Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 579

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч ..........,

Шүүгдэгч ............... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ............ овогт ............... холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 19...... оны ........ дүгээр сарын .........-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, ............. боловсролтой, .............. мэргэжилтэй, .............. ажилладаг, .............. тоотод оршин суух, ............................ хорих ялаас чөлөөлсөн, хэрэг хариуцах чадвартай, ...............овогт .............. Б.................. /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ч.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ревер гарден” хотхоны 401 дүгээр байрны 101 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн хөлийг нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9/ дүгээр хуудас, 

 

2. Хохирогч Э.Б мөрдөн байцаалтын шатанд: “...2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн үед Ч.Б гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд миний гар утас, виза картыг аваад надад хэлээгүй болохоор нь би гар утсаа асуутал Ч.Б миний гар утсыг ломбарданд тавьсан гэж хэлээд хоорондоо маргалдаж эхэлсэн... Тэгээд би охиныхоо өрөөнд ороод суухад араас Ч.Б гал тогооноос хутга авчираад хажууд ирсэн. Тухайн үед ирээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгэхэд гартаа барьсан хутгаараа миний зүүн гуя, шилбийг зүсэхэд цус гарсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан. Бид 2 маргалдаад би Бийг цохьсон, түлхсэн...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-19/,

 

3. Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “... 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гараад найзтайгаа 0,75 литрийн 1 шил архи хувааж уучихаад гэртээ 23 цагийн үед гэртээ очсон. Гэртээ ороход эхнэр Б уурлаад “хаагуур яваад хэнтэйгээ уугаад байдаг юм бэ, гэр орондоо эрт ирэхэд яадаг юм бэ” гээд байсан. Би “Хайрыгаа уучлаарай. Би мөнгө төгрөг олох гээд хичээгээд л явж байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд янз бүрийн юм яриад байхаар нь охиныхоо өрөө рүү ороод хаалгыг нь түгжээд байж байтал эхнэр маань хаалгыг нь өшиглөж орж ирээд “Чи ингэж байхаар манайхаас зайл гээд намайг элдэв бусын үгээр хор шар малтаад байхаар нь би айлгах гээд гал тогоонд байсан талх зүсдэг долгионтой иртэй хутгыг шүүрч аваад эхнэрийнхээ хөлөн дээр нь барихад зүсчихсэн. Би маш их гэмшиж байгаа. Эхнэр бид хоёрын үл ойлголцолоос болсон гэх мэдүүлэг,

 

4. Шинжээч эмч Б.Д: “ ...Э.Бгийн биед зүүн гуя, зүүн шилбэнд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 30/ дугаар хуудас зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Ч.Б нь 2018 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Ревер гарден” хотхоны 401 дүгээр байрны 101 тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Э Бтай маргалдаж, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зүүн хөлийг нь хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Ч.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч Ч.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ч.Бт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Э.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Ч-н Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг нэг мянган нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР