Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 28

 

Х.*******, М.*******, С.*******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

   Прокурор С.Мөнхтулга,

          ялтан  И.*******, түүний өмгөөлөгч Б.Энхбат, И.Олонмөнх,

          ялтан Х.*******ы өмгөөлөгч Д.Батмөнх,

         ялтан С.*******ын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг,

          хохирогч Р.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа

          нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн ялтны өмгөөлөгч Б.Энхбат, хохирогч Р.******* нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн Х.*******, М.*******, С.******* нарт холбогдох 201616000258 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

         М.*******, Х.*******, С.******* нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, танхайн сэдэлтээр 2016 оны 10 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р баг Зүүн сайхны 1 дүгээр гудамжинд хохирогч Р.*******ийг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас М.*******, Х.*******, С.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.*******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2 дахь хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.*******, Х.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж,  шүүгдэгч С.*******, Х.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, шүүгдэгч Дампил овгийн Мөнхбаярын *******г танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Тайж овгийн Хүүхэнбаатарын *******ыг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Намсрай овгийн Сүхбатын *******ыг догшин авирлаж, бүлэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.*******д 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.*******т 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******, С.******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч М.*******, Х.*******, С.******* нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо: Байцаан шийтгэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 дугаартай дүгнэлт болон түүнийг хийх болсон үндэслэл болох мөрдөн байцаагчийн тогтоол нь эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийнжилгээний тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн байх тул ахин шинжилгээ хийлгэх талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Гэвч дээрх хүсэлтийг хангахаас үндэслэлгүйгээр татгалзаж байсан талаарх баримтууд хэрэгг авагдсан. Шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд шинжээчийн гаргасан тайлбараас үзэхэд хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоохдоо өвчний түүхийг гол үндэслэл болгосон байдаг. Гэвч шинжээч өвчний түүхийг өөрийн санаачлагаар судлах эрхгүй. Шинжээч эмч нь уг хэрэгт шинжээчээр томилогдсон эсэх, томилсон бол хэзээ томилсон, эрх үүргийг нь танилцуулсан эсэх нь тодорхойгүй байсаар байна. Мөн өвчний түүхэнд хохирогчийн уушги унасан гэж оношийг тодорхой бичсэн байхад шинжээч үүнийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт заасан гэмтлийн аль нэг нь учирсан байна гэсэн тодорхой бус дүгнэлт гаргасан. Дүгнэлтийн агуулга болоод аргачлалын талаар шүүх хуралдаанд тайлбар өгсөн боловч энэ нь шинжлэх ухааны үндэслэл бүхий тайлбар гэхээсээ илүү хууль, журмыг хэрхэн ойлгож хэрэглэх тухай тайлбарын шинжтэй байгааг анхаарч үзэх хэрэгтэй.

