| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0134/Э |
| Дугаар | 0164 |
| Огноо | 2020-02-13 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 0164
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Д.Агар,
хохирогч У.Н,
иргэний хариуцагч Б.Т /Нийслэлийн түргэн тусламжийн төв/,
шүүгдэгч Б.Т, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат /ҮД:0204/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Бгийн Тад холбогдох 2003000140025 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1963 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, кино механикч мэргэжилтэй, Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо Алтан-Овоо ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Бгийн Т /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны 04 цаг 11 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын зүүн талын замд ... УНЧ улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Ныг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдөрт шилжих шөнө Баянхошуунд явж байхад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэхэд зүрхний хэм алдагдсан хүн байна гэх дуудлага өгснийг аваад Сонгинохайрхан дүүргийн зүүн талын замаар явж байхад явган хүний гарцан дээр хүн явж байгаа харагдсан ба улмаар машин ирж байхыг хараад зогсчихоор нь би өнгөрөөх гэж байгаа юм байна гэж бодоод явтал урдуур ороод ирсэн, би тоормосоо гишгэсэн боловч тухайн үед зам хальтиргаатай байсан тул гулсаж очоод мөргөсөн. Би машин бариад 38 жил болж байна. Би тухайн үед 30-40 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд цагдаад дуудлага өгч, хохирогчийн эмнэлэгт аваачиж өгсөн. Тухайн үед хохирогчийг үзүүлж харуулахад 304.000 төгрөг гарсныг төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хохирогч У.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр шинэ жилийн арга хэмжээтэй өдөр байсан ба тараад 03-04 цагийн үед гарцаар гараад явж байсан. Тэгээд эмнэлэгт ухаан орсон. Миний 4 хавирга хугараад, дагз хавдсан байсан. 304.000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлсөн байх. Би хувиараа барилгын ажил хийдэг. Би одоо 800.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх зардлаа бас нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Иргэний хариуцагч Б.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манай байгууллагын зүгээс бодит гарсан зардлыг төлнө.” гэх тайлбар /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Хавтаст хэргээс:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3х/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7х, 8х, 9х, 10-12х/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14х/, хохирлын баримтууд /хх-ийн 17-18х/, хохирогч У.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-22х/, иргэний хариуцагч Б.Т мэдүүлэг /хх-ийн 26х/, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилтан Б.Тын ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 39-40х/, гэрч Д.Гын мэдүүлэг /хх-ийн 31х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 748 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59х/, Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газар шинжээчийн 32 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-63х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34х/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 35х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 36х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 37х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 38х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41х/, түргэн тусламжийн дуудлагын лавлагаа /хх-ийн 49х/, Б.Тын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-73х/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Наас гаргаж өгсөн 4 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 18 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны 04 цаг 11 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, засаг даргын тамгын газрын зүүн талын замд ... УНЧ улсын дугаартай “Киа Бонго-3” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч У.Ныг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь:
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7х, 8х, 9х, 10-12х/,
Хохирогч У.Нын өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн зүүн талын урдаасаа хойшоо явсан, эсрэг урсгалтай замаар би зүүнээсээ баруун тийшээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад хойноосоо урагшаа чиглэлд явж байсан түргэн тусламжийн автомашинд мөргүүлсэн. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба зам хөндлөн гараад гэрлүүгээ явах гэж байсан юм. Тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ миний баруун цээж хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Д.Гын өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд дуудлага авчхаад, дараагийн дуудлагад явж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө үүрээр 04 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн баруун талын замаар хойноосоо урагшаа явж байхдаа зүүнээсээ баруун тийшээ явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг манай жолооч Т нь тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр мөргөсөн. ...Явган зорчигчийг осол болохын өмнө замын голд зогсож байхад харсан, жолооч мөн харсан, тухайн үед явган зорчигч тээврийн хэрэгслийг өнгөрөөх байх гэж бодоод явж байтал гэнэт урдуур орж ирээд мөргүүлсэн. Жолооч тоормос гишгэсэн боловч мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,
