Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/00119

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2196 дугаар магадлалтай,

Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

Ч Н ОНӨААТҮГазарт холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2.736.185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тус байгууллагад эдийн засагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулан орсон. Сахилгын шийтгэл авагдаж байгаагүй, жилийн эцсийн тайлан мэдээ мөн сар бүр өгдөг тайлан мэдээг цаг хугацаанд нь өгч ирсэн. Жирэмсэн намайг хууль зөрчин шийдвэр гаргаж ажлаас халсан учир ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Цэвэр, бохир усны үнэ тарифыг хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл баталдаг. Манай байгууллага дээр 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үнэ тариф батлагдаж ирсэн. Үүнээс хойш манай үнэ тариф өөрчлөгдөөгүй. 2016 онд байгууллагын удирдлага солигдож, цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил байгууллагын нэн тэргүүнд хийх ёстой ажлын нэг гэж үзэж 2016 оны 12 дугаар сард эдийн засагчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирлын Б/238 тоот тушаалаар Х.Б-г туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Цэвэр, бохир усны үнэ тарифыг нэмэгдүүлэх ажил нь эдийн засагчийн гол хийх ёстой хариуцлагатай ажил учир 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр шинээр ажилд орсон эдийн засагчийг сургалтад хамруулж байгууллагаас томилолт, зардал, төлбөрийг төлсөн. Гэтэл эдийн засагч Х.Б- нь Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл-өөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн 01/99 дугаартай албан бичигт дурдагдсан ажлыг хугацаанд нь хийлгүй ажил цалгардуулсан.

Мөн удирдлагаас өгсөн хариуцлагатай үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй учир байгууллагын удирдлага 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдөр захирлын Б/58 тоот тушаалаар сануулах арга хэмжээ авч, инженер, техникийн ажилчдыг яаралтай цуглуулан Х.Б-гийн хийх ёстой ажлыг цаг алдалгүйгээр амралтын өдрүүдээр хийлгэж, 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан бичгийн хариуг өгсөн. Гэтэл эдийн засагч Х.Б- нь дахин ажилдаа хариуцлагагүй, хайнга хандан үйлчилгээний тариф шинэчлэх тооцоо судалгаанд Налайх дүүргийн 5 дугаар хорооны уурын зуухны нүүрсний санхүүжилтийг цэвэр, бохир усны орлого болгон алдаатай шивж, 14 хоногийн амралтын өдрүүдээр хийсэн бүх ажлыг үр дүнгүй болгосон. Хэрэв Х.Б- ажилдаа хариуцлагатай хандсан бол манай байгууллага 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлэн баталсан үнээр үйлчилгээ үзүүлж эхлэх байсан. Өөрөөр хэлбэл, байгууллага ашигтай ажиллах байсан. Үүнээс болж 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх байдлаар 126.215.000 төгрөгийн хохирол учирсан. Х.Б-гийн 4 сар хийж чадаагүй ажлыг хийлгэхээр эдийн засагч З.Алтанцэцэгийг 2017 оны 4 дүгээр сараас гэрээгээр ажиллуулсан. 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлаар Х.Б-г байлцуулан 2017 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Х.Б- нь ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажлаа хийхгүй аргацайн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлж байсан тул ажиллаж байх хугацааны цалин буюу 2016 оны 12 дугаар сар, 2017 оны 1, 2, 3, 4 дүгээр сарын цалин 2.736.185 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.Б- сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ажиллаж байх хугацаандаа сургалтад хамрагдаж, үнэ тарифын тооцоо судалгаагаа цаг тухайд нь хийж байсан. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 26-ны өдрүүдэд Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс сургалт явуулсан. Уг сургалтанд сууж байх явцдаа Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлийн үнэ тарифын албаны дарга Гэрэлчулуунд манай тооцоо судалгаа буруу байсан байна. Би сургалтнаасаа чөлөө аваад очиж тооцоо судалгаагаа хийж дуусгая гэж хэлсэн. Гэтэл Гэрэлчулуун дарга танай байгууллага 2017 оны 4 дүгээр сард үнэ тарифаа нэмэгдүүлэх боломжгүй. Танай байгууллагын бохир ус татан зайлуулах үнэ тариф батлагдаагүй тарифаар явж байгаа учир эхлээд бохир усны үнэ тариф орно. Цэвэр усны тариф 2017 оны 6 дугаар сард орно. Тийм болохоор хоёр өдрийнхөө сургалтад бүрэн суугаад дараа нь тайлан мэдээгээ засаад дахин явуулж болно гэж хэлсэн. Үүний дагуу ерөнхий нягтлан бодогч Алимаад хэлэхэд чи ерөөсөө хийж чадахгүй байна. Бид хотоос туршлагатай эдийн засагч авчирч хийлгэнэ гэсэн. Намайг ажиллуулахаас татгалзсан. Хэдийгээр би тооцоо судалгааг гаргасан ч гэсэн ерөнхий нягтлан болон захирал Чулуунбат нар гарын үсэг зурсны дагуу тайлан мэдээгээ хүргэж өгсөн гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэрээр, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ч Н ОНӨААТҮГазарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дутуу олгосон цалин 40.000 /дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай Х.Б-гийн нэхэмжлэлийг, Х.Б-д холбогдох цалин 2.736.185 /хоёр сая долоон зуун гучин зургаан мянга нэг зуун наян тав/ төгрөг гаргуулах тухай Ч Н ОНӨААТҮГазрын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Х.Б- нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн данснаас гаргуулж буцаан олгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.1-д зааснаар хариуцагч Ч Н ОНӨААТҮГазрын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.730 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2196 дугаар магадлалаар, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-г Ч Н ОНӨААТҮГазрын Захиргаа аж ахуйн хэсгийн эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.655.090 төгрөгийг хариуцагч Ч Н ОНӨААТҮГазраас гаргуулж нэхэмжлэгч Х.Б-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ч Н ОНӨААТҮГазрын Х.Б-д холбогдуулан цалин 2.736.185 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ч Н ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 73.431 төгрөгийг нөхөн гаргуулан улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.        