Шийтгэх тогтоолын үндэслэх хэсгийг үзэхэд миний үйлчлүүлэгч М.*******г хохирогчийн биед танхайн сэдэлтээр халдсан гэдгийг тайлбарласан байх боловч хохирогчид хүнд гэмтэл учруулсан гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй. Энэ эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр татагдсан С.******* нь өөрийгөө гэм буруугүй, хохирогчийг зодоогүй гэж, Х.******* нь хохирогчийн нүүр болон хөлрүү нь цохисон, ******* өөрийг нь хорьсон, ******* хохирогчийг зодоогүй гэж мэдүүлдэг. Гэвч тэдний дээрх мэдүүлгүүд нь хохирогчийн болон өөрсдийнх нь мэдүүлэг, хэрэгт авагдсан эд мөрийн баримтуудтай зөрүүтэй тул үнэлэх боломжгүй. Гэтэл шүүх дүгнэлтдээ С.*******, Х.******* нарын мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус байна. С.Тунгалаггамирт ял оногдуулсан байдлаас үзэхэд тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзсэн шинжтэй боловч дүгнэлтийн зарим хэсэгт мэдүүлгүүдийг нь үнэн зөв гэж үзэж миний үйлчлүүлэгчийг яллах талын нотлох баримт болгож ашигласан байгаа нь эргэлзээ төрүүлж байна. С.*******, Х.******* нар нь бага наснаасаа найзалж байгаа тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлсэн. Энэ утгаараа бие биенээ хөнгөн ял шийтгэлтэй үлдээх, цагаатгах санаа зорилго агуулж худал мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тодорхой тусгагдсан байдаг. Үүнийг тэдний анхны мэдүүлэг болон гэрч Мөнхбатын мэдүүлэгт энгийн хувцастай өндөр нь буюу ******* нь Мөнхбатын нүүрлүү цохиод зугтаасан гэх боловч шүүх хуралдаанд Х.******* Мөнхбатын нүүрлүү цохисон гэж мэдүүлж эхэлсэн. Нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад ******* хохирогчийг зодоогүй тухай мэдүүлсээр байгаа зэргээс ойлгож болно. Үүнд: С.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “******* 2 цохиод өшиглөх гэж байхад нь би татаж авсан” гэж мэдүүлсэн боловч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийг өшиглөсөн тухайгаа мэдүүлдэг. Шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгчийн мэдүүлэг тогтворгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй талаар улсын яллагч болон өмгөөлөгчид, тогтоолын үндэслэлд дурдагдсан боловч М.******* нь зодоон болсон үйл явцын талаарх мэдүүлэг нь тогтвортой бөгөөд үйл явдлын уялдаа, цаг хугацааг тодорхой тусгасан байдгийг анхаарч үзэх хэрэгтэй. Шүүх хуралдаанд миний зүгээс хохирогчийн хавирга хугарсан, уушги унасан гэмтлийг миний үйлчлүүлэгч М.******* учруулаагүй. Өөрөөр хэлбэл зодооны явцад хохирогчийн цээж хэсэгт цохиогүй гэж маргасан. Хуралдааны явцад шүүх хуралдаан даргалагчаас хохирогчид хандан “Таны цээж хэсэгт хэн цохисон юм бэ?” гэх асуултад “******* өшиглөсөн” гэж хариулсан. Цаашилбал ******* нь хохирогчийг баруун гар талаараа хэвтэж байхад нүүр, толгой, нүүрээ хамгаалаад байсан гар, мөр хэсэгт өшиглөж байсан тул арга буюу нэг хөлөөс нь барьж авсан тухайгаа тодорхой тайлбарлан хэлсэн. Гэтэл хохирогчийн цээж хэсэгт өшиглөсөн гэх мэдүүлгийг орхигдуулан зөвхөн гар, мөр, толгой хэсэгт өшиглөсөн гэх хэсэгт үндэслэн *******ыг хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Уг дүгнэлт нь миний үйлчлүүлэгчийг “хүнд” гэмтэл учруулсан гэж үзэх урьдчилсан дүгнэлт болсон. Шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж хуралдааны үед хийгдсэн аудио бичлэгтэй тулгаж үзэхэд хохирогч Р.*******ийн шүүх хуралдаанд хэлсэн “ ******* миний цээж хэсэгт өшиглөсөн” гэх гэх өгүүлбэрийг орхигдуулсан байсан тул хүсэлтийн дагуу тэмдэглэлд нэмэлт засвар оруулсан. Дээрх байдлаас үзэхэд шүүх хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас үүдэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна гэжээ.

