Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 9

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хийж, Ч.Т ы нэхэмжлэлтэй “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Т , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э , Б.Ц , өмгөөлөгч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Энхжин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч овогтой Т  миний бие 2008 онд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуулийг даатгалын эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2008 оноос 2013 оны 09 сар хүртэл “А т” ХХК-д тооцооны нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013 оны 10 сарын 25-ны өдрөөс Нийслэлийн аудитын газар аудитор/шинжээч/-р томилогдон тасралтгүй 4 жил ажилласан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, төрийн албан хаагчийн ёс зүйг дээдлэн ажиллаж ирснээс гадна ажлын үр дүн жил бүр 87-с дээш хувьтай дүгнэгдэж байсан. 

Гэвч Монгол улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар аудитын газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн, орон тоо цөөрч, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ.” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтэцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочин зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна. Тушаалын 1-р заалтад Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, өөрчлөгдөж батлагдсан ажлын байрны тодорхойлолтонд заасан шаардлагад нийцэхгүй гэжээ.  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу бүтцийн өөрчлөлт орснон нөхцөлд төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлж болох ч яг ямар бүтцийн өөрчлөлтөөр ажилтанг ажлаас халж байгаа нь тодорхойгүй өөрөө хэлбэл орон тоо цөөрүүлсэн юм уу? Орон тоо хасагдсан юм уу? Салбар нэгж татан буугдсан юм уу? зэрэг нь тодорхойгүй тушаал гарсанаас гадна ажлаас халах нэг үндэслэлийг ажлын байрны тодорхойлолтонд нийцэхгүй болсон гэжээ.  Миний хувьд анх ажилд орохдоо ажлын байранд тавигдсан тодорхойлолт, шаардлагад нийцэн ажилд орсон учраас шинээр нэмэгдсэн төрийн албанд 5-аас дээш жил ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй хэмээн ажлаас чөлөөлж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар “Ч.Т ыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Нэг. Монгол Улсын Ерөнхий аудиторт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, ажил албан тушаал, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт зэргийг шинэчлэн баталж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор дараах тушаал шийдвэрүүдийг гаргасан байдаг.

1. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Төрийн аудитын байгууллагын тогтолцоо нь төрийн аудитын дээд байгууллага, ... төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагаас бүрдэнэ.” гэж заасанд нийцүүлэн “Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар” байсныг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/59 дүгээр тушаалын хавсралтаар “Нийслэл дэх Төрийн аудитын газар” болгож өөрчилсөн. Энэ нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм.

2. Нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан. Өмнө нь Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан төрөлжсөн аудитын нэгж /нийцлийн аудитын/ байгаагүй тул зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийг бий болгон, хэрэгжүүлэх чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэлийг тодорхой болгож, албан тушаалын жагсаалтыг баталсан.  Түүнчлэн Гүйцэтгэлийн аудитын 2 албатай байсныг 1 хэлтэс 3 албатай байхаар, Санхүүгийн 3 албатай байсныг 2 хэлтэс тус бүрдээ 2 албатай байхаар, Нийцлийн аудитын алба байгаагүйг шинээр бий болгож 1 хэлтэс 1 албатай байхаар, Тамгын хэлтэстэй байхаар тус тус өөрчлөн зохион байгуулсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт заасан стандартын хэрэгжилтийг хангах, Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.3, 13 дугаар зүйлийн 13.4.7-д заасан бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан тушаал юм. 

3. Мөн нэхэмжлэлд дурдагдсан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг баталсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын дагуу батлан гаргасан нь тухай ажлын байрны зорилго, зорилт, гүйцэтгэх үндсэн үүргүүд, ажлын төрлүүд, мэдлэг, ур чадвар, хандлага, төлөвшил, гүйцэтгэлийн шалгуур зэргийг нарийвчлан тогтоож гаргасан хүчин төгөлдөр тушаал юм. Өмнө нь Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаар тушаалын хавсралт 3-р батлагдсан ажлын байрны тодорхойлолт нь хэт ерөнхий, бүхий л төрлийн мэргэжлийг хамруулдаг, албан хаагчдад тавигдах шаардлага сул зэрэг нь Төрийн жинхэнэ албанд цаашлаад Төрийн аудитын тусгай албанд туршлагагүй, мэргэшээгүй, мэргэжлээрээ ажиллаагүй, мэргэжлийн бус албан хаагч нар ажил албан тушаал эрхэлж, төрийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь төрийн аудитын байгууллага хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан ард түмэнд үйлчлэх, мэргэшсэн тогтвортой байх зарчмыг алдагдуудах нөхцөлийг бүрдүүлж байсан тул Төрийн аудитын байгууллагын албан хаагчдад тавигдах шаардлагыг ажлын байр тус бүрээр нь нарийвчлан тогтоож, хэрэгжүүлэх боломжит жишиг хувилбарыг боловсруулж системийнхээ хэмжээнд мөрдүүлж эхлээд байна. 

