Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 550

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК

Өмнөговь аймаг Даланзадгад сум, 8-р баг Цагаанбулагийн ******* тоот 

 

Хариуцагч: “*******” ХХК

Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3-р баг *******-ийн байр

 

14560000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгээд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч “*******” ХХК “*******” ХХК-ны хооронд 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тухайн үед “Мэнд констракш” ХХК-ны барьж байсан барилгын 347,88 м2 цонхыг 1 м2 тутмыг 80000 төгрөг, 308 м2 тагтны хаалт 1 м2 –ыг нь 70000 төгрөгийн үнэтэйгээр “*******” ХХК нь үйлдвэрлэж захиалагч “*******” ХХК-нд нийлүүлэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгч дуусгахад 49390400 төгрөгийг захиалагчаас шилжүүлэх ёстой байсан. Үүний дагуу “*******” ХХК-ны Капитал банк дахь 203204882 дугаартай дансанд одоогийн байдлаар 34830400 төгрөгийг “*******” ХХК-аас оруулсан. Манай компанийн зүгээс хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн боловч захиалагч талаас төлбөрийн үлдэгдэл болох 14560000 төгрөгийг өнөөг хүртэл өгөөгүй байна. Иймд хуулийн дагуу захиалагч “Мэнд констаркшн” ХХК-иас дээрхи төлбөрийн үлдэгдлийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.Мөнхтунгалаг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “*******” ХХК-иас 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр манай компанид нэхэмжлэл хүргүүлсэн байна. Хамтран ажиллах гэрээний хүрээнд  нийт 49390400 төгрөгийн төлбөр тооцоог бүрэн дуусгасан бөгөөд холбогдох төлбөр төлсөн баримтуудыг хавсралтаар хүргүүлэв гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбартаа: Цонх хийсэн гэрээнийхээ дагуу хийсэн үлдэгдэл 14560000 төгрөгийг гаргуулахыг хүсч байна. Төлөхгүй гээд байгаа шалтгааныг Манай ******* ХХК-д гүйцэтгэх захирал мөн нягтлан хийж байсан Булганчимэг, ******* хоёрын дунд бий болсон зүйл. Би бол ямар ч мөнгө төгрөг аваагүй. Шууд суутгадаг зүйл байдаг юм болов уу? би мэдэхгүй байна. Би бол ямарч зүйл мэдээгүй. Бэлэн мөнгөөр өгсөн гээд байгааг би мэдэхгүй. Булганчимэгтэй ярьж байгаад *******тай тохиролцсон гэж бодож байгаа. Энэ хэд хоорондоо ах дүү хүмүүс. Манай дансанд ямар ч мөнгө орж ирээгүй. Бид хоёрын хоёр тийшээ болсон шалтгаан нь энэ мөнгөний асуудлаас болсон. ах дүү нартай холбоотой байсан юм шиг байна лээ. Тухайн үед Булганчимэг Мэнд констракшинтай гэрээ хийж гэрт авчирч байсныг бол мэдэж байгаа. Маш олон гэрээ байдаг. Би бол гэрээнийхээ дагуу л мөнгөө нэхэмжилж байна. Булганчимэг манай компанид гүйцэтгэх захирал, нягтлан хийдэг байсан. Мөнгө төгрөг авсан гэж Булганчимэг надад ямар ч зүйл мэдэгдээгүй. Үүсгэн байгуулагач нь би өөрөө гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариу тайлбартаа: Энэ нэхэмжлээд байгаа мөнгө нь эхлээд 310000 төгрөг, дараа нь 10000000 төгрөгийг манайх говийн мөөг ХХК-тай бэлэн мөнгөний орлого зарлагын баримт дээр гарын үсэг зураад өгөлцөж авалцсан нь манай санхүүгийн тайлан дээр бол байгаа. 4000000 төгрөгийг шилний мөнгө гэж эрээн хот руу захиж авахуулаад шил хагалсан гэж 250000 төгрөгний тооцоо хийсэн. Тухайн үед манай нягтлан Үүрийнтуяа гэж хүн байсан. Тэгээд Булганчимэг, Мөнх-Эрдэнэ хоёр манай компинатай тооцоо нийлж үлдэгдэлгүй боллоо гэснийг Булганчимэг гэрчилж байгаа. Төлсөн он сар өдрөө санахгүй байна. Миний бодлоор 2015 оны 12 дугаар сард төлсөн байх гэж санаж байгаа юм. Манайх эрээнээс бараа татаж байхад 4000000 төгрөгийн оронд цонхны шил авчирч өгсөн. Булганчимэг бол гүйцэтгэх захирал нь байсан учраас бүх гэрээ бичиг баримтыг хариуцдаг байсан. манайх анх ******* ХХК-тай гэрээ хийгээд гэрээн дээр нь Мөнх-Эрдэнэ гарын үсэг зурсан байсан. Би Булганчимэгийг гэрчээр дуудаж асуулгасан. Ямар талаар гэхээр мөнгө төгрөгний зээлгүй гэсэн талаар дуудаж асуулгасан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт “*******” ХХК-ны депозит дансны хуулга, *******” ХХК, “*******” ХХК-ны хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн дүрэм, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбатын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6377 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжилгээнд явуулсан материал 26 хуудас /2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн D/01 дугаартай тохирлын гэрчилгээ хэрэглэх гэрээ, 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн БГ-2032002022 дугаартай барьцааны гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн ЗГ/2032002048 дугаартай зээлийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн БГ/2032002048 дугаартай барьцааны гэрээ, БГ/2032002048-1 дугаартай батлан даалтын гэрээ, БГ-20320012048-2 дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/, Капитал банкны мемориалын баримт-2 ширхэг, орлогын мэдүүлэг, төлбөрийн баримт/, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хүсэлт, тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энхбатаас татгалзсан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн /“*******” ХХК/ бүртгэлийн архивын лавлагаа, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаартай итгэмжлэл, “*******” ХХК-аас ирүүлсэн тооцоо нийлсэн акт, кассын орлогын баримтууд /8 хуудас/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд /3 хуудас/, “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, гэрч М.Булганчимэгийн тайлбар зэргийг шинжлэн судлав.

