| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2020/0055/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/64 |
| Огноо | 2020-04-01 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2020/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: В.Төгсбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Э.Энхээ, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Шүүгдэгч: Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Нямдоржийн Гд холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий 1 дүгээр баг Үйзэн хорооллын 1 дүгээр гудамж 13 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2019/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ямаан-Ойдов овогт Нямдоржийн Г /РД:КЕ91083010/
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Г нь 2019 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Манлай сумын Өехий багийн нутаг сумын төвөөс хойш 34 км-т орших “Энгэрийн хар” гэх газарт Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас мотоцикльтой хөөсний улмаас Э.Чулуунбаатар онхолдож, тархины эдийн няцрал, хатуу хальсан доорх цусан хураа, хамрын таславчийн муруйлт, баруун гайморын хөндийн цөмөрсөн хугарал, цус хуралт, доод эрүүний хугарал, баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхийн эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Г нь мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумаас хойш Алтанхундага гэх айлруу яваад замдаа Цогтжаргал гэх айлд очоод Цогтжаргалтай хамт Алтанхундагынд очоод надад хонь өгнө гэсэн байсан болохоор би дэлгүүүрээс ойр зуурын юм, 1 шил архи аваад Алтанхундагынд очиж уугаад тэгээд орой кино үзэж сууж байгаад явах гэтэл Цогтжаргал манайд нэг шил архи байгаа тэрийг авчирч ууя хэн явах уу гэтэл чи явж гэж Цогтжаргалд хэлэхэд та 2 яваад ир гэхэд Алтанхундага тэгье гээд 12 цаг өнгөрч байхад Алтанхундагынхаас хүүхэдтэй нь 3-уулаа мордож давхиад Цогтжаргалынхруу явтал төөрөөд замаа олохгүй явж байтал нэг зам орж ирсэн түүгээр нь давхиж байтал нэг айл байсан гадаа нь очиход хохирогч Чулуунбаатарынх байсан. Тэгээд хохирогчийг зам заагаад өгөөч Цогтжаргалынд очих гэсэн юм гэхэд Чулуунбаатар замруу дагуулж явсан. Дагаад давхиж байгаад Цогтжаргалынд очсон. Тэгээд 3-уулаа тэндээс архийг нь аваад буцаж баруун тийшээ давхиад Баясгалан гэдэг айлын гадаа очоод та 2 энэ замаар явна, би энэ замаар буцлаа гэж хэлээд 3-уулаа нөгөө шил архийг задалж жоохон уугаад сууж байтал Алтанхундага бие засах гээд явах үед Чулуунбаатар бид 2 юм ярьж байгаад би Чулуунбаатарыг чи манай эгчийг дээрэлхэж, зоддог гэсэн үү гэж асуухад чамд ямар хамаатай юм гэж хэлэхээр нь би элгэн дундуур нь нэг удаа цохиод авсан. Тухайн үед Алтанхундага намайг ирж татаж авсан, Алтанхундага мэдүүлэгтээ өөрийг нь зодсон гэдэг ч би цохиогүй эргээд эргэж хараад бие засаад зогсож байхад Чулуунбаатар мордоод давхиж байгаа нь ойролцоо харагдаж байсан. Чулуунбаатар нь өнхөрөөд ойчсон. Тэгэхээр нь би ардаас нь мордож очоод наанаас нь зайтай зогсож байгаад гайгүй юу, яасан эсэх талаар асуухад Чулуунбаатар гайгүй ээ, яв яв гэхээр нь би яваад Алтанхундага дээр очоод хэлэхэд Чулуунбаатарын гэрт очиж хэлье гээд овоон дундуур хүүхэдтэй 3-лаа давхиж байтал би өнхөрч ойчоод Алтанхундага яав бариад цаашаа явж байтал Чулуунбаатарын зүүн хойно очсон байсан. Тэгээд Чулуунбаатарынд явж очиход эхнэр нь загинаад байхаар нь хэлчихээд яваад өгсөн. Эргээд Чулуунбаатарын хажууд очиход хөдөлж байхаар нь Алтанхундагынд очиход Цогтжаргал эхнэртэйгээ хамт байсан. Би Цогтжаргалд Чулуунбаатар тэнд өнхөрч унасан хөдөлж байсан чи очоод үзчихээрэй би Манлай явж очиж хэллээ гээд Цогтжаргал Чулуунбаатарлуу, би Манлай сумруу явсан. Манлай суманд очиход Цогтжаргал очиж хэлээд мэдчихсэн байсан.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15-р хуудас/
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 378 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/
