Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Хохирогчийн  өмгөөлөгч П.Амгаланбаатар

Шүүгдэгч М.Г,

Шүүгдэгч Б.Ч,

Шүүгдэгч Б.Ө,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхжин

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дундговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харнууд овогт Баттулгын Ө, Номгон овогт Бямбасүрэнгийн Ч, Тойн овогт Маньбадарын Г нарт холбогдох 201512000131 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ө нь бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг,мөнгөн  хул 3 ширхэг,мөнгөн аяга 13 ширхэг,30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, 42.620.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Шүүгдэгч Б.Ч нь бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, машин механизм ашиглан 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, 42.620.000 төгрөгийн хохирол, давтан үйлдлээр, машин механизм ашиглан, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн орж 10 ширхэг, мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 3.720.000 төгрөгийн хохирол, 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг “Тахил” гэх газраас С.Энхтайвны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж, мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “Болор” архи зэрэг эд зүйлс хулгайлж, 1,938,000 төгрөгийн хохирол, бусдад нийт 48,278,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч М.Г нь бусадтай бүлэглэн, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч,машин механизм ашиглан 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4 дүгээр багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, 42.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “Би 2015 оны 6 сарын 13-ний өдөр Чын старикс машинтай өөрийн зээ дүү Ч, түүний найз Өын хамт Дундговь аймгийн Адаацаг сумын “Эхэн ус” гэдэг газар байрладаг хохирогчийн буузан дээр очиж эд зүйл авсан нь үнэн.  Хохирогчийн мэдүүлэгтээ хэлсэн эд зүйл тоо ёсоороо байсан. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир өөр ярих зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ: “2015 оны 9 сарын 20-24-ны хооронд Есболын хамт Дундговь аймгийн Гурвансайхан суманд очиж хулгай хийсэн. 2 айлын гэрээс хулгай хийгээд буцаж ирсэн. Намайг хулгайн хэрэгт холбогдсон байхад 2016 онд Г хэрэгт холбогдоод ирсэн. Ирэхдээ намайг хэрэгт холбогдсон машинаа надад өгсөн гээд хэлчих гэсэн. Намайг ямар шалтгаанаар өгөх ёстой вэ? гэж асуухад ахад нь шүүх болон цагдаагийн газар таньдаг хүн байгаа чиний асуудлыг зохицуулж өгнө гэсэн учир миний машиныг Г авч явсан гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ: “2015 оны 6 сарын 15-21-ны хооронд Чын нагац ах Г нь надтай хамт явж хулгай хийсэн гэж мэдүүлэг өгсөн. Тухайн үед би Улаанбаатар хотод ажиллаж байсан. Найз Бат-Эрдэнийн хамт байшингийн дээвэр хийж байсан. 2015 он 6 сарын 12-ны өдөр манай эхнэр Дундговь аймгийн тамгын газарт нягтлан бодогчийн шалгалт өгч тэнцээд 13-ны өдөр хотод очсон байдаг. Би эхнэрээ тосож авсан. Шалгалтад тэнцсэн учир 6 сарын 22-ны өдөр ажилд томилогдсон Дундговь аймгийн Дэрэн суманд 22-ны өдөр ажлаа хүлээж авах ёстой байсан. Надад нүүж суух ажил гарсан. Би найз Бат-Эрдэнийн хамт 15-17-ны өдрийн хооронд айлын зуслангийн байшинд ар нуруу хийж өгсөн. 18-ны өдөр Г над руу утсаар яриад “Нарантуул зах “ хүргээд өг гэж хэлсэн. Тэр үед Ч манай хашааны гүйдэг хаалга хийж байсан. Чын машин 49-49 гэсэн дугаартай учир 4 дэх өдөр байсан. Номер нь явдаггүй байсан учир би очиж авах шаардлагатай болсон. Гыг “Нарантуул зах “ хүргэж өгөх замаараа Чыг аваад хамт “Нарантуул зах “ орсон. Г утсаар яриад Төвсанаа гэдэг хүнийг дуудсан. Би тэр хүнийг танихгүй. Тэр хүн хүрч ирээд Гтай хамт машины ард юм яриад байсан. Төвсанаа гэдэг хүн машины ард сууж байгаад аягыг өөрөө хуулсан. Яллах дүгнэлтэд хутгыг 2 залуугаас авсан гэж дурдагдаад байна. Г өөрөө өгсөн. Би машины жолооч талд сууж байсан. Ч миний хажууд машины урд сууж байсан. Төвсанаа Г 2 хоорондоо ярьж байгаад Төвсанаа гэдэг хүн аягыг зарсан. Би зарсан юм биш. Мөрдөн байцаалтын шатанд байхдаа Төвсанаатай нүүрэлдмээр байна гэдгээ хэлж байсан. Шүүхийн шатанд тийм зүйл болдог учир байцаагч өөр зүйл хэлээгүй. Том мөнгөн аягыг Төвсанаа Г 2 үнэ тохиролцоогүй учир үлдээсэн. Хүн авах бол би зараад өгий гэж том мөнгөн аягыг нь аваад явсан боловч зарагдаагүй. 20-ны өдөр Чын машиныг гуйж аваад 21-ний өдөр Дэрэн суманд очсон. 22-ны өдөр манай эхнэр ажлаа авсан. 5 ханатай гэрээ янзлах хашаандаа айл буулгах зорилготой Дэрэн сумаас буцсан. Хулгайн хэрэгт оролцоогүй” гэв.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-н 4, 34, 72-р хуудаст/,

Эд зүйлийн үнэлгээ /1-р хх-н 105-р хуудас, 2-р хх-н 29, 36-р хуудас, 8-р хх-н 156-159-р хуудаст/,