Улсын яллагч С.Мөнхтулга эсэргүүцэлдээ: Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль ёсны ба үндэслэлтэй гараагүй байна. Шүүх шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулаагүй гэж үзэж зүйлчлэлийг өөрчилсөн нь хуульд заасан журмын дагуу олж авсан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж дүгнээгүй байна гэж үзэж байна. Тухайлбал: Хохирогч Р.*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт... “ Зүүн сайханы 1 дүгээр гудамжны араар 2 дугаар гудамжны өмнүүр явж байсан нөгөө цэрэг хувцастай залуу, хоёр залуутай хамт араас гүйж ирээд цэрэг хувцастай нь хаачих гэж байгаа юм гэхэд гэртээ харих гээд явж байна гэсэн чинь зүүн талын нүдрүү гараараа шууд цохьсон яасан бэ хүн андуураад байгаа юм уу гэсэн чинь 3 уулаа миний тал бүрээс цохиод, унагаагаад, өшиглөөд дэвсэж зодсон гэх /хх-ийн 8-10 хуу/, Мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт “...яаж байгаа юм гэсэн чинь хэдэн талаас бариад авсан. Тэгээд нүүрлүү хэд цохьсон, газар унасан хойно дээрээс дэвслээд, өшиглөөд байсан. Би бол тэр гурвыг 3 уулаа нийлээд л зодсон гэж бодож байна. Дээрээс дэвсээд л байсан. Чухам яг хэн нь хаана хаана цохьсон талаар мэдэхгүй байна. Би нүүрлүүгээ цохиулчих байх гээд нүүрээ 2 гараараа хаагаад хэвтсэн./хх-ийн 12х/ Мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт “...намайг доошоо явж байхад араас цэрэг хувцастай ******* бас 2 залуутай хамт гүйгээд гараад ирсэн тэр хоёр залуу нь *******, ******* нар байсан. Би сүүлд нэрийг нь мэддэг болсон. ******* надаас хаачих гэж байгаа юм гэж асуусан харих гээд явж байна гэсэн чинь ******* шууд зүүн талын шанааруу цохиод авсан. Хажуунаас нь ******* нь миний нүүрлүү гараараа цохиод авсан. Би *******аас зуураад бариад авсан чинь нөгөө хэд нь бариад авсан. Тэгээд би газарт унасан тэгэхэд хэдэн талаас өшиглөөд, дэвслээд байсан./хх-ийн 108-109 хуу/ Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:... араас 3 уулаа болж ирээд хаачих гэж байгаа юм гэсэн би гэрлүүгээ явж байна гэхэд ******* цохьсон яаж байна гэсэн чинь ******* нь цохиод зууралдаад би баруун талаараа унасан. Тэгээд энэ тэндээс өшигчөөд, дэвслээд байхаар нь нүүрээ дараад хэвтэж байгаад нэг хөлийг нь бариад авсан чинь *******ын шар гутал байсан. Тэгээд босож чадахгүй байхад *******, ******* хоёр 2 талаас сугадаж аваад явж байтал манай найз ирээд юу болж байна гэхэд найзыг цохиод зугатаасан.. ******* би зодоонд оролцоогүй гээд байхаар нь би энэ шар гуталтай явж байсан биздээ, намайг энэ гуталтайгаа өшиглөөд байсан биздээ гэсэн дуугараагүй, дуугүй болсон гэх, Мөн шүүх хурлын тэмдэглэлд:”...Тунгалагтамиp миний цээжин тус газар өшиглөсөн гэх,

 Гэрч Б.Мөнхбатын “...Р.******* 3 хүний голд нүүр ам нь цус болсон байхаар нь юу болж байна гэсэн чинь нэг нь үг дуугүй миний баруун талын нүдрүү гараараа цохьчихоод тал тал тийш нь зугатаасан. Тэгээд явах гэсэн чинь Р.******* эвхрээд явж чадахгүй цээжрүү өвдөөд, хөл гишгэж чадахгүй байна гэсэн. /хх-ийн 13/,

Яллагдагч М.*******гийн “...С.Тунгалтамир, Х.******* хоёр гүйж ирээд Р.*******ийг барьж аваад зодолдсон. /хх-ийн 44 хуу/, шүүхийн хэлэлцүүлэгт:....******* надын араас гүйж ирээд барилцаж аваад зодолдсон. Тэгсэн чинь ******* орж ирсэн тэр хоёр унасан байсан. ******* баруун талаараа хараад ойчиход ******* зүүн хавиргаруу нь хэд хэдэн удаа өшиглөөд байсан....нөгөө хүнийг газар уначихсан байхад нь би очоод Тамирааг хойш нь татахад Буянаа нөгөө газар унасан хүний биений зүүн хэсэгт хэд хэдэн удаа өшиглөж байхыг харсан тэрийг би хэлэхээ мартсан байна....*******, ******* хоёр гүйж ирээд тэр *******ийг барьж аваад зодолдсон гэх /хх-ийн 41-44, 110 хуу/,

