Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 592

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Энхтуул,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Цэвэг овогт Данзансамбуугийн Бд холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны 01 дүгээр сарын 19-ний ........... суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ........., ............. хамт, ........................ тоотод оршин суух, ............... хэрэг хариуцах чадвартай, ................. овогт ............ /РД:............/.

 

Холбогдсон хэргийн талаар яллахдүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсгийн 27 тоотод иргэн С.Лг зодож баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус харвалт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч С.Л мөрдөн байцаалтын шатанд"...Би 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ хүүхдээ хараад байж байтал 12 цагийн үед нөхөр ажлаа тараад согтуу гэртээ ирчихээд надад хандаж би нэг пиво л уучихаад унтъя, аваад өгчих гээд байхаар нь би зөвшөөрч дэлгүүрээс 1 пиво аваад гэрт ирсэн чинь манай нөхрийн танил манай гэрт ирсэн байсан. Би тэр хүнийг нь аргалаад гэрээсээ явуулчихсан чинь чи ирсэн хүнийг явууллаа, чамтай ямар холбоотой юм гэх мэтээр хардаж надтай хэрүүл хийгээд гэрийн хамаг эд хогшил эвдэж намайг гараараа толгой руу цохиод байхаар нь гэрээсээ гараад зугтах гэсэн чинь гаргахгүй гэрийн хаалга цоожлоод намайг зодож над руу аяга авч шидсэн. Миний толгой, баруун гар руу зүүн гараараа ээлжлээд хэд хэдэн удаа цохиод хөлөөрөө баруун хөл рүү өшиглөсөн мөн намайг газар унагааж байгаад хөлөөрөө толгой дээрээс нэлээн хэдэн удаа дэвсэж аяга авч шидээд миний баруун талын хөмсөг хэсэгт онож гэмтэл учруулсан…” гэх мэдүүлэг, /хх-ийн 15-19-р хуудас/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 4741 дугаартай шинжээчийн дүгнэлт “...С.Лгийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус харвалт, зөөлөн эдийн няцрал,зүүн чихний гадаргуун цус хуралт, баруун бугалга, шууны цус харвалт, зөөлөн эдийн няцрал баруун баруун хөмсөгний язарсан шарх, эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 39-р хуудас /,

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “…Манай эхнэр Болдоотой өөд өөдөөсөө хараад пиво уугаад сууж  байхаар нь чи манай эхнэртэй пиво уулаа гээд хардаад маргалдсан, тэгсэн чинь манай эхнэр Болдоог гэрээс гаргасан, тэгэхээр нь би эхнэрийгээ Болдоотой хардаад чи яахаараа Болдоотой пиво уудаг юм гэж уурлаад нүүр, толгойн тус газарт нь гараараа хэдэн удаа цохисон... гар руу нь 1-2 удаа цохиод гэрээс гарахдаа хоолны шүүгээн дээр байсан цайны аягаар энхэр рүү шидсэн чинь баруун талын хөмсөг хэсэг рүү нь оночихсон гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Баттулгын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-61/,ял шалгах хуудас /хх-63-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсгийн 27 тоотод иргэн С.Лг зодож баруун, зүүн нүдний дээд, доод зовхины цус харвалт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Д.Баттулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

                                                                        

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч С.Л нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ц овогт Д-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Б-д оногдуулсан нийтэд тустай ажид хийлгэх ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл   бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.МӨНХБАЯР