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Х.Б-гийн нэхэмжлэлтэй Ч Н ОНӨААТҮГазарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгч Х.Б- давж заалдах гомдол гаргасан ба Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Үүнээс үзэхэд хэрвээ давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Х.Б-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох нь үндэслэлтэй гэж үзэж байгаа бол Х.Б-г түр томилсон Б/258 дугаар тушаалыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн гэж үзэхээр байна. Уг тушаалд Х.Б-г 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаатайгаар томилсон. Тиймээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг харахад бид 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх нэхэмжлэгч Х.Б-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоолгох болж байна. 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш Х.Б-гийн гэрээний хугацааг сунгах эсэх асуудал нь хариуцагчийн бүрэн эрхийн асуудал тул шүүх байгууллагын дотоод асуудалд халдах эрхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хайнга хандаж байсныг зөвтгөж, хариуцагч 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойш гэрээний хугацааг сунгах боломжгүй юм.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлгүй болж байна. Нэхэмжлэгч Х.Б- анх ажилд томилсон Б/258 дугаар тушаалтай маргасан ч энэхүү тушаалын хүрээнд нэхэмжлэгч Х.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллах байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь томилохыг, мөн 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохыг хариуцагчид даалгаж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний тайлбарыг үнэлж, дүгнээгүй.

Нэхэмжлэгч Х.Б- нь захирлын зөвлөлийн хурал дээр ч өөрөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба хурлын тэмдэглэлд энэ талаар тусгагдсан байгаа. Бид захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хэрэгт өгсөн байгаа. Гэтэл давж заалдах шатны шүүх Х.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэхдээ тухайн нотлох баримтыг дүгнэж үзээгүй байна. Нэхэмжлэгч Х.Б- нь “Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр цэвэр, бохир усны үйлчилгээний тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн 01/99 дугаартай албан бичигт дурдагдсан ажлыг хугацаанд нь хийгээгүй. Мөн дараа нь дахин ажилдаа хариуцлагагүй хандаж, үйлчилгээний тариф шинэчлэх тооцоо судалгаанд Налайх дүүргийн 5 дугаар хорооны уурын зуухны нүүрсний санхүүжилтийг цэвэр, бохир усны орлого болгон алдаатай шивсэн. Үүнээс болж хариуцагч байгууллага маш их алдагдал хүлээсэн. Энэ мэт алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж, “Ажилтны гаргасан гэх сахилгын зөрчил нотлогдоогүй, тодорхой бус буюу хэдийд ямар зөрчил гаргасан нь тодорхой бус, сахилгын сануулах шийтгэл ногдуулсан гэх 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тушаалд заасан зөрчлийг хэдийд гаргасан, илрүүлсэн зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

Бид ажлаа тогтвортой цааш үргэлжлүүлэхийн тулд нэхэмжлэгч Х.Б-гийн ажиллаж байсан ажлын байранд өөр хүн ажиллуулж байгаа. Учир нь, бид энэхүү маргааныг шийдвэрлэгдтэл тухайн ажлын байрыг сул үлдээсэн бол санхүүгийн тайлан судалгаа гаргах хугацаа оройтож, байгууллагын үйл ажиллагаанд доголдол үүсэх гээд байсан. Хэрвээ давж заалдах шатны шүүхийн магадлалыг биелүүлэх болбол маргаан бүхий ажлын байранд томилсон ажилтны эрх ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал бий болох гээд байна. Шүүх энэ нөхцөл байдлыг мөн харгалзан үзэх ёстой гэж үзэж байна.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                               ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн  магадлал  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Х.Б-, Ч Н ОНӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, дутуу авсан цалин 40.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч 2.736.185 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Шинээр ажилд орж байгаа ажилтантай ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болох ба уг хугацаа 6 сараас илүүгүй байхыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заажээ.