Дээр дурдсан тушаалууд нь Монгол Улсын Ерөнхий аудиторын хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гарсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “... төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ...” гэж үзэх үндэслэлтэй юм. 

 

Улсын дээд шүүхийн 2010 оны “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолын 15-д “Хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулаглсан ...” гэж Иргэний хуулийн 31 дүгээр зүйлд заасан журмын дагуу зохион байгуулагдсаныг хэлнэ” гэж, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6-д “хуулийн этгээд нь зохион байгуулалтын төрөл, хэлбэр, ... ээ өөрчлөх замаар зохион байгуулагдаж болно” гэж, мөн тус тайлбарт “Энэ хэсэгт заасан “... зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн...” гэдэгт эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц /алба, тасаг, хэлтэс, газар тэдгээртэй адилтгах бусад нэгж/-ийг шинээр бий болгосныг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байдаг.

Иймд дээрх хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үүднээс Үндэсний аудитын газрын харьяа Нийслэлийн аудитын газар /хуучин нэрээр/-ийн албан хаагчдыг Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасны дагуу батлагдсан “Нийслэл дэх Төрийн аудитын газар”-ын ажилтан, албан хаагчдыг шинэ бүтэц зохион байгуулалтын дагуу томилох шаардлага үүссэн.

Иймд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, Улсын дээд шүүхийн 2010 оны 08 дугаар тогтоолын 15-д “Мөн хэсэгт заасан “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлнэ” гэсэн тайлбарын дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/177 дугаар тушаалын 4 дүгээр заалтаар “...Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлийн дагуу сонсох ажиллагаа явуулж, шинэчлэн батлагдсан ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон шалгаруулж танилцуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Сонгон шалгаруулалтын комисст даалгасугай” гэж үүрэг болгосны дагуу Сонгон шалгаруулалтын комисс сонсох ажиллагаа явуулж, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг шалгуур үзүүлэлт болгон сонгон шалгаруулалт явуулж, танилцуулсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газрын дарга 1, Дэд дарга 1,  Хэлстийн дарга бөгөөд менежер 4, Ахлах аудитор 8, Аудитор 26, нягтлан бодогч 1, хуульч 1, мэдээлэл технологийн ажилтан 1, Даргын туслах 1, нийт 45 орон тоотойгоор батлагдсан бөгөөд өмнө нь 2014 оны 23 дугаар тушаалаар 50 орон тоотой байснаас шинжээч гэдэг орон тоо хасагдсан юм. Шинжээчийг Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-д “аудитын баг” гэж ...аудитын хуулийн этгээдээс томилогдсон партнер, аудитор, аудиторын туслах болон шинжээчийг” гэж тодорхойлсон байна. 

Нэхэмжлэгч нь Нийслэлийн аудитын газарт /хуучнаар/ “шинжээч” –ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд шинэчлэн баталсан бүтэц, орон тоо, албан тушаалын чиг үүргээр Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцэд шинжээч буюу аудиторын туслах гэсэн орон тоо нь хасагдсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны Б/237 дугаар тушаал нь хууль тогтоомжийн хүрээнд, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг эдлүүлж зохих журмын дагуу гарсан хуулийн хүчин төгөлдөр шийдвэр юм. Уг тушаалын дагуу түүний үүрэгт ажлаас чөлөөлөгдсөний тэтгэлэг болох 3 сарын цалинтай тэнцэх тэтгэлгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд батлагдсан төсвийн хүрээнд 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн болно.

Хоёр. Нэхэмжлэлийн бусад үндэслэлүүдийн тухайд:

1. Түүнчлэн нэхэмжлэгч нь анх төрийн албанд томилогдохдоо зохих журмын дагуу бус Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох ...”, 10 дугаар   зүйлийн 10.1, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэшлийн шалгалт авах болзол журам”-ыг тус тус зөрчин томилогдсон байна. Тухайлбал: 

• Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-ын дагуу шалгалт өгөөгүй. 