 

Үндэслэх нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “*******” ХХК барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “*******” ХХК-д цонх, тагтны хаалт нийлүүлж, гэрээний нийт үнэ 49390000 төгрөг болсоноос  34830400 төгрөгийг төлсөн гэдэг бөгөөд талууд энэ талаар маргадаггүй.

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-аас гэрээний үүргийн гүйцэтгэл болох 14560000 төгрөг шаарддаг бөгөөд хариуцагч тал уг мөнгийг төлж барагдуулсан гэж маргадаг. 

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил  гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

 

  2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “*******” ХХК, “*******” ХХК-ны хооронд  347,88 м2 цонхыг 1 м2 тутмыг 80000 төгрөг, 308 м2 тагтны хаалт 1 м2 –ыг нь 70000 төгрөгийн үнэтэйгээр “*******” ХХК нь үйлдвэрлэж захиалагч “*******” ХХК-нд нийлүүлэхээр ажил гүйцэтгэх гэрээг Барилгын ажил гүйцэтгэх гэрээ нэртэйгээр байгуулсан болох нь тэдний шүүхэд ирүүлсэн барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдож байна.

Гэрээний дагуу “*******” ХХК цонх тагтны хаалтыг нийлүүлэх үүрэгтэй, “*******” ХХК ажлын хөлс 49390400 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. 

 

******* ХХК нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй. Хариуцагч “*******” ХХК “*******” ХХК-д ажлын гүйцэтгэлийн хөлсөнд 34830400 төлсөн болох нь талуудын тайлбараар нотлогддог.

Нэхэмжлэгч “*******” ХХК-ын төлөөлөгч ******* тайлбарлахдаа “******* ХХК” нь 14560000 төгрөгийг төлөөгүй. Манай эхнэр М.Булганчимэг бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа. Энэ “*******” ХХК-ийн захирал Ц.Мөнхтунгалаг нь манай эхнэрийн аавынх нь дүү байгаа юм. Тэгээд салах дээрээ тулсан чинь Булганчимэгээр зарлагын баримтан дээр бэлэн мөнгө хүлээн авсан гээд гарын үсэг зуруулчихаад үлдэгдэл төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тооцоо нийлсэн актан дээр би гарын үсэг зураа ч үгүй миний гарын үсгийг дууриаж зурчихаад намайг төлсөн гэдгийг мэдэж байгаа гээд байдаг. Хэдийгээр Булганчимэг манай компанитай холбоотой ажлыг хийдэг байсан ч тэр үед ийм бэлэн мөнгөний талаар ярьж байгаагүй. Яагаад өнөөдөр энэ асуудал яригдаж байна гэхээр Булганчимэгийн аавд “******* ХХК”-ны захирал дүү нь байшин барьж өгсөн юм. Тэр байшиндаа урдаас авчирсан цонхны шил плитаны цавуугаа хэрэглэчихсэн л гэж би боддог. Краныг нь авч хэрэглэж байгаад урд цонхны шилийг хагалчихсан асуудал байгаа. Энэ мөнгөө төлсөн л гэж үзэж байгаа. Бэлэн мөнгө, бараа авч байгаагүй тул 14560000 төгрөгөө нэхэмжилнэ гэж тайлбараа нотолж шинжээчийн дүгнэлт, “*******” ХХК-ны депозит дансны хуулга, *******” ХХК, “*******” ХХК-ны хооронд байгуулсан 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт, “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, “*******” ХХК-ийн дүрэм, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбатын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, түүний тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Цацралтуяагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, түүний хүсэлт, тайлбар, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Б.Энхбатаас татгалзсан хүсэлт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн /“*******” ХХК/ бүртгэлийн архивын лавлагаа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгдөг.

 

Хариуцагч “*******” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр 10000000 төгрөгийг бэлнээр М.Булганчимэгт, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 310000 төгрөгийг бэлнээр М.Булганчимэгт, 4000000 төгрөгийн үнэ бүхий цонхны шил, плитаны цавууг М.Булганчимэгт хүлээлгэн өгсөн гэж бэлэн мөнгөний зарлагын баримтууд, тооцоо нийлсэн актын хамт, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 62 дугаартай итгэмжлэл, *******” ХХК-аас ирүүлсэн тооцоо нийлсэн акт, кассын орлогын баримтууд /8 хуудас/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд 3 хуудас/, “*******” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, гэрч М.Булганчимэгийн тайлбар зэргийг нотлох баримтаар гаргаж, төлсөнөө нотолдог. М.Булганчимэг нь “*******” ХХК-ын гүйцэтгэх захирал тул төлөөлөх эрхтэй гэж үзсэн гэж нэхэмжлэгчийн тайлбарыг няцаадаг.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид ... хүлээлгэж өгнө. Мөн хуулийн 211.2 дахь хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэжээ.

   2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “*******” ХХК-ыг төлөөлж *******, “*******” ХХК-ныг төлөөлж захирал ******* нарын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба ******* нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг М.Булганчимэгт зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна.

Хариуцагч тал тооцоо нийлсэн актанд ******* нь М.Булганчимэгийн хамт ирж тооцоо нийлж гарын үсэг зурсан гэсэн тайлбарыг гаргадаг.

 

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 6377 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинжилгээнд ирүүлсэн огноогүй “Тооцоо нийлсэн акт” гэсэн баримтын дунд хэсэгт “Ажил гүйцэтгэгч” гэсний ард “н.Мөнх-Эрдэнэ” гэсний урд байх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.Мөнх-Эрдэнийн гэх гарын үсгийн харьцангүй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна” гэжээ. Иймд “*******” ХХК-ны захирал ******* нь “*******” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийг хүлээн авахыг гүйцэтгэх захирал М.Булганчимэгт зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд “*******” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд “*******” ХХК-аас 14560000 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар “Мэнд констракш” ХХК-иас 14560000 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233000 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, “*******” ХХК-иас 233000 төгрөгийг гаргуулж “*******” ХХК-д олгосугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Р.УРАНЧИМЭГ