| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/63 |
| Огноо | 2020-03-31 |
| Зүйл хэсэг | 17.11.2., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч В.Төгсбаяр,
Шүүгдэгч Т.П /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Пд холбогдох эрүүгийн 1929002680158 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 52 700 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.П мэдүүлэхдээ: “Хэрэг болсон өдөр эхнэртэйгээ маргалдаад нэг шил архи аваад гэрийнхээ гадаа уусан. Дараа нь гэртэй орж унтсан” гэв.
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 1-2-р хуудас/
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүллэлт /хх-ийн 9-21-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эрдэнэбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сэржхорлоогийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-51-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Отгонбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Батдоржийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 71-72-р хуудас/,
- Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/,
- Өмнөговь аймгийн БОЭТ-ийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №21/19 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-81-р хуудас/,
- Өмнөд бүсийн Төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн гал түмэр гарсан тухай 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №30/06 дугаартай акт /хх-ийн 84-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №Ц001-019 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 87-88-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн №Ц002-019 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, хавсралт /хх-ийн 91-99-р хуудас/,
- Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №Ц19-15 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 95-99-р хуудас/,
- Хохирогч Ц.Сэржхорлоогийн “санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-ийн 114-р хуудас/,
- Хохирогч Б.Эрдэнэбаярын Зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 116-125-р хуудас/,
- Галбын түмэн хөлөг ХХК-аас ирүүлсэн “хохирол бүрэн барагдсан тул гомдол саналгүй” гэх албан бичиг /хх-ийн 129-р хуудас/,
- Шүүгдэгч Т.Пгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч Т.П нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 ханатай монгол гэр 3 ширхэг, 65-00 ӨМА улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч толгой, 47-72 УАА улсын дугаартай Тоёота приус-30 маркийн суудлын автомашиныг шатааж, бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 52 700 000 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Т.Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Т.П нь бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Ц.Сэржхорлоо нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Т.Пг түүнд төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч Ц.Сарантуяад 900000 төгрөгийн, хохирогч Б.Эрдэнэбаярт 15000000 төгрөгийн, хохирогч Э.Отгонбаатарт 35000000 төгрөгийн хохиролыг шүүгдэгчээс гаргуулан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-Улсын яллагчаас Т.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- шүүгдэгч Т.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар: Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч Т.П нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх нүдэн овогт Төмөрбаатарын Пг бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т зааснаар шүүгдэгч Т.Пг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Пд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Пгээс хохирогч Э.Отгонбаатарт 35000000 төгрөг, хохирогч Б.Эрдэнэбаярт 15000000 төгрөг, хохирогч Ц.Сарантуяад 900000 төгрөг гаргуулан олгосугай.
6. Шүүгдэгч Т.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА