| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00550/И |
| Дугаар | 525 |
| Огноо | 2016-11-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 525
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Мандал-Овоо сум, 2-р баг, *******,******* оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1982-1983 он дуустал зарлагын ажил хийсэн. 1984-1990 он хүртэл малчнаар, одоог хүртэл бас малчнаар тус тус ажиллаж улсад нийт 24 жил 2 сар ажилласан. Одоо өндөр насны тэтэгэврээ тогтоолгох гэтэл, Миний 1982 оны 7-р сараас 1983 оныг дуустал, Хөдөлмөр нэгдэлд ажилласан цалин дэвтэр дээр бөглөөгүй, мөн 1986 онд мал маллаж байсан цалин хөлсийг мөн бөглөөгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг шийдвэрлэхэд өөрийн биеэр оролцож чадахгүй болсон тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү. Хөдөө мал харах хүнгүй, Мандал-Овоо сумын төвөөс 70 км зайд нутаглаж байгаа тул харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “1982 онд 8 дугаар анги төгсөөд Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд зарлагаар ажилд ороод жил гаруй ажиллаж байгаад тус нэгдлийн малчнаар ажиллаж 1990 оныг хүртэл нэгдлийн мал маллаж, хувьчлалаас хойш одоог хүртэл тус сум, бригаддаа малаа маллаж байна. Нэгдэлд ажиллах хугацаандаа тасралтгүй ажилласан. Би 1972 оноос хойш мөн тасралтгүй тус нэгдэлд мал маллаж байсан. Хамт нэг дор, нэг нэгдэл, нэг бригадад малчин байсан учраас сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “С.******* 1982 оны 06 дугаар сараас Мандал-Овоо Хөдөлмөр нэгдэлд зарлагын ажил эрхэлж байгаад хөдөө гарч тус нэгдлийн малыг маллаж 1990 онд нэгдэл татан буугдтал нэгдлийн малчин байсан. 1990 онд нэгдэл татан буугдахад цалин хөлсийг бүтнээр нь олгосон байх ёстой. Дээрх хугацаанд тасралтгүй ажилласан. Бид нэг дор хамт ажиллаж байсан. Одоог хүртэл мөн л нэг сум, бригадад малчнаар ажиллаж байгаа учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 363 тоот С.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1982-1990 онуудад зарлага, малчнаар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
6.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот тушаалын хуулбар,
7.Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 тоот тушаалын хуулбар,
8.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Нэхэмжлэгч С.******* нь 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 363 тоот С.******* нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд 1982-1990 онуудад зарлага, малчнаар тус тус ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгчид олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн даргын 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 25 тоот, 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 16 тоот тушаалуудын хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч С.*******гийн хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-ийн 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР