Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 598

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Шарлуут овогт Баярсайханы Хд холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1...... оны .......... дүгээр сарын .......-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, ............. боловсролтой, ............ мэргэжилтэй, “................... ажилтай, ам бүл ............ хамт, ....................... тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ................ овогт........... Х, /РД:.................../.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгын 1 дүгээр гудамжны 19 тоотод энхэр Т.Аыг зодож биед нь цээж, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч Т.Аын мөрдөн байцаалтын шатанд"...Би 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эгч Азжаргал нөхөр хүүхдийн хамт хүүхдээ эмнэлэгт үзүүлэхээр эгчийн машинтай явж байсан юм. Эгч “эхлээд манай ажлаар орчихоод дараа нь танай хүүхдийг эмнэлэгт үзүүлье” гэхээр нь би бухимдаад машинаас нь буугаад гэр рүүгээ яваад өгсөн. Би гэртээ ирээд байж байтал манай нөхөр хоёр хүүхдээ дагуулаад ирсэн...Тэгээд манай нөхөр намайг зайлаач гэхээр нь би гэрээс гарч хашааны гадна зогсож байгаад хэсэг хугацааны дараа гэртээ ороод 3 настай охин Цэлмэгийг хацар дээр нь үнэсчихээд буцаад гэрээс гартал намайг дагаад уйлаад байсан. Манай нөхөр “би явлаа” гээд гэрээс гарахаар нь би араас дагаж гартал гэрийн хаяанд хогийн шүүрний иш байхаар нь нөхрийгөө цохих гэтэл манай нөхөр миний гараас хогийн шүүрний ишийг булааж аваад намайг газар унагаагаад нөгөө хогийн шүүрний ишээр миний баруун талын гуяруу хоёр удаа цохиод хөлөөрөө нэг удаа цээж хэсэг нэг удаа өшиглөчхөөд хашаанаас гараад явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8359 дугаартай дүгнэлт “...Т.Аын биед цээж, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Миний араас эхнэр Т.А гарч ирээд гэрийн хаяанд байсан хогийн шүүрийн ишээр намайг цохих гээд зүүн гараараа далайхаар нь би гараас нь булааж аваад зүүн гараараа эхнэрийн цээж хэсэг рүү түлхсэн чинь Т.А газар унасан тэгэхээр нь би баруун талын гуя руу нь хогийн шүүрийн ишээр 2 удаа цохичхоод...зугтаачихсан юм...” гэх мэдүүлэг  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Хын хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-50/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-51/, ял шалгах хуудас/хх-52-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Яллагдагч Б.Х нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны Сонсголонгын 1 дүгээр гудамжны 19 тоотод эхнэр Т.Аыг зодож биед нь цээж, баруун гуянд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Хын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Хд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч Т.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-н Х-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-ыг 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Х-д торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Х-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.МӨНХБАЯР