Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 530

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр би

Нэхэмжлэгч: “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 6-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:*******/-д холбогдох

10,506,624 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.******* нь тус компанитай 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 35 тоот гэрээт борлуулагчийн гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 35/16 тоот барьцааны гэрээг тус тус байгуулан ажиллаж байсан. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар иргэн Б.Баярмаагийн нэр дээр бүртгэлтэй /РД:КЮ59103004/ Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Их сургуулийн гудамж, 31-8 тоот хаягт байрлах 38 мкв бүхий орон сууц /Ү-2203019326/, гэрчилгээний №000085014/-ийг барьцаанд тавьсан. Ч.******* гэрээгээр хүлээлгэсэн үүргийг мөрдөж ажиллаагүйн улмаас 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 7,100,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан ба гэрээний дагуу авсан барааны үнийг хугацаандаа төлөөгүй бөгөөд уг өрийг хүлээн зөвшөөрч, барагдуулахаар тохиролцсон юм. Уг тохиролцоонд Ч.******* нь дээрх өрийг 2016 оны 03 дугаар дотор бүрэн төлөхөөр өргөдөл бичиж өгснийг бид хүлээн авч олон удаа боломж олгосон. Гэвч 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн төлбөр 7,100,000 төгрөг, алданги 3,406,624 төгрөг, нийт 10,506,624 төгрөгийн өртэй байна. Ч.*******ийн гаргасан хүсэлтийг бид хүлээн зөвшөөрч олон удаа боломж олгосон ба өдөрт 100,000 төгрөгөөр тушаана гэсэн боловч одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байна. Иймд Ч.*******ээс 10,506,624 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Ч.******* 2016 оны 11 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Ч.******* миний бие “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 10,506,624 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч талтай харилцан тохиролцож ойрын хугацаанд өр авлагыг барагдуулна.” гэжээ. 

 

 Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, хариуцагчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Боса импекс” ХХК нь хариуцагч Ч.*******т  холбогдуулан  10,506,624 төгрөг  гаргуулахыг шаарджээ.

 

Хариуцагч Ч.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 11 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

         

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Ч.*******нь нэхэмжлэгч “Боса импекс” ХХК-ийн 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10,506,624 /арван сая таван зуун зургаан мянга зургаан зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Боса импекс” ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,056 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мөнхзулаас 91,528 төгрөгийг, орон нутгийн төсвийн орлогоос 91,528 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Боса импекс” ХХК-д олгосугай.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   А.ЭНХТӨР