| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилдоржийн Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0591/Э |
| Дугаар | 595 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 595
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Энхтуул,
Улсын яллагч Б.Гүнсэл,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Ж....... овогт ............... Мад холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19...... оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, ........эзэн боловсролтой, ........мэргэжилтэй, ............жолооч, ам бүл 3, 2 хүүхдийн хамт ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ....... тэнсэж хянан харгалзсан, Ж......... овогт Д............ М, /РД:................/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Д.М нь 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо “Буянт-Ухаа 2” хорооллын автобусны буудлын хажууд “Халиартай хуушуур” гэх нэртэй түргэн хоолны газарт иргэн Б.Дыг эндээс нохойгоо гарга гэж маргалдан улмаар зодож биед нь тархины доргилт, хуйхны няцарсан шарх, дух, зүүн нүдний дээд зовхи, баруун хөлний шилбэний зулгаралт, зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Б.Д мөрдөн байцаалтын шатанд "...Би тухайн хоолны газар руу өөрийн нохойтойгоо хамт орсон юм тэгтэл тэнд байсан хоёр залуу чи наад нохойгоо хоолны газарт дагуулж орж ирлээ гэж уурласан тэгэхээр нь хоолоо захиалж мөнгөө шилжүүлчихээд гарлаа гэтэл 3 хүүхэдтэйгээ хоол идэж байсан Д.М гэх залуу чи наад нохойгоо гарга, ямар олон юм ярьдаг юм, хүүхэд айгаад байна гэхээр нь би мөнгөө шилжүүлчихээд гарна гэтэл надад уурлаж над руу гар утсаа шидэх гээд зангаад байсан. тэгэхээр нь би мөнгөө худалдагчийн данс руу шилжүүлчихээд гарахдаа тэр ах руу харсан чинь чи яагаад муухай хараад байгаа юм гээд босож ирээд намайг барьж аваад заамдахаар нь би Д.Мыг биеэрээ түлхсэн чинь гартаа барьж байсан аягаараа миний толгой руу 2-3 удаа цохисон. Намайг салгахаар татах үед Д.М сууж байгаад миний нүд рүү хөлөөрөө өшиглөж нүдний шилийг хагалсан. Тэгээд зодоон дууссан. Д.М миний толгой руу 2-3 удаа аягаараа цохиж мөн зүүн талын нүд рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч .............. мөрдөн байцаалтын шатанд “…Би 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын автобусны буудлын хажууд байдаг “Халиартай хуушуур” гэх нэртэй түргэн хоолны газарт өөрийн аав Д.М, 12 настай дүү М.Эгшиглэн, найз Б.Энэрэл нарын хамт хоол идээд байж байтал 1 нохой барьчихсан Б.Д гэх залуу орж ирээд хоол захиалаад байж байтал тэнд сууж байсан хоёр танихгүй залуу наад нохойгоо эндээс гаргачих гэтэл нөгөө залуу байж бай, би мөнгөө шилжүүлчихээд гарлаа гээд гарахгүй байсан. Тэгэхээр нь манай аав Д.М миний дүү наад нохойгоо эндээс гаргачих, манай хүүхэд айгаад байна гэтэл байж байгаач, би энд мөнгөө шилжүүлэх гээд байна гээд гарахдаа манай аав руу муухай хараад байсан. Тэгээд аав тэр хоёр муудалцсан. Тэгсэн чинь тэр залуу манай аавыг тэврээд авахаар нь аав ширээн дээр байсан цайны аягыг аваад Б.Д гэх залуугийн толгой руу 1 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
Гэрч ................. мөрдөн байцаалтын шатанд “…Тэгтэл хэсэг хугацааны дараа нохой тэвэрсэн 20 орчим настай эрэгтэй хүн орж ирсэн. Манай нөгөө ширээн дээр сууж байсан 2 залуу нохойтой орж ирсэн залуу руу хандан “Хоолны газар нохойтой орж ирлээ, нохойгоо гадаа уяахад яадаг юм бэ” гэж хэлсэн. Тэгтэл нохой тэвэрсэн залуу тооцоогоо хийчихээд гарлаа гэж хэлсэн. Тэгтэл цаана байсан 50 орчим настай ах уурлаад нохой тэвэрсэн залууг цохих гэж босож ирээд далайчихаад суусан. Тэгээд нохой тэвэрсэн залуу тооцоогоо Мобайл банкаар дамжуулан төлчихөөд хуушуур болтол гадаа хүлээж байя гээд гарах гэтэл 50 орчим настай ах нөгөө нохой тэвэрсэн залууг муухай харлаа гэх шалтгаанаар зуураад хүн суух зориулалттай зассан байсан хавтан дээр дараад авсан. Тэгээд тэр 2 зууралдаад нөгөө 50 орчим настай ах нөгөө нохойтой залуугийн толгой хэсэг рүү гартаа цагаан өнгийн зүйл барьчихсан цохиж харагдсан… нөгөө зодуулсан залуугийн нүүрэн хэсэгт нь хэд хэдэн газарт зулгарчихсан юм шиг байсан. Намайг яг хажууд нь очих үед толгойны зүүн орой хэсгээс нь нилээд их хэмжээний цус гарсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч М.Энхбаярын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 7666 дугаартай дүгнэлт “... Б.Дэнзэндүйхорын биед үзлэгээр тархины доргилт, хуйхны няцарсан шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хөлний шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-р хуудас/,
Шүүгдэгч Д.М шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Хоолны тооцоогоо хийчихээд гарахдаа над руу муухай хараад байхаар нь би “чи яагаад муухай хараад байгаа юм бэ” гэхэд надтай маргалдсан. Тэгэхээр нь цамцны захнаас нь зүүн гараараа бариад авсан чинь зөрүүлж намайг заамдаад түлхээд хойно байсан сандал дээр намайг унагаахаар нь би ширээн дээр байсан цайны аягийг баруун гараараа шүүрч аваад Б.Дын толгойн тус газар 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Мын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-68/, ял шалгах хуудас/хх-62-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Д.М нь 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Буянт-Ухаа 2 хорооллын автобусны буудлын хажууд байдаг “Халиартай хуушуур” гэх нэртэй түргэн хоолны газарт иргэн Б.Дыг эндээс нохой гарга гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Мын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Мад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.
Хохирогч ................... нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Ж ургийн овогт Д-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.М нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.М-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давжзаалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолы ггардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.МӨНХБАЯР