Яллагдагч Х.*******ы “....М.******* тэр хүнийг баруун гараараа нүүрлүү нь цохиод авсан. Би хажуугаар нь ороод нөгөө залуугийн нүүрлүү нь 3 цохиод, гуя хавьд нь өшиглөсөн. /хх-ийн 49-50/, ....******* бас тэр хүнийг цохиж л байсан. Тэр хүн газарт унасан. ******* мөн тэр үед дэвсээд өшиглөөд байсан ******* бид хоёр очоод шууд л зодоод эхэлсэн...******* хөлдөө шар өнгийн өвлийн гуталтай байсан. Гутлыг тэр өдөр худалдаж авсан байсан гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...******* цохиод авахаар нь би очоод нүүрлүү нь 3 цохиод нэг өшиглөсөн.гэх,

Яллагдагч С.*******ын “...******* түрүүлж очоод тэр хүнийг шууд шанаадаад авсан. ******* хажуугаар нь ороод тэр залууг 2 , 3 удаа нүүрлүү нь цохих шиг болсон....нөгөө хүн газар унасан нүүрээ хамгаалаад хэвтэж байсан. ******* хөлөөрөө газар унасан хүнийг өшиглөж байсан...би өвлийн шар өнгийн богино түрийтэй гуталтай байсан,

 Шинжээчийн 594 дугаартай дүгнэлтэнд “...Р.*******ийн биед зүүн талын 3 ,4 дүгээр хавирганы далд хугарал, уушигны гэмтэл, зүүн сарвууны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүссэн. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой./хх-17 хуу/ гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байхад шүүх дүгнэлт хийхдээ: Энэхүү хэрэгт үйл явдлыг харсан гэрч байхгүй, хэрэг учрал болох үед харанхуй байсан, хохирогч нь шүүгдэгч нарыг таньж мэдэхгүй байсан учраас хэн ямар үйлдэл хийсэн, хэн нь түүний биед гэмтэл учруулж биеийн аль хэсэгт нь хэн хэрхэн ямар гэмтэл учруулсан талаар тодорхой мэдүүлж чаддаггүй, мэдүүлэх ч боломжгүй орчин нөхцөлд байсан болох нь хохирогчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогддог гэж үзэн шүүгдэгч нарын бүлэглэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль сануулж авсан хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэж, үнэлээгүй байна.

Хохирогч Р.******* нь шүүгдэгч нарыг тал талаас өшиглөж, дэвссэн талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлэг өгсөөр байхад зөвхөн шүүгдэгч С.*******, Х.******* нарын мэдүүлгийг үнэлж бүлэглэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36.4 дэх хэсэгт зааснаар “яллагдагч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэсний дагуу шүүгдэгч нар өөр өөрсдийнхөө мэдүүлгийг өгсөн байхад шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж зүйлчлэлийг өөрчилж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Хохирогч Р.******* нь тал бүрээс бусдаар өшиглүүлж, дэвсүүлж байхдаа зөвхөн өөрийнхөө нүүр орчмыг хамгаалж доошоо харан хэвтэхдээ хэн нь миний хаана цохиж өшиглөх бол гэж харах, бодох ямар ч боломжгүй харанхуй орчинд байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Гэтэл шүүх хохирогчийг шүүгдэгч тус бүрийн үйлдлийг тодорхой мэдүүлж чадаагүй гэж үзэж /заавал мэдэх ёстой мэтээр /дүгнэлт хийж байгаа нь учир дутагдалтай байна.

Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.*******ийг зодсон талаар бие биенээ гэрчилсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт болно.

 Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад нотлох баримтаар батлагдвал яллах үндэслэл болно гэж заасны дагуу шүүгдэгч нарын гэм бурууг хохирогч Р.*******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг, шүүгдэгч нарын бие биенээ гэрчилсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзэж байна.

Шүүгдэгч М.*******, С.*******, Х.******* нар нь хохирогч Р.*******ийг ямар нэг шалтаг шалтгаангүйгээр үйлдлээрээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн довтолж хохирогчийн бие эрх чөлөөнд халдан зодож, улмаар хохирогчийн биед 3, 4 дүгээр хавирганы далд хугарлын улмаас уушги гэмтэж амь насанд аюултай хүнд гэмтэл, бусад хөнгөн гэмтлийг учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж байна гэжээ.