Хохирогч Ц.Дэжидпэлийн: “...Манайх “Эхэн урсгал” гэх бууцнаасаа 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Баруун булаг” гэх газар луу нүүж буугаад “Эхэн урсгал” гэх бууцруугаа нүүгээд очиход манай хороон дээр байх төмөр ёонкос болон модон байшингийн цоож нь эвдэрсэн дотор нь байсан эд зүйлс алга болсон байсан... 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр би нөхрийнхөө хамт бууцандаа очиход ёонкос болон модон байшин зүгээр, дотор нь байх ёстой зүйл бүгд  байсан... хулгайд алдсан эмээлүүдийнхээ хамгийн том эмээлийг нь хүү Отгонбаяртаа өгнө л гэж хэлж байсан юм. Бусдаар бол яг өгчихсөн юм биш. Энэ эмээлийн эзэмшигч  нь би байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 13-14-р хуудас, 4-р хх-н 73-р хуудасуудад/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрзаяагийн: “...Манайхан эхээс 8-уулаа, ээжийнхээ Буянт ээж болсонд нь баяр хүргэж, хүн тус бүр 1 ширхэг зоос гоёлын хийцтэй 5-ийн хэмжээтэй мөнгөн аяга өгсөн... хураан авсан 5 ширхэг аяга ээжид биднээс өгсөн аяга мөн байна. Бид яг ийм хэлбэр хэмжээтэй аяганууд өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 240-р хуудаст/,

Хохирогч Т.Дулмаагийн: “...Тус сумын 3 дугаар багт байрлах “Шар хад”-ны бууцан дээрх ёонксон байшингаасаа гэрийн дулаалга авахаар 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өөрийн нөхөр Отгондорж, манай том охин Цэрэндолгор, хүргэн Мөнхбаяр нарын хамтаар очсон юм. биднийг очоод харахад цоож гадуураа боолттой, хэвээрээ байсан. тэгээд манай нөхөр Отгондорж байшингаа нээх гээд цоожны боолтыг нь тайлах гэхэд ороож уясан байсан даавуу нь сул, цоожных нь тал нь эмтэрч эвдэрсэн байсан ба зүгээр зүүгээд орхичихсон, ёонксон байшингийн хаалгыг нь гөжиж хөшсөн байсан. тэгэхээр нь байшиндаа ороход байшин дотор байсан сав суулга, авдрыг ухаж онгичсон, байшингийн яг үүдэнд нь байсан дээрээ 3800 гэсэн бичигтэй, 220 вольтын шар өнгийн банктай, шинэвтэр цахилгаан мотор байхгүй байсан. цааш нь үзэхэд манай авдранд байсан 4 ширхэг их гарын мөнгөн аяга, 4 ширхэг дунд гарын мөнгөн аяга, уг дунд гарын мөнгөн аягануудын 2 нь бүүр эртний хийцтэй дотор талдаа лууны дүрсээр хээтэй цул мөнгөөр хийгдсэн... 2 ширхэг бага гарын мөнгөн аяга, уг мөнгөн аяганы 1 нь нөгөөгөөсөө арай том, нэг нь бүүр жижиг мөнгөн аяга байсан ба нийт 10 ширхэг мөнгөн аяга хулгайд алдсан... би хамгийн сүүлд 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бууцан дээрх байшиндаа очиж 1 мөнгөн аягаа авахад бусад нь байж байсан, байшингийн цоож ч зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 46-р хуудаст/,

Хохирогч С.Энхтайваны “...Байшиндаа ирээд орж үзэхэд цоожийг нь эвдлээд буцааж зүүсэн байсан ба байшин дотор байсан бүх зүйлүүдийг ухаж, тарааж хаясан байсан. Байшин доторхоо янзалсан. Тэгэхэд 380 ваттын мотор, 220 КВ-ын “Yamaha” мотор, 60 килограмм ааруул, “Болор” архи 6 шил, алдагдсан байсан. манай нэг авдарны цүүг нь хуга цохисон байсан. хажууд нь манай сүх байсан. Түүгээр цохисон байх...” гэх мэдүүлэг /1-р хх-н 95-р хуудаст/,

Гэрч Т.Лхагвасүрэнгийн: “...Манай гэр Адаацаг сумын төвөөс урагш 2 километрт нутаглаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр бууцан дээрээ ирэхэд манай бууцан дээр байсан 2 модон амбаар, 1 ёонксонд хулгай орсон байсан ба жижиг амбаарын цоожноос бусдынх нь цоож нь байхгүй модоор цүүлж орхисон байсан... манай ёонксноос 4 ширхэг мөнгөн тоногтой 10 цагаантай 3, 6 цагаантай 1 эмээл, 16 ширхэг мөнгөн аяга, хөх өнгийн 120 литрийн савны хүзүүгээр татсан үхрийн борц, хурган дотортой дээл, бас 2 нүдний дуран зэрэг эд зүйлс алдагдсан... би 2015 оны 06 дугаар сарын 13-нд ирж үзэхэд зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 16-р хуудаст/,

Гэрч Т.Лхагвасүрэнгийн дахин өгсөн: “...Г манайхаас хулгай хийсэн гэдгээ манай эхнэр Дэжидпэлд өөрөө хэлсэн байсан.  Би Гыг ганцаараа хулгай хийсэн гэж бодохгүй байна. Манай ёонкост голдоо хаалгатай бөгөөд хулгайд алдагдсан эд зүйлс ёонкосны баруун болон зүүн талд байсан. наагуур нь бүтэн гэрийн мод хураалттай байсан. Тэр бүгдийг холдуулж ёонкос дотор байсан бүх л савыг ухаж онгичсон бас бусад байшин амбаарт байсан бүх л сав суулгыг ухаж гаргаж хаясан байсан. Тэр их новшийг ганцаараа ухна гэж байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 242-р хуудаст/,

Гэрч В.Оюунгэрэлийн: “...Би нөхрийнхөө хамт 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 09 цагийн үед бууцан дээрээ ирж үзсэн. Тэгтэл байшингийн цоож эвдэрч, зүүлттэй орхисон байсан. Байшин дотор ороход хамаг юм онгичоод тараагаад хаячихсан байсан. Тэгэхээр нь бүх зүйлээ буцаагаад хураагаад янзалсан. Манайхаас 380-ын улаан өнгийн, 220-ын мотор нь цэнхэр өнгийн “Yamaha” мотор байсан. Ааруул нь бөөрөнхий том ааруулууд байсан. “Болор” архи нь бүгд шинэ архи байсан... Мөнхжаргал гэх айлынд саарал өнгийн “Истана” гэсэн машинтай 2 залуу ирж машин янзалж байгаад хот руу буцсан гэсэн. Тэр 2 залууг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 99-р хуудаст/,

