Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 538

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, шүүгч А.Энхтөр, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

РД: /*******/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг,

         

Хариуцагч:  *******ны Өмнөговь салбар,

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далан 3-р баг, ******* байрлах,

 

Эвдэрч гэмтсэн тавилга тоног төхөөрөмж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ болох 9.607.255  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч Ө.Байгальмаа, гэрч *******, *******, *******, , , , , нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбараас эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч “*******” ХХК түүний төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар үндэслэн тайлбарлажээ.

...Худалдаа хөгжлийн банк нь манай компанийг зээлээ төлж чадахгүй байгаагаар шалтаглан нэг тэрбум нэг зуун сая гаруй төгрөгийн өртөгтэй /үнэлгээ нь бүр өндөр болно, ажил үйлчилгээ явуулж орлого олдог барилга учир хамгийн багаар бодоход (1329 м2 х 1 250,0 мянган ₮=1 661 250,0 Нэг тэрбум зургаан зуун жаран нэгэн сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр) үнэлэгдэх/, төвийн бүсийн А зэрэглэлийн газарт баригдсан объектыг, инженерийн шугам сүлжээ бүхий байршил сайтай газрын хамт нийт төлөх 569 112 784 /таван зуун жаран есөн сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийн зээлийн өрөнд суутгаж бусдад худалдсан гэж хэдэн төгрөгөөр, хэнд, ямар замаар худалдан борлуулснаа нууцлан манай компанийн хөрөнгөнд хууль бусаар халдаж, илтэд үнэгүйдүүлэн, бусдад /авсан гэх этгээдэд/ ихээхэн хэмжээний хөрөнгө завших бололцоо олгосон үйл ажиплагаа явуулсан. Энэ нь 2015 оны 12-р сарын 21-нд үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөх шаардлага тавьж, ямар нэг хугацаа өгөлгүй шахаж шаардан, маш их яарч, бүх цоожийг сольж, манай компанийхныг болон түрээслэгчидийг орж гарах бололцоогүй болгон тавилга, эд хогшил, бараа, тоног төхөөрөмжийг задлан зөөж гаргаж байсан байдлаар нь ч тодорхой харагдаж байна. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбарын ажилчин Т. Эрдэнэсүх, Б. Болормаа, Р. Сувдаа, О. Хашбат нар нь гадны хэн нь үл мэдэгдэх зарим нь архи уусан согтуу хүмүүсийн хамтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үйл ажиллагааг хүчээр, хууль бусаар /уул үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх, доторх эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх тухай шүүхийн ямар нэг шийдвэр байхгүй/ явуулж байх үедээ зарим нэг тавилга, эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг эвдлэх, ашиглах болон худалдах аргагүй болгон муутгаж чанар байдлыг алдагдуулах зэргээр нилээд их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэхүү хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй... Иймд дээрх эд хөрөнгийг актаар тогтоосны дагуу

 

-“*******” ХХК-ны муудсан хүнсний бараа

1.Өндөг-56ш нэгж үнэ 280 төгрөг нийт 15680 төгрөг

2.1,5л гоё тараг 3ш нэгж үнэ 4500 төгрөг нийт үнэ 13500 төгрөг

3.0,5л гоё тараг 3ш нэгж үнэ 1800 төгрөг нийт үнэ 5400 төгрөг

4.Пирожин 1ш 900 төгрөг

5.Хэрчсэн гурил 1ш 800 төгрөг

6.Үзэмт 2ш нэгж үнэ 1300 төгрөг нийт үнэ 2600 төгрөг

7.Бин 1ш 1600 төгрөг

8.Маахуур 1ш 2300 төгрөг

9.Кремт 3ш нэгж үнэ 1500 төгрөг нийт үнэ 4500

10.Шагшуурга 1ш 2300 төгрөг

11.Савхан ДЗ хүнс 2ш нэгж үнэ 2300төгрөг нийт үнэ 4600 төгрөг

12.Савхан бөмбүүлэй цех 1ш 2300төгрөг

13.Кремт ДЗ хүнс 1ш 1500 төгрөг

14.Шоколадтай кремт 2ш нэгж үнэ 1600 төгрөг нийт үнэ 3200 төгрөг

15.Тоонот талх 1ш 1000 төгрөг

16.Фужи алим 3,075 нэгж үнэ 5000 төгрөг нийт үнэ 15375 төгрөг

17.Цасан гоо алим 1,450 нэгж үнэ 6000 төгрөг нийт үнэ 8700 төгрөг

18.Сироп 132ш нэгж үнэ 200 нийт үнэ 26400 төгрөг

19.6-тай чоко-пей 1ш 2200 төгрөг

20.12-той чоко-пей 6ш нэгж үнэ 4300 нийт үнэ 25800

21.Лаазалсан шпрот загас 1ш 2300 төгрөг

22.Лаазалсан сардина загас 1ш 3000 төгрөг

23.Тушёнка 1ш 1700 төгрөг

24.Монгол төмс 12кг нэгж үнэ 800 нийт үнэ 9600 төгрөг. Дүн 157255 төгрөг.

 

-******* ХХК-ны тавилгын эвдрэл гэмтлийн тооцоо

1. Оффисын том хүрэн ширээ 1ш үнэ 3600000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тавцан тогтоодог хөл 4 ширхэг, ширээний нүүр, том ширээний тавцан /актны 1,2,3,6-д/ Энэ ширээг угсрах аргагүй бүх углуурга хугарсан, урагдсан, зурагдсан, хөл дугуйнууд хагарсан хугарсан/

2. Оффисын жижиг хүрэн ширээ 1ш үнэ 1350000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тумбочкатай хөл, ширээний тавцан /актны 4,5,9-д/. Энэ ширээ ашиглах аргагүй хугарсан, урагдсан, зурагдсан, цөмөрсөн/

3.Сэтгүүлийн ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Тавцан нь маш их зурагдсан /актны 7-д/ Энэ ширээ ашиглах аргагүй урагдсан, зурагдсан/

4. 5 хаалгатай хүрэн шкаф 1ш үнэ 1800000 төгрөг /эвдэрсэн нь: Хаалга нь цөмөрсөн/ актны 8-д/ Ижил хаалга олдохгүй тул ашиглах аргагүй/

5. Бичгийн 7 хаалгатай шар шкаф 1ш үнэ 1200000 төгрөг /эвдэрсэн нь: Хана нь цөмөрсөн, булан хугарсан, углуурганууд хугарсан /актны 10,11-д/ хана олдохгүй тул ашиглах аргагүй, угсрах аргагүй/

6. Бичгийн шар ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Энэ ширээ бүрэн эвдэрсэн /актны-12-д//

7. Гэрэлтдэг үсгэн хаяг үнэ 900000 төгрөг /эвдэрсэн нь: А Р В И Н  С А Н /актны-13-д/ 4 үсэг x 0,64м2=2,56м2 x 350000/ төгрөг. Дүн 9450000 төгрөг. Нийт хохирол 9607255 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хариуцагч тал  татгалзлаа дараах байдлаар үндэслэн тайлбарлажээ.

“*******” ХХК нь *******ны Өмнөговь салбарыг хариуцагчаар татсан.

-Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд зөвхөн банкны үйлчилгээний зарим үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг мөн манай салбар нь тусгайлсан хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй билээ.

2-“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах нь зүйтэй.

-Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.” Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ, 28.2 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна.” гэж тус тус заасан байна.

Иймд, манай салбар нь *******ыг шүүхэд шууд төлөөлөх эрхгүй мөн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргаагүй байна.  Энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, “65.1.2 энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн үед би байгаагүй дөнгөж ажилд шинээр томилогдож байсан. Бараа бүтээгдхүүн дээр маргаад байх зүйл байхгүй. Эд хөрөнгөн дээр үнэлгээ хийлгүүлж үнийг тогтоочихоод байхад нэхэмжлэгч тал санал  нийлэхгүй байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК эвдэрч гэмтсэн тавилга тоног төхөөрөмж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ 9607255 /Есөн сая зургаан зуун долоон мянга хоёр зуун тавин таван/ төгрөгийг нэхэмжилдэг.

Хариуцагч *******ны Өмнөговь салбар төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

*******ны Өмнөговь салбар нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал “*******” ХХК-ны үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн мэдэлд шилжүүлэн авахдаа доторхи зарим тавилга, эд хогшил барааг бусдаар зөөлгүүлэхээр  ажилчид хөлслөн авч ажиллуулжээ.

Эд хөрөнгийг шилжүүлэн зөөвөрлөх явцад ******* ХХК-д

-24 нэр төрлийн /өндөг, 1,5л болон 0,5л гоё тараг, пирожин, хэрчсэн гурил, үзэмт бин, маахуур, кремт шагшуурга, савхан ДЗ хүнс, савхан бөмбүүлэй, кремт ДЗ хүнс, шоколадтай кремт, тоонот талх, фужи алим, цасан гоо алим, сироп, 6-тай болон 12-той чоко-пай, лаазалсан шпрот загас, лаазалсан сардин загас, жигнэсэн мах, монгол төмс/ хүнсний бараа, 

-7 нэр төрлийн / Оффисын том, жижиг хүрэн ширээ, сэтгүүлийн ширээ, 5 хаалгатай хүрэн шкаф, бичгийн 7 хаалгатай шар шкаф, бичгийн шар ширээ, гэрэлтдэг үсгэн хаяг/ тавилга, эд зүйл

эвдэрсэн, гэмтэж муудсан болох нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн “*******” ХХК-ны Супермаркетийн хүнсний болон тавилгын эвдрэл гэмтлийг бүртгэсэн бүртгэл, актаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ны төлөөлөгч ******* бараа эд зүйлийг зөөвөрлөх явцад тавилга эд зүйл эвдэрч, хүнсний бараа муудаж хэрэглэх боломжгүй болж хохирол учирсан гэсэн тайлбарыг гаргадаг. Хариуцагч тал үүнийг няцаагаагүй тул хохирлыг бараа эд зүйлийг зөөж тээвэрлэх үед бий болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