Хохирогч Р.******* давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ учир дутагдалтай үнэлсэнээс болж зарим нь ял завшиж, хуулинд заасан өөр зүйл ангиар ял шийтгүүлснийг хохирогчийн зүгээс гомдолтой байгаа юм. Өөрөөр хэлбэл хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байна, ...мөн эрүүгийн хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуулинд тус тус зааснаас үзвэл ялтан М.*******д холбогдох ЭХТА-ийн 96.2.5, С.*******, Х.******* нарт холбогдох ЭХТА-ийн 96.1, 96.2.5 дахь хэсэгт зааснаар яллагдах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг өөрчилж хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь: Тухайн хэрэг учрал болох үед С.******* нь эхлээд шууд миний шанаан тус газар, ******* мөн миний нүүр лүү гараараа бас цохиод авсан. ..би газар унасан. ..тэгэхэд хэдэн талаас өшиглөөд байсан. Бүгдээрээ энд тэндээс өшиглөснөөс болж хүнд гэмтлийг аль алийнх нь үйлдлээс улбаалан учруулсан байхад шүүх ганц хүнийг нь хүнд гэмтэл учруулсан гэж хэргийн зүйлчлэлд өөрчлөлт оруулж ял шийтгэл халдаасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймээс С.*******, Х.*******, С.******* нарт адилхан ял шийтгэл оногдуулах ёстой гэж үзэж байна.

 Гэмт хэрэг гарснаас хойш би 8 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Намайг зодсон хүмүүс эмнэлэгт хэвтэн эмчлуүлсэн өр төлбөрийг төлөөд өөр ямар нэгэн байдлаар миний биеийн эрүүл мэндийн төлөө санаа тавихгүй, гэм хороо бүрэн арилгах тал дээр ямар нэгэн санаачилга гаргадагүй, нэг нэг рүүгээ хэргээ хүлээлгэх гэсэн санаа зорилгоор хандаж байгаа нь хүний сэтгэлгүй, хүн мөсгүй, хүн чанаргүй байгаад хохирогч би гомдолтой байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд гэм буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдгаас үзвэл эдгээр хүмүүс гэм хорын хохирлоо бүрэн дүүрэн арилгаагүй байхад анхан шатны шүүхээс С.*******, Х.******* нарт оногдуулсан хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж ял шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлгүй байна. Миний хувьд гэм хорын хохирлоо бүрэн дүүрэн арилгуулж чадаагүй, Өнөөдрийн байдлаар миний эрүүл мэндийн хувьд цээжээр өвдөнө, түрүүлгээ болон зүүн талаараа харж хэвтэж чадахгүй, зүүн мөр өвдөнө, зүүн гараа дээш бүрэн өргөж болохгүй зэрэг зовиур шаналал их байна. Надад учирсан өвчин зовлонг бүрэн дүүрэн эдгээгээд хуучин хэвийн байдалд оруулаад эрүүл болгоод өгсөн тохиолдолд гэм хороо арилгасан гэж шүүх дүгнэж, хуулийг хэрэглэх атал гэм хорын хохирол бүрэн дүүрэн арилгасан эсэхийг шүүх анхаарч үзсэнгүй. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна. Шүүх хуралдаан болохоос өмнө ар гэрийнх нь надтай уулзаад чиний хохирлыг бүрэн дүүрэн барагдуулна гэж амласан боловч шүүх хуралдаанаас өмнө өгнө гэсэн мөнгө хохирлоо барагдуулаагүй. Тухайн өдөр би бусдад зодуулахдаа утсаар ярьж явсан ба куртикний энгэрийн дотор талын кармаанд байсан Самсунг залакси ЭС-4 маркийн шаргал өнгийн гар утас байсан боловч уг утас одоог хүртэл олж аваагүй, утасны хохирлыг бүрэн дүүрэн барагдуулаагүй. Харин Нокиа маркийн хар өнгийн гар утсыг би өөрөө нэхэж байж тэд нараас авсан. Маргааш нь бүгдээрээ авчирч өгсөн. Эдгээр хүмүүс миний утсыг авч явсан нь дээрмийн гэмт хэрэг үйлдсэн байхаар байхад шүүх үүнд ямар нэгэн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Би одоо утсаа төлүүлж авмаар байна. Энэ гэмт хэргийн улмаас утасгүй болж хохирсон.

