Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 590

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийндарга Б.Боорчи

Улсын яллагч Г.Эсэн,

Шүүгдэгч И.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн С........ овогт И.........ын О-т холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийнбайцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны .. дугаар сарын ..-ний өдөр ....... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, .... боловсролтой, ........... мэргэжилтэй, ............... хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...., ......., ..... .... хамт ............................... тоотод оршин суух, урьд ................ хугацааны өмнө тэнсэн суллагдсан, .......... овогт ..............вын О /РД:...................../,

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч И.О нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапит харш” хотхоны орцонд хамтран амьдрагч С.Гийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, зүүн гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч С.Г мөрдөн байцаалтын шатанд "…Өнөржаргал,  Баагий хоёр намайг таксигаар дүү Сарангуагийн гэрийн гадна хүргэж өгсөн ба Баагий намайг дээшээ лифтээр гаргаж өгье гээд надтай хамт лифтэнд суусан. Лифтний хаалга нээгдтэл өөдөөс О “ чи хаашаа яваад ирж байгаа юм бэ” гээд лифтний үүдэнд зогсож байсан. тэгснээ О Баагий гэх залууг барьж авснаа “ чи хэн бэ , ямар учиртай хүн бэ” гээд тэр хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би нөгөө Баагий гэх залууд “ энэ манай нөхөр байгаа юм, бид хоёр учраа олно, чи яв” гээд явуулсан. Харин О …уурлаж байснаа гэнэтхэн 2 хацар руу ээлжлэн алгадсанаа “ суучих хоёулаа ярилцая” гээд шатан дээр суусан. О 500 граммын савалгаатай Соёрхол нэртэй тал шил архи гаргаж ирсэнээ “ архи уу” гэхээр би “ архи уухгүй” гэж хэлсэн. Тэгтэл О намайг архи уусангүй гэж гэдэс хэвлий орчим руу гараараа цохиод байхаар нь би архинаас нь 100 грамм орчмыг уусан. ..О уурлаад миний 2 хацар руу ээлжлэн алгадаад, заамдаад, зүүн хөл рүү өшиглөөд  дух руу гараараа цохисон . Би суухдаа гараа шалан дээр тавьтал тэрээр зүүн гарын сурвуу хэсэгт гараараа цохисон. Би орилж хашгирч дүүгээ айлгаад яахав гэж бодоод ямар ч чимээ гаргаагүй.” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “…С.Гийн биед дух, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар  сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой…” гэх № 12332 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-р хуудас,

 

Аюулын зэргийн үнэлгээ хийсэн тухай маягт /хх-ийн 27-28-р хуудас/,

 

Шүүгдэгч И. О шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “…С.Г бага зэрэг халамцуу байдалтай, нэг залуутай инээлдчихсэн лифтнээс гарч ирсэн, нөгөө залуугаа сугадчихсан байхаар нь би Гийн зүүн шанаа орчимд нэг удаа алгадсан ингээд нөгөө залуутай нь зууралдаад автал Г “ болио, наадах чинь манай нөхөр байгаа юм” гэж хэлтэл тэр залуу нь гараад зугтаасан, тухайн үед миний уур хүрч, бухимдаад С.Гийн 2 хацар, шанаа орчим руу 3-4 удаа алгадаж, зүүн гуя руу нь 1 удаа өшиглөөд дух руу нь гараараа 1-2 удаа цохиж, заамдсан..” гэх мэдүүлэг зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч И.О нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01-02 цагийн үед гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапит харш” хотхоны орцонд хамтран амьдрагч С.Гийг зодож эрүүл мэндэд нь дух, баруун, зүүн хацар, хүзүү, зүүн шуу, зүүн сарвууны хуруу, зүүн гуя, баруун өгзөг, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий

хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч И.Оын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч И.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаагаар төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч И.От оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч С.Г нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С овогт И-ын О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.О-ыг 700 нэгж буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаагаар төлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч И.О нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч И.О-т оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                               Н.МӨНХБАЯР