Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0397

 

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0397

     Улаанбаатар хот

 

 

                                                  Э.О-ын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Э.О-ын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрээр “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 45 дугаар зүйлийн 45.1.1, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг тус тус баримтлан Э.О-ээс Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо: “Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгч Э.О нь Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлаар 8 жилийн хугацаанд ажиллаж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан түүнийг хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж үзэн захиргааны санаачилгаар үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан.

Тус захирамжийг эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “ ... аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захиралтай зөвшилцөн сум, дүүргийн Засаг дарга тус тус томилж, чөлөөлнө” гэх заалтыг буруу тайлбарлан бодит байдлыг гуйвуулан тайлбарласан.

Захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах гэдэг нь тухайн эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, түүнээс доод шатлалын албан тушаалд томилохыг ойлгох бөгөөд Э.О-ын тухайд Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын албан тушаалаас чөлөөлж, захирлын албан тушаалаас доод ангиллын албан тушаалд томилох ойлголт юм.

Монгол Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаарх зөвлөмж”-ийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Ажилтны албан тушаалыг бууруулж, өөр албан тушаалд ажиллуулах тухай шийдвэр гаргаж байгаа нь тухайн ажилтныг ажлаас халсан гэсэн ойлголтод хамаарна” гэж зөвлөмжилсөн.

Гэвч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/04 дүгээр захирамжаар Э.О-ийг албан тушаал бууруулсан атлаа мөн өдрөө Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/182 дугаар “Хүсэлт уламжлах тухай” гэсэн агуулгатай албан бичгийг Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт “Зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэсэн заалтыг баримтлан саналыг хүргүүлсэн байхад үүнийг анхан шатны шүүх зөвшилцөх санал биш, зүгээр мэдэгдэл гэж дүгнэж байгаа нь буруу.

Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “зөвшилцөх асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагад хүсэлтээ хүргүүлэх”-ээр хуульчилсан бөгөөд “Говь-Алтай аймгийн Засаг дарга нь уг хуулийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 1/182 дугаар албан бичгээр зөвшилцөх саналаа хүргүүлсэн” гэж үзэж байгаа бөгөөд тус санал эрх бүхий байгууллагаас ямар нэгэн хариуг ирүүлээгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар уг албан бичгийг зөвшилцөхөөр хүргүүлсэн боловч хариу ирээгүй бөгөөд хариу ирүүлээгүй нь эс үйлдэхүйгээр зөвшөөрсөн үйлдэл гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Гэвч үүнийг анхан шатны шүүх анхаарч үзэлгүйгээр хэтэрхий нэг талыг баримтлан “Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т заасан хуулийн шаардлага хангагдаагүй байхад зөвшилцөн томилж, чөлөөлөх асуудалд хамаарахгүй өөр ойлголт” гэж буруу тайлбарлан дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 -д “ ... Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно ...” , “ ... Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27 дугаар зүйлийн 27.5-д “ ... Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна ...”, 27.6-д “Сонсох ажиллагааны явц , үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна ...” гэж тус тус заасан.

Гэвч 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан анх болсон бөгөөд хэрэг хэлэлцээд зөвлөлдөх тасалгаанд орсны дараа нэмэлт нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Уг шүүх хуралдаанд хариуцагч талаас “нэхэмжлэгч Э.О дээр сонсох ажиллагаа хийгдээгүй, нотлох баримт байхгүй” гэж тайлбарлаж байсан атлаа 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурагдаагүй сонсох ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийгээ бататган гэрч С.У нарыг оролцуулсан бөгөөд түүнийг шүүх “сонсох ажиллагаа явуулсан” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

3. Шүүх нэхэмжлэгч Э.О-ийг “байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хөрөнгийн дутагдал гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч хариу тайлбараа ирүүлсэн.

Гэвч анхан шатны шүүх нэхэмжлэгч Э.О-ийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах шийдвэр гарч, шүүхэд нэхэмжлэл гаргах үед бий болоогүй, үүсээгүй байсан нотлох баримт буюу Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01133 дугаартай актыг үндэслэн “үйл ажиллагааны зорилт зорилго, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Мөн “... нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бусад дутагдуулсан хөрөнгийн талаар тайлбар гаргаагүй ...” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шийдвэрийн үндэслэл болж буй “Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн актад дурдагдаж дутагдсан” гэх хөрөнгийн талаар тайлбарлахдаа “дутагдсан гэх хөрөнгүүдээс 5 компьютер буцаалт хийгдээд ирээгүй байхад тооллого явуулсан. Тооллого явуулахдаа байгууллагын хөрөнгөд бүртгэлтэй байгаа хөрөнгүүдийг дутуу тоолсон учраас акт тавигдсан. Түүнээс акт тавигдсан бүх хөрөнгүүд тухайн байгууллагад байгаа” гэж маш тодорхой тайлбарласан бөгөөд үүнийг “бусад дутагдуулсан хөрөнгийн талаар тайлбар гаргаагүй, маргаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэтэрхий нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч Э.О нь тус байгууллагад 13 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд тус номын сангийн захирлын албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн ганц хүн бөгөөд түүнийг үндэслэлгүйгээр албан тушаал бууруулан сонгон шалгаруулалтад ороогүй, тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангаагүй өөр нэг хүнийг захирлаар томилон ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “ мэргэшсэн тогтвортой байх” зарчмыг хангаагүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “Аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх “... ажлын хэсгийн дүгнэлтээс харахад нэхэмжлэгч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах чиг үүргээ хангалттай биелүүлж байсан гэж дүгнэх боломжгүй байна, ... сонсох ажиллагааг хийхдээ тухайн байгууллагын ажилтнуудын өргөдлийн талаар танилцуулсан. Харин захирамжийн төслийг танилцуулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ... нэхэмжлэгч төсвийн шууд захирагчийн хувьд төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах журмыг мөрдөх, худалдан авсан эд хөрөнгийг баримтаар хүлээн авч тайланд тусгах байтал энэ үйл ажиллагааг хийлгүй хөрөнгийг дутагдуулсан зэргээр хууль тогтоомжид заасан үүргээ хангалтгүй биелүүлсэн нь тогтоогдож байна ...” гэх дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Э.О нь хууль тогтоомж болон албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр албан тушаал бууруулж, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар насанд хүрэгчдийн уншлагын танхимын номын санчаар томилжээ.

Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараахь үндэслэлээр захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно”, 45.1.1-д “Хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэсэн зохицуулалтууд нь төрийн тусгай, төрийн захиргааны алба хашиж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид хамаарахаар байна.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, ... хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор, эсхүл 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сануулах, үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, ажлаас халах хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар хуульчилсан.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “... аймаг, нийслэлийн соёлын байгууллагын дарга, захирлыг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн аймаг, нийслэлийн Засаг дарга ... томилж, чөлөөлнө” гэж тус тус заасныг хариуцагчаас гаргах гэж буй шийдвэр, авах арга хэмжээнийхээ талаар холбогдох албан тушаалтантай санал солилцож, зөвшилцөхийг ойлгоно. Хавтаст хэрэгт Говь-Алтай аймгийн Засаг даргаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, соёл урлагийн газарт хандсан 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн буюу маргаан бүхий тушаалыг гаргасан өдрийн 1/182 дугаар “... Э.О-ийг тушаал бууруулах үндэслэл тогтоогдож байх тул хуульд заасны дагуу мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлж байна” гэх албан бичгээс өөрөөр зөвшилцсөн тухай баримт авагдаагүй байна.

Хариуцагчаас Б/04 дүгээр захирамжийг гаргахдаа “хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй гүйцэтгэсэн нь хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн илтгэх хуудсаар тогтоогдож байна” гэх үзсэн байх боловч уг илтгэх хуудсаас үзвэл нэхэмжлэгчийг ажил үүргээ бүрэн дүүрэн хангалттай биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй ч захирлын албан тушаалыг нь бууруулж, номын санчаар томилох хэмжээний зөрчил гэж дүгнэхээргүй, хэрэгт авагдсан баримтуудаар албан тушаалын тодорхойлолтод заагдсан ажлаа хангалтгүй биелүүлсэн болох нь баттай тогтоогдохгүй байна.

Түүнчлэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б/04 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулж, мөн өдрийн Б/05 дугаар захирамжаар С.А-ыг Нийтийн номын сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь ойлгомжгүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2008 оноос эхлэн тус аймгийн Нийтийн номын санд номын санчаар ажиллаж, 2013 оноос эхлэн тус номын сангийн захирлын албан тушаалд ажиллаж байгаа, тус аймгийн хувьд тухайн албан тушаалыг эрхлэх шаардлага хангасан ганц албан тушаалтан гэх үйл баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчаас үгүйсгэн маргаагүй бөгөөд С.А нь тус албан тушаалд зохих хууль, журмын дагуу шалгаран томилогдсон эсэх талаар холбогдох тайлбар, баримтыг шүүхэд  ирүүлээгүй байна.

Анхан шатны шүүх “... тус аймгийн Нийтийн номын санд хийсэн хэсэгчилсэн хөрөнгийн тооллогоор дурдсан хөрөнгүүд дутсан нь тус номын сангийн 2020 оны санхүүгийн үйл ажиллагаа нь төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж ажиллаж байсан нэхэмжлэгчид хамааралтай, ... дутагдуулсан хөрөнгийн талаар тайлбар гаргаагүй, аудитын газрын дүгнэлт, актад дээр дурдсанаас өөр тайлбар гаргаагүй” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Учир нь маргаан бүхий захирамж гарсны дараа буюу Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01/133 дугаар актаар “нэр бүхий хөрөнгүүд дутсан болохыг тогтоосон” гэх бөгөөд уг дүгнэлт нь нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй актын үндэслэл болоогүй байх тул  энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь буруу.

Товчхондоо, нэхэмжлэгч нь шатлан дэвших замаар энэхүү албан тушаалд томилогдон ажиллаж байх ба маргаан бүхий захирамжийг гаргаснаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх, 7.1.5-д заасан гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах зэрэг зарчмууд алдагдсан, хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийг тус албан тушаалыг буруулах  хэмжээний зөрчил гаргасан болох, ажлын байрны тодорхойлолтод заасан чухам ямар зөрчил гаргасныг бодитоор тогтоосон нь нотлогдоогүй гэж үзэхээр байна.

Хариуцагчаас 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд “... сонсох ажиллагааг 2 удаагийн уулзалтаар ярьсан, ... тэмдэглэл үйлдээгүй” гэж мэдүүлсэн боловч мөн хуралдааны дараа “Сонсох ажиллагааны тэмдэглэл” гэх баримтыг гаргаж өгсөн нь ойлгомжгүй бөгөөд хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмын дагуу сонсох ажиллагааг явуулсан эсэх, тодруулбал, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан, сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулсан, захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтыг тайлбарлаж, шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэлийг бүрэн дүүрэн танилцуулсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх үйл баримтууд тогтоогдохгүй байх тул хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулсан гэж дүгнэх боломжгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6-д “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэх заалтууд болон бусад дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Нэгэнт шүүхээс Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7.а-д “ ...Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд ... буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгох, ... дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр...” гэж  тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийг Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах үндэслэлтэй. 

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлэх үүргээ биелүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1, 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 25 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.4, 7 дугаар зүйлийн 7.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.О-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Говь-Алтай аймгийн Нийтийн номын сангийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгож, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 

                    ШҮҮГЧ                                                                  Н.ХОНИНХҮҮ

 

                    ШҮҮГЧ                                                                  Н.ДОЛГОРСҮРЭН