Гэрч Улаанхүүгийн: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед байх “Тахилтын бор толгой” буюу сүлжээ барьдаг овоон дээр гартал Энхтайван ахын байшингаас хороо руу нь 2 бараан хувцастай хүн алхаж байхаар нь Энхтайван ахыг өөрөө ирж дээ гэж бодоод утсаар яриад байж байтал Энхтайван ахын хорооноос танихгүй саарал өнгийн “Истана” юм уу “Стар Икс” маркийн машин гадаа хөдлөөд явахаар нь араас нь хөдлөөд явахад тэр машин байшингийн урдуур нь гарч чигээрээ хойшоо явсан... тэр машин хороон дотор баруун буланд нь урагш харсан байдалтай зогсож байсан. Гарахад бэлэн зогсож байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 100-р хуудаст/,

Гэрч Э.Даваанямын: “...Би 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр сумын төв ороод буцахдаа Тахилд байх бууцан дээрээ иртэл цоож нь зүүлттэй байна. Тэгэхээр нь ороод үзтэл байшин дотор байсан авдар савыг онгичоод бүх зүйлийг тарааж хаясан байсан... байшингийн урдуур баруунаас зүүн тийш яваад замд нийлсэн машины бүдэгхэн мөр байсан. Өөр мөр байхгүй байсан... байшингийн цоожийг нь зүүгээд орхисон байсан. түлхүүрээр онгойлгох гэтэл доошоо сугарсан. Байшингийн баруун талд чулуун амбаарын цоожийг нь бас эвдээд зүүж орхисон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 101-р хуудаст/,

Гэрч Б.Чинзоригийн: “...2015 оны 09 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна, манай дүү Ч Дундговь аймгийн Гурвансайхан сум руу айлын найранд яваад буцаж явахдаа замдаа машин нь эвдрээд аав руу залгасан байсан. Тэгээд аав бид хоёр тосохоор очсон юм. Тэгсэн манай дүү эхнэрийнхээ цэнхэр өнгийн “Тоёота ист” маркийн машинтай явсан байсан. Машиных нь мотор их дуу орсон, бараг цохиж байх шиг байсан... нэг танихгүй залуутай явж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 241-р хуудаст/,

Гэрч Д.Бамбаруушийн: “...Би Гыг танихгүй, Амгаланбаярыг танина. Манай нэг нутгийн ах байгаа юм. 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Амгаланбаяр ах надруу утастаад нэг зарах эмээл байна, их хямдхан юм байна. Авахгүй биз гэхээр нь би сонирхоё гээд “Гэгээнтэн” хорооллын  энд аваад хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл Амгаланбаяр ах нэг танихгүй залуутай эмээлээ аваад ирсэн байхаар нь үзэхэд 12 цагаантай хуучирсан гөлөмтэй, шаргал өнгийн модтой, эмээл байсан. Тэгэхээр нь би үнийг нь асуухад 5,000,000 төгрөг гэхээр нь тэгвэл авахгүй гэхэд 4,500,000 төгрөгөөр ав гэхээр нь зөвшөөрч худалдаж авсан. Би эмээлийг хаанаас авсан талаар нь Амгаланбаяр ахаас асуухад хамт явсан залуу руугаа зааж, манай энэ дүүгийн эмээл байгаа юм гэж хэлсэн. Би мөнгийг нь бэлнээр өгсөн. Би хамт явсан залууг нь одоо харвал танихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 244-р хуудаст/,

Гэрч Х.Арилжидмаагийн: “...Миний охин Чинтуяагаар Ч нь Толгойты хуучин эцсийн “Сайн” ломбарданд 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр жижиг, том нийлсэн 4 ширхэг мөнгөн аяга тавиулсан байсныг миний танил Баасандаш гэх ломбардны хүүхэн надад хэлэхээр нь би очиж үзэхэд шинэ үеийн 4 ширхэг мөнгөн аяга байсан. Тэгээд Баасандаш хэд хоногийн дараа хугацаа нь дууслаа, аягаа авахгүй юм уу гэхээр нь 30,000 төгрөгийн хүү төлж, дахиад 3 сар сунгасан юм. Тэгээд охин, хүү хоёр авахгүй болохоор нь үрээд яахав гээд 160,000 төгрөг төлж аваад өөртөө байлгаж байсан юм... 2015 оы 10 дугаар сард би машинтай Толгойтын хуучин эцсийн буудал дээр зогсож байтал Ч, Чинтуяа 2 зогсож байгаад Ч машиндаа үлдээд Чинтуяа нэг юм бариад “Сайн” ломбард руу орж байхыг би харсан юм. Сүүлд нь 4 аяга тавьсныг мэдээд Чинтуяагаас асуухад Ч ах тавиулсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 246-р хуудаст/,

Гэрч Б.Цэрэнтогтохын: “...Би “Нарантуул” зах дээр лангуу түрээсэлж суудаг.. 2015 оны 10 дугаар сард үл таних 2 залуу улаан болон шар өнгийн 2 ширхэг нилээн хуучны “Мотор”-ыг хоёуланг нь 180,000 төгрөгөөр зарсан... би мотор зарсан 2 залууг одоо харвал танихгүй. Өдөр бүр л олон хүнтэй харьцаж байдаг. Нилээн хуучирсан мотор байсан учраас тэр 2 залуутай үнэ тохирч худалдаж авсан. Одоо тэр 2 моторыг зарчихсан, надад байхгүй, хэнд зарснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 248-р хуудаст/,

Гэрч Ж.Энхбаярын: “...2015 оны 09 дүгээр сард бил үү 10 дугаар сард Ч надад манай эгч өгсөн юм гээд 50 килограммын шуудайтай дугуй ааруул зарсан юм. тэр ааруулыг нь би 1 килограмм нь 6,000 төгрөгөөр бодож авсан. Яг хэдэн килограмм болсныг нь санахгүй байна. Ямар ч байсан шуудай нь бараг дүүрэн шахуу байсан. Би тэр ааруулын бүтнийг нь зараад талуудыг нь идчихсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 249-р хуудаст/,

Гэрч Р.Өнөхжаргалын: “...Манай ломбарданд эд зүйл тавьж байсан хүнийг шүүж үзэхэд ЗЕ84050311 регистрийн дугаартай, Бямбасүрэн овогтой Ч 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөгний эд зүйлс тавиад 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 6,200 төгрөгийн хүү төлөөд авсан байна. Би ямар эд зүйлс тависныг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 2-р хуудаст/,

Гэрч С.Амарбаясгалангийн: “...Би Гтай садан төрлийн холбоо байхгүй, уулзаагүй 10 гаран жил болсны дараа 2015 оны 06 дугаар сард багшийн дээдийн автобусны буудал дээр санамсаргүй тааралдсан, тэгэхэд бид манай гэрт хамт оччихоод явсан юм. тэгээд хэд хоногийн дараа утсаар ярьж надад зарах 2 эмээл байна, авах хүн байна уу гэхээр нь би хүнээс асууж өгье гээд өөрийн танил дүү Бамбарууш гэж дууддаг залуу руу ярьж эмээл байна, авах уу гэхэд аваад ир үзье гэж хэлсэн... Г 2 хоногийн дараа дунд гарын мөнгөн эмээл аваад ирсэн. Бид тэр эмээлийг Бамбаруушд үзүүлэхэд авъя гээд тэд хоорондоо тохиролцоод 4,500,000 төгрөгөөр наймаа хийсэн. Түүнээс хойш 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Гамбаатар утастаад нөгөө үлдсэн том гарын эмээлээ зарах гэсэн юм, та хүнээс асууж өгөөч гэхээр нь тэгье гээд би өөрийн найзын дүү эмээл хийдэг дархан Дондовдоржоос эмээл авах уу гээж асуухад аваад ир үзье гэж хэлсэн. тэгээд Гыг эмээлээ аваад ир гээд Дондовдоржид үзүүлэхэд тэр 2 хоорондоо тохиролцоод  5,000,000 төгрөгөөр наймаа хийсэн. Г надад мөн л зуучилж өгсний хөлс гээд 100,000 төгрөг өгсөн. Г миний эгчийн эмээл гэж хэлж байсан... эмээл авч ирэхдээ хоёуланд нь ганцаараа ирсэн... эхнийхийгээ даавуунд боогоод , дараагийнхийг нь бараан өнгийн цүнхэнд хийгээд барьж ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-н 3-р хуудаст/,

Гэрч Б.Дондовдоржийн: “...Би Г гэх залууг танихгүй, Амгаланбаяр ахыг зүс танина. Манай ахын найз байгаа юм... 2015 оны 10 дугаар сарын сүүлээр Амгаланбаяр ах над руу утастаж 1 мөнгөн эмээл байна зараад өгөөч гэхээр нь үзье гэж хэлэхэд “Саппоро”-гийн буудал дээр уулзая гээд уулзахад урт үстэй, сахалтай залуугийн хамт надад “Батноров” хийцийн 12 цагаантай мөнгөн эмээл үзүүлсэн. Би наад эмээлийг чинь зарж чадахгүй гэж хэлээд явуулсан. Би дотроо хулгайн эмээл байж магадгүй гэж бодоод авахаас татгалзсан. Тэрнээс хойш 10-аад хоногийн дараа Амгаланбаяр ах утастаж чи эмээлийг зараад өгөөч гэхээр нь зарагдахгүй гэхэд чи өөрөө авахгүй юм уу гэхээр нь надад боломж байхгүй, хэдэн төгрөгөөр зарах юм гэхэд сайн мэдэхгүй байна гадуур 14-15 сая төгрөгийн үнэтэй байдаг гэж хэлсэн. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа Амгаланбаяр ах дахиж утастаад чи хэдээр авмаар байна гэхээр нь 5,000,000 төгрөгөөр авъя гэхэд зөвшөөрч надад зарсан. Би хаанаас авсан талаар нь асуугаагүй... тэр эмээл одоо надад байхгүй, би мөнгийг нь хайлуулж , өөр зүйл хийгээд зарчихсан... эмээлийн зургийг үзлээ. Миний авсан эмээл мөн байна. Зурган дээрх залуу надад эмээл зарсан залуу мөн байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 4-р хуудаст/,

Гэрч Д.Мягмаржавын: “...Г 2015 оны 06 дугаар сараас манайд байх болсон юм. Би 2015 оны 07 дугаар сарын сүүлээр рашаан сувилалд явах болоод амбаараас тогоо шанага, майхнаа гаргаж байтал манай амбаарт хар бараан өнгийн цүнхтэй юм байхаар нь өргөж цааш нь тавих гэтэл их хүнд юм байхаар нээгээд үзтэл 2 дөрөөг нь зөрүүлээд тавьчихсан мөнгөн тоногтой эмээл байсан. Би Гаас юун эмээл болох талаар асуухад Чын юм байгаа юм. Аваачиж өгч чадсангүй гэж хэлсэн. Тэгээд амралтанд яваад  10 хоноод эргэж ирээд амбаарт юмнуудаа хийх гэтэл нөгөө цүнх хоосон байхаар нь Гаас эмээлээ яасан юм гэж асуухад Ч аваад явсан гэж хэлсэн. 2015 оны 10 дугаар сарын дундуур Ч 1 хүнтэй ирээд Гыг асуучихаад явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Г алга болж байгаад ирэхээр нь усанд явуулчихсан хойгуур над руу Ч яриад Г байна уу гэхээр нь усанд явсан, ирэхээр нь яриулъя гэж хэлсэн. Г ус авчирчихаад усанд орно гээд гараад явсан. Тэр оройноо эргэж ирээгүй байхад Ч надруу залгаж, дахин Гыг асуухаар нь эмээ нь хэлэхээ мартчихжээ, Г усанд орно гэж хэлээд гараад одоо болтол ирээгүй байна гэхэд та Гыг байсаар байтал нуулаа гэхээр нь ямар учраас нуудаг юм гэхэд би наад Гыг чинь араасаа чирнэ дээ, харж байгаарай гэхээр нь би мартчихсан байна гэж хэлсэн, тэгээд л утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 5-6-р хуудаст/,