Шүүгдэгч Б.Тын өгсөн: “...Нийслэлийн түргэн тусламжийн төвийн жолоочоор 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд 24 цагаар ажил үүрэг гүйцэтгэж байсан ба Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, дүүргийн зүүн талын замаар 2019 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 04 цаг 11 минутын орчимд дуудлагад явж байхдаа явган хүний гарцаар зүүнээсээ баруун тийшээ зам хөндлөн гарч явсан хүнийг тээврийн хэрэгслийнхээ зүүн урд хэсгээр мөргөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед эмч П.Гын хамт явж байсан, явган зорчигчийг зам хөндлөн гарч байгааг нэлээд холоос хараад хурдаа хассан чинь явган зорчигч зогссон, тэгэхээр нь өнгөрөөх юм байна гэж бодоод хурдаа нэмээд явсан чинь явган зорчигч урдуур ороод ирсэн, би тоормос гишгэсэн боловч очоод мөргөсөн. ...40 км/цаг хурдтай явсан, зам хальтиргаатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Уг зам тээврийн ослын улмаас иргэн У.Нын эрүүл мэндэд “баруун талын 3,4,5,6-р хавирганы зөрөөгүй хугарал, баруун шанаанд цус хуралт, хамрын нуруу, дээд уруул, духанд зулгаралт, зүүн хөмсөгт няцарсан шарх, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий” гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 748 дугаартай дүгнэлт /хх-ийн 58-59х/-ээр тогтоогджээ.
Шүүгдэгч Б.Т нь жолооч хүний баримталбал зохих үүргээ биелүүлээгүйгээс тухайн осол гарахад хүргэсэн байх бөгөөд шүүгдэгч Б.Тын гаргасан үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн шинжтэй болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 32 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байна. /хх-ийн 62-63х/
Иймд шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжээр буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хохирол төлбөрийн тухайд: Шүүгдэгч Б.Т нь тус ослын дараа хохирогч У.Нын эмчилгээ, оношилгоо хийлгэхтэй холбогдон гарсан зардал болох 304.280 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Н нь шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас 800.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан, баримтаар гарсан зардал болох 96.850 төгрөгийг иргэний хариуцагч Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвөөс гаргуулж, хохирогчид олгох нь үндэслэлтэй байна. Учир нь, шүүгдэгч Б.Т нь Яаралтай тусламжийн төвд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байх ба тэрбээр ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэм буруутай үйлдлээрээ бусдад хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлд зааснаар түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч нь гэмт хорын хариуцлагыг хүлээхээр байна.
Харин хохирогч У.Н нь баримтгүй нэхэмжилж буй зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа холбогдох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т, иргэний хариуцагч Яаралтай түргэн тусламжийн төвөөс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг,
-Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчид гэмтэл учирсан даруйд эмнэлгийн тусламжийг үзүүлсэн, хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд төлж барагдуулсан, ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, 3 сарын хугацаанд хувааж төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Б.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Тад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /явган хүний гарцан дээр үйлдэгдсэн/, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг, нөгөө талаас шүүгдэгчийн хувийн байдал /ажил хөдөлмөрийг үнэлж, одон медалиар шагнагдаж байсан байдал/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс орлогын байдлыг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Бгийн Тыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тад 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Таас эмчилгээний зардалд 304.280 /гурван зуун дөрвөн мянга, хоёр зуун ная/ төгрөгийг хохирогч У.Нт төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч В.Түвшиндэлгэрээс /Нийслэлийн түргэн тусламжийн төв/-өөс 96.850 /ерэн зургаан мянга, найман зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч У.Нт олгож, хохирогч У.Н нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан гэх баримтгүй нэхэмжилсэн зардал болон цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлуудаа нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Т, иргэний хариуцагч байгууллагаас тус тус нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