Манай аавын төрсөн дүү байгаа юм. Ц.Эрдэнэжаргал нь 1972 онд цэрэгт яваад 1975 онд нүдээ гэмтээгээд цэргээс халагдаж ирсэн. Тэгээд ирээд 1976 оноос 1990 он хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн 3-р баг буюу Аргалант багт тэмээ маллаж байсан. Би тэр үед мөн тус нэгдэлд тэмээ маллаж байсан... Би хүүхэд байхаас л Ц.Эрдэнэжаргалтай хамт нэг гэрт амьдарч, тэмээ маллаж байсан...манай аавын аав Дугар гэж хүн байсан юм. Манай аавыг Дугарын Цэрэннамжил гэдэг байсан. Манай аав эхээс гурвуул Дугарын Цэрэннамжил, Шархүүхэн, Эрдэнэжаргал гэж хүмүүс байдаг. Манай аавын ээжийг Цэрэндулам гэдэг байсан. Нэгдэлд байхад Эрдэнэжаргал ахыг Дугарын Эрдэнэжаргал гэж манай аавтай адил нэг овгоор овоглодог байсан. Шархүүхэн эгчийг хэнээр овоглож явдгийг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргалыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1976 оноос эхлэн 1990 оныг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-120, 133 дугаар зүйлүүдийг дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар  Дугарын Эрдэнэжаргал гэсэн нэрээр бичигдсэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 1981 оны 05 сарын 05-ны өдрийн 06 тоот тушаалын хуулбар, Нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 6 дугаар тушаалын хуулбар, Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 11 сарын 09-ны өдрийн 346 тоот, Дорноговь аймгийн  архивын тасгаас гаргасан цалингийн тодорхойлолт  /жагсаалт / зэргийн жинхэнэ эзэмшигч нь Ц.Эрдэнэжаргал /РД: ЕК54021576/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар нэхэмжлэгч Ц.Эрдэнэжаргалыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд 1976 оноос эхлэн 1990 оныг дуустал хугацаанд тэмээчнээр ажиллаж байсныг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйл 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ     А.ЦЭРЭНХАНД