Гэрч Б.Алимаагийн: “...Би 2015 оны 07 дугаар сарын эхээр манай дүү Ч би ломбарданд хэдэн ширхэг мөнгөн аяга тавьчихсан юм. Одоо хугацаа нь дуусчихаад байна. Надаа мөнгө зээлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрч хэдэн төгрөг хэрэгтэй болохыг нь асуухад хоёр зуун наян хэдэн мянган төгрөг болсон байна гэхээр нь би Чд 300,000 төгрөг өгөөд аягыг нь авахаар хамт явж Толгойтын хуучин эцсийн хаан банкны салбарын ойролцоо очиход Ч өөрөө бууж яваад хэсэг хугацааны дараа эргэж ирэхдээ шар торонд 5 ширхэг хээгүй, бичиггүй мөнгөн аяга аваад ирсэн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 10-р хуудаст/,

Гэрч Э.Одончимэгийн: “...2015 оны 10 дугаар сард билүү  дээ Чын нагац эгчийнх нь хүүхэд Дундговь аймгийн Гурвансайхан суманд хуримаа хийнэ гээд бид 2 хамтдаа захисан юмнуудыг нь “Барс” захаас аваад миний машинд ачиж зогсоолд тавиад хоносон. Авсан юмнуудаа өглөө “Драгон” дээрээс явуулна гэж байсан хүн өглөө нь 06 цагт миний машиныг унаад тэр чигээрээ алга болсон байсан. Өдөр нь Дундговь аймаг дээр ирсэн байсан гэж утсаар ярьсан... миний эд хөрөнгийг надад хэлэхгүй авч яваад ард нь ийм асуудал  үүсгэж байгаад гомдолтой байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 15-р хуудаст/,

Гэрч Б.Чинтуяагийн: “...Ч надаар 4 ширхэг мөнгөн аяга тавиулж байсан. Би өрх гэр тусгаарлаж байгаа хүн болохоор өөрийнхөө эд зүйлийг тавьж байгаа юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /2-р хх-н 21-р хуудаст/,

Гэрч Ж.Төвсанаагийн: “...Би Г, Ч, Ө нарыг харж байсан. Гыг сайн танина. Нөгөө хоёрыг нь танихгүй. 2015 оны 06 дугаар сарын дундуур  намайг зах дээр зогсож байхад  Г 2 танихгүй залуутай хамт ирээд дунд гарын 4 ширхэг мөнгөн аяга барьж ирээд нөгөө хамт явсан 2 залуу нь намайг авах уу гэхээр нь авчирсан аягануудыг үзэхэд амсар нь эмтэрчихсэн энэ тэндээ цөмөрч цохигдсон аяганууд байхаар нь ийм аяга  зарагдахгүй, та хэд мөнгийг нь аваад зар гэхэд тэгье гээд мөнгийг нь авсан. Аяганууд дотроо шар өнгийн хуванцар тагштай байсан.  Би мөнгийг нь авч зарж өгөөд мөнгийг нь /төгрөг/ бэлнээр Гтай хамт явсан залууд өгсөн. Тэгтэл тэр 2 залуугийн нэг нь 1 шил “Соёмбо” архи өгөөд баярлалаа ах гэж хэлээд явсан. Тэрнээс хойш хэд хоногийн дараа Г надруу утастаад нэг мөнгөн эмээл байна авах уу гэхээр нь авъя гээд авсан. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан учраас эмээл сураад байсан хүнд эмээлийн мөнгөн тоног байна, иж бүрэн 12 цагаантай гэхэд авъя гээд миний данс руу 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг Гт өгсөн. Тэр мөнгөнөөс Г надад 10,000 төгрөг өгсөн. Би эмээлийн тоногийг нь авч нөгөө хүндээ өгөөд мод, гөлөм, дөрөө зэргийг нь өөрөө авч “Нарантуул” зах дээр зогсож байгаад зарсан. Тэрний дараа Г анх надад 4 ширхэг мөнгөн аяга өгөхдөө хамт явж байсан 2 залуугийн нэгтэй нь ирээд үндсэн хултай их гарын мөнгөн аяга авах уу гэхээр нь авъя гээд 300,000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр аягыг хамт явсан залуу нь Гтай хамт барьчихсан ирсэн. Би түүнд аяганы өртгийг нь өгсөн. Би аягануудыг хаанаас авсан талаар асуугаагүй. Хулгайн эд зүйлс байсныг мэдээгүй. Г болон түүнтэй хамт явсан залуучууд надад өөр ямар нэгэн эд зүйлс зараагүй. Би худалдаж авсан эд зүйлээ зах дээр барьж зогсож байгаад л авъя гэсэн хүнд зарчихсан. Г бас надад өөр нэгэн зүйл өгч байсан юм. Савхин хуйтай, хуйны нэг үзүүрт нь 1 мөнгөн бөгжтэй, ишнийхээ ард бас мөнгөн, төмөр хутга өгсөн. Мөнгөн хутгыг анх 4 ширхэг аяга өгөхдөө өгч байсан ба тэр хутгаараа аяганы мөнгийг хуулж байсан. Гтай явсан 2 хүүхэд нь тэр хутгыг Г ч надад өгөөгүй юм байна. Хамт явсан 2 хүүхдийнх нь нэг нь өгсөн юм байна... Би тэр залууг одоо харвал танина. Тэр залуучууд надтай дахиж уулзаагүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 22-23-р хуудаст/,

Гэрч М.Дорждэрэмийн: “...Би Чыг танина. Ч нь 2015 оны 06 дугаар сард надаар 65-97 УНА улсын дугаартай саарал өнгийн “Стар икс” маркийн машиныхаа гупер, хаалга, багаажны хаалгаа будуулсан. Ч надад мөнгө байхгүй байна гээд 15-ын хэмжээтэй дугуй өгсөн. Би яг 2015 оны 06 дугаар сарын хэдний өдөр засварлуулсан болохыг нь санахгүй байна...”гэх мэдүүлэг /2-р хх-н 212-р хуудаст/,

