Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 594

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Энхтуул,

Улсын яллагч Б.Гүнсэл,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн ................. овогт .............ы Б-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19......... оны ........... дугаар сарын .............ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......... настай, эрэгтэй, ......... боловсролтой, ........мэргэжилтэй, ..............жолооч, ам бүл ........... хамт ....................тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ө........... овогт Б...........ны Б, /РД:................../.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 6-292 тоот дахь гэртээ эхнэр Д.Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн хөх, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Д.О мөрдөн байцаалтын шатанд "...Манай нөхөр гэртээ ирээгүй байж байгаад 2019 оны 7 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед гэртээ ирэхээр нь би хоол хийж өгчихөөд “чи хаагуур юу хийж байгаад ирсэн юм” гэж асуутал хаачсан ч чамд ямар хамаатай юм гээд надад хэлэхгүй байхаар миний уур хүрээд хацар руу нь 2-3 удаа алгадсан чинь намайг заамдаж боож байгаад цээж хэсэг рүү гараараа түлхээд намайг газар унагаад миний хацар руу 2-3 удаа алгадаж миний гар хөлөөс татаж чангаагаад байсан. Би босож ирээд толинд өөрийн биеийг хартал миний зүүн талын хөх, баруун гарын шуу, зүүн гарын мөр, хүзүү хөхөрч мөн дээд уруул хавдсан байхаар нь миний уур хүрээд орилж чаралж байгаад хувцасны шүүгээн дээр байж байсан хайчийг автал надаас булааж аваад би өөрийгөө алчих юм уу гээд баруун талын гуя хэсэг рүүгээ 2-3 удаа хатгах оролдлого хийсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэсэн чинь гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Наранбямбын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 8346 дугаартай “… Д.Огийн биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хүзүү, цээж, зүүн хөх, баруун, зүүн бугалганд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/ ,

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Би 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эхнэр Д.Огийн зүүн хацрын зөөлөн эдийн няцралыг алгадах үедээ, хүзүүг нь гараараа боох үед, цээж, зүүн хөхийг нь гараараа түлхэх үед, баруун, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн бугалганд цус хуралт гэмтлийг гараараа татаж чангаах үед үүсгэж зодсон нь үнэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-56/, оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-57/, ял шалгах хуудас /хх-58-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Яллагдагч Б.Б нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 6-292 тоот дахь өөрийн гэртээ эхнэр Д. Отэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Бийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 6 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Бид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Д.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ө овогт Б-ны Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 6 сарын хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.МӨНХБАЯР