Иймээс давж заалдах шатны шүүгч та бүхэн дээрх бичсэн хохирогч миний гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангасан байна.

М.******* нь согтуугаараа 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багийн Зүүн сайхны 1 дүгээр гудамжинд иргэн Р.*******ийг ямарч шалтгаангүйгээр дуудан нүүрэн тус газар нь цохиж, өшиглөж дэвсэж  түүний бие махбодид зүүн хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулан танхайрсан,

С.*******, Х.******* нар нь согтуугаараа мөн газар, цаг хугацаанд М.*******г дээрэлхлээ гэж иргэн Р.*******ийг зодож зүүн сарвааны зулгаралт, гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан бүлэглэж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Р.*******ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн : “ ... эхлээд цэрэг хувцастай нь нүд рүү цохиод 3-улаа намайг ...унагаж байгаад дэвсэж өшиглөж зодсон, яг хэн нь яаж зодсоныг харах боломж байгаагүй...” /хх-10/, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн “...2,3-уулаа ээлжлээд өшиглөөд байсан. Тэр үед би нэг хөлийг бариад авсан, тэгэхэд тэр нь шар өнгийн гуталтай байсан. Сүүлд харахад ******* миний харсан уг шар өнгийн гутлыг өмсчихсөн явж байсан...шар өнгийн гуталтай хөлийг барих үед миний биений энд тэнд бас өшиглөж байсан. Чухам яг хэн хэн хаана хаана цохиж гэмтэл учруулсныг ялгаж мэдэхгүй байна...” /хх-108/ гэх мэдүүлгүүд,

 С.*******ын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “... ******* эхлээд шанаадаад авсан, байсан. ******* хажуугаар нь ороод хоёр гурав цохиж харагдсан. ******* хөлөөрөө уначихсан хүнийг өшиглөж байсан.  Тэгээд нэг харсан чинь нөгөө залуу газар уначихсан. Нүүр толгойгоо хамгаалаад хэвтсэн. ...би *******ыг татаад салгасан. Тэр хоёрт хоёуланд нь боль гэж хэлсэн. Тэгэхэд ******* дээрээс нь дэвсээд байгаа харагдсан ... *******г дээрэлхээд байна гэхээр нь хамт очсон юм.” /хх-35-36, 38 /,

Х.*******ы сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...тэр хүн эргэж харахгүй цаашаа яваад байсан, тэгсэн чинь ******* гүйж очоод  нүүрлүү нь гараараа цохиод авсан, би бас араас нь гүйж байсан учраас зэрэгцээд шахуу оччиосон байсан. Тэгээд би хажуугаар нь ороод нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Тэгэхэд ******* бас тэр хүнийг цохиж л байсан. Тэгээд тэр хүн газарт унасан. Би яг аль хөлийг нь санахгүй байна, нэг хөлнийх нь гуя хэсэг рүү өшиглөсөн. ******* хаа хамаагүй газар луу өшиглөж байсан.******* намайг салгаж холдуулчихаад *******г салгасан...*******г зогсоож дээрэлхээд гэх зүйл хэлэхээр нь хамт очиж өмөөрч зодсон. Их хурдан хэдхэн секундын  л асуудал болсон... ” /хх-46-47, 49-50/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “...*******ийн биед зүүн талын 3,4-р хавирганы далд хугарал, уушгины гэмтэл, зуун сарвааны зулгаралт, гуяны цус хуралт гэмтэл үүссэн, мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 594 тоот шинжээчийн дүгнэлт /хх-17/,