• Монгол Улсын Их Хурлын 2009 оны 06 дугаар тогтоолоор батлагдсан төрийн захиргааны албан хаагчийн ангилал зэрэглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 317 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан зэрэглэлээр АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд шууд томилогдсон байна. Энэ талаар Төрийн албан тухай хуулийн 7.3, 7.4, 7.9 дэх хэсэг болон Улсын Их Хурлын 2000 оны дугаар 20 тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ыг зөрчсөн, илтэд давуу байдал бий болгосон байдаг.

• Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т төрийн жинхэнэ алба, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.4-т “иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх”, 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 17 дугаар зүйлд заасан “...төрийн жинхэнэ албан тушаалд авах” зохицуулалтуудыг зөрчиж томилогдсон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч...” гэж заасан үзэл баримтлалыг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгожээ.

Төрийн аудитын байгууллагын хэмжээнд иргэнийг ажил, албан тушаалд томилохдоо Монгол Улсын Ерөнхий аудиторын 2007 оны 12 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагад анх ороход мэргэжлийн шалгалт авах болзол журам”-д заасны дагуу сонгон шалгаруулж сул орон тоог нөхөх журамтай. Тус журмын 1.5 дахь заалтад “Аймаг, нийслэлийн аудитын газрууд аудитор, шинжээчийн албан тушаалд шинээр ажилтан авахдаа энэхүү журмыг баримтлана”, 4.1-д Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар батлагдсан комисс /цаашид “шалгалтын комисс” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр томилогдохдоо Нийслэлийн Ерөнхий аудиторын 2012 оны 35 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан шинжээчийн Ажлын байрны тодорхойлолтын шаардлагыг хангаагүй байсан байна.

Төрийн аудитын тухай хууль, Төрийн албаны тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нь Төрийн тусгай албанд хамаардаг бөгөөд гүйцэтгэх албан тушаалтныг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д заасан журмын дагуу сонгон шалгаруулж, түүнийг үндэслэн томилогдохоор зохицуулалттай юм. 

Гэтэл нэхэмжлэгч нь холбогдох дүрэм, журмын дагуу төрийн албанд томилогдоогүйн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан тушаалын жагсаалт, ажлын байр/албан тушаал/ болох аудитор болон удирдах ажилтны шаардлагыг хангахгүй бөгөөд “Эдийн засагч, менежер” мэргэжилтэй нь Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 4-т “Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үндэслэл болсон юм.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн”, 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажитнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ” гэж заасан байдаг. Гэвч хуульд заасны дагуу мэдэгдээгүй” гэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж хөдөлмөрийн гэрээгээр ажиллах албан тушаалыг тодорхойлсон. Нэхэмжлэгч нь үүнд хамаарахгүй бөгөөд Төрийн захиргааны ангилал, зэрэглэл болох АА-7 буюу Төрийн жинхэнэ албаны “Ахлах түшмэл”-ийн албан тушаалд томилогдон ажиллаж байсан. 

Төрийн албаны тухай хуулийн 3.4-т төрийн захиргааны, төрийн тусгай алба нь Төрийн жинхэнэ албанд хамаардаг тул нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаагүй. Төрийн жинхэнэ албан хаагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Төрийн албаны тухай хуулийн 19.3, Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу “Үр дүнгийн гэрээ”-г байгуулдаг болохыг Төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсны хувьд мэдэж байгаа гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн тайлбарласан орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тухай асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т тус тус нарийвчлан зохицуулсан байна. Энэ нь мөн хуулийн 27.2-т зааснаар Төрийн жинхэнэ албан хаагчид тусгайлан олгогддог баталгаа юм. 

3. Мөн нэхэмжлэлдээ “захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч уг сонсох ажиллагаа нь ажлаас халах талаар биш ерөнхий аудиторын бүтцийн өөрчлөлт хийж буй тушаалын талаар танилцуулсан сонсох ажиллагаа байсан” гэжээ.

Захиргааны байгууллагаас захиргааны акт гаргахдаа эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг сонсож Захиргааны ерөнхий хуулийн 26,27 дугаар зүйлд заасан ажиллагааг зохих журмын дагуу явуулж байж эцэслэн гаргадаг.

Нийслэл дэх Төрийн аудитын газрын албан хаагчдад сонсох ажиллагааг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/60 дугаар гарахын өмнө 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны А/88 дугаар тушаал гарахын өмнө 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, мөн 2017 оны А/206 дугаар тушаалыг батлан гаргахын өмнө 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр тус тус сонсох ажиллагааг явуулж бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагын дагуу шалгаруулан шинэчлэн батлагдсан орон тоо, ажлын байранд томилох, чөлөөлөгдөх талаар танилцуулж сонсох ажиллагааг явуулсан. Тус сонсох ажилллщагааны үеэр нэхэмжлэгчид “...бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдөхөөр байна...” гэж танилцуулахад “саналгүй...” гэж оролцсон байна. Энэ талаар сонсох ажиллагааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.

