| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 144/2020/0057/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/61 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогч: Б.Отгонбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Бд холбогдох 1929003460003 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 85 дахь км-т Тоёота Приус-20 маркийн 81-22 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 12-93 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Отгонбаярын биед тархины доргилт, баруун хөлийн бүдүүн шилбэ ясны өсөлтийн хэсгийг дайрсан ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, С.Өлзий-Отгоны биед сэрээний 9, 10-р нугалмын арын сэртэн, баруун 10, 11-р хавирганы хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: Хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Отгонбаяр мэдүүлэхдээ: Би Цогтцэций сумын орон нутгийн хэлтэст ажилладаг байсан. Амралтаараа сургалтад сууж мэргэжлээ дээшлүүлэх зорилготой Улаанбаатар хотод очсон. Сургалтандаа сууж дуусаад Ханбогд сум руу ирэх унаа хайсан. Ханбогд сум явна гэсэн зар байсан учир явсан. Хотоос гарахдаа нэг хэсэг зогссон. Дундговь аймаг дээр ирээд хоол идчихээд гарахдаа тэмцээнд орсон учир нойр муутай байгаагаа хэлж байсан. Би машины урд суудалд сууж явсан. Жолооч нойр муутай гэсэн учир би огт унтаагүй. Хамт явж байсан эгч ард суусан байсан. Цогтцэций сум дөхөж байх үед 1 цаг 30 минут орчим тойрч явсан. Цогтцэций сумын гэрэл нь харагдаж байсан боловч орж чадаагүй. Нэлээн явсны дараа нэг машин дагаж байж замаа олж авсан. Цогтцэций суман дээр зогсоогүй шууд явсан. Явж байхдаа ард сууж байсан эгч бид 2 нойр чинь хүрч байвал унтаад явсан ч болно гэж хэлсэн боловч жолооч өглөө яаралтай ажилтай гэж хэлээд яараад явсан. Шөнийн 2 цагийн үед том тэрэгний ардаас орсон. Нэг сэрсэн чинь машин дотор утаа болчихсон байсан. Би арагшаа хараад нөгөө эгчийгээ дуудаад машинаас гарах гэсэн боловч нэг талын хөл өвдөөд гарч чадахгүй байсан. Машин түшиж гадаа гараад гэр лүүгээ ярьсан. Манай ээж ах 2 ирж бид хэдийг аваад явсан. Ханбогд суманд ирээд шууд эмнэлэг дээр буусан. Эмнэлэгт хэвтээд 3 хонож байхад яаралтай шүүх эмнэлгийн дүгнэлт хэрэгтэй гэсэн учир машин хөлсөлж Өмнөговь аймаг орж шүүх эмнэлгийн дүгнэлт авчирсан. Өмнөговь аймагт эмчилгээ хийлгээгүй. Зураг авахуулсан байгаа. Жолоочийг мөнгө өгвөл эмчилгээ хийлгэх шаардлагатай гэдгээ хэлсэн. Шүүгдэгчийг ямар ч хохирол барагдуулаагүй байх үед баримттай баримтгүй их хэмжээний мөнгөөр эмчлүүлсэн. Баримтгүй зүйлээ оруулаагүй. Баримттай зүйлээ хэрэгт хавсаргаж өгсөн. 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа шалтгаан нь гадаа хүйтэн байхад хөл, толгой их өвддөг. Өвчин намдаах эм ууж байгаа. Ажлаа хийх хүсэлтэй байгаа боловч эргээд ажилдаа орох эрх байхгүй байна. Шүүгдэгчтэй тохиролцож нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг шүүгдэгч нь надад 500.000 төгрөг өгч байхад нь бичсэн. 150.000 төгрөгийг хасаагүй бичсэн гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-3-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-22-р хуудас/,
Хохирогч Б.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
Хохирогч С.Өлзий-Отгоны мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч М.Давхарбаярын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч О.Мөнхжолоогийн мэдүүлэгч /хх-ийн 50-р хуудас/,
Гэрч О.Анхбаярын мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Виннер вэй ХХК-ийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн №15604907 дугаартай Автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 56-р хуудас/,
Вендо хөрөнгийн үнэлгээний компанийн 2019 оны 11 сарын 20-ны өдрийн №15660900 дугаартай авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 59-р хуудас/,
Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ, Өмнөговь аймаг Цогтцэций сумын техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 сарын 18-ны өдрийн №180616 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 64-67-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 683 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13800 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 72-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13945 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын орон нутгийн замын хяналтын хэлтсийн гэрээт цагдаагийн хэлтсийн 2019 онй 12 дугаар сарын 11-ний өдрийн №02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 81-83-р хуудас/,
Хохирогч С.Өлзий-Отгоноос гаргасан хохирлын баримт /хх-ийн 101-113-р хуудас/,
Хохирогч Б.Отгонбаяраас гаргасан хохирлын баримт /хх-ийн 121-131-р хуудас/,
Хохирогч нарт хохирол төлсөн баримт /хх-ийн 134-136, 188-190, 207-р хуудас/,
Шүүгдэгч Э.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 144-р хуудас/,
Шүүгдэгч Э.Бын иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэх, жолоочийн лавлагаа, мэдээлэл хуудас /хх-ийн 145, 179-183-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын 85 дахь км-т Тоёота Приус-20 маркийн 81-22 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 12-93 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Отгонбаяр, С.Өлзий-Отгоны нарын биед хүндэвтэр хохирол тус тус учруулж, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Хохирогч Б.Отгонбаярын өгсөн “... Жолооч хотоос гарахдаа тэмцээнд ороод нойргүй явж байгаа гэж хэлж байсан. Жолооч нойрмоглоод байхаар нь ард сууж явсан эгч бид хоёр яараад яахвээ жоохон зогсож амарч байгаад явъя гэхэд өглөө эрт цаг бүртгүүлэх ёстой гэж байсан..., “...би доошоо хараад утсаараа юм үзээд явж байхад гэнэт юм мөргөсөн би толгойгоороо урагш юм мөргөсөн, жолооч ахын толгойноос цус гарч байсан эргэж хараад арын суудалд байсан эгчийг татаж сэрээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,
- Хохирогч С.Өлзий-Отгоны өгсөн “... миний бие Цогт-Овоо сум болон Цогтцэций сум өнгөрч явахад жолоочид хандан машинаа замын хажууд зогсоогоод хэсэг унтаж амрах талаар 2 удаа сануулсан..., “...Зүүрмэглээд явж байх үед гэнэт их дуу чимээ гарсан. Сэрээд хартал тээврийн хэрэгслийн урд талын аваарын дэр гараад ирчихсэн тээврийн хэрэгслийн урд хамар чихэгдсэн байдалтай дотроо их хэмжээний утаа болсон тээврийн хэрэгсэл зогсохгүй нэг юманд чирэгдэж явсан. Тухайн осол болох үед миний бие ар нурууны баруун талаараа авто машины ард талын суудлын голд байдаг хөндлөвчийг нуруугаараа хүчтэй дарж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39-р хуудас/,
- Гэрч О.Анхбаярын өгсөн “...Норд бенк маркийн 12-93 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 99-30 Ач чиргүүлийн зүүн хойд талаас приус 20 маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн. Би тэгэхээр нь машиныхаа хурдыг хасч зогссон юм. Би машинаасаа буугаад очсон чинь 3 хүн машинаасаа гарч ирээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
- Өмнөговь аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 683 дугаартай шинжээчийн: “...Б.Отгонбаярын биед тархи доргилт, баруун хөлийн бүдүүн шилбэ ясны өсөлтийн хэсгийг дайрсан ясны хугарал үүссэн гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 69-70-р хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13945 дугаартай шинжээчийн: “...С.Өлзий-Отгоны биед сээрний 9, 10-р нугалмын арын сэртэн, баруун 10, 11-р хавирганы хугарал, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 74-р хуудас/,
- Зам тээврийн осол дээр тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаартай “...Энхтуяа овогтой Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна. Уг осол хэрэг гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 81-83-р хуудас/, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байх бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн дээрх үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч Э.Б нь Ухаа худаг уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай автозамын 85 дахь км-т Тоёота Приус-20 маркийн 81-22 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Ядарсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 12-93 УНЗ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, иргэн Б.Отгонбаярын биед тархины доргилт, баруун хөлийн бүдүүн шилбэ ясны өсөлтийн хэсгийг дайрсан ясны хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, С.Өлзий-Отгоны биед сэрээний 9, 10-р нугалмын арын сэртэн, баруун 10, 11-р хавирганы хугарал, тархи доргилт бүхий хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан үйлдлийн шинж нь уг гэмт хэргийн шинжтэй тохирч байх тул гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хохирол төлбөрийн талаар:
Хохирогч С.Өлзий-Отгоноос баримтаар 1 274 504 төгрөг /хх-ийн 101-113/, хохирогч Б.Отгонбаяраас баримтаар 645 478 төгрөг /хх-ийн 121-131/-ийг нэхэмжилсэн бөгөөд хохирогч С.Өлзий-Отгон цаашид гомдол саналгүй гэсэн байх бөгөөд харин хохирогч Б.Отгонбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт 4 350 000 төгрөг нэхэмжилсэн болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасны дагуу хохирогч Б.Отгонбаяр нь хүндэвтэр гэмтэлтэй холбоотойгоор 4 350 000 төгрөг нэхэмжилж байх боловч түүнийгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, гэм буруутай этгээд болох Э.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага ногдуулахдаа түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 төгрөгөөр торгох ялын санал гаргав.
Гэвч шүүгдэгч Э.Б нь хэт хайхрамжгүй, өөрийн ядарсан, нойр дутуу байснаа мэдсээр атлаа 2 хүнийг зорчигчоор тээврийн хэрэгсэлдээ суулган орон нутгийн замд шаардлага тавьсаар атал амрахгүй явсны үр дагаварт 2 хүний биед хүндэвтэр гэмт учруулсан гэмт хэргийн үйлдлийн шинж байдлаас түүнийг 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харнууд овогт Энхтуяагийн Быг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч Б.Отгонбаярын нэхэмжилсэн 4 350 000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.УРАНГУА