Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2020/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Наранбаярын Цд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2029000420037 тоот эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш Оюутолгой ХХК хүртэлх хатуу хучилттай автозамын 31 дэх км-т Тоёота Аллион маркийн 08-01 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Ц.Цагааны 3 тооны тэмээг мөргөж зам тээврийн осол гарган, иргэн Б.Хүрлээгийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын урд нум дайрсан хугарал, хүзүүний 3, 4, 5-р нугалмын түвшин дэх нугасны няцрал, тархи доргилт бүхий хүнд гэмтэл учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-19-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-30-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 32-34-р хуудас/,

Хохирогч Б.Хүрлээгийн өгсөн: “Би өөрийн хүргэн хүү болох Н.Цд ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад үр хүүхэддээ гомдох эрх байхгүй. Ямар санаатай ийм зүйл болсон биш дээ. Надад өөр хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

Гэрч Х.Нарангаравын өгсөн: “Би 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотоос 09 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгийн Ханбогд сум орохоор явж байсан юм. Тэгээд 20 цаг өнгөрөөд Оюутолгойгоос Ханбогд сумруу салаад хатуу хучилттай замаар явж байсан юм. Би машинд арын суудал дээр зүйрмэглээд сэрсэн чинь урд талаасаа хойшоо чиглэлтэй 3-н тэмээ зам хөндлөн гарч яваа харагдсан тэгээд би Цг “хүүе наана чинь тэмээ байна” гэсэн чинь л түр тар гээд л мөргөчихсөн юм. Тэгээд аавыг хойш нь болгосон чинь нүүрнээс нь цус гараад байсан тэгэхээр нь “ааваа та битгий ухаан алдаарай” гэж хэлсэн тэгээд хойш нь сандалруу налуулахад “аавынх нь хамаг юм мэдээгүй болчихлоо” гэсэн. Тэгээд Цг “машинаа асаа” гэсэн чинь машинаа асаасан тэгээд хөдлөөд цааш Ханбогд сумруу явж байсан чинь өмнөөс Цагдаагийн машин хүрч ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 57-р хуудас/,

Гэрч Ж.Өлзийбаярын өгсөн: “...Тэгээд харанхуй болсон байсан гэрэл гараад Оюутолгой өнгөрлөө гэж ярьж байсан удалгүй түр нар гээд хүүхэд уйлаад явсан би ард зүүрмэглээд явж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэд уйлахаар нь сэрсэн чинь том хүүхдийнх нь баруун хөмсөгний дээд хэсгээс нь цус гараад эхнэр нь “аав гайгүй биз” гээд уйлаад би шоконд ороод 2 хүүхдийг тэврээд сууж байтал цагдаагийн машин ирээд аваад сумруу явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,

Гэрч Ц.Цагааны өгсөн: “...Тэгэхээр нь би хүүхдээ дуудаад осол болсон гэх газар өөрийн биеэр ирж үзэхэд манай зөв талын гуянд өрөө чойнжин тамгатай зөв талын чихэнд улаан ягаан ээмэгтэй эр 3 наст тэмээ байсныг нүдээрээ үзсэн. Бас нэг манай 3 настай эм тэмээний хөлийг хугалсан байсныг авах гээд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр очиход замаас хойш 300м зайд нэг 4 настай тэмээ ам, хамар бөгсөөр нь цус гарч үхээд шувуу их суугаад нилээн бутрааж идсэн байсан. Хөл нь хугарсан тэмээг бид өөрсдөө янзлаад авсан. Мал болохгүй хөл нь шажигнаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Мөн түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “Тухайн зам тээврийн ослоос нэг 3 настай болон 4 настай нэг тэмээ үхсэн. Харин 3 настай тэмээний хөл нь хугарсан. Би 3 настай тэмээ болон 4 настай тэмээнийхээ хохирлыг нэхэмжилж байна. Харин нэг 3 тэмээ нь хөл нь хугарсан. Тэр тэмээг би өвлийн идэш болгосон. Тэр тэмээний хохирлыг би нэхэмжлэхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай: “Тоёота Аллион маркийн 08-01 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Наранбаяр овогтой Ц Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1427 дугаартай:

  1. “Б.Хүрлээгийн биед хүзүүний 1 дүгээр нугалмын урд нум дайрсан хугарал, хүзүүний 3, 4, 5-р нугалмын түвшин дэх нугасны няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5, 3.1.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх мэдүүлэг /хх-ийн 94-р хуудас/,

Шүүгдэгч Н.Цгийн хувийн байдлын талаар: 

Шүүгдэгч Н.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 123-р хуудас/,

Шүүгдэгч Н.Цгийн иргэний гэрлэлтийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 106-108, 153-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай  гэж үнэлэв.

Шүүгдэгч Н.Ц нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс баруун тийш Оюутолгой ХХК хүртэлх хатуу хучилттай автозамын 31 дэх км-т Тоёота Аллион маркийн 08-01 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэм буруутай нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар  тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хүрлээгийн биед хүнд, хохирогч Ц.Цагааны 3 тооны тэмээ буюу гэмт хэргийн хохирол, харин мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү хохирлын улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно.

 Шүүгдэгч Н.Ц замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутай байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа буюу  Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Н.Цд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

Шүүхээс шүүгдэгч Н.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж  зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 12.4 “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Хүрлээгийн биед хүнд гэмтэл учруулсан, иргэн Ц.Цагааны 3 тооны тэмээг дайрч хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.3-т хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Зам тээврийн осол гарахад тухайн өдрийн цаг агаарын байдал, замын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: Хохирогч Б.Хүрлээгийн: “Би өөрийн хүргэн хүү болон Н.Цд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, хохирогч Ц.Цд хохирол төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу “шүүгдэгч Н.Цгийн бусдын биед хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн”  зэрэг нөхцөл байдлыг шүүх хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй  гэж үзэв.

- Улсын яллагчаас Н.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1-т, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснуудыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаанд тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах албадлагын арга хэмжээ авах дүгнэлтийг,

- шүүгдэгч Н.Ц нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг дүгнэж, түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй, боломжтой байна.

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Н.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан ялын доод хэмжээгээр  “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авах, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авах ” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно” зааснаар шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс нэмэгдэл ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

Бусад асуудлаар: Шүүгдэгч Н.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн, 400 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн, Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн B ангиллын №709602 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг тус тус  дурьдах нь зүйтэй.

            Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Монгол овогт Наранбаярын Цд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.2 дугаар зүйлийн 1.1 хэсгүүдэд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Цы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хор уршгийг арилгах албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн оногдуулахыг дурдсугай.

4. Шүүгдэгч Н.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, хохирогч Ц.Цагаанд хохирол төлбөрт 1 000 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 400 000 төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Н.Цы B,  №709602  дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.БАТТУЛГА