4. Нэхэмжлэлд “Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 25 дугаар зүйлүүдэд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх болон халах үндэслэлүүдийг тоочиж зааж өгсөн байна. Ерөнхий аудиторын дээрх тушаал нь уг хуулийн зүйл заалтад хамаарахгүй байна.” гэжээ.

Мөн нэхэмжлэгч нь халагдсан гэж ташаа ойлгон тайлбарлажээ. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан болон хуульд заасан бусад үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж, Төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албанаас халах зохицуулалттай байна.

Төрийн аудитын байгууллага бол Монгол Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнаж, Төрийн аудитыг бие даан хэрэгжүүлдэг төрийн хяналтын тусгай алба бөгөөд хуулиар Улсын Их Хурал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаас бусад байгууллага албан тушаалтан үүрэг даалгавар өгөх, хянахыг хориглосон зохицуулалттай бөгөөд энэ нь биднээс өндөр ёс зүй, хууль дээдлэх, ил тод байх зарчмыг шаарддаг.

Гэтэл дээрх байдлаар Төрийн жинхэнэ албан хаагч өөрөө холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчин төрийн албанд анхлан томилогдож, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байсан нь Төрийн хуулийг үл хүндэтгэн, түүнийг сахин биелүүлэх үндсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүйд тооцож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Т  нь Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэлийн шаардлагын талаар нотолсон болон үгүйсгэсэн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэний үндсэн дээр маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

   Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/59 дүгээр тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа орон нутаг дахь Аудитын газруудыг аймаг, Нийслэл дэх Төрийн аудитын газар болгон өөрчлөн байгуулсан байна. Энэхүү тушаалын хэрэгжилт болгон 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан бөгөөд мөн өдрийн А/88 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг баталжээ.

Нийслэл дэх Төрийн аудитын газрыг өөрчлөн байгуулж, бүтцийн нэгжүүдийн ажлын байрны жагсаалт, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалаар Ч.Т ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх заалтуудыг үндэслэл болгожээ.

Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.З-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасны дагуу хариуцагч өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А/60 дугаар тушаалаар Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийг дарга бөгөөд аудитын менежер, ахлах аудитор, аудитор гэх нийт 22 албан хаагчтай байхаар тогтоожээ.  Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн А/88 дугаар тушаалаар батлагдсан ажлын байрны тодорхойлолтоор Нийслэл дэх Төрийн аудитын газрын Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторт “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй, Хяналт, шинжилгээ, судалгааны чиглэлээр мэргэшсэн” гэх шаардлага тавигдсан байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ч.Т  нь  мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй болох нь тогтоогдсон болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна”, 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж заасан.

Хуулийн дээрх заалт нь төрийн байгууллагын бүтэц өөрчлөгдөж, орон тоо цөөрсөн тохиолдолд хуучин бүтцэд ажиллаж байсан албан хаагч нар дунд эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг шалгаруулалт явуулж, тэдгээрийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагын хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлдэг. 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Нийслэл дэх Төрийн аудитын газрын бүтэц өөрчлөгдсөн, орон тоо нь цөөрсөн байх бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар шинээр батлагдсан ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт явуулж, албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагын хүрээнд Ч.Т ыг Санхүүгийн аудитын хэлтсийн аудиторт тавигдах “мэргэшсэн нягтлан бодогч” байх шаардлагыг хангаагүй тул шалгуур үзүүлэлтэд нийцээгүй гэж дүгнэжээ.

Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Засгийн газар болон бусад байгууллагууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргаж Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлнэ”, Төрийн аудитын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө” гэж заасны дагуу төрийн байгууллагад санхүүгийн аудит хийх аудитор нь тус байгууллагын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулахын хувьд “аудитор нь мэргэшсэн нягтлан бодогч” байх хариуцагчийн шаардлагыг буруутгах боломжгүй юм.

Иймд Монгол Улсын Ерөнхий аудитор 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалаараа Ч.Т ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийг хууль бус гэх нөхцөл байдал, үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуулийн зохицуулалтыг зөвөөр тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэгч Ч.Т ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Аудитын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, Төрийн аудитын тухай  хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 71 дүгээр зүйлийн 71.3,  Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4 дэх хэсгийг тус тус баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/237 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий Ч.Т ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ТӨМӨРБАТ