Шүүх сэтгэц гэм судлалын 20/19 дугаартай дүгнэлт /хх-ийн 50-53-р хуудас/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээгийн өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Манлай сумаас манай ээж Эрдэнэцэцэг утсаар яриад “ах Чулуунбаатар мотоциклоос унаад ухаангүй хөдөө байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа чөлөө аваад Манлай суманд орой очоод маргааш нь 6 сарын 09-ний өглөө сумын эмнэлэг дээр очиход ах Чулуунбаатар нь ухаан ороогүй хэвтэж байсан. Тэгээд эхнэр Налжирмаагаас юу болсон талаар асуухад Налжирмаа хэлэхдээ шөнө хөдөө гэрт Г, Алтанхундага хоёр мотоцикльтой ирээд дагуулаад явсан гэж хэлсэн. Тэгээд дагуулж яваад мотоциклоос унасан хөдөө зодуулсан байх гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Б.Налжирмаагийн өгсөн “...Тэгээд гэрт орж ирээд Г “Бэрх гэж нэртэй газарт очих гэсэн юм газар заагаад замд оруулаад өг” гэж манай нөхөр Чулуунбаатарт хэлсэн. Тэгэхээр нь би “харанхуй хар шөнө наад хэд чинь согтуу юм байна шдээ гэж Чулуунбаатарт хэлсэн чинь манай нөхөр Чулуунбаатар хоноод явж болохгүй юмуу” гэсэн чинь Г “одоо явна зам заагаад өг” гээд байсан. Тэгээд Чулуунбаатарыг мотоцикльтой дагуулаад явсан. “Өглөө Баясгалан ахаас утсаар Чулуунбаатарыг асуусан чинь ирээгүй гэж хэлсэн тэгээд удалгүй Баясгалан эргүүлээд залгаад Чулуунбаатарыг манайхаас баруун өмнө хөдөө мотоцикльтойгоо уначихсан байсныг Цогтжаргал үзсэн байна” гэх хэлсэн. Тэгээд би Чулуунбаатарын унасан газар очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/
Гэрч Б.Алтанхундагын өгсөн “...Би хүүхэд бие засуулчихаад эргээд ирэхэд Г, Чулуунбаатар хоёр мотоциклийн хажууд газар суучихсан нэг шил архи гаргаад ирчихсэн шилээр нь ууж байсан. Тэгээд хоорондоо муудалцаад Г Чулуунбаатарын гэдсэн тус газарт нэг удаа өшиглөсөн би дундуур нь орсон чинь Г намайг нэг удаа цохиж авсан дараа нь Г намайг дагуулаад мотоциклоос зүүн тийш зайдуу дагуулж яваад дахиж хоёр удаа эрүү рүү цохисон энэ хооронд Чулуунбаатар өөрийнхөө мотоциклийг асаагаад зүүн хойшоо учиргүй хаазлаад явсан тэгсэн Г гүйж очоод миний мотоциклийг асаагаад Чулуунбаатарын араас хаазлаад явсан тэгээд удаагүй Г мотоцикльтой ирсэн би хүүхдээ хөтлөөд зогсож байснаас баруун тийш алхаж байсан. Тэгээд Г ирэхээр нь “яасан, юу болов” гэсэн чинь Г Чулуунбаатарыг мотоцикльтойгоо уначихсан гэж хэлсэн тэгэхээр нь би “эмч дуудахгүй юмуу” гэсэн чинь Г “гайгүй” гэсэн ”чи морд явъя” гэж хэлсэн тэгээд би хүүхэдтэйгээ сундлаад баруун тийшээ гэрлүү чиглээд явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/
Шинжээч Ж.Жаргалтуяагийн өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Шинжээч Л.Өсөхжаргалын өгсөн “...Э.Чулуунбаатарын биед үүссэн тархины эдийн няцрал нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/
Яллагдагч Д.Төрмөнхийн мэдүүлэг /хх-ийн 136-137-р хуудас/
Шүүгдэгч Н.Гантулгын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Н.Гантулгын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91-р хуудас/,
Шүүгдэгч Н.Гантулгын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 90-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Нямдоржийн Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
1. Хэргийн зүйлчлэлийн талаар:
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинж нь “…Монгол улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх”-аар зохицуулжээ. Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд ”…Э.Чулуунбаатартай согтууруулах ундааны зүйл хэрэглэн маргалдаж улмаар зодон, мотоцикль жолоодон зугтаасан Э.Чулуунбаатарын араас хөөсний улмаас онхолдож, тархины эдийн няцралт, …баруун шанаанд нөсөө, баруун тахимд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай 11.3 дугаар 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв. Тухайн хэргийн нөхцөлд хохирогч гэх Э.Чулуунбаатар нь өөрийн эзэмшлийн мотоциклийг жолоодож явсан нь гэрч Б.Алтанхундага, шүүгдэгч Н.Г нарын мэдүүлгээр тогтоогдсон.
Харин Н.Гантулгын хувьд захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас буюу Э.Чулуунбааатарыг согтууруулах ундааны зүйл хэрэгслэснийг мэдсээр байж жолоо шилжүүлсэн буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын “б”-д “…эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Гантулгын болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Чулуунбаатарын биед хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Э.Чулуунбаатарыг араас нь хөөсөн, үүний улмаас онхолдсон байдал тогтоогдохгүй байна. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 13-16-р хуудас/, гэрч Б.Алтанхундагийн “… Чулуунбаатар бид нарын зогсож байсан газраас зүүн хойшоо өөрийнхөө эзэмшлийн Dayun маркын улаан шар өнгийн мотоцикльтой хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй гэнэт асаагаад учиргүй хаазлаад явсан. Тэгээд зүүн хойд дээгүүр даваад чимээгүй болсон. Хаазалж байгаад гэнэт чимээгүй болчихсон. Тэгээд би Чулуунбаатарыг уначихлаа гэж мэдсэн. Гэтэл Г ойччихлоо гээд миний мотоциклийг жолоодоод Чулуунбаатарын араас явсан. Би хүүхэдтэйгээ тэр газраа үлдсэн. Г удаагүй буцаж ирээд Чулуунбаатарыг мотоциклоосоо уначихсан байна. ” гэсэн мэдүүлэг/ хх-ийн 34-5-р хуудас/, зэрэг нотлох баримтуудаар Н.Гантулгын хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас Э.Чулуунбаатарын биед хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдохгүй байна.
2. Нотлох баримтын талаар
Тухайн хэргийн талаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж үзэхэд нотолбол зохих байдлын бүрэн тогтоогоогүй байна. Хэргийн нөхцөл байдлыг тогтоохдоо нотлох баримтыг харьцуулан судалж цуглуулаагүй, зөвхөн гэрч Б.Алтанхундагийн өгсөн мэдүүлэгийг эх сурвалж болгосон нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3-т заасан “…Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн заалтын хэрэгжүүлээгүй байна гэж үзэв. Яагаад гэвэл гэрч Б.Алтанхундагийн өгсөн: “...Чулуунбаатар бид нарын зогсож байсан газраас зүүн хойшоо өөрийнхөө эзэмшлийн Dayun маркын улаан шар өнгийн мотоцикльтой хаашаа явах гэж байгаагаа хэлээгүй гэнэт асаагаад учиргүй хаазлаад явсан. Тэгээд зүүн хойд дээгүүр даваад чимээгүй болсон. Хаазалж байгаад гэнэт чимээгүй болчихсон. Тэгээд би Чулуунбаатарыг уначихлаа гэж мэдсэн. Гэтэл Г ойччихлоо гээд миний мотоциклийг жолоодоод Чулуунбаатарын араас явсан. Би хүүхэдтэйгээ тэр газраа үлдсэн” гэж /хх-ийн 34-35-р хуудас/ мэдүүлсэн байхад бага насны хүүхдээс хуульд заасан журмаар мэдүүлэг аваагүй нь учир дутагдалтай байна. Тодруулж хэлбэл тухайн хэрэг болсон гэх нөхцөл байдлыг зөвхөн гэрч Б.Алтанхундагийн мэдүүлгээр нотлогддог гэж улсын яллагч үздэг ч түүний мэдүүлэгийн зөрүүтэй байдлыг арилгах гол гэрч болох Б.Алтанхундагийн хүүхдээс нөхцөл байдлыг тодруулаагүй буюу хэргийн бодит байдлыг тогтоох арга хэмжээ аваагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар тухайн эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Н.Г нь Э.Чулуунбаатарын биед болгоомжгүйгээр хүнд гэмт учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай нь тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сумын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Гантулгыг цагаатгаж шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхээ нь баримтаар 3 185 887 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүгдэгч Н.Г нь гэм буруутай нь тогтоогдохгүй байх тул шийдвэрлэхгүй орхих нь зүйтэй байна.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Н.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдэлж байгаа тул цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авах, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй. Н.Гд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.9 , 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ямаан Ойдов овогт Нямдоржийн Гд холбогдох 1929001680159 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Н.Г нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2019/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдэлж байгаа тул тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч Н.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА