| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0178/Э |
| Дугаар | 0214 |
| Огноо | 2020-03-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 0214
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Б.Ундрах,
шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Э-ийн Од холбогдох 1908061260014 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрхэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа жуулчинд явдаг гэх, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... гудамжны ... тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-ийн О /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Э.О нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 цагийн орчимд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас иргэн Э.Э-Утай маргалдан гараараа түүний уруул хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хоёр шүдний сулрал, доод уруулын дотор салстад язрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: хохирогч Э.Э-Уын мэдүүлэг /хх-ийн 12х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14338 дугаартай дүгнэлт /хх-ийн 6х/, гэрч Г.Үгийн мэдүүлэг /хх-ийн 20х/, шүүгдэгч Э.Огийн оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 40х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 42-46х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, шүүгдэгч Э.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 28х/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.О нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20 цагийн орчимд иргэн Э.Э-Утай маргалдан гараараа түүний уруул хэсэгт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Э.Э-Уын өгсөн: “....Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр У, Б бид гурав хамт Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны нутагт байх Мираж нэртэй зочид буудалд ороод нэг өрөө авсан юм. Тэгээд У, Б бид гурав өрөөнд ороод архи уугаад юм яриад сууж байсан чинь У нь О гэх нэг найзыгаа дуудаад тэгээд бид дөрөв хамт нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Соёрхол нэртэй архи хувааж уугаад сууж байсан чинь О манай байр ойрхон байдаг юм хэдүүлээ манай гэрт ороод архи ууя гэхээр нь гараад Огийн гэрт нь орсон чинь Огийн гэрт Ц, У гэж дууддаг хоёр залуу байсан. Тэгээд Огийн гэрт ороод ...бид зургаа хамт нэг шил 0.75 литрийн хэмжээтэй Хар Чингис нэртэй архи уусан. Тэгээд Огийн гэрээс У, Б, Ц, О бид тав хамт гарч Мираж зочид буудлын нэг давхарт байх караокед дуулах гээд явж байсан О агсам согтуу тавиад байхаар нь хажууд очсон чинь намайг шууд цохиод авсан. ...Намайг О гараараа нэг миний уруул хэсэгт цохисон. Тэгээд миний шүд хөдөлсөн. ...Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12х/,
Гэрч Г.Үгийн өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ...би хоол хийгээд Б, У, Э-У, О нарт хоол хийж өгсөн. Тэгээд хоолоо идээд сууж байсан чинь Э-У караоке оръё гээд Огийн гэрээс Э-У, Б, У, О, Э-У бид тав гараад Мираж явж байсан чинь О, Э-У хоёр хоорондоо маргалдаад О зүүн гараа саваад байсан. Тэгээд би Ог аваад буцаад гэрлүүгээ яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14338 дугаартай: “...Э.Э-Уын биед хоёр шүдний сулрал, доод уруулын дотор салстад язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 06х/,
Шүүгдэгч Э.Огийн өгсөн: “...Би Э-Уд миний хөл өвдөөд байна би буцаад гэртээ орлоо гэсэн чинь Э-У чамаар архи даалгахгүй, манай найз Б даана гэснээс болж бид хоёр хоорондоо маргалдсан. Би Э-Утай маргалдаж байгаад баруун гараа савсан чинь Э-Уын уруул хэсэгт цохисон. Тэгээд би гэрлүүгээ Үүрийнцолмонгийн хамт орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.О нь хохирогч Э.Э-Уын гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Э.Огийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Э-У нь эмчилгээний зардлаа баримтаар нэхэмжилнэ гэх боловч хохиролтой холбоотой баримтыг гаргаж өгөөгүй тул эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.Огээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нь “торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч Э.Од эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдсан Э.Огийн хувийн байдлын талаарх баримтуудад тэрбээр өөрийн гэсэн эд хөрөнгөгүй, хадгаламж эзэмшдэггүй, мөн ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлс, бусад орлого олдог эсэхийг илэрхийлсэн ямар нэгэн баримтгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Онь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э-ийн Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ог 420 /дөрвөн зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Онь хохирогч Э.Э-Уд энэ тогтоолоор төлөх төлбөргүй ба Э.Э-У нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Огээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