Шинжээч эмч С.Шүрцэцэгийн “...Уушги няцарсан үед хий хуралдахгүй... Энэ гэмтэл нь хүний нүдэнд харагдахгүй учраас гадна үзлэгээ яг тэр гэмтэл гэж тогтоох боломжгүй. Тиймээс өвчний түүхэд байгаа багажаар үзсэн үзүүлэлтийг үзэж дүгнэлт гаргасан...Гол шалгуур нь зүүн уушгины унасан, синус зүүн хаалттай гэдэг нь хавирга өрцний хооронд гурвалжин зай үүсч шингэн буюу цус хуримтлагдсан гэсэн үг. Хий байна гэдэг нь уушиг дээрээсээ шахагдаж унасан. Хүндийн жингээрээ хий зүйл нь дээр,  шингэн зүйл нь доор. Тэхээр уушги шингэнээр шахагдаад цус нь түрэнг байсан бол доороосоо шахагдна гэсэн үг. Тэгээд хий, цус хоёулаа байсан нь үүгээр нотлогдсон...”/хх-213/ гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Дээрх нотлох баримуудаар С.*******, Х.*******, М.******* нар 2016 оны 10 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд М.*******гийн намайг дээрэлхлээ гэж хэлснээр гудамжинд явж байсан иргэн Р.*******ийг ямарч шалтгаангүйгээр дуудан Х.*******, М.******* нар нүүрэн тус газар нь цохиж, өшиглөсөн, М.******* дэвссэн, С.******* нүүрэн тус газар өшиглөсөн, үүний улмаас Р.*******ийн бие махбодид зүүн хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэмт хэрэгт оролцсон этгээдүүдийн хэн нэгнийх нь үйлдлээс хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан тогтоогдсон нөхцөлд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.5-д “бүлэглэн бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан ” гэж үзэхгүй. Учир нь хэд хэдэн этгээдийн хамтын үйлдлийн улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан байх тохиолдолд энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангана. С.*******, Х.*******, М.******* нар нь Р.*******ийг зодохдоо үйлдлээрээ нэгдсэн байх боловч Р.*******ийн биед учирсан  хүнд гэмтлийг М.******* учруулсан нь С.*******, Х.******* нарын болон хохирогч Р.*******ийн “шар өнгийн гуталтай хөлийг барих үед миний биений энд тэнд бас өшиглөж байсан. Шар гуталтай нь ******* байсан ...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдсон. 

Ялтан М.*******гийн өмгөөлөгч Б.Энхбат давж заалдах гомдолдоо “...******* нь хохирогчийг баруун гар талаараа хэвтэж байхад нүүр, толгой, нүүрээ хамгаалаад байсан гар, мөр хэсэгт өшиглөж байсан тул арга буюу нэг хөлөөс нь барьж авсан тухайгаа тодорхой тайлбарлан хэлсэн...” гэсэн боловч шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан өөрчлөлтөд энэ үйл баримт тусгагдаагүй байна.  /хх-235/

Иймд хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүй өөрчилсөн тухай улсын яллагчийн эсэргүүцэл, шүүх хэрэгт ач холбогдолтой үйл баримтыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас үүдэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн  ялтан М.*******гийн өмгөөлөгч Б.Энхбатын давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Хохирогч Р.******* анхан шатны шүүх хуралдаанд “ ар гэрээс нь 5 сая төгрөг өгье гэж уулзсан мөнгөө өгөөгүй, цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн  боловч өөрт учирсан хохирлын хэмжээг тодорхойлоогүй байх тул хохирол төлөгдсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг шийтгэх тогтоолдоо зааж өгсөн учир хохирогчийн иргэний нэхэмжлэлийн талаарх эрх нээлттэй байна гэж үзлээ.

Мөрдөн байцаалтын шатанд Р.*******ийн утас алга болсон гэх мэдүүлгийн дагуу шалгаж түүний Эс-4 маркийн гар утсаа алдсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тухай Прокурорын 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 10 тоот тогтоол авагдсан байна. /хэргийн 162 дугаар хуудас/ Иймд Р.*******ийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Энхбат, хохирогч Р.******* нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.   

           Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Б.Энхбат, хохирогч Р.******* нарын давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.НАСАНЖАРГАЛ

                       ШҮҮГЧИД                                                        Т.БЯМБАЖАВ

                                                                                                 Х.ГЭРЭЛМАА