Гэрч Ж.Амгаланбаатарын: “...Би Чыг Баагий гэдэг авгайлалаар нь таньдаг. Түүнээс бүтэн нэрийг нь сайн мэддэггүй. Царайг нь харвал зүс таньдаг. Одоогоос нэг жил орчмын өмнө танилцаж байсан... 2015 оны 10, 11 дүгээр сарын үед байх хугацааг нь сайн санахгүй байна. Би Улаанбаатар хотод явж байхад Ч надруу утсаар ярьсан. Тэгээд надад 5 ширхэг мөнгөн аяга байна, үүнийг 250,000 төгрөгөөр зарах гэсэн юм ломбарданд тавих юм бол үнэд хүрэхгүй байна гэж хэлсэн...Бид нар 100-н айлд очиж уулзсан. Тэгэхэд Ч, Мөнгөншагай нар хамт ирсэн. Надад 180,000 төгрөг байна, өөр мөнгө байхгүй гэхэд  тэр 5 аягануудыг надад 180,000 төгрөгөөр өгсөн. Чаас наад аяга чинь хулгайн аяга юм биш үү гэж асуухад үгүй, манай хуримаар манай аав надад өгсөн аяга юм гээд байсан. 2 ширхэг аяга нь хар тагштай байсан. Нөгөө 3 аяга нь бичигтэй байсан. Түүн дээр аавдаа дурсгав гэсэн байх, санахгүй байна... Харин дараа нь манай охин Номин-Эрдэнэ дахин хагалгаанд орох болоход мөнгөний хэрэг гарсан. Тиймээс би тэр аягануудыг “Нарантуул” зах дээр зарах гээд авч очиход үнэд хүрээгүй. Тэгээд “Хархорин” зах дээр 200,000 төгрөгөөр зарчихсан юм. надаас аяга худалдаж авсан хүнийг би танихгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-н 217-р хуудаст/,

Гэрч В.Ганхөлөгийн: “...Г одоогоос бараг 3 жилийн өмнө Адаацаг суманд байх манай гэрт цагаан өнгийн “Приус” маркийн машинтай ирж байсан... би 2016 оны 10 дугаар сард айлын буяны ажилд явж ирчихээд Г нэг хүнтэй хамт архи ууж байхаар нь би тэрнээс нь нэг аягыг уучихаад явсан. Тэрнээс өөр хамт архи ууснаа санахгүй байна... Гтай 2016 оны 10 дугаар сард уулзахдаа Гыг урт гартай гээд тоглоом шоглоомоор хэлчихсэн юм. Тэгэхэд Г дургүйцсэн янзтай чамайг чирнэ шүү гэж хэлж байсан юм. бусдаар бол би Гт тийм зүйл огт яриагүй. Ер нь тэднийхийг эд хөрөнгөтэй айл гэдгийг Г сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг /4-р хх-н 74-р хуудаст/,

Шүүгдэгч М.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2015 оны 06 дугаар сарын арван хэдний яг хэдэн гэдгийг нь санахгүй байна. Улаанбаатар хотоос Ч, Ө нарын хамтаар Чын унаад байдаг “Стар Икс” маркийн 65-97 УНА улсын дугаартай машинтай Дундговь аймгийн Адаацаг сумын “Сүм хөх бүрд” гэх газар нутгалдаг Лхагвасүрэн гэх айлын байшингаас эд зүйлс хулгайлахаар гарч өдрийн 15 цагийн үед зорисон газраа очсон. Тэгээд бууцан дээр байсан төмөр ёонксон байшинг нээж, цоожийг нь лоомоор эвдэж ороод Ч, Ө 2 тэр байшин дотор хураалттай байсан гэрийг авч хаяад /байшин дотор нь/ дотроос нь 10 цагаантай 3 ширхэг том мөнгөн эмээл, ойролцоогоор 10 гаран мөнгөн аяга, тэр дотор нь 2 ширхэг том мөнгөлсөн хулан аяга байсан... бусад нь тэрнээс жижиг аяганууд байсан... 40 литрийн битонууд, хөнгөн цагаан кострул, цэнхэр өнгийн 120 литрийн савтай борц, 2 нүдний урт дуран, гэрийн эсгий туурга 1 ширхэг гаргаж ирээд надад өгөхөөр нь машин луу ачсан. Тэгтэл нөгөө 2 маань хажуу талд нь байсан модон амбаарыг ухаж, дотроос нь жирийн үед тохдог хүрэн гөлөмтэй 4 ширхэг мөнгөн даруулгатай эмээл, архи дарснууд гаргаж ирээд машинд ачсан. Тэгээд шууд Дэлгэрцогт сумын араар орж засмал замд нийлээд Улаанбаатар хотруу нар шингэж байх үед орсон. Хот руу ороод Өын 1 дүгээр хорооллын ард байдаг хашаанд очиж би 10 цагаантай 3 ширхэг эмээлийг нь аваад үлдсэн бүх юмыг нь тэр хоёрт өгсөн... эмээл авсныхаа маргааш Ч, Ө бид 3 бичигтэй тагштай мөнгөн аяганы гадна талын мөнгийг хуулахад дотроос нь улаан цэцэгтэй хар модон аяга гарч ирсэн. Тэр мөнгөнүүдийг нь аваад  “Нарантуул” зах дээр миний таньдаг Төвсанаа гэх хүн дээр хамт очиж зарсан. Хулгайлсан архинаас Төвсанаад 1 шил “Соёмбо” архи өгч байсан /Ө/. Тэр өдрийн маргааш, нөгөөдрөөс нь авсан 3 эмээлийнхээ нэгийг нь мөнгөн чимэглэлийг нь аваад Төвсанаад 1,000,000 төгрөгөөр өгсөн...үлдсэн 2 эмээлээ авч яваад өөрийнхөө байдаг байсан эгч Мягмаржавын байшинд өөрт нь мэдэгдэлгүйгээр хийсэн... борцыг нь зарах гэхэд авах хүн олдохгүй байсан. Тэр борцыг Ө авсан. Бас нэгэн хуйтай төмөр хутга байсныг Төвсанаад өгсөн... би Ч, Өлзийбадар хоёртой согтуу байхдаа болсон асуудлыг яриад өгсөн юм. миний яриснаас хойш тэр хоёр намайг тэр айлаа заагаад өг гээд гуйгаад ухая гээд байсан... Ч нь Өын хамт олон дахин ирж эмээлээ зараад өгчих, надад мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би авбал гурвууланг нь ав гэж хэлж байсан. Тэгэхэд хариу юм ярьдаггүй байсан. Би олон дахн ирээд байхаар нь тэр хоёртой хэрэлдээд салсан. Намайг анх Дундговь аймгийн цагдаа дээр шалгагдаж байхад Ө ирээд Ч таныг хэлсэн байна лээ, намайг битгий хэлээрэй, би танд 3,000,000 төгрөг өгье гэж байсан... би тэр мөнгөн эдлэлийг нь заралцаж өгсөн. Мөнгөнөөс нь аваагүй тэр хоёр сүүлд мөнгөн эмээл авах гэж 3 удаа ирсэн ба ирэхдээ хүүхэд цэцэрлэг, сургуульд орлоо, Дундговь аймагт хэрэгт холбогдлоо, мөнгөний хэрэг байна гэж ирж байсан бас намайг байхгүй хойгуур миний эгч Мягмаржавын гэрт 2 удаа сурч ирсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 101-105-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутгаас 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд 2 айлын эзэнгүй бууцан дээрх байшин болон ёонкосноос эд зүйлс хулгайлсан, тухайн үед би ганцаараа  өөрийн аавын эзэмшлийн 65-97 УБУ улсын дугаартай “Стар Икс” машинтай явж хулгай хийсэн... Гурвансайхан сумын төв ороод шөнө Мөнхжаргал ахын гэрлүү буцсан. Гэрт очиход тэднийхэн согтуу байхаар нь буцаж гараад Мөнхжаргал ахын урагшаа байсан цагаан  байшинтай хороон дээр очиж цагаан байшингаас “Болор” архи 3-4 шил, ааруул 11 килограмм 1 мотор, 1 усны помп авсан. Тэндээс хөдлөөд нэг айлын бууцан дээр очиж байшингаас нь нийт 9 ширхэг том, жижиг мөнгөн аяга, 1 цахилгаан үүсгэгч мотор авсан... тэр өдрийн маргааш нь ойр хавийн бууцан дээрээс төмрийн хог ачсан. Тэр дунд жижиг машины блок байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 108-р хуудас, 4-р хх-н 94-р хуудаст/,

