Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 0188

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч Х.Онолт,

      шүүгдэгч Ж.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Жы Од холбогдох 2008003950111 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 44-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Т овогтой Жы О /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Яллагдагч Ж.О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Т.Отой хардалтын улмаас маргалдаж, улмаар Т.Огийн толгой, цээж хэсэгт гар, хөлөөрөө болон модон сандлаар цохих зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7х/, хохирогч Т.Огийн мэдүүлэг /хх-ийн 31-32х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1245 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39х/, аюулгүй зэргийн үнэлгээний маягт, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /14-15х, 16-24х/, хамтарсан  багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 5х/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55х, 61х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 56-57х/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 62х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72х/, шүүгдэгч Ж.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-52х/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод эхнэр Т.Отойгоо маргалдаж, улмаар Т.Огийн толгой, цээж хэсэгт нь гар, хөл, модон сандал зэргээр цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн онц харгис хэрцгийгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Огийн өгсөн: “...Би нөхөр гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод байр түрээслэн амьдардаг юм. Бид хоёр дундаасаа гурван хүүхэдтэй ба албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 14 жил хамт амьдарч байна. Манай нөхөр О нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажил дээрээ байхад мессенжерээр намайг хардаад “чи тэрэнтэй зайлаарай” гэж мессеж бичээд байсан. Тэгээд би 17 цагийн орчимд гэртээ ирэхэд нөхөр ирээгүй, байхгүй байсан. Тэгсэн чинь нөхөр хүүхдүүдээ ээжийнхээ гэрт байлгаж байгаад орой 23 цагийн орчимд авч ирсэн. Тэгэхдээ архи, пиво барьчихсан согтуу ирсэн. Тэгээд уурлах гээд байгаа юм шиг том том дуугараад унтахгүй нойр хүрэхгүй байна гэж байсан, би утсаар хүмүүстэй чат бичээд унтаагүй бас нойр хүрэхгүй байсан. Тэгсэн чинь нөхөр гэнэт босч ирээд юм хэлээгүй, миний толгой руу гараараа нэг удаа цохиж аваад өөрийнхөө гар утсыг хана руу авч шидээд модон сандлаар толгой болон нүүр рүү 2, 3 удаа цохиод би газар унахад цээжний хэсэг рүү хөлөөрөө 5, 6 удаа дэвссэн. Тэгээд би босоход хана руу шахаад “ингэж байхаар үх чи” гэж уурлаад волкон руу түлхэж гаргасан. Тэгэхээр нь би хажуу  айлын цонхыг цохиж туслаарай гэж тусламж дуудаж байгаад эргээд харсан чинь нөхөр нөгөө өрөө рүү орчихсон байхаар нь би гэрээсээ гарч зугтаагаад хажуу 26 тоот айл руу ороод цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн. Мөн би айж сандарсандаа хажуу айлын цонхыг хүчтэй нүдээд уг цонх нь хагарчихсан юм. Тэгээд би дараа нь тэр айлын цонхыг янзалж өгсөн. Бас би дараа нь гэрээ янзлах даа нөхөр намайг зодсон модон сандлыг гаргаад хогийн бункерт хаячихсан. ...Нөхөр намайг зодоход бид хоёрын хажууд өөр хүн байгаагүй. Манай гурван  хүүхэд нөгөө талын өрөөнд унтаж байсан. ...Нөхрөөсөө нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1245 дугаартай:

“...Т.Огийн биед тархи доргилт, дагзны хуйх, баруун нүдний доод зовхи, баруун хацар, шанааны баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал, уруулын зүүн булангийн шарх, баруун хацар, баруун бугалга, тохой, шуу, суганы доод хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39х/,

Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 7х/,

Шүүгдэгч Ж.Оы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоот гэртээ эхнэр О улаан цайм өөр хүнтэй асуудал үүсгэж гэр бүлийн гадуур харилцаатай байгаад байхаар нь уурлаад эхнэрийг нэг удаа алгадаж авсан. Тэгсэн чинь эхнэр орилж хашхираад хаалга онгойлгож аллаа гэж орилоод хажуу айлын хүмүүс гэртээ оруулсан байсан. Удалгүй цагдаа ирээд намайг авч явсан. Би бас зарим үйлдлээ үнэхээр санахгүй байна, учир нь би согтуу байсан. ...эхнэр маань надад зодуулахаас өмнө биед нь ямар нэгэн гэмтэл бэртэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-52х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.О, хохирогч Т.О нар нь 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан байх тул Ж.О, Т.О нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзэх ба шүүгдэгч Ж.О нь эхнэрээ бусадтай хардаж, гадуур харилцаа үүсгэлээ гэх шалтгаанаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоноос гадна сандлаар цохих зэргээр онц харгис хэрцгийгээр зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.   

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.Оы дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 31-32х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  “350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.О нь “...торгуулийн ял оногдуулж өгнө үү”  гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ж.Од эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Онь үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулсан, авлагатай байгаа, уг мөнгөө авч торгох ялыг биелүүлэх боломжтой гэх боловч хэрэгт авагдсан Ж.Оы хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэх, бусдаас авах авлагатай эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгчийн дээрх хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.Оы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Жы Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Од 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.АЛТАНЦЭЦЭГ