| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0121/Э |
| Дугаар | 0153 |
| Огноо | 2020-02-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 0153
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч М.Сүхчулуун,
хохирогч, шүүгдэгч Н.Х,
хохирогч, шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дийн Д, Ш овогт Нын Х нарт холбогдох 1908026781645 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Одонтын ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Ш овогт Нын Х/РД:.../,
Монгол улсын иргэн, 1958 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-т үйлчлэгч ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Одонтын ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух хаягтай, Урьд
Сэлэнгэ аймгийн шүүхийн 1976 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1978 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,
Ховд аймгийн шүүхийн 1986 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/25 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дугаар зүйлийн в-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан, Ш овогт Дийн Д /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Н.Х нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Д.Дтой маргалдаж улмаар түүний толгой зулай тус газарт чулуугаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Д.Д нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчим Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Хтай маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Дын шүүгдэгч, хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ амарч байсан. Б манайд ирээд хамтдаа архи ууж жаахан ярьж сууцгаасан. Тэгээд Б түрүүлээд гараад явсан.Тэгээд би бас гадагшаа гараад байж байхад Х хүрч ирээд надтай маргаж, дэгээдэж унагаасан. Тэгээд барьж явсан тоосгоороо нүд рүү цохисон. Хын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Н.Хын шүүгдэгч, хохирогчоор шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....Би мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Би тоосгоор цохиогүй, чулуугаар цохисон. Д ч гэсэн чулуугаар миний толгойн тус газар цохисон. Би Дын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хавтаст хэргээс:
Д.Дын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 13х/, Н.Хын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 17х/, гэрч Ч.Нэргүйгийн мэдүүлэг /хх-ийн 24х/, гэрч М.Бгийн мэдүүлэг /хх-ийн 23х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5892 дугаартай дүгнэлт /хх-ийн 29х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5912 дугаартай дүгнэлт /хх-ийн 33х/, шүүгдэгч Н.Х, Д.Д нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х, 39х/, Д.Дд холбогдох таслан шийдвэрлэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 134-139х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37х, 53х/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 54х, 67х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 55х, 57-64х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Х, Д.Д нар нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний орой 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, Н.Х нь Д.Дын толгой зулай тус газарт чулуугаар цохиж тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, дагзны хуйханд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Д нь Н.Хын нүүрэн тус газарт цохиж, зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Д.Дын хохирогчоор өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...Зүүнсалааны улаан дэлгүүрийн буудал дээр явж байхад зүс таних Х гэх залуу согтуу нүүрсний газраас чулуу барьчихсан гарч ирээд над руу чиглээд ирэхээр нь арай цохичихгүй байх гэж бодсон чинь намайг дэгээдэж унагаагаад миний толгой руу 3 удаа чулуугаар цохих шиг болсон. Тэгээд босоод ирсэн чинь миний нүүр битүү цус болчихсон байхаар нь уурандаа Хг гараараа нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон юм. Удалгүй цагдаа, түргэн тусламж хоёр хүрч ирээд намайг түргэн тусламжийн тэрэг авч явсан, харин цагдаа нар Хг аваад явсан. ...Би Хг уурандаа нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохисон. ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
Н.Хын хохирогчоор өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна, би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо улаан дэлгүүрийн тэр хавьд явж байтал найз Дтой тааралдсан юм. Тэр үед Д согтуу явж байсан ба над дээр ирээд чи надаас архи харамладаг биз дээ гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед Д карманаасаа чулуу гаргаж ирээд миний нүд рүү цохичихсон юм. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд намайг цохисон чулууг нь аваад толгой руу нэг удаа чулуугаар цохисон юм. ...Би чулуугаар Дын толгойд нэг удаа цохисон... ...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
Гэрч Ч.Нэргүйн өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ...Д архиа ууж дуусгачхаад Бын гэрт очъё гээд бид хоёр гэрээс нь гарч яван ...зүүнсалааны улаан дэлгүүрийн тэр хавьд очиход зүс таних Х гэх залуу тааралдсан. Д Х хоёр хоорондоо юм ярьж байгаад хэрэлдээд эхэлсэн. Улмаар Д-г Х гэх гэх залуу толгой руу чулуугаар цохих шиг болсон, тэр үед Д босч ирээд Хгийн нүүрэн тус газар хоёр удаа гараараа цохих шиг болсон юм. Би тэр хоёрыг салгах гэсэн боловч чадаагүй. Тэгэхээр нь шууд цагдаад дуудлага өгсөн. ...Яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Хэрэг болохоос 7 хоногийн өмнө Д, Х хоёр улаан дэлгүүрийн үүдэнд бас маргалдаж Х Д-г боож унагаж байсан. Тэр асуудлаас болж хоорондоо маргалдсан юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,
Гэрч М.Бгийн өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Одонтын ... тоотод хувиараа нүүрс зардаг юм. Н.Х, Д хоёр манай гэрийн гадна талд маргалдаад байхаар нь би салгаад цааш явуулсан чинь удалгүй манай хажуу талын дэлгүүрийн гадна талд очиж хоорондоо зодоон хийгээд байсан. Төд удалгүй цагдаа ирээд Н.Хыг аваад явсан юм. ...Яг юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна, манай гадна талд хэрэлдэж байхдаа архины талаар яриад хэрэлдээд байсан. Тухайн үед Н.Х, Д нарын нүүр ам нь цус болчихсон байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5892 дугаартай: “...Ш.Хын биед зүүн нүдний алим, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 29х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5912 дугаартай: “...Д.Дын биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, дагзны хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 33х/,
Шүүгдэгч Н.Хын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын эхээр санагдаж байна, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Улаан дэлгүүрийн тэр хавьд явж байтал найз Дтой тааралдсан. Тэр үед Д согтуу явж байсан над дээр ирээд чи надаас архи харамладаг, 7 хоногийн өмнө архи харамлаа биз дээ гэж хэлээд хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэр үед Д карманаасаа чулуу гаргаж ирээд миний нүд рүү цохичихсон. Тэгэхээр нь миний уур хүрээд зөрүүлээд намайг цохисон чулууг нь аваад толгой руу нэг удаа чулуугаар цохисон. Тэр үед Дын эхнэр хамт явж байсан болохоор цагдаа нар түүнийг үлдээгээд намайг эрүүлжүүлэхээр авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 90х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Д.Дын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 19-1 тоот гэртээ Нэргүйн хамт амарч байсан. Гэртээ байхдаа 05 литрийн “Хараа” нэртэй архи уусан. Тэгээд оройхон Бын гэрлүү очихоор Нэргүй, Бын эхнэр бид 3 гэрээс гарч яван Зүүн салааны улаан дэлгүүрийн буудал дээр явж байхад зүс таних Х гэх залуу нүүрсний газраас согтуу чулуу барьчихсан гарч ирээд над руу чиглээд ирэхээр нь арай цохьчихгүй байх гэж бодсон чинь намайг дэгээдэж унагаагаад миний толгой руу 3 удаа чулуугаар цохих шиг болсон. Тэгээд босоод иртэл миний нүүр битүү цус болчихсон байхаар нь уурандаа Хг гараараа нүүр тус газар нь 2 удаа цохисон. Удалгүй цагдаа түргэн тусламж ирээд намайг түргэн тусламж аваад явсан, Хг цагдаа аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Д, Н.Х нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа өмнөх муудалцсан асуудлаа хөндөж /архи нэхсэн гэх/ дахин маргалдах явцдаа чулуугаар бие биенээ харилцан цохисон болох нь тэдгээрийн хохирогч болон яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлгүүдээр, Д.Д, Н.Х нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 5912, 5892 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэргээр тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Х, Д.Д нар нь харилцан бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул тэдгээрийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Хэргийн шүүгдэгч Н.Х, Д.Д нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч, хохирогч Н.Х, Д.Д нар нь бие хохирол, төлбөр нэхэмжлэхээсээ татгалзсан тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 13х, 17х/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.Х, Д.Д нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,
шүүгдэгч Н.Х нь “Санал байхгүй” гэсэн санал,
шүүгдэгч Д.Д нь “Хамгийн багаар торгох ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Н.Х, Д.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Н.Х, Д.Д нарын хувийн байдал /Д.Д нь 61 настай, Н.Х нь 54 настай/ зэргийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, тэдгээрийн цалин хөлс, орлогын байдал, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Х, Д.Д нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Х, Д.Д нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Х, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дийн Д, Ш овогт Нын Х тус бүрийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Д.Д нарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Д.Д нарт оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х, Д.Д нар нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Х, Д.Д нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг прокурор, оролцогч нар гардан авснаас хойш эсхүл тэдгээрт хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