| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0177/Э |
| Дугаар | 0213 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 0213
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Л.А, өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Лгийн Аэд холбогдох 1908025100173 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... тоотод оршин суудаг, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн, Б овогт Лгийн А /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Л.А нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг Д.Л, төрсөн ах Л.И нарыг буюу хоёр хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож, Д.Лгийн эрүүл мэндэд хөнгөн, Л.И-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус бүр учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Д.Лгийн мэдүүлэг /хх-ийн 29-30х, 40х/, хохирогч Л.И-ийн мэдүүлэг /хх-ийн 33-34х, 38х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5256 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5255 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44х/, шүүгдэгч Л.Аийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 58х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93х/, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 79-80х/ шүүгдэгч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.А нь 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... дугаар гудамжны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий төрсөн эцэг Д.Л, төрсөн ах Л.И нарыг буюу хоёр хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, онц харгис хэрцгийгээр зодож, Д.Л, Л.И-ийн нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус бүр учруулсан болох нь:
Хохирогч Д.Лгийн өгсөн: “...Би Аийн төрсөн аав нь байгаа юм... ...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Хархорин зах орчхоод 19 цагийн үед гэртээ ирээд зурагт үзээд ганцаараа хэвтэж байхад гаднаас И орж ирээд би гэрийн гадна майханд орж хэвтлээ гэж хэлээд гараад явсан. Би зүүрмэглээд унтаж байхад гадна чанга дуу гараад хоорондоо хэрэлдэж байгаа чимээ гарахаар нь би сэрээд юу болоод байгаа юм бол гэж бодоод орноосоо босоод гарах гэж байхад А согтуу орж ирээд “гэрийн гадна хайртай хүүг чинь алчихлаа, одоо чамайг ална” гэж хэлээд над руу дайраад гараа атгаж байгаад толгой, нүүр, нүдийг цохиж байгаад гартаа хатуу зүйл барьж байгаад миний толгойн орой хэсэг рүү нэг удаа цохиход миний толгойноос цус гараад олгойдоод эхэлсэн. Тэр үед О гаднаас орж ирээд чи аавыгаа яаж байгаа юм бэ гэж хэлээд Аийн араас нь татаад надаас салгасан. Би Од хандаж чи гараад цагдаад дуудлага өг гэж хэлсэн. О гэрээс гараад явахад А араас нь гараад явсан. ...И гаднаас зүүн нүд нь хөхөрч хавдсан, хамар амнаас нь цус гарсан байдалтай орж ирээд “та гайгүй юу” гэж асууж байсан. Би алчуураараа толгойгоо боогоод гэртээ сууж байхад гаднаас О хүний утас гуйж байгаад цагдаад дуудлага өгсөн гэж хэлээд орж ирсэн. Удаагүй хоёр цагдаа ирээд И бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлнэ гэж хэлээд аваад явсан. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж толгой дээрээ оёдол тавиулсан... ...Би хүү Аээс нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30х, 40х/,
Хохирогч Л.И-ийн өгсөн: “...Би Аийн төрсөн ах нь байгаа юм. ...2019 оны 04 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед санагдаж байна би хашаан дотроо майхан дотор архи уусан халамцуу унтаж байхад А согтуу миний унтаж байсан майхныг урж орж ирээд “чи ээж ааваараа хамгаалуулдаг хүн билүү” гэж хэлээд миний цээж толгой руу өшиглөөд дэвслээд байсан. Би дүүдээ хандаж “чи болиоч ээ” гэж хэлэхэд “та нарыг бүгдийг чинь ална” гээд орилоод намайг өшиглөөд дэвсэлж байгаад гэр лүүгээ яваад орсон. Миний дээрээс дүү А хэдэн удаа өшиглөж дэвсэлснийг би мэдэхгүй байна. Би босоод хувцас хунараа гөвөөд зогсож байхад аав орилоод “гар чи” гэж хэлж байсан. Би гэртээ орохгүй утсаараа цагдаад дуудлага өгөөд хүлээгээд байж байсан. Цагдаа ирэхээс өмнө А цүнхтэй хувцсаа аваад гэрээс гараад зугтаасан. Би гэртээ яваад ороход аавын цагаан үс нь улаан болоод толгойны оройгоос нь цус гарч, мөн зүүн хацар нь хөхөрсөн байдалтай орон дээр сууж байсан. Би аавд хандаж цагдаад дуудлага өгсөн гэж хэлээд удаагүй байж байхад хоёр цагдаа ирээд бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэж хэлсэн. ...Би дүү Аээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34х, 38х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5256 дугаартай:
“...Д.Лгийн биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн мөр, цээжинд цус хуралт, зулай, дагз, хамар, зүүн хацар, духанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 42х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5255 дугаартай:
“...Л.И-ийн биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, дээд, доод уруул, хамар, зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зулайн няцарсан шарх, дээд, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжинд цус хуралт, хамар, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44х/,
Шүүгдэгч Л.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хороо, Нарангийн голд найз Э бид хоёр 0.75 литрийн архи хувааж уучихаад Эы гэрээс гарч яваад 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Хангайн ... тоотод хашаанд ороход И гэрийн хажууд майханд согтуу унтаж байсан. Би И ахыг сэрээхэд намайг загнаад “чи яагаад гадуур архи уугаад тэнээд байгаа юм бэ” гэж нэг удаа алгадсан. Би хариуд нь “чи өөрөө архи уучихаад юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Иийг нүүр рүү нь гараа атгаж байгаад хоёр удаа цохиод мөн хөл гар руу нь өшиглөсөн санагдаж байна. Би майхнаас гарч гэрлүү ороход аав Л орон дээрээ хэвтэж байгаад намайг хараад орноосоо босохоор нь би аавын толгой руу гараа атгаж хэд хэдэн удаа цохисон санагдаж байна. Би нэлээн согтуу байсан болохоор аавд юу гэж хэлж зодсоноо санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.А, хохирогч Д.Л, Л.И нар нь төрсөн эцэг хүү, ах, дүүгийн харилцаатай, хамтдаа амьдардаг болох нь тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Л.А, Д.Л, Л.И нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзэх ба шүүгдэгч Л.А нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн өөрийн төрсөн эцэг Д.Л, төрсөн ах Л.И нарыг зодож олон тооны шарх, зулгаралт бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон байна.
Шүүгдэгч Л.Аийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнд, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Л, Л.И нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь “...нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 38х, 40х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Л.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай” дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь“...Л.Аийн хувьд гэм буруу дээр маргаагүй, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг харгалзан 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Л.Аийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан Л.Аийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байна.
Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдал, өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Л.Аийн дээрх хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Лгийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хоёр хүнийг, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аэд 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