Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0398

 

 

 

 

 

 

 

 

                  Г.Л-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.А, Г.Ц-Э, гуравдагч этгээд Б.Ж, гуравдагч этгээд Б.А, Б.Ж нарын өмгөөлөгч Г.Г нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Г.Л-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль/2003 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус баримтлан Г.Л-оос Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 11 дүгээр гудамж, 65а тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г-ийн Л-ийн 337 м.кв газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулж гэрчилгээг засварлахыг даалгах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 326 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

Учир нь шүүхийн шийдвэрт дурдсан, үндэслэл болгосон нотлох баримт хэрэгт хавсаргагдаагүй, үйл баримтаар тогтоогдоогүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Мөн шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт дурдсан Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай 2018 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг тус тус үндэслэсэн нь захиргааны байгууллагаас огт хариу өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан тийм шийдвэр хариу байхгүй, захиргааны байгууллагын маргааны зүйл болсон үйл ажиллагаанд шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт өгсөн, хуулийн буруу зүйл, заалтыг хэрэглэсэн.

1. Шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудас “Үндэслэх” хэсэгт шүүхээс нотлох баримтыг дурдахдаа “2015 оны 03  дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газарт мэдүүлэг гаргасан боловч Улсын бүртгэлийн байгууллагаас өмнө нь бүртгэгдсэн газрын газар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд газрын хэмжээ хасагдаж буй болон нэмэгдэж буй 2 өмчлөгч хоёулаа хамтарсан мэдүүлэг гаргах ёстой талаар тайлбарлаж мэдүүлгийг буцаасан” гээд хавтаст хэргийн 8, 13 дахь талуудыг ишилжээ. Гэтэл хавтаст хэргийн 26-28 дугаар хуудаст Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн хариу тайлбарт “2003 оны Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д зааснаар мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримт байхгүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан гэж” захиргааны байгууллагаас өөрийн татгалзлын үндэслэлийг тайлбарлажээ.

Иймээс захиргааны байгууллагаас татгалзал огт гараагүй тул, шүүх болон захиргааны байгууллагаас татгалзсан үйл ажиллагаанд дурын заалтыг дурдаж, шүүхээс нотлох баримтгүй, зөрүүтэй дүгнэлт хийж, захиргааны байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн үндэслэлийг зөрүүтэй тайлбарлаж шийдвэртээ тусгажээ.

Учир нь мэдүүлгийг хүлээж авчхаад ямар нэг хариу өгөөгүй бөгөөд нэг хоногийн дараа мэдүүлгийг буцааж өгөхдөө ямар үндэслэлээр буцаасан талаар огт нотлох баримт байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай  хууль /2003 оны/ болон тухайн асуудлыг нарийвчлан зохицуулсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-д шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурдсан “өмнө нь бүртгэгдсэн газрын газар өмчлөх эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулах тохиолдолд газрын хэмжээ хасагдаж буй болон нэмэгдэж буй 2 өмчлөгч хоёулаа хамтарсан мэдүүлэг гаргах ёстой” талаар огт тийм зохицуулалт байхгүй. Огт байхгүй эрх зүйн үндэслэлийг шүүхээс үнэлж шийдвэртээ тусгажээ.

Гэтэл шүүх татгалзал хууль ёсны гэж үнэлсэн бөгөөд энэ нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газраас ямар татгалзсан хариу өгсөн баримт байхгүй, татгалзлыг тайлбарласан тийм хуулийн болон журмын зохицуулалт байхгүй, хавтаст хэрэгт тийм нотлох баримт дурдагдаагүй, нотлох баримтыг шинжлэх хэсэгт үнэлээгүй зүйлийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан бөгөөд тухайлбал, “захиргааны байгууллагын хууль бус татгалзсан үйлдлийг захиргааны байгууллагын татгалзал хууль ёсны байна” гэж үнэлсэн нь шийдвэртээ захиргааны актын хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон, түүнд өгөх тайлбараа нотлох баримтад үндэслээгүй байх тул шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

2. Шүүхийн шийдвэрийн 12  дугаар хуудас, Үндэслэх хэсэгт “ ... Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар “Мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах”-аар заасан бөгөөд энэ нотлох баримтын бүрдэл дутуу асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хариу тайлбарт дурдагдсан бөгөөд мэдүүлэгтээ нэхэмжлэгч 65а тоот газрын 437 м.кв хэмжээтэй болох кадастрын зураг, 65 тоот газрын 522 м.кв хэмжээтэй болж хасагдсан талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивын зурган мэдээллийн санд бүртгэгдсэн тухай мэдэгдэж, “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г нотариатаар батлуулсан хувь, үйлчилгээний хураамж төлсөн баримт зэргийг хавсаргажээ. Үүнээс харвал тус харилцааг нарийвчлан зохицуулсан журмын 5.1.1 , 5.1.4-5.1.7-д тус тус заасан бүрдүүлэх ёстой баримтыг бүрдүүлсэн болох нь хавтаст хэргийн 29-30, 143, 144 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна.

2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивын зурган мэдээлэлд нэгж талбарын ***, *** дугаартай газрын талбайн хэмжээ, нэгж талбарын дугаар өөрчлөгдөн дараах байдалтайгаар бүртгэгджээ.

Үүнд нэгж талбарын *** дугаартай газар нь нэгж талбарын *** дугаар бүхий 437 м.кв талбайтайгаар Г.Л-ийн /ЧO69031230/ нэр дээр, нэгж талбарын *** дугаар бүхий 522 м.кв талбайтайгаар Р.Р-ийн /ЧЗ63052086/ нэр дээр тус тус бүртгэгдсэн болохыг хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудаст Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1/672 дугаартай нотлох баримтаар тогтоогджээ.

2015 оны 3 дугаар сард мэдүүлэг гаргахаас өмнө 65 болон 65а тоот газрын кадастрын зураг хуулийн дагуу өөрчлөгдсөн буюу 65 тоотоос 100 м.кв газар хасагдаж Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын архивын зурган мэдээлэлд бүртгэгдсэн байна. Гэтэл шүүх кадастрын зургийн хэмжээний өөрчлөлтийн огноо, шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг шүүх шийдвэрээ гаргахдаа зөрчиж, нотлох баримтыг буруу үнэлсэн.

Мөн мэдүүлэг гаргахад Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч н.Г нь 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.1-д зааснаар “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг, минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна” гэсэн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх ёстой үүргээ биелүүлээгүй эс үйлдэл байгаа бөгөөд эс үйлдэлд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

3. Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудас Үндэслэх хэсэгт “Р.Р, Г.Л нарын хооронд “Газар худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан, байгуулагдаагүй гэх маргаанд хариуцагч захиргааны байгууллага төдийгүй захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийх үндэслэлгүй тул 100 м.кв газрын өмчлөлийн маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэсэн нь шүүхээс шаардлагагүй дүгнэлт хийсэн бөгөөд маргааны зүйл нь газар худалдах худалдан авах гэрээ биш, захиргааны байгууллагын хууль бус татгалзал, эс үйлдэл юм. Учир нь Р.Р, Г.Л нарын хооронд байгуулсан гэрээ нь нотлох баримтын шаардлага хангуулан Нотриатчдын танхимаас шүүхэд нотлох баримтаар ирсэн бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан, хэргийн оролцогчид худалдах худалдан авах гэрээний хууль ёсны хүчин төгөлдөр болон хүчин төгөлдөр бус гэх байдалд огт маргаагүй бөгөөд шүүхээс хэргийн нөхцөл байдалд буруу үнэлэлт өгсөн буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасан “Нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэснийг зөрчиж үнэлэлт өгчээ.

Учир нь шүүх хуралдааны явцад гэрчээр нотариатчдын танхимаас ирүүлсэн нотлох баримтад хавсаргагдсан мөнгө тушаасан баримтад зуруулсан гарын үсгийг Р.Рээс таны гарын үсэг мөн эсэхийг тодруулахад “мөн байна” гэсэн зэрэг үйл баримтаар хөтөлбөргүй тогтоогдож байгаа зүйлийн талаар дахин буруу дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

4. Шүүхийн шийдвэрийн 14 дүгээр хуудас Тогтоох хэсгийн 1-д шүүхээс захиргааны байгууллага Г.Л-ийн мэдүүлгийг хүлээж аваад хариу өгөөгүй, буцаасан үйлдэлд Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д тус тус заасныг үндэслэж захиргааны байгууллагын татгалзал хууль ёсны, захиргааны байгууллагаас эс үйлдэл гаргаагүй болохыг дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Гэтэл шүүхээс захиргааны байгууллагын гадагш чиглэсэн, захирамжилсан, иргэн Г.Л-ид хандсан, татгалзсан үйл ажиллагааг хууль зүйн хувьд шинэ болон хуучин хуулиар дүгнэсэн нь захиргааны байгууллагын үйл ажиллагааны хууль зүйн үндэслэлийг тодорхойлж чадаагүй бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг үгүйсгэж байна. Тухайлбал, шүүхээс захиргааны байгууллагын татгалзлыг хууль ёсны гэж үзэж Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг үндэслэн мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэл байна гэж үзвэл улсын бүртгэгч мэдүүлэг гаргагчид баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор хариу мэдэгдэнэ” гэснийг үндэслэсэн бөгөөд захиргааны байгууллагаас огт хариу өгөөгүй, хавтаст хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан тийм шийдвэр хариу байхгүй, захиргааны байгууллагын маргааны зүйл болсон үйл ажиллагаанд шүүхээс хууль зүйн буруу дүгнэлт өгсөн, хуулийн буруу зүйл, заалтыг буруу хуулийг хэрэглэсэн.

Учир нь 2015 оны мэдүүлгийг буцаасан захиргааны байгууллагын үйл ажиллагааг 2018 онд батлагдсан хуулиар дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн эрх зүйн үндэслэлүүд зөрчилджээ. Тухайлбал шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн зохицуулалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэртээ тусгачихаад Тогтоох хэсэгт захиргааны байгууллагын үйл ажиллагааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2018 оны/-ийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр нь өөрөө эрх зүйн үндэслэлийн хувьд алдаатай болжээ. Учир нь 2018 оны тус хуулиар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 11 дүгээр гудамжны *** хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай М овгийн Г-ийн Л-ийн 337 м.кв газрын хэмжээг 437 м.кв хэмжээтэй болгон өөрчлөн бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, гэрчилгээг засварлахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

2011 онд Р.Р нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 11 дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах 622 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-2205002788 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон, 2014 онд Г.Л нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран, 11 дүгээр гудамжны *** хаягт байрлах 337 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-2205002423 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгожээ.

Дээр дурдсан 2 газар нь хөрш зэргэлдээ ба Р.Р-ийн өмчлөлийн газрын зүүн хэсгийн 100 м.кв газарт Г.Л-ийн амины орон сууцны байшингийн зарим хэсэг болох байшингийн ар ханын хэсэг байрлаж байгаа, уг хашаанууд нь улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээгээр баригдаагүй талаар талууд маргаагүй байна.

2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Г.Л нь Р.Р-ийн өмчлөлийн газраас 100 м.кв талбай бүхий газрыг авахаар “Газар худалдах, худалдан авах тухай гэрээ”-г байгуулж, нотариатаар батлуулсан, уг гэрээг үндэслэн Г.Л нь өөрийн өмчлөлийн 337 м.кв талбайн хэмжээг 437 м.кв болгон нэмэгдүүлж Баянгол дүүргийн Газрын албаны мэргэжилтнээр кадастрын зураг үйлдүүлэн, кадастрын мэдээллийн санд бүртгүүлсэн байна.

Нэхэмжлэгчээс Газрын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд газрын талбайн хэмжээ, байршил өөрчлөх тухай хүсэлт гаргаагүй, уг газрыг шилжүүлсэн талаар эрх бүхий этгээдээс аливаа шийдвэр гараагүй, холбогдох баримт бичиг, мэдээллийн санд бүрэн дүүрэн өөрчлөлт оруулж, баталгаажуулаагүй атлаа газрын хэмжээг нэмэгдүүлсэн болохоо улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлэг гаргасныг тус хэлтсийн улсын байцаагч 2011 оны “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.1-д зааснаар хүлээн авахдаа мэдүүлэгт “хүлээн авах” гэх тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноог тэмдэглэн Г.Л-оор гарын үсэг зуруулсан байна.

 Улмаар “1 өдрийн дараа “... газрын хэмжээ хасагдаж буй болон нэмэгдэж буй 2 өмчлөгч хоёулаа хамтарсан мэдүүлэг гаргах ёстой” гэж амаар тайлбарлан мэдүүлгийг буцаасан” гэж хариуцагчаас тайлбарладаг.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д зааснаар энэ хуульд заасан мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 5.2-т зааснаар эд хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлэн авсан гэрээ хэлцлийн эрхийг тухайн эд хөрөнгийн анхны бүртгэлээс хасалт хийж, өөрчлөлт оруулсны дараа бүртгэхээр зохицуулсан байна.

Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч Р.Р нарын мэдүүлгээс үзвэл “Газар худалдах, худалдан авах тухай гэрээ”-ний дагуу 100 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэх, хасалт хийхээр улсын бүртгэлийн байгууллагад очоогүй, хамт мэдүүлэг гаргаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас улсын бүртгэлд бүртгэлгүй буцаасан үйлдэл нь холбогдох хууль, журмыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

Р.Р, Б.Ж нар нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулснаар мөн өдөр Р.Р-ийн өмчлөлийн 622 м.кв талбай бүхий газар Б.Ж-ы нэр дээр Г-2205002788 дугаарт бүртгэгдэж, гэрчилгээ олгогдсон, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Газрын өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл”-ийн дагуу Б.А-ыг нэмж, мөн оны 06 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж, гэрчилгээ олгожээ. 

Үүний дараагаар Г.Л-ийн “өмчлөх эрхийн бүртгэл хүчингүй болгуулах” гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 7/483 дугаар албан бичгээр “... өмчлөх эрх шилжихээс урьдчилан сэргийлж гомдолд хавсарган ирүүлсэн “Газар худалдах, худалдан авах гэрээ”-г тухайн үед хуульд заасан журмын дагуу урьдчилан тэмдэглэл хийлгэх боломжтой байсан ... уг маргаантай асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэх  хариуг Г.Л-ид хүргүүлсэн байхад тэрээр 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх мөн оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авахаас татгалзсан, улмаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1673 дугаар албан бичгээр “... гомдлыг хүлээн авч танилцлаа. ... шийдвэр, иргэний өргөдөл, газрын албанаас баталгаажуулсан газрын кадастрын зураг, зэрэгт газрын хэмжээг 337 м.кв гэсэн байна. ... Б.Ж-ы газрын хэмжээ 622 м.кв гэсэн байна, ... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг хүргүүлснээр захиргааны хэргийн шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 397 дугаар тогтоолоор батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 6.2.3-д зааснаас үзвэл өмчилж авсан газрын зарим хэсгийг шилжүүлсэн тохиолдолд өөр этгээдэд шилжиж байгаа болон тухайн өмчлөгчид үлдэж байгаа газрын кадастрын зургийг гэрээнд хавсаргаж, өмнөх бүртгэлд бүртгэгдсэн газрын хэмжээнд хасалт хийсний дараа нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх боломжтой бөгөөд Р.Р-ийн өмчилж байсан 622 м.кв талбай бүхий газраас 100 м.кв талбайн хэмжээг хасч бүртгүүлээгүй, нэхэмжлэгчээс энэ талаарх кадастрын зургийг гэрээнд заасан хэмжээгээр шинэчлэн гаргаж өгөөгүй нь тул хариуцагч нь тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д тус тус зааснаар мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу гэх үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн аливаа улсын бүртгэлд мэдүүлэг гаргаж, тухайн хөрөнгийг бүртгүүлэх ажиллагаа нь мэдүүлгийг хуульд заасны дагуу бүрэн гүйцэд гаргасны  дагуу мэдүүлгийг хүлээн авах, улмаар холбогдох баримтыг хянан шалгаж, бүртгэж, гэрчилгээ олгох шат дараалсан байдлаар явагдах тул анхнаасаа мэдүүлэг, түүнд хавсаргах баримтууд бүрэн биш, хуульд зааснаар газрын хэмжээ хасагдаж буй болон нэмэгдэж буй 2 өмчлөгч хоёулаа хамтарсан мэдүүлэг гаргаагүй, өмнөх өмчлөгчийн газрын хэмжээ хасагдаж, Г.Л-ийн нэр дээр 100 м.кв газар нэмэгдсэн талаар эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, хасагдсан болох нь улсын бүртгэлд бүртгэгдэж, баталгаажаагүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллагад хууль зөрчин бүртгэл хийж, гэрчилгээ олгохыг даалгах хууль зүйн үндэслэлгүй. Учир нь аливаа бүртгэл нь үнэн зөв, бодитой, нотлох баримтад үндэслэсэн, хуульд заасан журмын дагуу хөтлөгдөх зарчимтай.  

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад холбогдох шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн бөгөөд гомдолд дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Харин Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 13 дугаар зүйлийн 13.6-д заасныг баримтлахдаа “улсын” гэх үгийг хаягдуулж, техникийн алдаа гаргасан байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                 Н.ХОНИНХҮҮ

 

               ШҮҮГЧ                                                                 Н.ДОЛГОРСҮРЭН