*******ны Өмнөговь салбар нь нэр бүхий 8 ажилчидаас гадна  нь өөр ажилчид авч ажиллуулсан гэх бөгөөд эдгээр ажилчид нь Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбараас өгсөн үүрэг даалгаварын дагуу тавилга, бараа бүтээгдэхүүн шилжүүлэн зөөвөрлөж ажилласан болох нь гэрч Б.Болормаагийн мэдүүлэг, нэхэмжлэгч хариуцагчийн тайлбараар нотлогддог. Эдгээр ажилчид нь *******ны Өмнөговь салбартай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хэдий ч түүний өгсөн үүрэг даалгаварын дагуу ажилласан байх тул *******ны Өмнөговь салбарын ажилчидтай адилтган үзэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажилтан .... ажил олгогчоос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх явцад зөрчил гарган бусдад гэм хор учруулсан тохиолдолд хариуцлагыг ажил олгогч хүлээнэ.” Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэжээ.

“******* ХХК” нь Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбараас эд хөрөнгөд учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.

“*******” ХХК нь

-24 нэр төрлийн хүнсний бараа /1,5л болон 0,5л гоё тараг, пирожин, хэрчсэн гурил, үзэмт бин, маахуур, кремт шагшуурга, савхан ДЗ хүнс, савхан бөмбүүлэй, кремт ДЗ хүнс, шоколадтай кремт, тоонот талх, фужи алим, цасан гоо алим, сироп, 6-тай болон 12-той чоко-пай, лаазалсан шпрот загас, лаазалсан сардин загас, жигнэсэн мах, монгол төмс/ эвдэж муутгасан гэж 157,255 төгрөгийн,

 -7 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө / Оффисын том, жижиг хүрэн ширээ, сэтгүүлийн ширээ, 5 хаалгатай хүрэн шкаф, бичгийн 7 хаалгатай шар шкаф, бичгийн шар ширээ, гэрэлтдэг үсгэн хаяг/ эвдэлж гэмтээсэн гэж 9,450,000 төгрөг нэхэмжилжээ.

 

Хариуцагч *******ны Өмнөговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанаас өмнө Э.Хүлэгийг, шүүх хуралдаанд *******, *******, *******, , , , нарыг гэрчээр мэдүүлэг авхуулуулсан бөгөөд эдгээр гэрчүүд нь хэн эд хөрөнгийг муутгасан, эвдэлж хэмхэлсэн талаар гэрчлэхгүй байх тул ХХБ-ны Өмнөговь салбар нь нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ нотолж чадахгүй байна гэж үзлээ.   

 

Шүүх хүнсний бүтээгдэхүүнийг нэхэмжлэгчийн тайлбар болон зах зээлийн үнийн бодит байдлыг харгалзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнэ буюу 157255 төгрөгөөр төлүүлэхээр, харин эвдэрч гэмтсэн тавилга тоног төхөөрөмжийн үнийг нэхэмжлэгчийн тайлбар болон эд юмсын эвдрэлийн байдал, зах зээлийн үнэ ханш зэргийг харгалзан оффисын том хүрэн ширээг 1,000,000 төгрөг, оффисын жижиг хүрэн ширээг 1,350,000 төгрөг, сэтгүүлийн ширээ 1ш үнэ 300,000 төгрөг, 5 хаалгатай хүрэн шкафыг 900,000 төгрөг, бичгийн 7 хаалгатай шар шкафыг 600,000 төгрөг, бичгийн шар ширээг 300,000 төгрөг, гэрэлтдэг хаягийн 4 үсгийг 450,000 төгрөгөөр тус тус тооцон 4720000 төгрөг, нийт 4877255 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбараас гаргуулахаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж эд хөрөнгүүдийг үнэлүүлсэн хэдий ч  шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон шүүгчийн захирамжид заасныг баримтлаагүй байх тул Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Хүсэлт гаргагч шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч дахин болон нэмэлт шинжилгээ хийлгүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.   

 

Хариуцагч *******ны Өмнөговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай салбар ******* ХХК-ыг шүүхэд шууд төлөөлөх эрхгүй мөн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргаагүй байх тул шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэсэн тайлбар гаргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг нь “хариуцагч” нь хуулийн этгээд байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн харъяаллаар гаргахыг заажээ. Нэхэмжлэгч “*******” ХХК нь нэхэмжлэлээ *******ны Өмнөговь салбарт холбогдуулж түүний оршин байгаа газрын хаягаар гаргасан нь харъяалал зөрчөөгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт зааснаар *******ны Өмнөговь салбараас 4 877 255 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

2.“*******” ХХК-ны нэхэмжлэлээс 4 730 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ны Өмнөговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 92987 төгрөг гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Р.УРАНЧИМЭГ

 

                                    ШҮҮГЧИД                                        А.ЭНХТӨР

 

                                                                                             Л.УГТАХБАЯР