Гэрч Р.Бат-Эрдэнийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2015 оны 06 сарын дундуур дээвэр хийсэн. 2015 оны 06 сарын 10-дын үеэр эхлээд 6 сарын 20-дын үед дууссан санагдаж байна. Би Өаар туслуулж байсан. Тухайн үед Ө Дундговь аймгийн Дэрэн сум руу явах гэж байгаа. Эхнэр ажилд орох гэж байгаа гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 214-р хуудас/

Гэрч Б.Өлзийсайханы өгсөн: “…Би 2015 оны 06 сарын 13-21-ний хооронд Дундговь аймгийн Сайнцагаан суманд гэртээ байсан. Манай дүү Б.Ө нь тухайн үед Улаанбаатар хотод байж байгаад 2015 оны 06 сарын 20-ны өдөр наашаа нүүх гээд хашаан доторх юмаа гэрийнхээ тавилгыг ачиж байна гэхээр нь орой гараад хэрэггүй өглөө эрт гар гэж хэлсэн. Надаас 100000 төгрөг зээлж авсан.  2015 оны 06 сарын 21-ний өглөө 10 цаг өнгөрч байхад Дундговьд Чын машинтай Ө, Нандинцэцэг нар ирсэн. Тэд их гэрийн хашаанаас хөргөгч, зурагт 2-оо ачаад Дэрэн сум руу явахад нь нөхөр бид 2 гаргаж өгсөн. 2015 оны 06 сарын 12, 13-ны үед Өын эхнэр Нандинцэцэгийг Дэрэн сум руу авч явж, дарга нартай нь уулзуулж амьдрах орон сууцыг нь үзэж өгөөд явуулсан.” гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн 215-р хуудас/

Гэрч Д.Нандинцэцэгийн өгсөн:”…2015 оны 06 сарын 13-ны өдөр би Дундговь аймгаас Улаанбаатар хот руу орсон. Тэгээд 2015 оны 06 сарын 21-ний өдөр Дундговь аймаг руу нүүх хүртлээ нөхөр Ө, хүү Хантүшиг нарын хамт гэртээ байсан. Ө тухайн цаг хугацаанд найз Бат-Эрдэнэтэйгээ 2-3 хоног айлын байшингийн дээвэр хийсэн. Уг ажлын хийхдээ өдрийн цагаар яваад ирдэг байсан. 2015 оны 06 сарын 13-21-ний хооронд Чтай манай хашааны хаалгыг бас нэг айлын хаалгатай хийсэн. Нэг хаалгыг 1-2 хоногт хийдэг…” гэсэн мэдүүлэг/ 2-р хх-ийн 207-р хуудас/

Б.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 114-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Өын хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-н 119-135, 157, 160-161-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Өын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /2-р хх-н 136-141, 146-147-р хуудаст/

Шүүгдэгч Б.Чын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2-р хх-н 115-р хуудаст/,

 Шүүгдэгч Б.Чын хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-н 148-149, 151, 154, 158, 162, 176-р хуудаст/,

Шүүгдэгч Б.Чын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /2-р хх-н 142-145, 148-149-р хуудаст/,

Шүүгдэгч М.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/2-р хх-н 116-р хуудаст/,

 Шүүгдэгч М.Гын хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-н 150, 153,155, 159, 163-174-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч М.Г нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн 42,620,000 төгрөгийн эд зүйлийн хулгайлах, шүүгдэгч Б.Ч нь 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц”, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3-р багийн нутаг “Тахил” гэх газруудад нутаглах, Г.Отгондорж, С.Энхтайван нарын бууцан дээр байрлах  ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар болон шүүгдэгч М.Г, Б.Ч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч М.Г, Б.Ч нарын  бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь хууль бус бөгөөд өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, санаатай үйлдэл байна.

Харин Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Г, Б.Ч, Б.Ө нарыг бүлэглэн тусгайлан хамгаалсан агуулхад нэвтэрч, машин механизм ашиглан 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн  хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг, 30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, нийт 42.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарын оролцсон үйлдэл, үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүгдэгч М.Г л  Б.Ч, Б.Ө нартай хамт явсан гэж мэдүүлдэг ч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэв. Өөрөөр хэлбэл  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэг гарсан байдал, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотолбол зохих бүхий байдлыг  шалгаж бэхжүүлсэн хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч, Б.Ө нарын шүүгдэгч М.Гтай бүлэглэн хулгай хийсэн үйлдэл нь тогтоогдохгүй байна. Учир нь Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Б.Ө, Б.Ч нарыг М.Гтай бүлэглэн хулгай хийсэн гэж яллаж байгаа ч гэрч Б.Өлзийсайхан, Д.Нандинцэцэг нарын мэдүүлэгээр тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд Б.Ч, Б.Ө нар нь Улаанбаатар хотод байсан, яллагдаж байгаа хулгайн хэрэгт ямар үүрэгтэй оролцсон, хэзээ хаанаас хэрхэн тохиролцож явсан талаарх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзэв. Энэ талаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож нотлогдсон байх ёстой атал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл  яллах талын нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Б.Ч, Б.Ө нар нь 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг, мөнгөн  хул 3 ширхэг, мөнгөн аяга 13 ширхэг,30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, нийт 42.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдсэн гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Харин Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Гын 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дуднговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас Ц.Дэжидпэлийн өвөлжөөн дээрх ёонкос болон модон амбаарын цоожийг эвдэн орж, мөнгөн тоноглолтой эмээл 5 ширхэг,мөнгөн  хул 3 ширхэг,мөнгөн аяга 13 ширхэг,30 кг үхрийн борц зэрэг 24 төрлийн эд зүйлсийг хулгайлж, нийт 42.620.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, шүүгдэгч Б.Чын 2015 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Дундговь аймгийн Гурвансайхан сумын “Шар хадны бууц” гэх газраас Г.Отгондоржийн бууцан дээрх байшингийн цоожийг эвдэн орж 10 ширхэг, мөнгөн аяга, цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 3.720.000 төгрөгийн хохирол, Дундговь аймгийн Гурвансайхан сумын 3 дугаар багийн нутаг “Тахил” гэх газраас С.Энхтайвны бууцан дээрх өвөлжөөний байшингийн цоожийг эвдэн орж, мотор 2 ширхэг, 60 кг ааруул, 6 шил “Болор” архи зэрэг эд зүйлс хулгайлж, 1,938,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирчээ.

Дээрх байдлаас нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч М.Г, Б.Ч, нарыг “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч М.Г нь  хохирогч Ц.Дэжидпэлд 17425000   /арван долоон сая дөрвөн зуун хорин тав/-н төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэгдэл 25193000/ хорин таван сая нэг зуун ерэн гурав/-н төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчид өөрийн өмчлөлийн өвөлжөө, автомашин, хөөрөг зэрэг эд зүйлийг өгч хохирлын барагдуулах талаараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нартай тохиролцсоноо илэрхийлснийг,  шүүгдэгч Б.Ч нь хохирогч Т.Дулмаа, С.Энхтайван нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсныг дурьдах зүйтэй.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч М.Гт  ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн, бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж тохиролцсон, шүүгдэгч Б.Ч нь бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, үйлдсэн хэргийнхээ талаар үнэн зөв мэдүүлж чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Иймд шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/  жил 1 сарын  хугацаагаар, шүүгдэгч Б.Чд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт буруугийн хэлбэрт тохирсон байх  шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв. 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экстрал плус Баоксин топ секюрити” гэсэн бичигтэй эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, 2 талдаа “топ секюрити-экстра” гэсэн бичигтэй мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст  даалгах нь зүйтэй. М.Г, Б.Ч, Б.Ө нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй байна.

Шүүгдэгч М.Гын нийт 754 /долоон зуун тавин дөрөв/-н хоног цагдан хоригдсоныг, шүүгдэгч Б.Чын нийт 495 /дөрвөн зуун ерэн тав/-н хоног цагдан хоригдсон хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 Б.Ө нь энэ хэргийн улмаас нийт 372 /гурван зуун далан хоёр/ хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.8, 36.9, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Харнууд овогт Баттулгын Ө, Номгон овогт Бямбасүрэнгийн Ч, Тойн овогт Маньбадарын Г нарыг  бүлэглэн 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 21-ний өдрийн хооронд Дуднговь аймгийн Адаацаг сумын 4-р багийн нутаг “Эхэн урсгалын бууц” гэх газраас эд зүйлсийг хулгайлж бусдад нийт 42,620,000 /дөчин хоёр сая зургаан зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Ө, Б.Ч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Шүүгдэгч Тойн овогт Маньбадарын Г, шүүгдэгч Номгон овогт Бямбасүрэнгийн Ч нарыг машин механизм ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Гт 2 жил 1 сарын хугацаагаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Чд 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Гт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Б.Чд оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гын цагдан хоригдсон 754 /долоон зуун тавин дөрөв/-н хоног, шүүгдэгч Б.Чын цагдан хоригдсон  495 /дөрвөн зуун ерэн тав/-н хоногийг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            7. Б.Ө нь энэ гэмт хэргийн улмаас 372 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар М.Г нь хохирол төлбөрт 17,425,000 /арван долоон сая дөрвөн зуун хорин таван мянга/-н  төгрөг төлсөн болохыг дурьдаж, түүнээс 251950000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Дэлгэрзаяад олгосугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Банзрагчийн эзэмшлийн “Каренс-2” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоол, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн гэх Э.Одончимэгийн эзэмшлийн “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн тогтоол, Д.Бямбасүрэнгийн эзэмшлийн “Старикс” маркийн авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хураан авсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь тээврийн хэрэгсэл болон түүний гэрчилгээ, татвар төлөгчийн гэрчилгээг тус тус буцаан олгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Экстрал плус Баоксин топ секюрити” гэсэн бичигтэй эвдэрсэн цоож 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, 2 талдаа “топ секюрити-экстра” гэсэн бичигтэй мөнгөлөг өнгийн цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Б.Ч, М.Г нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Г, Б.Ч, Б.Ө нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

14. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Ч, М.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА