Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 597

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

Улсын яллагч Ц.Отгонсүрэн,

Шүүгдэгч Ш.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай, шүүхэд ирүүлсэн Бэрсүүд овогт Шийтэрчулууны Л-д холбогдох эрүүгийн 1910018650638 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ........ оны........... дүгээр сарын ........-ний өдөр .............. төрсөн, ........... настай, эрэгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, .............ажилтай, ам бүл ........... хамт ...................тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, .............. овогт ........... Л /РД:.............../.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Ш.Л нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын орчим иргэн С.Оын нүүрэн тус газар цохиж дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруул, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, язарсан шарх зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл нь мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хохирогч С.О  мөрдөн байцаалтын шатанд "...2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 2 дугаар хэсгийн голын эрэг дээр очоод майхан бариад махайндаа пиво ууж байтал Л, Эрхэмбаяр, Оюундарь нар тамхи татахаар гарсан. Оюундарь “тамхи татаж үзье” гээд Эрхэмбаяраас тамхийг нь аваад сорох гээд зогсож байхаар нь гартаа барьчихсан байсан тамхи руу нь цохиж тамхийг нь унагаагаад чи майхан руу ор гээд зүүн талын мөр лүү нь түлхсэн чинь Л “чи эмэгтэй хүүхдийг ингэж болохгүй” гээд миний зүүн талын нүд рүү гараараа 1 удаа цохисон...миний уруул хэсэг рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн энэ үед миний шүд унасан...” гэх мэдүүлэг/хх-ийн 8-9-р хуудас/,

 

Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд “…Оюундарь Эрхэмбаяраас “нэг тамхи өгчих” гэхэд Эрхэмбаяр татах гэж байсан тамхиа Оюундарьд өгтөл Оюундарь нөгөө тамхийг нь татах гээд амандаа зуусан чинь С. О тамхитай гар руу нь гараараа цохиод “тамхи татаж болохгүй майхан руугаа ор” гээд түлхтэл Оюундарь “яагаад байгаа юм” гэсэн энэ үед Л “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм” “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд маргалдаж байтал Л Отгонбаярын нүүрэн тус газарт баруун гараараа 1 удаа цохьсон чинь О зөрүүлээд нүүрэн тус газар руу нь цохих шиг болсон тэгэхээр нь Эрхэмбаяр бид хоёр салгасан. ...Оын хамар руу нь Л толгойгоороо нэг удаа мөргөсөн…” гэх мэдүүлэг/хх-ийн 17-19-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 9393 дугаартай дүгнэлт “...С.Оын биед дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруу, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, язарсан шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-р хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Л шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “...Тухайн үед Оюундарь “чи яагаад байгаа юм” гэтэл “чи тамхи татах гэлээ” гээд уурласан тэгэхээр нь би “чи яагаад байгаа юм” гэтэл “чи тэгээд яах гээд байгаа юм” гээд миний цээж рүү хоёр гараараа түлхэхээр нь миний уур хүрээд баруун гараараа нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон... нүүрэн тус газарт нь толгойгоороо нэг удаа мөргөсөн чинь...амнаас нь цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Лгийн хувийн байдалтай холбоотойгоор: Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47/ ,оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-48/, ял шалгах хуудас/хх-49-р хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

 

Яллагдагч Ш.Л нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын орчим иргэн С.Оын нүүрэн тус газар цохиж дээд үүдэн нэг шүдний булгарал, нэг шүдний сулрал, дээд, доод уруул, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, язарсан шарх зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ш.Лгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан шүүгдэгч Ш.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ш.Лд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Хохирогч С.О нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ш-ын Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Л-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулын ялыг 3 сарын хугацаанд төлүүлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Л нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ш.Л-д оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ш.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах  шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Н.МӨНХБАЯР