Ч Н ОНӨААТҮГазар Х.Б-г 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр  эдийн засагчийн ажилд авахдаа туршилтын журмаар ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг 6 сарын хугацаатай байгуулсан нь тогтоогдсон талаархи хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад үндэслэгджээ.

Ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Б/91 дүгээр тушаал гаргаж, нэхэмжлэгч Х.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, ..., хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлан, өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр туршилтын хугацааг дуусгавар болгохоор  заасан байна.

Анхан шатны шүүх Х.Б-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Х.Б- удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь зохих ёсоор гүйцэтгээгүй давтан зөрчил гаргасны улмаас ажил олгогч түүнийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, түүнчлэн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дууссан болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Ч Н ОНӨААТҮГазарт Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/99 тоот албан бичгээр  цэвэр, бохир усны тарифын санал, холбогдох тооцоо судалгааг 2017 оны 3 дугаар сарын 20-ны дотор явуулахыг  мэдэгдсний дагуу тус байгууллагын захирал  Х.Б-д зохих хугацаанд тооцоо судалгаа гаргаж хүргүүлэхийг үүрэг болгосныг биелүүлээгүй, үүнээс болж хугацаа хожимдсон, тухайн үнэ тарифын тооцоог өөр этгээдээр гаргуулсныг  нэхэмжлэгч Х.Б- алдаатай шивснээс шалтгаалж 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тоотоор буцаагдсан нь тогтоогдсон байна.

Х.Б-гийн гаргасан дээрх зөрчлүүдийг байгууллагын захирлын зөвлөлийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцэж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн туршилтын хугацаатай гэрээг цуцлахаар шийдвэрлэж, ажил олгогч 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тушаал гаргаж ажлаас халсныг буруутгах боломжгүй байна.

Хөдөлмөрийн гэрээнд  2 удаа зөрчил гаргасныг ноцтой зөрчилд тооцохоор заасан  боловч ажил олгогчийн тушаалд сахилгын зөрчлийг давтан  гаргасан гэсэн үндэслэл заасан тул энэ үндэслэлийн хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.

Харин хариуцагчийн нотлох баримтаар гаргасан Х.Б-д сахилгын хариуцлага тооцож, сануулах арга хэмжээ авсан 2017 оны 3 дугаар сарын 09-ний  өдрийн Б/38 тоот тушаалыг нэхэмжлэгч эс зөвшөөрч  тушаал гаргасныг мэдээгүй, гардуулан өгөөгүй гэж  маргасан ба анхан шатны шүүхийн  Х.Б- сахилгын шийтгэл хүлээсэн нь тогтоогдсон гэх  дүгнэлт учир дутагдалтай болжээ. Ажилтанд ямар зөрчилд, хэдийд, хэрхэн арга хэмжээ авагдсан болохыг мэдэгдээгүйгээс ажил олгогч хуульд заасан журмын дагуу дээрх шийдвэрийг гаргасан гэж үзэхгүй.

Хэдийгээр Х.Б- өмнө нь сахилгын арга хэмжээ авагдсан гэж үзэхгүй боловч “сахилгын давтан зөрчил” нь зөрчил бүр тусдаа тогтоогдсон байх шаардлагатай, харин зөрчил бүрт сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаарддаггүй.

Нөгөө талаар хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусч байгаа тохиолдолд нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цаашид сунгахгүй байх ажил олгогчийн эрхийг хязгаарлах боломжгүй.

Хөдөлмөрийн гэрээг туршилтын хугацаатай байгуулж буйн гол үндэслэл нь ажил олгогч шинээр ажилд орж байгаа ажилтан  ур чадвар, хариуцлагын хувьд цаашид ажиллах боломжтой эсэхийг дүгнэх шалгуурыг тогтоох зорилготой байдаг. Нэхэмжлэгч Х.Б-гийн ажил, үүргээ гүйцэтгэж байсан байдал, гаргаж байсан зөрчилтэй холбогдуулж ажил олгогч цаашид үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гэж үзснийг буруутгах үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх Х.Б- сахилгын давтан эсхүл ноцтой зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, мөн  зөрчлийг гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т заасныг анхан шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2196 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00278 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143.631  төгрөгийг буцаан олгох шүүгчийн захирамж гаргасугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